Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 506

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ганзориг,

Улсын яллагч Р.Очирсүрэн,

Шүүгдэгч Э.С, түүний өмгөөлөгч О.Даваажаргал нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Эы Сд холбогдох 1708019310198 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэдээллийн технологич мэргэжилтэй, ... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо ... тоотод оршин суух,

2013 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 586 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 01 сарын хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар түүнд оногдуулсан 03 жил 01 сарын хорих ялыг тэнсэж, 2 жилийн хугацаагаар хянан харгалзсан, А овогт Эы С /РД:.../

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

            Нэг: Яллах талын нотлох баримтууд.

 

- Хохирогч Б.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2017 оны 10 дугаар сарын 08-ны орой Драгоны автомашины зогсоол орж зогссон, гэтэл хажуугийн машинаас нэг согтуу залуу бууж ирээд машины урд гупер лүү өшиглөхөөр нь би буусан чинь “эхнэрийг минь дайрах гэлээ” гэж миний цамцны захнаас барьж аваад боогоод татаж хавсарч унаган, шанаа орчимд 2-3 удаа гараараа цохисон. Мөн толгойгоороо нэг удаа мөргөсөн . ...” гэх мэдүүлэг /хх 10 х/,

 

- Шүүгдэгч Э.Сгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 22 цагийн орчимд хөдөөнөөс ирсэн эхнэр хүүхдээ тосоод “Драгон” төвийн автомашины зогсоол дээр зогсож байхад, эхнэрийн хажуугаар нэг машин дайрах шахаад зогсохоор нь би уг машин дээр очоод урд гупер рүү нь нэг өшиглөсөн. Тэгтэл машины жолооч гараад ирэхээр нь чи хүн дайрлаа ш дээ гэхэд, миний урдаас дайраагүй л байгаа биз дээ гэсэн. Тэгэхээр нь би уурлаад машиных нь онгойж байсан хаалгаар жолоочийг шахаад газарт унагасан. Тэгтэл жолооч босож ирээд бид бие биенийхээ цамцнаас зуураад боолцсон. Хохирогчийн хамар орчимд би 1 удаа мөргөхөд  хохирогч газарт унасан. Тэгэхээр нь би цээж рүү нь нэг удаа өшиглөтөл хажуугаар байсан хүмүүс биднийг салгасан. ...” гэх мэдүүлэг  /хх 55 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

  

- Гэрч Ц.Алтансүхийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 08-ны орой Драгон нэг цэгийн үйлчилгээний төвийн харалдаа олон хүмүүс овооролдон шуугилдаад байхаар нь очтол хамт таксинд явдаг Бийг үл таних 27-28 орчим насны барилддаг зузаан биетэй саарал өнгийн футволктой залуу цамцнаас нь заамдан хамар уу нь нэг удаа мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 19 х/,

 

- Гэрч Г.Мөнхөөгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би тухайн өдөр айлын байшингийн найранд очоод харих санаатай оройн 22 цагийн орчимд Драгон төв дээр ганцаараа явж байхад автомашины зогсоол дээр зүс таних Б хүнтэй муудалцаад байхаар нь очиж салгаад гэр рүүгээ харьсан. ...” гэх мэдүүлэг /хх 20-21 х/,

 

- Гэрч Н.Нарнзуны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2017 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 14 цагийн орчимд Архангай аймгаас Тэндэрийн автобусанд суугаад оройн 23 цагийн орчимд Улаанбаатар хотод ирсэн. Автобуснаас буухад нөхөр маань тосох гээд Драгон авто вокзал дээр ирсэн байсан. Би ачаагаа авах гээд хүлээгээд зогсож байхад миний хажууд нэг машин шүргэх шахаад зогссон. Тэгтэл нөхөр цаанаас ирээд чи жирэмсэн хүн яах гээд байгаа юм гээд өнөөх автомашины хамар руу нь гараараа цохитол, жолооч нь чи яах гээд байгаа юм гээд машин дотроосоо буугаад ирэхээр нь нөхөр маань чи тэгээд яах гээд байгаа юм гээд машиных нь нээгдсэн хаалгаар жолоочийг хавсраад түлхээд жолоочтой  маргалдаад зууралдаад барьж автал хажуунаас өөр хүмүүс ирээд салгаж байсан. Манай хүүхдүүд уйлаад байхаар нь би хүүхдүүдээ холдуулаад буцаж иртэл цагдаа ирээд нөхрийг минь авч яваад эрүүлжүүлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 22-24 х/,

 

- Шинжээчийн 12779 тоот дүгнэлт

1.Д.Бийн биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтэл үүссэн дарааллыг тогтоох боломжгүй.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 29 х/,

 

- Шинжээчийн 12794 тоот дүгнэлт

1.Э.Сгийн биед хүзүү, цээжинд цус хуралт, уруулд шарх бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдалтанд нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /хх 42 х/

 

            Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.

 

- Э.Сгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 59, 71 х/

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 60 х/

- Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт /хх 72 х/

 

Гурав: Хохирлын баримт.

 

- Эмчилгээ, шинжилгээ, зарлагын баримтууд /хх 35-39 х/

- Хохирогч Д.Бид хохирлын төлбөрт 2,000,000 төгрөг шилжүүлсэн ХААН банкны шилжүүлгийн баримт /хх 92 х/

- Депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх 93 х/,

 - хохирогч Д.Бид хэргийн материал танилцуулсан баримт /хх 95 х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн тул шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж хэргийг хянан  шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.     

 

Шүүгдэгчийн хэрэг гарсан нөхцөл байдлын талаар өгсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.

 

Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Э.С нь 2017 оны 10 дугаар сарын 08-ны шөнийн 23 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “Драгон” авто вокзалын зогсоол дээр эхнэрийн хамт зогсож байхад иргэн Д.Б автомашин жолоодож явахдаа эхнэрийн нь хажуугаар ойрхон гарахаар нь “машинаараа эхнэрийг минь дайрах гэлээ” гэж машиных нь урд гупер лүү өшиглөж, улмаар түүнийг машинаасаа буугаад ирэхээр барьж аван нүүрэн тус газар нь толгойгоороо мөргөж газар унаган цээжин тус газарт нь хөлөөрөө өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, хамар ясны далд хугарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн  хохирол учруулсан гэмт  хэргийг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Бийн “...2017 оны 10 дугаар сарын 08-ны орой Драгоны автомашины зогсоол орж зогссон, гэтэл хажуугийн машинаас нэг согтуу залуу бууж ирээд машины урд гупер лүү өшиглөхөөр нь би буусан чинь “эхнэрийг минь дайрах гэлээ” гэж миний цамцны захнаас барьж аваад боогоод татаж хавсарч унаган, шанаа орчимд 2-3 удаа гараараа цохисон. Мөн толгойгоороо нэг удаа мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 10 х/,

 

Шүүгдэгч Э.Сгийн “...2017 оны 10 дугаар сарын 08-ны орой 23 цагийн орчимд хөдөөнөөс ирсэн эхнэр хүүхдээ тосоод “Драгон” төвийн автомашины зогсоол дээр зогсож байхад, эхнэрийн хажуугаар нэг машин дайрах шахаад зогсохоор нь би уг машин дээр очоод урд гупер рүү нь нэг өшиглөсөн. Тэгтэл машины жолооч гараад ирэхээр нь чи хүн дайрлаа ш дээ гэхэд, миний урдаас дайраагүй л байгаа биз дээ гэсэн. ... бид бие биенийхээ цамцнаас зуураад боолцсон. Хохирогчийн хамар орчимд би 1 удаа мөргөхөд  хохирогч газарт унасан. Тэгэхээр нь би цээж рүү нь нэг удаа өшиглөтөл хажуугаар байсан хүмүүс биднийг салгасан. ...” гэх мэдүүлэг  /хх 55 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

  

Гэрч Ц.Алтансүхийн “...2017 оны 10 дугаар сарын 08-ны орой Драгон нэг цэгийн үйлчилгээний төвийн харалдаа олон хүмүүс овооролдон шуугилдаад байхаар нь очтол хамт таксинд явдаг Бийг үл таних 27-28 орчим насны барилддаг зузаан биетэй саарал өнгийн футволктой залуу цамцнаас нь заамдан хамар уу нь нэг удаа мөргөсөн. ...” гэх мэдүүлэг /хх 19 х/,

 

Гэрч Г.Мөнхөөгийн “...Би тухайн өдөр айлын байшингийн найранд очоод харих санаатай оройн 22 цагийн орчимд Драгон төв дээр ганцаараа явж байхад автомашины зогсоол дээр зүс таних Б хүнтэй муудалцаад байхаар нь очиж салгаад гэр рүүгээ харьсан. ...” гэх мэдүүлэг /хх 20-21 х/,

 

Гэрч Н.Наранзуны “... Би ачаагаа авах гээд хүлээгээд зогсож байхад миний хажууд нэг машин шүргэх шахаад зогссон. Тэгтэл нөхөр цаанаас ирээд чи жирэмсэн хүн яах гээд байгаа юм гээд өнөөх автомашины хамар руу нь гараараа цохитол, жолооч нь чи яах гээд байгаа юм гээд машин дотроосоо буугаад ирэхээр нь нөхөр маань чи тэгээд яах гээд байгаа юм гээд машиных нь нээгдсэн хаалгаар жолоочийг хавсраад түлхээд жолоочтой маргалдаад зууралдаад барьж автал хажуунаас өөр хүмүүс ирээд салгаж байсан. ...” гэх мэдүүлэг /хх 22-24 х/,

 

Д.Бийн биед тархи доргилт, хамар ясны далд хугарал, духанд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт, хүзүү цээжинд цус хуралт, уруулд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учирсныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд /хх 29, 42 х/ зэргээр тус тус нотлогдон тогтоогдсон.

 

Э.Сд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй.

 

Хохирлын талаар:

 

Эмчилгээ, шинжилгээ, зарлагын баримтууд /хх 35-39 х/-аар хохирогчид нийт 535,900 төгрөгийн зардал гарсан болох нь тогтоогдсон, харин шүүгдэгчийн зүгээс хохиролд нийт 2,000,000 төгрөг төлсөн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох ХААН банкны шилжүүлгийн баримт /хх 92 х/, Депозит дансны дэлгэрэнгүй хуулга  /хх 93 х/, хохирогчид хэргийн материал танилцуулсан баримт /хх 95 х/ зэргээр нотлогдон тогтоогдсон тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзсэн.

 

            Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар:

            Э.С нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо өөрийн сайн дураар бүрэн төлсөн нь эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байгаа, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар: 

            Э.Сгийн гэм буруутайд тооцогдсон гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа.

            Э.С нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, хувийн байдлын хувьд ажил хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан үзээд түүнд шүүхээс 800,000 төгрөгийн торгуулийн ял оноож, уг ялыг 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхийг үүрэг болгох нь зүйтэй гэж шийдвэрлэсэн.

            Бусад асуудлын талаар:

                        Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохиролд 2,000,000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

   Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.А овогт Эы Сг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Сг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар торгуулийн ялыг тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 03 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг ялтан Э.Сд үүрэг  болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлөөгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг ялтан Э.Сд танилцуулсугай.

 

5.Э.Сгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан Э.Сд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ