Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1165

 

 

 

 

 

 

 

 

 

 

Д.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/00658 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Д.А-ын хариуцагч НШШГГ-т холбогдуулан гаргасан үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэн С.Ц-ийн өмчлөлийн ААААА-байрны 115 тоотын 2 өрөө байрыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын захиалгаар үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 71 361 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй ба гомдолтой байна. Иймд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 568 дугаарт 2 өрөө орон сууцны зах зээлийн үнэ, цэнийг тодорхойлсон үнэлгээний ажлыг хүчингүйд тооцож өгнө үү. Мөн уг байрыг анх 115 000 000 төгрөгөөр худалдаж авч байсан болно гэжээ.

 

Хариуцагч тал тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00607 дугаартай захирамжаар Д.А-аас 36 197 349 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 409 137 төгрөгийг гаргуулж  “С-” ХХК-д олгохоор  шийдвэрлэсэн. Дээрх шүүгчийн захирамж, гүйцэтгэх баримт бичгийг үндэслэн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд зааснаар төлбөр төлөгч Д.А-д шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж төлбөр төлөгчийн үүргийн гүйцэтгэлд барьцаалагдсан С.Ц-ийн өмчлөлийн АААА- байр, 115 тоот хаягт байрлах, 44.05 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19261500/002 дугаартай тогтоолоор битүүмжлэн төлбөрийг 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн дотор төлөхийг мэдэгдсэн. Төлбөр төлөгч Д.А- төлбөрийг тогтоосон хугацаанд төлөөгүй тул 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19261500/04 дугаартай тогтоолоор барьцаалан хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д зааснаар талуудаас үнийн санал авахад үнэлгээн дээр харилцан тохиролцоогүй тул 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 390 дугаартай тогтоолоор мэргэжлийн үнэлгээчин томилж зах зээлийн үнэлгээг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-иар тогтоолгоход 71 361 000 төгрөгөөр үнэлсэн тухай тайланг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан, мэдэгдлийг 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн албан бичгээр талуудад мэдэгдэж холбогдох хуульд заасан эрх, үүргийг тайлбарлан өгсөн. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК үнэлгээг үндэслэлтэй тогтоосон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд тайлбартаа: Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатын шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШШ2019/00607 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч Д.А нь зээлийн гэрээний үүрэгт 36 197 349 төгрөгийг манай “С-” ХХК-д төлөхөөр эвлэрч, хариуцагч энэхүү үүргээ биелүүлээгүй тохиолдолд АААА- байрны 115 тоотод байршилтай, 44.05 м.кв талбайтай, 2 өрөө, улсын бүртгэлийн 111- дугаарт бүртгэлтэй орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийг баталсан шүүгчийн захирамж гарсан. 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 101/ШЗ2019/11151 тоот шүүгчийн захирамжийн дагуу дээрх шүүгчийн захирамжийг албадан гүйцэтгэх захирамж гарч 0892 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудасны дагуу НШШГГ-т гүйцэтгэх ажиллагаа явуулж байгаа юм. Д.А- нь энэ хугацаанд шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлэхгүй байсан тул гүйцэтгэх хуудсанд заагдсан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар барьцаалуулсан барьцаа хөрөнгийн үнэлгээ хийгдсэн боловч хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар тус дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 229 дүгээр тойргийн шийдвэр гүйцэтгэгч М.Б- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19261500/04 тоот тогтоолоор хураан авсан. Ингээд Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу үүрэг гүйцэтгэгч, өмчлөгч нараас үнийн санал авахад төлбөр төлөгч Д.А-, өмчлөгч С.Ц- нар 160 000 000 төгрөгийн үнийн санал ирүүлсэн нь бодит бус үнэ гэж манай байгууллага үзсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2-т Үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгө шинжээчээр үнэлүүлнэ гэж заасны дагуу зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгохоор хүсэлт гаргасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 390 дугаар тогтоолоор хөрөнгийн үнэлгээний Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийг томилон үнэлгээ тогтоолгоход 71 361 000 төгрөгөөр үнэлсэн нь хэрэгт авагдсан байна. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 4/27354 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Д.А-д, 4/27355 тоот мэдэгдлээр барьцаа хөрөнгийн өмчлөгч С.Ц-ид мэдэгдэж, шүүхийн шийдвэрийн дагуу төлөх өр төлбөрийг 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн дотор төлөхийг мэдэгдсэнийг гэрчлэх шүүхийн шийдвэрийг биелүүлэх мэдэгдлийг нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар иргэний хавтаст хэрэгт мөн авагдсан байна. Төлбөр төлөгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлдээ барьцаалагдаж, битүүмжлэгдэж, хураагдсан хөрөнгийн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй хэмээн маргасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дах хэсэгт заасан хугацааг 14 хоног хэтрүүлсэн нь дээрх хуульд нийцээгүй байна. Иймд иргэн Д.А-ын нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэлүүд тогтоогдохгүй байх тул НШШГГ-т холбогдох АААА- байр, 115 тоотын 44.05 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн 111- дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцыг 71 361 000  төгрөгөөр  үнэлсэн  үнэлгээг  хүчингүй  болгуулах  тухай  Д.А-ын      нэхэмжлэлийг бүхэлд нь  хэрэгсэхгүй болгон, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.А-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах зорилгоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн тус шүүхийн шүүгчийн 2020  оны  01 дүгээр сарын 16-ны өдрийн 1559 дугаартай захирамж нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Төлбөр төлөгч Д.А- нь нэхэмжлэлийн шаардлагыг хүчингүй болгосон уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 115 сая төгрөгөөр анх худалдан авсан байраа 71 сая төгрөгөөр үнэлэн ББСБ-ын төлбөрт өгөхийг шударга бус байдал гэж үзэж ББСБ-ын хүү нь бизнес эрхэлж буй хүнд харьцангуй өндөр байдаг. Урд өмнө нь Д.А- нь “С-" ББСБ-ын найдвартай зээлдэгч байсан. Энэ байдлыг харгалзан үзэж хүүг багасгах боломжтой байсан боловч хүү нь өссөөр байгаад зээлдэгчид хүндрэлтэй байдал бич болсон юм. Монгол улсаас гадна дэлхийн олон улс оронд цар тахал болох Коронавирус гарч жижиг дунд бизнес эрхлэгч нарт давагдашгүй хүчин зүйлс боллоо.Улс орныг хамарсан энэ хүнд хэцүү нөхцөлд хүн өөрийн орон байгаа алдах, өндөр хэмжээннй хүү- төлнө гэдэг бол маш боломжгүй бодит байдалтай нийцээгүй явдал юм. Хүний орон байрыг үнэлэн хураах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаанд гаргасан энэхүү гомдлыг хэлэлцэхдээ шүүгч маань уг “Хөрөнгийн Үнэлгээний Төв" ХХК-ийг гуравдагч гээдээр татан оролцуулж хэргийг бүх талаас нь бүрэн дүүрэн нотлон шийдвэрлэх үүрэгтэй байсан гэж үзэж байна. Иймд дээрх шийдвэрийг дахин хянан үзэж хууль заасны дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Д.А- нь хариуцагч НШШГГ-т холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 607 дугаар шүүгчийн захирамжаар Д.А- нь зээлийн гэрээний үүрэгт 36 197 349 төгрөгийг бүхэлд нь хүлээн зөвшөөрч, үүргээ биелүүлээгүй тохиолдолд АААА- байрны 115 тоотод байршилтай, 44.05 м.кв талбайтай, хоёр өрөө, улсын бүртгэлийн 111- дугаарт бүртгэгдсэн орон сууцыг худалдан борлуулсан үнийн дүнгээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэсэн нь хүчин төгөлдөр болжээ. /хэргийн 3-5, 51-53 дугаар тал/ Төлбөр төлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй.

            Төлбөр төлөгч дээрх шүүгчийн захирамжийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдрийн 892 тоот гүйцэтгэх хуудсыг үндэслэн 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдөр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг эхлүүлэн, төлбөр төлөгчийн АААА- байр, 115 тоотын 44.05 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 19261500/02 дугаартай тогтоолоор битүүмжилж, 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 19261500/02 дугаартай Эд хөрөнгө хураах тухай тогтоолоор хураасан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт заасанд нийцжээ. /хэргийн 33, 39-40, 43-44, 50 дугаар тал/

            Хариуцагч талуудаас үл хөдлөх эд хөрөнгийн талаар үнийн санал авахад төлбөр төлөгч 160 000 000 төгрөгөөр үнэлсэнийг төлбөр авагч хүлээн зөвшөөрөөгүй тул хариуцагч байгууллагаас 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 390 дугаартай шинжээч томилох тухай тогтоолоор “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан зохицуулалтад нийцсэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ. /хэргийн 46-49, 54 дүгээр тал/ Тодруулбал, шинжээчийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

 

            Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж заажээ.

            Шинжээч “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь  тухайн хөрөнгийг үнэлэхдээ зах зээлийн, орлогын, өртөгийн хандлагын арга тус бүрээр үнэлгээ хийж, улмаар үнэлгээний дүнг нэгтгэн зах зээлийн үнэ цэнийг 71 361 000 төгрөг гэж тогтоосон байна. Хөрөнгийн зах зээлийн үнийг тогтооход үнэлэгдэж буй хөрөнгийн орлого олох бодит боломж, өртөгийн өнөөгийн үнэ, байрлал, шинж чанар, орчны хувьд адил төстэй хөрөнгийн зах зээлд худалдах санал болгож буй үнэ цэнийг жишиж судалгаа хийж харьцуулсан нь үнэлгээний тайланд тодорхой тусгагджээ./хэргийн 58-76 дугаар тал/

            Нэхэмжлэгч маргаан бүхий байрыг 115 000 000 төгрөгөөр худалдан авсан, хөрөнгийн үнэлгээ нь хэт доогуур үнэлсэн гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

            Шийдвэр гүйцэтгэгч нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасан журмын дагуу 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн үнэлгээний тайланг мөн өдрийн 4/27356 тоот мэдэгдлээр “С-” ХХК-д, 4/27355 тоот мэдэгдлээр өмчлөгч С.Ц-д, 4/27354 тоот мэдэгдлээр төлбөр төлөгч Д.А- нарт мэдэгдэн ажиллагааны тэмдэглэл үйлджээ. /хэргийн 77, 79-80 дугаар тал/

            Төлбөр төлөгч Д.А- нь төлбөрт хураагдсан хоёр өрөө орон сууцыг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу 71 361 000 төгрөгөөр үнэлэгдсэн талаар 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр мэдсэн атлаа гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан хугацааны дотор гаргаагүй байна. Өөрөөр хэлбэл, гомдлоо 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр гаргасан нь ямар нэг хүндэтгэх шалтгаантай талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

            Дээрх ажиллагааны талаар талууд гомдол гаргаагүй тул шийдвэр гүйцэтгэгч үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу шинжээчийн тогтоосон үнэ 71 361 000 төгрөгийн 70 хувь болох 49 952 700 төгрөгөөр 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 10 цагт анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 4/28833 тоот мэдэгдэх хуудсыг өмчлөгчид хүргүүлсэн байна. Анхны албадан дуудлага худалдаанд үнийн санал ирээгүй нь талуудын тайлбараар тогтоогдсон ба тус шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 1559 дугаар захирамжаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.4-т заасныг баримтлан Д.А-ын нэхэмжлэлтэй НШШГГ-т холбогдох үнэлгээ хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг шийдвэрлэж, шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 607 дугаар шүүгчийн захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байна. /хэргийн 23-24, 26-28 дугаар тал/

            НШШГГ- нь үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх ажиллагааг явуулахдаа Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасан журмыг баримталсан байх тул анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.

            Хариуцагч байгууллагаас хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг гуравдагч этгээдээр оролцуулах хүсэлт гаргасныг шүүх хангахаас татгалзаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэл тогтоогдоогүй болно. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан шүүхийн шийдвэрийн улмаас эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК хамаарахгүй юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой энэхүү хэргийн шийдвэр үнэлгээний компанийн ашиг сонирхолд нөлөөлөхгүй. Энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

            Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М-т шүүхээс 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн атал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2 дах хэсэгт заасанд нийцжээ.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2020/00658 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                               ШҮҮГЧИД                                     Д.НЯМБАЗАР

 

                                            С.ЭНХТӨР