Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 442

 

“Т б” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Татварын ерөнхий газрын

Улсын төсвийн орлого, хяналтын газрын улсын байцаагч

П.О, Ш.Х нарт холбогдох

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:                Х.Батсүрэн

Шүүгчид:                   Л.Атарцэцэг

                                    Б.Мөнхтуяа

                                    П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:         Д.Мөнхтуяа

Нарийн бичгийн дарга: Ц.Ундрал,

Нэхэмжлэлийн шаардлага: “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч П.О, Ш.Х нарын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210000076 дугаартай актыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0300 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0483 дугаар магадлал,

Шүүх хуралдаанд оролцогч:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Хүрэлбаатар, түүний өмгөөлөгч Д.Доржсүрэн,

Хариуцагч П.Отгонсүрэн, Ш.Хашхүү, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Алтанхүү, Б.Болдбаатар нар,

Хариуцагч П.Отгонсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаатар нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.          

ТОДОРХОЙЛОХ нь:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0300 дугаар шийдвэрээр: Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4, 12.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Т б” ХХК-иас гаргасан “Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч П.О, Ш.Х нарын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210000076 дугаартай актыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0483 дугаар магадлалаар: Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0300 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Татварын ерөнхий хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн (2006) 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.4, 12.4, 12.4.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Т б” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Татварын ерөнхий газрын Улсын төсвийн орлого, хяналтын газрын татварын улсын байцаагч П.Отгонсүрэн, С.Хашхүү нарын 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210000076 дугаартай актыг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Хүрэлбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол

3. Хариуцагч П.Отгонсүрэн гомдолдоо: “... шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувь /”0”/-тай тэнцүү байна, ...12.1.4 үйлчилгээ үзүүлэх үед Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн үйлчилгээ /түүний дотор албан татвараас чөлөөлсөн үйлчилгээг оролцуулан/” гэж заасан байдаг. Гэвч тус ХХК нь ямар нэгэн бараа, ажил, үйлчилгээг экспортод буюу Монгол Улсын хилээр гаргаагүй юм.

4. Мөн Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоотойгоор үзүүлсэн үйлчилгээнд мөн хуулийн 12.1.4 дэх заалт хамаарахгүй”, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 “газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна” гэж заасныг тус тус үндэслэн “Т б” ХХК нь Тамсагийн бүс нутгийн хайгуулын талбайд хайгуулын дараах нөхөн сэргээлтийн ажил хийдэг тул тус ХХК-ийн борлуулалтад нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах учиртай.

5. Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01-4/3682 дугаартай албан бичгийг үндэслэсэн нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг зөрчсөн. Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8-д “татвар ногдуулалт, төлөлтөд хяналт шалгалт хийх, татвар хураахдаа Монгол Улсын татварын болон бусад хууль тогтоомжийг чанд дагаж мөрдөх”, мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.5 “хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах зарчмыг гажуудуулах”-ыг хориглоно гэж заасан байдаг.

6. Хяналт шалгалтаар “суудлын автомашины эд анги, сэлбэгт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг худалдан авагч төсөвт төлөх албан татварын дүнгээс хасаж тооцсон” болон “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч бус этгээдээс авсан бараа, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс авснаар хий бичилт бүхий падаан, баримт бүрдүүлэн нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан” зөрчил илэрсэн юм.

7. Дээрх зөрчлүүдийн талаар “Т б” ХХК-ийн нягтлан бодогч Г.Билэгт-Одод тодорхой тайлбарласан бөгөөд “нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгч бус этгээдээс авсан бараа, үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөс авснаар хий бичилт бүхий падаан, баримт бүрдүүлэн нэмэгдсэн өртгийн албан татвараа бууруулсан” зөрчил нь өмнөх буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Л.Цогтсайхан, С.Тамираа нарын хийсэн татварын хяналт шалгалтаар илэрч, татвар төлөгч “Т б” ХХК нь зөвшөөрсөн байдаг.

8. Татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210000076 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр татвар төлөгчид гардуулах үед “Т б” ХХК-ийн захирал Д.Цогтбаяр, нягтлан бодогч Г.Билэгт-Од нарт хяналт шалгалтаар илэрсэн зөрчил нэг бүрийн талаар дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд энэ тухай тус актыг гардуулсан тэмдэглэлд мөн дурдсан болно.

9. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шүүхэд тус ХХК-ийн гаргасан нэхэмжлэлд хяналт шалгалтаар илэрсэн дээрх зөрчлүүдийн талаар дурдаагүй боловч “...татварын улсын байцаагчийн 210000076 тоот нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийг баталгаажуулсан актыг хүчингүй болгож өгнө үү” гэсэн нь татварын улсын байцаагчийн 210000076 тоот актыг бүхэлд нь эс зөвшөөрч байгаагаар ойлгогдож байх боловч уг нэхэмжлэлийн агуулгыг үзвэл бүхэлдээ тус ХХК-ийн борлуулалтад нэмэгдсэн өртгийн албан татварын тэг /”0”/ хувь хэмжээг хэрэглэх ёстой байсан гэсэн байдаг.

10. Шалгалтанд хамрагдах үед тус ХХК-ийн нягтлан бодогч Г.Билэгт-Одтой 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хийсэн ярилцлагад компанийн эрхлэх үйл ажиллагааны талаар тэрээр “Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “Дорнын их гэгээ” компанийн захиалгаар 9 давхар 38 айлын орон сууцны барилгын ерөнхий гүйцэтгэгчээр орж 2014 оны II улиралд эхлээд 2015 оны I улиралд дуусган хүлээлгэж өгсөн. Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нутаг дахь 19, 21-р талбайн нефьтийн хайгуулын дараах нөхөн сэргээлтийн ажлыг 2014 оны 5 дугаар сараас байх, БНХАУ-ын “Дачин газрын тосны олон улсын компани”-ийн захиалгаар хийж байна... Нөхөн сэргээлтийн үйл ажиллагаатай холбоотой орлогын дийлэнх нь татварын тайланд тусгагдсан ба зарим хэсэг болон Өвөрхангай аймагт барилга барьсантай холбоотой 400.0 орчим сая төгрөгийн орлого зэргийг тусгаагүй байсныг ил тодын тайланд тайлагнасан” гэж ярьсан.

11. Тухайн үед шалгалтанд ирүүлсэн баримт материалыг нягталж байхад БНХАУ-ын “Дачин газрын тосны олон улсын компани” (DQE-International)-тай байгуулсан “Тоног төхөөрөмж түрээслэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх” гэрээний нэр нь хэдийгээр хөрөнгө түрээслэх, үйлчилгээ үзүүлэх утгатай боловч тус гэрээнд заасан үндсэн агуулга нь нөхөн сэргээлтийн ажил гүйцэтгэх болон өрмийн шингэн агуулах сангийн барилга угсралтын ажил гүйцэтгэх тухай гэрээ байдаг.

12. Тус ХХК-ийн захирал Д.Цогтбаяр 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 16/036 дугаартай албан бичгээр тухайн үеийн нэршлээр Гааль татварын ерөнхий газрын Стратеги хөгжлийн газарт тодруулга авахаар хандсан байдаг. Тус албан бичигтээ “...2014 оноос 2015 оны хооронд БНХАУ-ын “DQE-International Co.Ltd”-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд бид тус компаний үйл ажиллагаанд хэрэглэгддэг газрын тосны шингэн шаврын хаягдлын санг бүтээн байгуулах үйл ажиллагааг явуулсан ба үйлчилгээний төлбөр нь БНХАУ-аас манай компанийн дансанд шилжин ирдэг...” гэж дурдсан байдаг.

13. Тус ХХК нь хилийн чанадаас дотоодын хэрэглээ буюу нөхөн сэргээлтийн ажилдаа зориулан боодлын хуванцар хальс (плёнк), хуванцар хоолой, хулдаас зэргийг импортолсон нь гаалийн мэдээ, холбогдох бусад баримтаар нотлогддог.

14. Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын  байцаагч Л.Цогтсайхан, С.Тамираа нарын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 240012561 дугаартай акгад “...”Томо бюлдинг” ХХК нь Сүхбаатар дүүргийн 1-р хороо, Амбассадор оффис 103 тоот хаягт түрээсийн байранд байрладаг, үйл ажиллагаа нь 1 гишүүнтэй, 1,000,000.0 төгрөгийн дүрмийн сантай, Дондогцэрэн овогтой Цогтбаяр үүсгэн байгуулсан байна. Тус компани нь гадаад худалдаа, газрын хэвлийн нөхөн   сэргээлт, тээвэр, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг...” гэж дурдсан.

15. Тус ХХК-ийн 2014 оны 03 дугаар сарын 24-нйй өдрийн 9011472038 дугаартай Улсын бүртгэлийн гэрчилгээнд эрхлэх үйл ажиллагааны чиглэл нь барилгын засвар үйлчилгээ, гадаад худалдаа, цэцэрлэгжүүлэлт гэж бүртгэгдсэн байдаг.

16. Тус ХХК-ийн дүрмийн 1.5-д “Компани нь үйл ажиллагаагаа дараах чиглэлээр явуулна. Тусгай зөвшөөрөлтэй үйл ажиллагааг энэ заалтад хамааруулахгүй. 1.5.1 Барилгын засвар үйлчилгээ, 1.5.2 Гадаад худалдаа, 1.5.3 Цэцэрлэпжүүлэлт, 1.5.4 Автомашин, дагалдах сэлбэг хэрэгсэл худалдах, худалдан авах” гэж заасан.

17. Дээрх ярилцлага, гэрээ болон холбогдох бусад баримт бичигт заасан үндэслэлүүдийн дагуу тус ХХК нь Дорнод аймгийн Матад, Халхгол сумын нутаг дахь 19, 21-р талбайн нефьтийн хайгуулын дараах нөхөн сэргээлт буюу цэцэрлэгжүүлэлтийн ажлыг хийсэн гэж үзсэний үндсэнд татварын улсын байцаагч бид тус ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 0.0 төгрөгөөр, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 3,507,862.6 төгрөгөөр баталгаажуулж, татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210000076 тоот актыг холбогдох хуулийн заалтыг үндэслэн үйлдсэн болно...

18. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0483 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/МА2018/0300 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

19. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Болдбаатар гомдолдоо: “...Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0483 дугаар хэргийг хянан шийдвэрлэхдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

20. Шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн /2006/ 11 дүгээр зүйлийн 11.2-т “энэ хуулийн 12 дугаар зүйлд бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын хувь тэг /”0”/-тэй тэнцүү байна”, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувь /”0”/-тай тэнцүү байна”, 12.1.4-д “... үйлчилгээ узүүлэх үед Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй”, 12.4-т “энэ хуулийн 12.1.4-т заасан иргэн, хуулийн этгээдийг дор дурдсан тохиолдолд Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй гэж үзнэ”, 12.4.3-т “тухайн улс болон Монгол Улсын аль алинд нь төлөөний газартай боловч уг үйлчилгээ нь гадаад улс дахь төлөөний газрын хэрэгцээнд бүхэлдээ буюу ихэвчлэн зориулагдсан” гэж заажээ. Үүнээс үзвэл, “Т б” ХХК нь Монгол Улсад бүртгэлгүй, БНХАУ-д бүртгэлтэй “DQE-International Co.Ltd”-ийн гүйцэтгэж буй Тамсагийн XIX, XXI талбайд өрөмдлөгийн шингэн агуулах сангийн байгууламжийн барилга угсралтын ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлж, үүний төлбөрийг БНХАУ-аас шилжүүлэн авч байгаа зэрэг нь дээрх хуулийн заалтын хүрээнд нийцсэн үйлчилгээг үзүүлсэн гэж үзэхээр байна” гэж дүгнэн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн байна.

21. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоотойгоор үзүүлсэн үйлчилгээнд мөн хуулийн 12.1.4 дэх заалт хамаарахгүй” гэж заасан байна. “Томо бюлдинг”ХХК, БНХАУ-ын “Дачин газрын тосны олон улсын компани”, “DQE-International Co.Ltd”-ийн хооронд байгуулсан “тоног төхөөрөмж түрээслэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх” гэрээнд заасан үйлчилгээ нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоогүй байвал тус компани нь нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т зааснаар экспортод гаргасан үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ /”0”/ -тэй тэнцүү байх нөхцлөөр хангагдана.

22. “DQE-International” компани нь Монгол Улсын нутаг дэвсгэр болох Дорнод аймгийн бүс нутагт орших Тамсагийн 19, 21 талбайд өрөмдлөгийн шингэн агуулах сангийн байгууламжийн барилга угсралтын ажлыг гүйцэтгэхэд “Т б” ХХК-иас үзүүлсэн үйлчилгээг ашигласан. Мөн “Т б” ХХК нь хилийн чанадаас дотоодын хэрэглээ буюу нөхөн сэргээлтийн ажилдаа зориулан боодлын хуванцар хальс (плёнк), хуванцар хоолой, хулдаас зэргийг импортолсон нь гаалийн мэдээ, холбогдох бусад баримтаар нотлогдож байгаа тул “DQE-International Co.Ltd” “DQE-International Co.Ltd” компани-д үзүүлсэн “тоног төхөөрөмж түрээслэх, зөвлөх үйлчилгээ” нь Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа үл хөдлөх хөрөнгө /газар/-тэй шууд холбоотой гэж үзэж байна.

23. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0300 дугаар шийдвэрийн үндэслэх хэсэгт /10-р хуудас/ “... түүнчлэн “Т б” ХХК-ийн экспортод гаргасан гэх үйлчилгээ Монгол Улсын нутаг дэвсгэр Дорнод аймгийн Тамсагийн бүс нутагт “DQE-International Co.Ltd” компанийн “Шингэн шаврын сангийн ажил” төслийн явцад ашиглагдсан, үл хөдлөх эд хөрөнгө /газар/-тэй холбоотойгоор хэрэгжсэн үйлчилгээ болох нь нэхэмжлэгчээс шүүхэд гаргаж ирүүлсэн “... зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээ”-д “Б тал нь Тамсагийн XXI ба XIX талбайд өрөмдлөгийн шингэн шаврын сангийн байгууламжийн ажилд үйлчилгээ үзүүлэх...”. “А тал нь Б талын үзүүлсэн бодит үйлчилгээний дагуу төлбөрийг хийнэ. Цооног бүрийн ажил дуусч тухайн бригадын дарга болон удирдах ажилтны гарын үсэг зурж хүлээн авснаас хойш ...”, “Б тал нь үйлчилгээ үзүүлэх явцад гуравдагч этгээд буюу туслан гүйцэтгэгчид хандаж болно. ... туслан гүйцэтгэгчийн үйлчилгээний чанартай холбоотой хариуцлагыг хүлээнэ” заасан болон “Өрмийн шингэн агуулах сангийн барилга угсралтын гэрээ”-нд нэхэмжлэгч байгууллагын захирал гарын үсэг зурснаар тус тус тогтоогдож байх тул Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийн тусгайлсан зохицуулалтын дагуу НӨАТ-ын “0” хувь хэмжээг хэрэглэхээргүй байна” гэсэн нь шүүх нотлох баримтад тодорхой үнэлэлт өгч, үндэслэлтэй шийдвэрлэсэн байна гэж үзэж байна.

24. Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, Төрийн байгууллага чиг үүргийнхээ хүрээнд хуулийг хэрэгжүүлэхийн албан бичиг үйлддэг тухайн албан бичиг нь дийлэнх тохиолдолд захирамжилсан шинжгүй байдаг. Шүүх тухайн албан бичгийг хууль зөв хэрэглэсэн эсэх, захирамжилсан болон зохицуулалтын шинжтэй эсэхээс үнэлэлт, дүгнэлт өгөх ёстой. Тодруулбал, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхдээ үндэслэл болгож буй Гааль, татварын ерөнхий газрын 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 01-4/3682 дугаар албан бичгийн хууль зүйн үндэслэлийг магадлалгүйгээр дэмжих байдлаар дурдсан нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

25. Давж заалдах шатны шүүх татварын албаны дээрх албан бичгийг “бодит үнэн” мэтээр хандаж, хуульд нийцсэн, хууль дээдэлсэн шударга ёсны зарчим тогтоох “эрэл, хайгуул” огт хийхгүй “бэлэн зүйл” дээр дүгнэлт хийлээ.

26. Монгол Улсын шүүх ... аливаа хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль дээдлэх, зөвхөн хуульд захирагдах зарчмын дагуу хэрэг, маргааныг хянан шийдвэрлэж Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан “хууль дээдлэх, шударга ёс, ардчилсан ёсыг бэхжүүлэх” эрхэм зорилго хангагдах учиртай.

27. Ийнхүү шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дахь заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтыг хэрэглэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

28. Иймд, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0483 дугаар магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

            29. Давж заалдах шатны шүүх Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг маргааны үйл баримтад холбогдуулан буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

            30. Гааль, татварын ерөнхий газар (тухайн үеийн нэрээр)-ын Улсын төсвийн орлого, хяналтын газрын Хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч П.О, Ш.Х нар “Т б” ХХК-ийн 2014 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-нйи өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын тооцоог шалгаж,  татварын улсын байцаагчийн  2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 210000076 дугаартай актаар тус компанийн 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар төсвөөс буцаан авах нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг “0.0” төгрөгөөр, төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татварын үлдэгдлийг 30,507,862.6 төгрөгөөр баталгаажуулсан, хэргийн оролцогчид актаар ногдуулсан төлбөрийн үнийн дүн, тооцооллын асуудлаар маргаагүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “экспортод гаргасан бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувь /”0”/-тай тэнцүү байх” хуулийн зохицуулалт тухайн тохиолдолд хэрэглэгдэх эсэх асуудлаар маргажээ.

            31. Нэхэмжлэгч “Т б” ХХК нь БНХАУ-д бүртгэлтэй “DQE International” ХХК-тай 2014 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр “... Дорнод аймагт байрлах /газрын тосны өрөмдлөгийн/ Тамсагийн XIX, XXI талбайд өрөмдлөгийн шингэн агуулах сангийн байгууламжийн барилга угсралтын ажилд хүнд даацын тээврийн хэрэгсэл түрээслүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх”-ээр гэрээ байгуулж, уг гэрээний хүрээнд “... /нэг бүр нь/ 25*10*3 метрийн харьцаатай шингэн агуулах 100 ширхэг нүх “байгуулах”, нүхийг 1 мм-ийн зузаантай хуванцар материалаар доторлох, сангийн хамгаалалтын тор угсрахдаа газар дээр ил гарах хэсгийг 27*12*1 метрийн харьцаанд хийх”-ээр, “... /уг ажлыг/ хэрхэн хийх арга зөвлөгөөг өгч ажиллах”-аар тохиролцож, уг “зөвлөх үйлчилгээний үнэ”-д “нэг ширхэг шингэн агуулах нүхийг 17,260 ам доллар, нийт 100 ширхэг нүхэнд 1,726,000 ам доллар” төлөхөөр тохиролцсон, уг төлбөрийг талуудын хооронд байгуулсан 2015 оны 04 дүгээр сарын 20-ний өдрийн “нэмэлт гэрээ”-гээр “хүнд даацын тээврийн хэрэгсэл түрээслүүлэх үйлчилгээний төлбөрт 207,120 ам.доллар, зөвлөх үйлчилгээний төлбөрт 1,518,880 ам.доллар” гэж хоёр хуваасан, БНХАУ-д бүртгэлтэй “DQE International” ХХК-ийн БНХАУ дахь банкны данснаас “Т б” ХХК-ийн дансанд 2,509,605,000 төгрөг  төлөгдсөн, талууд уг үйл баримттай маргаагүй, нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Монгол Улсаас экспортод гаргасан ... үйлчилгээ тул ... гэрээний төлбөрт БНХАУ-аас шилжүүлсэн орлогод ногдох нэмэгдсэн өртгийн албан татвар нь ... хуулийн дагуу “0” хувь байна, ... /уг орлогод ногдох/ ... нэмэгдсэн өртгийн албан татвар илүү төлсөн” гэж тайлбарлажээ.     

32. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “... Монгол Улсын нутаг дэвсгэрт ... гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулахад энэ хууль үйлчлэх”-ээр, 4 дүгээр зүйлийн 4.1.8-д “… “үйлчилгээ” гэж бараа борлуулах, мөнгөн гүйлгээ хийхээс бусад аливаа үйл ажиллагааг” ойлгохоор,  7 дугаар зүйлийн 7.1.4-т “... Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээ… /-нд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах/-аар, 8 дугаар зүйлийн 8.1.1-д “... бараа, ажил, үйлчилгээг импортолсон буюу экспортолсон, түүнчлэн борлуулсан бол тухай бүрт /нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах/”-аар тус тус зааснаас үзэхэд “Т б” ХХК-ийн Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байрлах газрын тосны өрөмдлөгийн Тамсагийн XIX, XXI талбайд хийж гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд уг хуулийн дагуу нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулна, нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн дээрх ажил, үйлчилгээнд ногдуулан төсөвт төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг “төлөх ёсгүй байсан” гэх үндэслэлгүй, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан “экспортод гаргасан бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувь /”0”/-тай тэнцүү байх” хуулийн зохицуулалт тухайн тохиолдолд хэрэглэгдэхээргүй байна.

33. Тодруулбал, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2-т “энэ хуулийн 12 дугаар зүйлд заасан бараа, ажил, үйлчилгээнд ногдуулах нэмэгдсэн өртгийн албан татварын хувь тэг /"0"/-тэй тэнцүү байна” 12 дугаар зүйлийн 12.1-д “... экспортод гаргасан дараах бараа, ажил, үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувь /“0”/-тай тэнцүү байна” гэж тус тус заасан, тухайн тохиолдолд, Дорнод аймгийн нутаг дэвсгэрт байрлах газрын тосны өрөмдлөгийн талбайд хийж гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээг “экспортод гаргасан” гэх үндэслэлгүй, уг ажил, үйлчилгээний төлбөрийг  БНХАУ-д бүртгэлтэй “DQE International” ХХК-ийн БНХАУ дахь банкны данснаас “Т б” ХХК-ийн дансанд шууд шилжүүлэн төлсөн нь “Монгол Улсын нутаг дэвсгэрт гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээнд нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулах” хуулийн заалт хэрэглэгдэхгүй болох үндэслэл болохгүй, давж заалдах шатны шүүх “... БНХАУ-д бүртгэлтэй “DQE International” ХХК-ийн гүйцэтгэж буй Тамсагийн XIX, XXI талбайд өрөмдлөгийн шингэн агуулах сангийн байгууламжийн барилга угсралтын ажилд зөвлөх үйлчилгээ үзүүлж, үүний төлбөрийг БНХАУ-аас шилжүүлэн авч байгаа нь ... /Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх/ заалтын хүрээнд нийцсэн үйлчилгээг үзүүлсэн” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн, магадлалын хянавал хэсэгт Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2, 12 дугаар зүйлийн 12.1, 12.1.4, 12.4 гэсэн хуулийн заалтуудыг иш татсан боловч уг хуулийн заалтуудыг тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх зарчимд нийцсэнгүй.

34. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4-т “... / экспортод гаргасан/ үйлчилгээ үзүүлэх үед Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаагүй гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд үзүүлсэн... /экспортод гаргасан үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварын хувь, хэмжээ тэг хувь /“0”/-тай тэнцүү байх/”-аар заасан нь Дорнод аймгийн нутаг дэвсгэрт “өрөмдлөгийн шингэн агуулах сангийн байгууламжийн барилга угсралтын ажил” гүйцэтгэж, “зөвлөх үйлчилгээ” үзүүлсэн “Т б” ХХК-ийн тухайн үйл ажиллагаанд хамааралгүй, өөрөөр хэлбэл, “Т б” ХХК нь БНХАУ-ын нутаг дэвсгэрт уг “өрөмдлөгийн шингэн агуулах сангийн байгууламжийн барилга угсралтын ажил” гүйцэтгэж, түүнтэй холбоотой зөвлөх үйлчилгээг БНХАУ-д бүртгэлтэй “DQE International” ХХК-нд үзүүлсэн тохиолдолд, эсхүл, Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоогүй бусад үйлчилгээ, тухайлбал, өөр улсад баригдаж буй барилга угсралтын ажилд зураг төсөл боловсруулах зөвлөх үйлчилгээг гадаад улсын иргэн, хуулийн этгээдэд үзүүлэхдээ уг зураг төслийг Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хийж гүйцэтгэсэн тохиолдолд, уг ажил, үйлчилгээг Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.4 дэх хэсэгт заасны дагуу “экспортод гаргасан” гэж үзэх юм.      

35. Иймд, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай (2006) хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “...Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа хөдлөх, үл хөдлөх хөрөнгөтэй шууд холбоотойгоор үзүүлсэн үйлчилгээнд мөн хуулийн 12.1.4. дэх заалт хамаарахгүй” гэж нарийвчлан заасныг үндэслэн, “... “Т б” ХХК-ийн үзүүлсэн үйлчилгээ нь ... Монгол Улсын нутаг дэвсгэр дээр, Монгол Улсын үл хөдлөх хөрөнгө (газар)-тэй холбоотойгоор хэрэгжсэн байх тул уг үйлчилгээг экспортод гаргасан үйлчилгээ гэж үзэх боломжгүй” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй,  татварын улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн маргаан бүхий 210000076 дугаартай акт хууль ёсны бөгөөд нэхэмжлэгч “Т б” ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

36. Эдгээр үндэслэлээр, хариуцагч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын “... давж заалдах шатны шүүх ... Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн ... /холбогдох/ заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, тус хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь заалтыг хэрэглэхгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдол үндэслэлтэй, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 221/МА2018/0483 дугаар магадлалыг хүчингүй болгож,  Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 128/ШШ2018/0300 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар  хариуцагч тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                    Д.МӨНХТУЯА