Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 507

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

           нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

           улсын яллагч О.Пүрэвсүрэн,

            хохирогч Б.Г,  

шүүгдэгч А.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А овогт Аийн Бд холбогдох 1708017120179 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, 1968 оны 3 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, “....” ХХК-ийн автобус-2 дугаар баазын том автобусны жолоочоор ажилладаг, ам бүл-4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, .... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, А овогт Аийн Б. РД:....,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч А.Б нь согтуурсан үедээ 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” эмнэлгийн урд зам дээр .... УНС улсын дугаартай автомашиныг барьж явсан иргэн Б.Гыг машинаараа дайрах шахлаа гэж шалтгааны улмаас зодож биед тархи доргилт, хүзүү, цээжинд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:        

Шүүгдэгч А.Б нь согтуурсан үедээ 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “....” эмнэлгийн урд зам дээр .... УНС улсын дугаартай автомашиныг барьж явсан иргэн Б.Гыг машинаараа дайрах шахлаа гэж шалтгааны улмаас зодож биед тархи доргилт, хүзүү, цээжинд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:...

- гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл.../хх-4/

- хохирогч Б.Гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 16 цаг 30 минутын үед өөрийн эзэмшлийн .... УНС улсын дугаартай саарал өнгийн приус-20 маркийн машинтайгаа өөрийн бага насны 2 хүүхдийн хамт эцэг, эхийн хуралд суух зорилгоор Баянхошуунаас уруудаад 5 шар орох чиглэлд “....” эмнэлгийн урд талд төв засмал замын 2-р эгнээгээр хойноошоо урагшаа чиглэлтэй түгжрээтэй явж байсан ба түгжрээд зогсож байхад эхлээд нэг хүн урдуур гүйгээд гарсан. Тэгээд зогсож байтал машины урд талын хамар буюу урд гуферт хүрэнгүүтээ зогсоод намайг цонхоор шагайж хараад жолооч талын цонхон дээр хүрээд ирсэн. Тэгээд би цонхоо бүтэн онгойлготол “чи намайг дайрчихлаа гичий минь” гэж хэлээд цонхоор гараа оруулаад цээж хэсэг рүү гараараа 1 удаа цохисон. Тэгээд би айгаад цонхоо хаатал жолооч талын цонхны толийг буруу тийш нь өшиглөөд эвхчихсэн. Тэгэхээр нь би цонхоо онгойлгоод та чинь яаж байна аа гэхэд дахиад цохих гээд дайрахаар нь урдаас нь эсэргүүцэж байгаад цонхоо хаачихсан чинь миний талын буюу жолооч талын хаалгыг онгойлгох гэхээр нь би цоожилсон. ...хэд хэдэн удаа хөлөөрөө өшиглөөд цаашаа яваад өгөхөөр нь би буугаад араас нь очоод “та чинь яаж байна аа уусан идсэнээ шингээж чадахгүй гэхэд” өөдөөс цохиод авсан. ...хажуугаас нэг залуу хүрч ирээд тэр хүнийг салгаад дахиад хүрч ирээд намайг зодох гээд байсан ба дахиад 1 замын хүн ирж салгасан. Намайг бараг 2 ч удаа зодож боосон. Тэгэж байтал цагдаа ирээд салгаад тэр хүнийг аваад явсан. Миний монетон гинж 4 граммтай, би 2016 онд 280.000 төгрөгөөр авч байсан. Тухайн өдөр гинжээ алдсан. Би гэрээсээ зүүж гарсан байсан. Надад одоо гинж худалдаж авсан гэсэн баримт байхгүй...гэх мэдүүлэг /хх-10-15/,

- гэрч Б.Ганзоригийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ажил дээрээ байсан ба “утас дугараад автал, уйлаад намайг хүн зодоод байна гээд ярьж чадахгүй уйлаад байсан”. Хаана байна гэхэд 21-н гэрлэн дохио өнгөрөөд зам дээр байна гэсэн. Хархорингоос ажлаасаа гараад 10 минутын дараа очиход цагдаа ирсэн, салгасан байсан ба эхнэр уйлчихсан, хүзүү ам нь улаан эрээн боосон бололтой зулгараад аймар болчихсон байсан. Манай 2 хүүхэд машин дотроо уйлаад сууж байсан. Тэгээд дахиж цагдаагийн машин ирээд тэр хүнийг аваад явсан...гэх мэдүүлэг /хх-51-53/

- насанд хүрээгүй гэрч Д.Азжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ээжтэйгээ хамт гэрээсээ гараад эцэг эхийн хуралд суух гээд явж байсан. Түгжрээд зогсоод хөдлөх гэж байхад урдуур нэг ах явж байснаа манай машинд хүрчихсэн. Ээж цонхоо онгойлготол шууд цээж рүү нь гараараа цохиод авсан. Ээж машинаасаа буутал ээжийг хувцаснаас нь заамдаж аваад урд тал руу чирч байгаад ээжийг гараа зангидаж байгаад цээж рүү нь цохиод, үснээс нь зулгаасан. Нэг ах машинаасаа бууж ирээд салгаад ээж машиндаа орж ирээд суутал нөгөө ах дахиж хүрч ирээд машины толь өшиглөөд байсан. Дахиад ээж машинаасаа буутал “чи муу намайг зоддог хэн бэ” гээд боогоод байсан...гэх мэдүүлэг /хх-54-55/

- гэрч насанд хүрээгүй гэрч Д.Золжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр эцэг эхийн хуралтай гээд сургууль руу явж байсан. Зам дээр түгжрээд зогсож байхад тэр ах өөрөө манай машинд хүрчихсэн. Ээж цонхоо онгойлготол цээж рүү нь гараараа хүчтэй цохисон. Машинаас буугаад та яаж байна гэхэд ээжийг үсдээд заамдаж цохиод, толь өшиглөөд байсан. Дахин машинаас буутал ээжийг заамдаж аваад хувцсаар нь боогоод байсан...гэх мэдүүлэг /хх-56-57/

- шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн №12312 дугаартай:...Б.Гын биед тархи доргилт, хүзүү цээжинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хамтдаа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь 2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр үүссэн байх боломжтой...гэх дүгнэлт /хх-17/

- эд зүйлийн үнэлгээ -300.000 төгрөг /хх-67/   

- шүүгдэгч А.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...2017 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр ажил дээрээ 1 шил архи уусан. 16 цагийн үед зам хөндлөн гарч явтал приус-20 маркийн машины урдуур гартал над руу тулж ирээд зогссон. Миний хөлийг дайрах гэж байсан. Би тэр эмэгтэйд хандаж дайрлаа гэхэд согтуу байж дуугүй зайлаач гэсэн. Тэгэхээр нь толийг нь цохисон. Тэр эмэгтэй жолооч бууж ирээд намайг заамдаж аваад тавихгүй болохоор нь би бас заамдаж аваад гар луу нь цохисон. Би гар луу нь цохиж байснаа санаж байна. Нэг мэдсэн цагдаа нар ирчихсэн байсан. Тэр эмэгтэйн гинжийг бол санахгүй байна. Би хувцсаар нь боож байсан учраас мэдэхгүй...гэх мэдүүлэг /хх-62-63/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

 

Иймд шүүгдэгч А.Быг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

   Хохирогч Б.Г нь хохиролд 501.000 төгрөг нэхэмжилснээс шүүгдэгч 200.000 төгрөг /хх-72/ төлжээ. Үлдэгдэл 300.000 төгрөгийг шүүгдэгчид 2 сарын дотор төлөхийг даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.

Торгох ял оногдуулахад 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлж, мөн оногдуулсан торгох ялыг төлж барагдуулах хугацааг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан тогтоов.

Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан эд зүйлгүй болно.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон   

 

ТОГТООХ нь:  

 

1. Шүүгдэгч А.Быг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэсүгэй.     

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хохирогчид учирсан хохирол болох 300.000 төгрөгийг 2 сарын хугацаанд төлөхийг шүүгдэгчид даалгаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.  

 

5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.  

 

            6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.        

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ГАНБААТАР