| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00420/и |
| Дугаар | 153/ШШ2024/00386 |
| Огноо | 2024-08-27 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 08 сарын 27 өдөр
Дугаар 153/ШШ2024/00386
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн М******* сумын 4 дүгээр (*******) багт оршин суух, Ц******* овогт Ц*******ий Б*******ын хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч Ц.Б*******а, гэрч Л.Б*******, С.Ц******* шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Батчимэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ц.Б*******а нь шүүхэд гаргасан хүсэлтдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц******* овогтой Б*******а миний бие нь 1975 онд Ховд аймгийн М******* суманд төрсөн, 1991 онд М******* сумын 8 жилийн 8 дугаар анги төгссөн илгээлт аван аав ээжийн хамт 1991 оны 06 дугаар сарын 01-нээс эхлэн мал маллаж байгаад 1994 оны 12 дугаар сарын 31-нийг дуустал Ховд аймгийн М******* сумын Давшилт нэгдэлд малчнаар ажиллаж байсан. Миний бие нь ажилласан жил нөхөн тооцох тухай хуулийн дагуу 11 жилээ авч чадаагүй. 1996 онд гэрлэсэн. Миний бие нь Ажилласан жил нөхөн тооцох тухай хуулиар 11 жилээ амьдралын аргагүй байдлаас авч чадаагүй. Одоо тэтгэвэрт гарах гэсэн боловч ажилд орсон, ажлаас гарсан тушаал бусад цалингийн материалууд архив шатсаны улмаас олдохгүй байгаа тул хохироход хүрээд байна. Иймд миний Ховд аймгийн М******* сумын Давшилт нэгдэлд 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оныг дуустал малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас түүний иргэний үнэмлэхийн хуулбар, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 1020 дугаартай албан бичгээр ирүүлсэн 1988-1991 онуудын 70 дугаар дансны хуулбар, Б.Б*******ын хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдөр н.Б*******ад олгосон гэрчилгээ, Ховд аймгийн М******* сумын Засаг даргын тамгын газрын 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн 02/187 дугаартай албан бичиг, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, иргэн Д.З*******, М.Н нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт зэргийг шүүхэд гаргаж өгчээ.
3.Шүүхээс Ховд аймгийн нийгмийн даатгалын газрын 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 474 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 841 дугаартай албан бичиг, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 706 дугаартай албан бичгээр ирүүлсэн ХААТР-21 (Б), ХААТР-1 (Б) маягтууд, Ховд аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн 705 дугаартай албан бичиг, гэрч Л.Б*******, С.Ц******* нарын мэдүүлэг зэргийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Хүсэлт гаргагч Ц.Б*******ын шүүхэд гаргасан ажиллаж байсан байдлыг тогтоолгох тухай хүсэлтийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар Ц.Б*******ын ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:
3.1.Ц.Б*******ын нэртэй хөдөлмөрийн дэвтрийн бичилт нь 1991-1994 оны бичилт нь бүрэн бичигдсэн байна. Хэдийгээр нээсэн он нь 1993 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр гэх боловч түүний овог, нэр нь зөрүүгүй байх тул нотлох баримтаар үнэллээ.
3.2.Ц.Б*******ад М******* сумын Давшилт нэгдлийн захиргаанаас “нэгдлийн үйлдвэрлэлд өөрийн санаачилгаар гарч саальчны төлөвлөгөөг 110-115%-иар биелүүлж ажилласан тул сайшааж гэрчилгээ олгов” гэх бичилттэй, 1992 оны 12 дугаар сарын 28-ны өдөр олгосон гэрчилгээг нотлох баримтаар үнэлэв.
3.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,
Гэрч Л.Б*******ы шүүхэд гэрчээр өгсөн “...1981 онд наймдугаар ангиа төгсөөд түүнээс хойш Ховд аймгийн М******* сумын ******* багт малчнаар ажилласан. ...Ц.Б*******а болон манайх хоёрынх олон жил айл саахалт явсан. ...Ц.Б*******а 1990 онд наймдугаар ангиа төгссөн. Түүнээс хойш мал малласан… гэх мэдүүлэг, гэрч С.Ц*******гийн шүүхэд гэрчээр өгсөн “...Ц.Б*******атай манайх айл саахалт аж төрдөг байсан. Ц.Б*******а 1990 онд наймдугаар ангиа төгссөн. Түүнээс хойш малчин байсан... гэх мэдүүлэг хэрэгт авагдсан. Гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч эх сурвалжаа заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
Иймд Ц.Б*******ын Ховд аймгийн М******* сумын Давшилт нэгдэлд 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сар хүртэл, Ховд аймгийн М******* сумын Чандмань ББХК-д 1992 оны 01 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
4.Ц.Б*******а нь Ажилласан жил тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай хуульд заасны дагуу 1990-2000 оны хооронд нөхөн тооцуулалтад хамрагдаагүй байна.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Ц.Б*******ыг Ховд аймгийн М******* сумын Давшилт нэгдэлд 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сар хүртэл, Ховд аймгийн М******* сумын Чандмань ББХК-д 1992 оны 01 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Ц******* овогт Ц*******ий Б*******ыг Ховд аймгийн М******* сумын Давшилт нэгдэлд 1991 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс 1992 оны 01 дүгээр сар хүртэл, Ховд аймгийн М******* сумын Чандмань ББХК-д 1992 оны 01 дүгээр сараас 1994 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал тус тус малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН