| Шүүх | Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмаржавын Эрдэнэ-Оюун |
| Хэргийн индекс | 153/2024/00463/и |
| Дугаар | 153/ШШ2024/00428 |
| Огноо | 2024-09-11 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 11 өдөр
Дугаар 153/ШШ2024/00428
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Эрдэнэ-Оюун даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Ховд аймгийн Ж******* сумын 11 дүгээр (*******) багийн ******* тоотод оршин суух, ******* овогт Х*******ын У*******ийн хүсэлттэй,
Хүсэлтийн шаардлага: “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хүсэлт гаргагч Х.У*******, шүүх хуралдааны н******* бичгийн дарга Г.Анхбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие ******* оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Ховд аймгийн Ү******* сумын Н******* голд айлын 8 дахь охин болон төрсөн. 1977 онд нэгдүгээр ангид элсэн орж, 1987 оны 06 дугаар сард Б сумын 10 жилийн сургуулийг төгссөн.
Эцэг, эхтэйгээ 1987 оны 06 дугаар сараас эхлэн мал малласан. 1988 оны 09 дүгээр сард курст сураад 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн Ү******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажилласан. 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдийн 12 тоот тушаалаар чөлөөлөгдсөн.
Иймд 1987 оны 06 дугаар сараас 1988 оны 09 дүгээр сар хүртэл малчнаар, 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1989 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
2.Хүсэлт гаргагч нь шүүхэд гаргасан тодруулсан шаардлагадаа: ...1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Ховд аймгийн Ү******* сумын Ахуй үйлчилгээнд оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэжээ.
3.Хүсэлт гаргагчаас: иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1713 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн СХ-ийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай Мэргэжлийн зэрэг олгох тухай тушаалын хуулбар, Ховд аймгийн СХ-ийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай Тоног төхөөрөмж шилжүүлэх тухай тушаалын хуулбар, дугаартай Х.У*******ийн хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Ү******* сумын 2 бригадын 1987 оны 70 дугаар дансны хуулбар, иргэн Ч.Оийн 363141 дугаартай хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, иргэн С.Д, Т.Д нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолтын хамт, Б.Г, Б.Х нарын төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, тодруулсан шаардлага, дугаартай Х.У*******ийн хөдөлмөрийн дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргийг шүүхэд гаргаж өгчээ.
4.Шүүхээс гэрч Ч.Оийн мэдүүлгийг нотлох баримтаар бүрдүүлсэн.
Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
1.Хүсэлт гаргагч Х.У*******ийн шүүхэд гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар онцгой ажиллагааны журмаар хүсэлт гаргагч нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал буюу ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй.
3.Шүүхээс хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар түүний ажиллаж байсан байдал нь тогтоогдож байна гэж үзлээ. Үүнд:
3.1.Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1713 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн СХ-ийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1988 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 03 дугаартай Мэргэжлийн зэрэг олгох тухай тушаалд “...ТУШААХ нь:...I.Ү******* суманд АҮ-ний төв байгуулагдсантай холбогдон ...Х.У******* оёдолчны зэрэг тус тус олгосугай” гэж,
3.2.Х.У*******ийн дугаартай хөдөлмөрийн дэвтрийн “Тэмдэглэлийн №” хэсэгт “01” гэж, “Хугацаа” хэсгийн “он” хэсэгт “1988” гэж, “сар” хэсэгт “11” гэж, “өдөр” хэсэгт “25” гэж, “Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана)” хэсэгт “оёдолчноор авч ажиллуулав” гэж, “Юуг баримтлан бичсэн “баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Ү******* НААҮ-ний төвийн даргын 1989 оны 06 сарын 01-ний өдрийн 12 тоот тушаалаар” гэж,
“Тэмдэглэлийн №” хэсэгт “02” гэж, “Хугацаа” хэсгийн “он” хэсэгт “1995” гэж, “сар” хэсэгт “06” гэж, “өдөр” хэсэгт “01” гэж, “Ажилд авсан, өөр газар шилжүүлсэн ба халсан тухай мэдээ (шалтгааныг заана)” хэсэгт “Ү******* нийтийн ахуй үйлчилгээний төв татан буугдсан тул үүрэгт ажлаас нь чөлөөлөв” гэж, “Юуг баримтлан бичсэн “баримтын он, сар, өдөр ба дугаар” хэсэгт “Ү******* НААҮ-ний төвийн даргын 1995 оны 06 сарын 01-ний өдрийн 23 тоот тушаалаар” гэж тус тус бичигджээ.
3.3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2, 38 дугаар зүйлийн 38.6, 43 дугаар зүйлд зааснаар асуугдсан,
Гэрч Ч.Оийн шүүхэд гэрчээр өгсөн “...Х.У******* намайг ажилд ороход оёдолчноор ажиллаж байсан. 1988 онд ажилд орсон гэсэн. Х.У******* 1994 онд Ахуй үйлчилгээ тарах хүртэл ажилласан...” гэх гэрчийн мэдүүлэг хэрэгт авагдсан байна. Гэрчид хууль сануулж гэрчийн мэдүүлэг авсан бөгөөд гэрч эх сурвалжаа заасан тул мэдүүлгийг нотлох баримтаар үнэлэв.
Иймд дээрх баримтуудаар түүний ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
4.Хавтаст хэрэгт авагдсан Ховд аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 1713 дугаартай албан бичгээр ирүүлсэн Ховд аймгийн СХ-ийн Нийтийн аж ахуй, Ахуйн үйлчилгээг удирдах газрын даргын 1989 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 13 дугаартай Тоног төхөөрөмж шилжүүлэх тухай тушаалын хуулбар, Ү******* сумын 2 бригадын 1987 оны 70 дугаар дансны хуулбар, Б.Г, Б.Х нарын төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар зэрэг нь хүсэлтийн шаардлагад хамааралгүй тул, иргэн С.Д, Т.Д нарын иргэний үнэмлэхийн хуулбар, тодорхойлолт зэрэг баримтууд нь хэрэгт ач холбогдолтой боловч нотлох баримтын шаардлага хангаагүй тул тус тус нотлох баримтаар үнэлээгүй болохыг дурдлаа.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан бичмэл нотлох баримтад тавигдах хуулийн шаардлагыг хангасан, хэрэгт авагдсан бусад баримттай харилцан уялдаа бүхий нөхцөл байдлыг харгалзан дурдагдсан нотлох баримтуудыг шүүхийн зүгээс үнэлсэн болно.
Иймд, шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас үнэлэх бөгөөд хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тус тус үндэслэн Х.У*******ийг Ховд аймгийн Ү******* сумын Ахуй үйлчилгээнд 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоож, хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 119, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт Х*******ын У*******ийн Ховд аймгийн Ү******* сумын Ахуй үйлчилгээнд 1988 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс 1990 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл оёдолчноор ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ЭРДЭНЭ-ОЮУН