Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 153/ШШ2024/00434

 

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Ховд аймаг дахь сум дундын дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Эрдэнэ-Оюун би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, С******* дүүрэг, 1 хороо, ******* *******, ******* ******* байрлах, “М******* *******” ХХК-нийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Ж******* сумын 9 дүгээр (*******) багийн айлын тоотод оршин суух, Ун Нд холбогдох

"Зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 824,747 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 204,371 төгрөг, нийт 1,029,118 (нэг сая хорин есөн мянга нэг зуун арван найман) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч хянаад, 2024 оны 6 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн, хянаад  

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “М******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хариуцагч нь манай "Үйлчилгээний нөхцөл"-ийг хүлээн зөвшөөрч хэрэглэгч болох хүсэлтээ гарган , тоот гэрээ байгуулан , 8 дугаартай үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээг мөн “Гар утас, төхөөрөмж худалдах, худалдан авах нэмэлт гэрээ" байгуулан Samsung A33, White утсыг зээлээр худалдан авч ашиглаж эхэлсэн.

Хариуцагч нь Харилцаа холбооны тухай хуулийн 26-р зүйлийн 26.2.2-т заасан болон гэрээгээр хүлээсэн үүргээ үл биелүүлэн үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр болон зээлээр худалдан авсан гар утасны төлбөрийг төлөөгүй учир үйлчилгээг зогсоон төлбөрийн үлдэгдлээ төлөхийг сануулж 2023-07 сард "Анхааруулах хуудас" илгээсэн боловч төлбөр төлөгдөөгүй байна.

Иймд хариуцагчаас зээлээр худалдан авсан гар утасны төлбөрт 824,747 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөрт 204,371 төгрөг, нийт 1,029,118 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

2.Нэхэмжлэгч “М******* *******” ХХК-нийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч У овогтой Н // М******* Корпораци ХХК-тай байгуулсан тоот гэрээний үлдэгдэл 1029118 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1.Нэхэмжлэгч “М******* *******” ХХК нь хариуцагч У.Нд холбогдуулан "Зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 824,747 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 204,371 төгрөг, нийт 1,029,118 төгрөг гаргуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хариуцагч У.Н нь 1,029,118 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэх хүсэлтийг 2024 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр тус шүүхэд ирүүлсэн байна.

3.Нэхэмжлэгчийн татгалзал нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

4.Нэхэмжлэгч “М******* *******” ХХК-нийн гүйцэтгэх захирал К нь 2024 оны 05 дугаар сарын -ны өдрийн 1/2419 дугаартай албан бичгээр П.От итгэмжлэл олгосон байх бөгөөд итгэмжлэлд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.От Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрх, үүргийг эдэлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох бүрэн эрхийг олгосон байна. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасны дагуу нэхэмжлэлээс татгалзах эрхтэй болохыг дурдлаа.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “М******* *******” ХХК-нийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,450 төгрөгийн тал хувь болох 14,725 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 14,725 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-т зааснаар нэхэмжлэгч “М******* *******” ХХК-нийн нэхэмжлэлтэй, хариуцагч У.Нд холбогдох "Зээлээр худалдан авсан гар утасны төлбөр 824,747 төгрөг, үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээний хэрэглээний төлбөр 204,371 төгрөг, нийт 1,029,118 (нэг сая хорин есөн мянга нэг зуун арван найман) төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 29,450 (хорин есөн мянга дөрвөн зуун тавин) төгрөгийн тал хувь болох 14,725 (арван дөрвөн мянга долоон зуун хорин таван) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 14,725 (арван дөрвөн мянга долоон зуун хорин таван) төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                    М.ЭРДЭНЭ-ОЮУН