Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 153/ШШ2024/00352

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

  

Х******* аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,

Нэхэмжлэгч: Х******* ******* Ж******* сумын 12 дугаар (*******) багийн ******* гудамжинд байрлах, Х******* ******* ******* ******* нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х******* ******* Ж******* сумын 8 дугаар (*******) багийн ******* тоотод оршин суух, овогт Ты Хад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: "Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 550,336 (таван зуун тавин мянга гурван зуун гучин зургаан) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2024 оны 6 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч Х******* ******* прокурорын ******* итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Д нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Х******* ******* прокурорын газраас ******* тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д "прокурор хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ хүний эрх, эрх чөлөө, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, түүнийг зөрчигдөхөөс сэргийлэх, зөрчигдсөн эрхийг сэргээх арга хэмжээ авна" гэж заасныг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д заасан "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөр нөхөн төлөгдсөн" байдлыг судалж, ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримт цуглуулах ажиллагаа явуулсан.

Х******* аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05 өдрийн 35 дугаартай шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн "Т.Х нь 2021 оны 01 дүгээр сарын 06-наас 07-нд шилжих шөнө Х******* ******* Ж******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт согтууруулан ундааны зүйл хэрэглэсэн улсын дугаартай авто машин жолоодож яваад зам тээврийн осол гаргасан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заалтад заасан гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын төлбөр Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөгдөөгүй байна.

Хохирогч Т.Ны нь Х******* ******* Баруун бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс 550.336 төгрөгийн үйлчилгээ авч, уг зардлын төлбөрийг тухайн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу байгуулсан гэрээг үндэслэн Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авсан байна.

Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах нөхцөл бүрдсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх"-ээр заасныг үндэслэн тухайн гэмт хэргийн хувьд бус харин прокурорын газарт хянагдаж, шийдвэрлэгдсэн эрүүгийн хэргийн хүрээнд эрүүл мэнд нь хохирсон иргэн-даатгуулагчид үзүүлсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулах хүсэлтийг ирүүлсэн болно.

******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д "Прокурор нийтийн ашиг онирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно", 41 дүгээр зүйлийн 41.1-д "шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана" гэж;

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд энэ хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу төрийн нэрийн өмнөөс оролцоно." гэж тус тус хуульчилсан.

Хуулийн дээрх зохицуулалтын дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.6, мөн хуулийн 19 дүгээр зүйлд тус тус зааснаар эрүүл мэндийн даатгалын сангийн орлогын эх үүсвэр нь даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилгоор төр, иргэн, хуулийн этгээдээс төлсөн шимтгэлийн орлого, бусад эх үүсвэрээс бүрдэж, нийт даатгуулагчид эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах зорилготой тул гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж, үйлчилгээний зардлыг тус сангаас нөхөн төлсөн нь төр, нийтийн аль алины ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй.

Прокурор Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд заасан чиг үүргийнхээ хүрээнд иргэн, хуулийн этгээдээс ирүүлсэн гомдол, мэдээлэл, хүсэлтийг шийдвэрлэх, зөрчил шалган шийдвэрлэх, хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, судлах явцад төр, нийтийн ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй нөхцөл байдлыг илрүүлсэн, тогтоосон тохиолдолд зөрчигдсөн эрхийг сэргээх, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргах арга хэмжээг авч хэрэгжүүлдэг.

Дээрх ажиллагааны хүрээнд гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэгдээгүй орхигдсон тул улсын төсөв, иргэн, хуулийн этгээдээс даатгалын санд төлсөн мөнгөн хөрөнгө болон нийт даатгуулагчийн ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх үүднээс бусдын эрүүл мэндэд санаатай гэмтэл учруулсан гэм буруутай этгээдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний зардлын төлбөрийг нөхөн төлүүлэхээр өөрийн санаачилгаар нэхэмжлэл гаргаж байна.

Т.Хаас эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 550,336 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий ******* Төрийн сан банк дахь тоот дансанд оруулж өгнө үү гэжээ.

 2.Хариуцагч Т.Х нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Х******* ******* прокурорын ******* гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 550,336 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч Х******* ******* прокурорын газар нь хариуцагч Т.Хад холбогдуулан Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 550,336 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан байна.

2.Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Т.Х нь нэхэмжлэлийн шаардлага болох 550,336 төгрөгийг төлөхийг зөвшөөрсөн тайлбарыг бичгээр ирүүлсэн бөгөөд хариуцагчийн зөвшөөрөл нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 17,160 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна" гэжээ.

Хуулийн дээрх заалтын дагуу хариуцагч Т.Хаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 8,580 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулах нь хуульд нийцнэ.

4.Хариуцагч Т.Х нь энэ захирамжийг сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдлаа. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Х******* ******* прокурорын ******* нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Хад холбогдох, "Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 550,336 (таван зуун тавин мянга гурван зуун гучин зургаан) төгрөг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 17,160 (арван долоон мянга нэг зуун ж) төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар 8,580 (найман мянга таван зуун наян) төгрөгийг хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Т.Х нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН