Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 15 өдөр

Дугаар 2022/ДШМ/905

 

 

 

 

 

    2022            09            15                                       2022/ДШМ/905  

 

Ц.Б-т холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Батзориг даргалж, шүүгч М.Алдар, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Ч.Батбаатар,

шүүгдэгч Ц.Б-, түүний өмгөөлөгч П.Учралгэрэл,

нарийн бичгийн дарга Б.Сэргэлэн нарыг оролцуулан,

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/600 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Ц.Б-ын гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2203002050301 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 5-ны өдрийн 122 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж 1 жилийн хугацаагаар тогтоосон;

 

Шүүгдэгч Ц.Б- нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны шөнийн 03 цаг 33 минутын үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн автобусны буудлын хойд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэж заасныг зөрчиж, ашиглахыг хориглосон эвдрэл, гэмтэл техникийн зөрчилтэй “*****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Жадамбааг мөргөж, Ч.Жадамбаагийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Ц.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Б-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, 1/нэг/ жилийн хугацаагаар Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 23-518 тоотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Б-т сануулж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 153 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Б-т оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Б-аас 9.999.134 /есөн сая есөн зуун ерэн есөн мянга нэг зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-д олгож, Ц.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Ц.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...миний бие хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид 9.999.134 төгрөгийн төлбөрийг ажил хөдөлмөр хийж байж хурдан барагдуулах чин хүсэлтэй байна. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн зүгээс цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн болно. Би гэм буруугийн хэлбэр болон хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, дахин хэрэг, зөрчилд холбогдохгүй байхаа шүүхэд илэрхийлсэн, миний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо хангайн 23-518 тоотоос явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг тэлж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч Ц.Б-ын өмгөөлөгч П.Учралгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...үйлчлүүлэгчийнхээ гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Ц.Б- нь Сүхбаатар дүүрэгт амьдардаг, түүний ажиллаж байгаа компани нь Чингэлтэй дүүрэгт байдаг. Эрүүгийн хариуцлагын зорилго нь тухайн хүнийг нийгэмшүүлэхэд чиглэдэг ба дээрх байдлыг шүүх харгалзан үзнэ үү. 2022 оны 8 дугаар сарын 24, 26-ны өдрүүдэд нийт 1.500.000 төгрөгийг хохирогчид төлсөн. Цаашид ажил хийж хохирлыг төлнө гэдгээ илэрхийлж байгаа. Иймд зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг тэлэхдээ Улаанбаатар хотоос гарахгүй байхаар тогтоож өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Ч.Батбаатар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...шүүгдэгч Ц.Б-ын зүгээс хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлдэг. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хэлэхдээ ажилд орсон тул хохирлыг төлж барагдуулна гэж байна. Анхан шатны шүүхээс тогтоосон зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээг тэлж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр, шүүгдэгч Ц.Б-т холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзэв.

 

Шүүгдэгч Ц.Б- нь 2022 оны 04 дүгээр сарын 13-ны 03 цаг 33 минутын үед Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Гандангийн автобусны буудлын хойд талын замд Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4.а-д “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон ...харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон ...бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэж заасныг зөрчиж, баруун урд талын их гэрэл хол асахгүй, урд их гэрлийн тусгал, урд дугуйн тоормос нь хүчний зөрүүтэй, хойд тоормос болон зогсоолын тоормос зогсохгүй байгаа зэрэг стандартын шаардлага хангахгүй, техникийн зөрчилтэй “*****улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа мөн дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэж заасныг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Жадамбааг мөргөж, энэ гэмт хэргийн улмаас Ч.Жадамбаагийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

гэрч О.Т-ийн “...цагаан өнгийн жижиг суудлын автомашин нэг юм мөргөж байгаа дуу чимээ гараад зогссон. ...буугаад очтол машины зүүн урд талд газарт нэг эрэгтэй хүн мөргүүлсэн байдалтай байсан. ... /1хх 44/,

Ц.Б-ын яллагдагчаар өгсөн “...тухайн үед тээврийн хэрэгслийн зорчихыг зөвшөөрсөн ногоон гэрэл ассан байсан ба би хөдөлгөөнөө үргэлжлүүлэн явж байхад гэнэт зүүн гар талаас нэг хар бараан өнгийн хувцастай эрэгтэй хүн гараад ирсэн. Би тоормосоо гишгээд жолооны хүрдээ баруун гар тийш дарсан боловч нөгөө явган зорчигч дарсан тал руу минь гүйсээр байгаад машины зүүн талын гэрэл орчмоор мөргүүлж копуданд хүрч урд салхины шил хагарч нөгөө хүн шидэгдээд газарт унасан. ...” /1хх 115/,

“...амь хохирогч Ч.Жадамбаагийн биед зүүн тал бөмбөлгийн дагз, чамархайн дэлбэнгийн хатуу хальсны доорх цусан хураа, духны баруун дэлбэнгийн цусархаг няцрал, их тархины хоёр тал бөмбөлгийн аалзан хальсны доорх цус харвалт, зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд шарх, нүүр, мөчдийн  зулгаралт, баруун бүсэлхий, ташаа, гуянд цус хуралт бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон. ...” Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн 5991 дугаартай дүгнэлт /1хх 52-53/,

“...Жолооч Ц.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4 а, 12.2-т заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдож байна. ... “ гэх 2022 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 587 дугаартай мөрдөгчийн магадлагаа /1хх 87-88/,

“...зүүн эргэх дохионы гэрэл ажиллахгүй, улсын дугаарын гэрэл асахгүй, баруун урд талын их гэрэл хол асахгүй, дуут дохио ажиллахгүй зэрэг эд ангиуд эвдрэлтэй...Урд их гэрлийн тусгал стандартын шаардлага хангахгүй. ...урд дугуйн тоормос нь хүчний зөрүүтэй, хойд тоормос болон зогсоолын тоормос зогсохгүй байгаа нь стандартын шаардлага хангахгүй байна. ...” гэсэн Автотээврийн үндэсний төвийн техникийн шинжээчийн дүгнэлт /1хх 92-96/,

 “...03 цаг 33 минут 25 секундэд явган зорчигчийг тээврийн хэрэгслийн зүүн урд талын хэсгээрээ мөргөж байгаа харагдана...” гэсэн камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 4-13/, Цогцост хийсэн шинжээчийн дүгнэлт /1хх 67-72/, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-13/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг анхан шатны шүүх хуулиар олгосон үүргийн хүрээнд судалж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэргийг хэдийд, хаана, яаж үйлдсэн, үүнд шүүгдэгч Ц.Б- гэм буруутай эсэх, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн тухайн зүйл, хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй тохирч байгаа талаар шийтгэх тогтоолд тодорхой зааж, хэргийн бодит байдалтай нийцсэн хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт хийсэн байна.

 

Шүүгдэгч Ц.Б-ын Замын хөдөлгөөний дүрмийн зохих зүйл, заалтыг зөрчсөний улмаас Ч.Жадамбаагийн амь нас хохирсон үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Анхан шатны шүүхээс шүүгдэгч Ц.Б-ын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан үзэж, тухайн зүйлд заасан төрөл, хэмжээний дотор буюу 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэхдээ шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих хүрээ хязгаарыг орон зайн хувьд хэт хязгаарлагдмал, гэрээс нь гаргахгүй байхаар буюу Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороо, Хангайн 23-518 тоотоос явахыг хориглох хязгаарлалт тогтоосон байх тул хэргийн нөхцөл байдал, тодорхой хэмжээний хохирлыг нөхөн төлж, цаашид хохирол нөхөн төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан Улаанбаатар хотын төвийн 6 дүүргээс /Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй/ 1 жилийн хугацаагаар гадагш явахыг хориглож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх гэм хорын хохирлын хэмжээг тогтоохдоо хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаж өгсөн баримтын хэмжээнд хохирлыг тооцон, шүүгдэгчийн хохирогчид төлсөн дүнг хасаж Ц.Б-аас 9.999.134 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-д олгож, цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасантай тус тус нийцжээ.

Харин Иргэний хуулийн 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэг заасныг баримтлаагүй байгааг давж заалдах шатны шүүх зөвтгөж шийдвэрлэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүдийг оруулж, шүүгдэгч Ц.Б-ын “...зорчих эрхийг хязгаарлах ялын хүрээ хязгаарыг тэлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ц.Б- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-гийн Хаан банкны 5005170028 тоот дансанд 2022 оны 8 дугаар сарын 16-ны өдөр 700.000 төгрөг, 2022 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 800.000 төгрөгийг тус тус шилжүүлсэн баримтыг давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн болохыг дурдаж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 2022/ШЦТ/600 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Эрүүгийн хуулийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ц.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, Улаанбаатар хотын төвийн 6 дүүргийн бүсчлэлээс /Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй/ 1 /нэг/ жилийн хугацаагаар гарахгүй байх зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй. ...” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Б-аас 9.999.134 /есөн сая есөн зуун ерэн есөн мянга нэг зуун гучин дөрөв/ төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-д олгосугай. ...” гэж тус тус өөрчилж,

“...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Ц.Б-т эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэй оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй. ...” гэсэн нэмэлт заалтыг оруулж, тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Шүүгдэгч Ц.Б- нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Э-д 1.500.000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг төлсөн болохыг дурдсугай.

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.БАТЗОРИГ

            ШҮҮГЧ                                                            М.АЛДАР

            ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН