| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Халамханы Мейримбек |
| Хэргийн индекс | 130/2023/00915/И |
| Дугаар | 130/ШШ2024/00695 |
| Огноо | 2024-08-01 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 130/ШШ2024/00695
Б аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Х.Мейрамбек даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: ***********************-т оршин суух, Х овогт Д.Ж.
Хүсэлтийн шаардлага: Б аймгийн А сумын 4 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Д.Ж, түүний өмгөөлөгч Х.З,
Гэрч Ш.А,
Орчуулагч Т.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Арманбек.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нд шүүх хуралдааны товыг шүүхээс 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр /баримт №9/ мэдэгдсэн боловч бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Н шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар гуравдагч этгээдийн эзгүйд хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Ж нь Б аймгийн А сумын 4 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгохыг хүсэж шүүхэд хүсэлт гаргасан. Хүсэлт гаргагчаас хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1. Би 1990 оноос 2000 оныг дуустал нийт 11 жилийн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлсөн нь нийгмийн даатгалын дэвтрийн ******** дугаартай баталгаажилтын хуудсаар нотлогдож байна.
1.2. Б аймгийн А сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлын тэмдэглэл, тус зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаар тогтоолоор урьдчилан шийдвэрлэж, шүүхээр тогтоолгохоор шийдвэрлэсэн байдал.
1.3. Тус А сумын 1995-2000 онуудын Мал тооллогын А дансыг архивд шилжүүлээгүй, тухайн хугацааны данс устаж, үрэгдсэн нь тогтоогдсон учир шүүхээр тогтоолгох үндэслэл бий болсон.
1.4. Хүсэлт гаргагч Д.Ж би 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний хооронд малчнаар ажилласан болох нь нийгмийн даатгалын дэвтрийн баталгаажилтын хуудасны хуулбар, гэрчүүдийн тодорхойлолт, малчин мэргэжлийн үнэмлэхийн хуулбар, нөхөр Ш.Сд олгосон Тэргүүний малчин өргөмжлөл, Д.Ж надад олгосон Сумын аварга саальчин өргөмжлөл, Аймгийн аварга фермер өргөмжлөл, аймгийн архивд хадгалагдсан 2011-2023 оны мал тооллогын А дансны хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, зэрэг нотлох баримтуудаар батлагдаж байна.
1.5. Иймд Д.Ж миний Б аймгийн А сумын 4 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл мал маллаж, малчин байсныг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хүсэлт гаргагчаас иргэний хэрэгт нотлох баримтаар түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн барим, Б аймгийн А сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хурлын тогтоол, тэмдэглэл, ************, ************ дугаартай баталгаажилтын хуудас, ************** дугаартай нийгмийн даатгалын дэвтэр, Д.Жийн ************* дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх, Ш.Сн ************* дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх, Ш.С, Д.Ж нарын гэрлэлтийн гэрчилгээ, Б аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн *** дугаартай архивын лавлагаа, 2014 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн Өргөмжлөл, 2016 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн Өргөмжлөл, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Өргөмжлөл, 2011-2022 онуудын мал тооллогын баримт, Х.Х, К.А, А.М нарын нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, Ш.Сн иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний хэрэгт эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, 1999 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн АЦ*** дугаартай Монгол Улсын иргэний газар эзэмших гэрчилгээ, 1996 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн Гэрчилгээ, 2000 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн Баярын бичиг зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн.
Шүүхийн журмаар тус шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1281, 1282 дугаартай, 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн **** дугаартай албан бичгүүдийн дагуу Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн **** дугаар, 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн **** дугаар албан бичгээр ирүүлсэн Д.Ж, Ч.С, С.А, С.Н нарын ХААТР маягтууд, тус аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ний өрийн **** дугаартай албан бичиг, тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн **** дугаартай албан бичгээр Ш.Нд олгосон итгэмжлэл, А.Х, К.А нарын гэрчийн мэдүүлэг зэргийг бүрдүүлсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
3. Шүүхээс хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагыг түүний шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.
4. Хүсэлт гаргагчаас дараах үндэслэлээр хүсэлтийн шаардлагаа тодорхойлсон. Үүнд: Би 1989 онд сургуулиа төгсөөд эцэг, эхийнхээ туслах малчнаар ажиллаж байсан. 1995 онд гэр бүл болоод одоо хүртэл А сумын Бэлчээр, Хулууст, Сэрд гэх газруудад мал маллаж амьдрал ахуйгаа залгуулдаг. Шүүхээс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл мал маллаж малчин байсныг тогтоож өгөхийг хүсэж байна. Учир нь, тус А сумын 1995-2000 онуудын Мал тооллогын А дансыг архивд шилжүүлээгүй, тухайн хугацааны данс устаж, үрэгдсэн нь тогтоогдсон учир шүүхээр тогтоолгохоор хандаж байна гэжээ.
5. Хүсэлт гаргагч Д.Ж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт зааснаар мал маллаж, малчин байсныг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.
6. Б аймгийн А сумын даатгуулагчийн малчнаар ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг тодорхойлох зөвлөлийн 2023 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 16 дугаартай хурлын тогтоол, тэмдэглэлд ... 4-р багийн аварга саальчин Ж насаараа жилийн дөрвөн улиралд хөдөө мал маллаж амьдарч байгаа нь үнэн боловч 1995-2000 онуудын 6 жилийг малчнаар тогтооход нотлох баримт нь дутуу гэж үзсэн тул зөвлөлийн гишүүдийн 80 хувийн саналаар 1995-2000 оны 6 жилийг малчнаар тогтоох боломжгүй байна гэж шийдвэрлэв гэжээ.
Мөн тус аймгийн Засаг даргын тамгын газрын Архивын тасгийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ний өдрийн **** дугаартай архивын лавлагаанд ... Б аймгийн А сумын мал тооллогын А дансны 1995-2000 онуудын баримтуудыг архивд шилжүүлээгүй тул хүсэлт гаргагч Д.Жт холбогдох лавлагаа гараагүй болно гэсэн байна.
7. Хүсэлт гаргагч Д.Ж нь Б аймгийн А сумын 4 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсан нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
7.1. Хүсэлт гаргагч Д.Ж болон Ч.С нар нь 1995 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр гэр бүл болж 1995 оны 12 дугаар сарын 06-ны өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлсэн болох нь тэдний ll А №*** дугаартай гэрлэлтийн гэрчилгээгээр нотлогдож байна.
7.2. Б аймгийн А сумын Засаг даргаас 1999 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр тус сумын Засаг даргын 1998 оны 01 дүгээр сарын 04 дугаар шийдвэрийг үндэслэн Б аймгийн А сумын нутаг дэвсгэр Сэрд Хуучин Ш.Жанатын хаваржаа гэх газраас хаваржааны зориулалтаар 20 жилийн хугацаатай газар эзэмшүүлсэн АЦ*** дугаартай газар эзэмших гэрчилгээ олгогдсон байдал,
7.3. 1996 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Б аймгийн А сумын Засаг дарга А.Бс олгосон Хүндэт Д.Ж та гар аргаар 3тн ногоон тэжээл, 1 тн адуун хоомол хужир шүүсийг анхан шатны зурмаар боловсруулж, нэмэгдэл тэжээл үйлдвэрлэн 1995-1996 онуудад мал сүргийг онд мэнд оруулсан тэргүүн туршлагыг тэмдэглэн Тэргүүн туршлага эзэмшигч-ийн гэрчилгээг дурсгал болгов гэх Гэрчилгээ,
7.4. 2000 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Б аймгийн А сумын Засаг дарга А.Бс олгосон Хүндэт Д.Ж та 1999-2000 онд өөрийн суурийн 200 толгой малыг онд мэнд оруулж, төлөөх эх малаас 100 хувь төл бойжуулсан хөдөлмөрийг тань үнэлж Баярын бичиг, үнэ бүхий зүйлээр шагнав гэх Баярын бичиг,
7.5. Б аймгийн Ө сумын 13 дугаар багийн иргэн И овогт А.Бн ...А.Б миний бие 1996 оноос 2000 оны хооронд А сумын Засаг даргаар ажилласан болно. Тухайн үед тус сумын 4 дүгээр багийн иргэн Д.Ж тус сумын Бэлчээр гэх газарт хадам ээж М.Кн хамтаар хувиараа мал малладаг байсан. Иймд Д.Ж нь 1990 оноос эхэлж одоо хүртэл малчин байсныг тус сумын Засаг дарга байсны хувьд сайн мэдэх тул тодорхойлолт гаргаж байна гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон Б аймгийн А сумын Засаг дарга Ш.Ан шүүх хуралдаанд өгсөн ...А сумын Засаг даргын тамга 1992 оноос хойш өөрчлөгдөөгүй, 1996 оноос 2000 оны хооронд тус сумын Засаг даргаар А.Б гэх хүн ажиллаж байсан гэх, Х.Х, К.А, А.М нарын ...хүсэлт гаргагч Д.Ж нь 1995 оноос хойш өнөөдрийг хүртэл мал маллаж байгаа гэх нотариатчаар гэрчлүүлсэн тодорхойлолт, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтууд болно.
8. Харин хэрэгт авагдсан баримтуудаар хүсэлт гаргагч Д.Ж нь 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг шууд нотлох баримтгүй, тухайн оны мал тооллогын баримт болон холбогдох бусад нотлох баримт байхгүй байх тул дээрх онуудад мал маллаж, малчин байсныг тогтоолгохыг хүссэнийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
9. Хүсэлт гаргагчаас хэрэгт түүний *********** дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх, Ш.Сн ********** дугаартай Малчин мэргэжлийн үнэмлэх, 2014 оны 01 дүгээр сарын 28-ний өдрийн Тэргүүний малчин-аар шалгаруулсан өргөмжлөл, 2016 оны 02 дугаар сарын 08-ний өдрийн Сумын аварга саальчин-аар шалгаруулсан өргөмжлөл, 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн Аймгийн аварга фермер-ээр шалгаруулсан өргөмжлөл, Ш.Сн 2011-2022 онуудын мал тооллогын баримт зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн боловч эдгээр баримтууд нь хүсэлт гаргагч Д.Жийг 1995, 1996, 1997, 1999, 2000 онуудад мал маллаж, малчин байсныг нотлох шууд баримт биш бөгөөд 1995-2000 онуудад мал маллаж, малчин байсныг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагад хамааралгүй баримт болно.
10. Б аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2023 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн ***** дугаартай албан бичгээр ирүүлсэн Д.Жийн БНМАУ-ын Хүн амын регистрийн картын ... 8-рт нийгмийн бүлэг: ажилчин, 9-рт Байнга оршин суудаг бригад: Сумын төв ... гэж, хүсэлт гаргагчийн нөхөр нь болох Ш.Сн Гэрлэснийг бүртгэх анкетыг 1995 оны 12 дугаар сарын 06-ны өдөр бүртгэсэн байх ба уг анкетын ... 13-рт Ажилладаг байгууллага: 10 жилд, 14.Эрхэлдэг ажил: нярав, 15. Нийгмийн бүлэг: ажилчин .. гэж тус тус бүртгэгдсэн байна.
Мөн хэлтсийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн ***** дугаартай албан бичгээр ирүүлсэн Д.Ж, Ш.С нарын 2003 оны 03 дугаар сарын 21-ний өдөр төрсөн хүүхэд нь болох С.Ны Төрснийг бүртгэх анкетэд ... 8. Эхийн овог нэр: Д.Ж, ... нийгмийн бүлэг: ажилчин, 11. Эцгийн овог нэр: Ш.С, нийгмийн бүлэг: ажилчин, ажилладаг байгууллага: 10 жил, эрхэлдэг ажил: нярав ... гэж тус тус бүртгэгдсэн байдлаас үзэхэд хүсэлт гаргагч Д.Ж нь 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд мал маллаж, малчин байсан гэж дүгнэх боломжгүй байна.
11. Хүсэлт гаргагч Д.Жийн ******* дугаартай баталгаажилтын хуудсанд Х овогт Д.Ж /РД:**********/-нь Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хууль-д заасан нөхцөл, болзлыг хангасан тул ажилласан болон нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг 11 жил 0 сараар нөхөн тооцсон болохыг баталгаажуулав. Иргэн/даатгуулагч/-ийн 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцсон байна.
Мөн *********** дугаартай баталгаажилтын Х овогт Д.Ж /РД:.............../-нь Малчин, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай хуульд заасан болзол, нөхцөлийн дагуу 1995 оноос хойш нийтдээ 4 жил 0 сар, үүнээс малчнаар 4 жил 0 сар тэтгэврийн даатгалын шимтгэл нөхөн төлсөн болохыг баталгаажуулсан байна.
12. Иймд дээрх үндэслэлээр хүсэлт гаргагчийн хүсэлтийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хүсэлт гаргагч Д.Ж нь Б аймгийн А сумын 4 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд тус тус мал маллаж, малчин байсныг тогтоож, хүсэлтийн үлдсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
13. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт тус тус зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.1, 135 дугаар зүйлийн 135.2.14 дэх хэсэгт заасныг баримтлан Х овогт Д.Ж нь Б аймгийн А сумын 4 дүгээр багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1996 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 1998 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус мал маллаж, малчин байсныг тогтоож, 1997 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1997 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал мал маллаж, малчин байсныг тогтоолгохыг хүссэнийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хүсэлт гаргагч Д.Жийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч , прокурор нар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Б аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Х.МЕЙРАМБЕК