Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/58

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 13-ны өдөр                    2022/ДШМ/58                        Хэрлэн сум

 

Н.Л-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Д.Чулуунпүрэв,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э-,

Хохирогчийн өмгөөлөгч К.Бауиржан /цахимаар/,

Шүүгдэгч Н.Л-,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан,

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзориг даргалж, шүүгч Р.Т.Б-, Н.Баярбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Л-, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э- нарын гаргасан давж заалдах гомдлоор Н.Л-д холбогдох эрүүгийн 2239000000102 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Н.Л- нь Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны Баруун жарын 420 тоотод байх өөрийн хашаанд байрлах байшин дотор 2022 оны 03 дугаар сарын 08-ны өдөр 11 цагийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ талийгаач Т.Б-тай “архи ууж машин барьсан, шүд рүү цохисон” гэх шалтгааны улмаас маргалдаж, улмаар галт зэвсгээр түүний хэвлий хэсэгт 1 удаа буудаж алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурор Б.Одгэрэл, хяналтын прокурор Д.Чулуунпүрэв нараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Н.Л-г хүнийг алсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-г 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-д оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж,  Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-гаас оршуулгын зардалд 18.563.864 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э-д олгож, өмгөөлөгчийн хөлс 5.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э- нь бусад хохирол зардлаа нотлох баримтуудаа хуульд заасан журмын дагуу бүрэн бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 8.8, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хар өнгийн сентфонон куртик, саарал өнгийн юүдэнтэй ноосон цамц, улаан хүрэн өнгийн урт ханцуйтай цамц, усан цэнхэр өнгийн фудволк, улаан хүрэн өнгийн зүүлттэй сахиус мэт зүйл, “Н” гэсэн бичиглэлтэй шар өнгийн хонгио, ногоон өнгийн өмд, хар өнгийн биеийн тамирын өмд, саарал өнгийн ноосон өмд, хөх өнгийн оймс, хар өнгийн үдээстэй гутал, хар өнгийн сентфонон хантааз, юүдэнтэй цэнхэр өнгийн цамц, цус мэт зүйлээр бохирлогдсон саарал өнгийн фудволк, цэнхэр өнгийн өмд, хар өнгийн ноосон өмд, саарал өнгийн хос оймс, хар өнгийн түрүүтэй гутал, сумны хошуу мэт металл зүйл 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, бууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу шийдвэрлүүлэхээр Хэнтий аймгийн Цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр тус тус заан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Л- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Миний буруутай үйлдлийн улмаас Т.Б-ын амь нас хохирсон нь үнэн, өөрийн буруутай үйлдэл, прокурорын байгууллагаас сонсгосон зүйл ангийг хүлээн зөвшөөрч өөрийн гаргасан үйлдэлдээ маш их харамсаж байна. Эхнэр бид хоёр хоёулаа төрийн албанд ажилладаг, багш сурган хүмүүжүүлэгч хүмүүс, бид хоёр цалингийн зээл тултал нь хийчихсэн, цалингаас өөр орлого байхгүй. Би айлын ганц хүүхэд, аав маань олон жилийн өмнө нас барсан, ээж маань энэ жил тэтгэвэрт орно, өөрийн төрсөн талаас тус дэм болох хүнгүй тул оршуулгын зардлыг төлж чадаагүй юм. Ээж маань тэтгэвэрт ороод, эхнэр цалингийн зээлээ багасгаад дахин зээл авах боломжтой болчихвол ойрын хугацаанд оршуулгын зардлаа төлж барагдуулна. Шүүхээс оногдуулсан ялыг маань жаахан ч гэсэн багасгаж, ялыг маань нээлттэй хорих ангид эдлүүлж өгнө үү. Би хохирол төлбөрийг ял эдэлж байх хугацаандаа бүрэн төлж барагдуулна. Би ял шийтгэлээ биеэр эдэлнэ, хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би 15 жилийн хорих ялыг хүндэдсэн гэж хэлээгүй. Тухайн үед өөр өмгөөлөгчтэй байсан болохоор өмгөөлөгчийнхөө үгээр хэлсэн гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

1. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дурдсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасан “Хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” гэх үндэслэл нь Н.Л- нь амь хохирогч Т.Б- зодуулж биедээ хөнгөн гэмтэл авсан болохыг тогтоосон шүүх эмнэлгийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт, Н.Л-гийн бие болон хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байхад анхан шатны шүүх хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл тогтоогдоогүй гэсэн хууль зүйн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

2. Анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Н.Л-гийн анх удаа хэрэгт холбогдсон, тухайн гэмт хэргийг хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас үйлдсэн, хохирогчийн зүгээс Н.Л-гийн шүдийг цохиж хугалсан, нуруу дал, гарын бугалганд хөхрөлт няцралт үүсгэж биед нь хөнгөн хохирол санаатай учруулсан, Л-н гэр рүү орж дахин довтолгоо хийсэн зэрэг хэрэг үйлдэгдэх болсон нөхцөл байдал, мөрдөн шалгах ажиллагааны шатнаас Н.Л- өөрийн үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж гэм буруугийн хувьд маргахгүй хүлээн зөвшөөрч оролцож байгаа зэргийг харгалзан үзээгүй байна.

3. Гэмт хэргийн шинжийг агуулсан гэмт үйлдэл, эс үйлдэхүй болон тэдгээрийн улмаас учирсан хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байгаа эсэх, гэм буруугийн ямар хэлбэр, сэдэлт зорилгоор үйлдсэнийг тогтоосноор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл болно. Н.Л-гийн үйлдсэн гэмт хэрэг нь ямар сэдэлт зорилго, гэм буруугийн ямар хэлбэрээр үйлдэгдсэн болохыг мөрдөн шалгах ажиллагааны явцад эргэлзээгүйгээр нотлох үүргийг мөрдөгч хүлээнэ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”-ийг зайлшгүй тогтоох мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Л- нь буундаа сум хийж сумласан, бууны гох дарах идэвхтэй үйлдэл хийгээгүй болох нь шинжээчийн “гох дарагдахгүйгээр доргилтын улмаас буудах боломжтой, Н.Л-гийн баруун, зүүн гараас авсан гэх арчдас хумснаас дарь тортгийн үлдэц, элементүүд илрээгүй” гэсэн дүгнэлтүүд, Н.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд анх өгсөн “буудах зорилго байгаагүй, би талийгаачид буу харуулж айлгах зорилгоор тухайн бууг авсан, буу цэнэглэх үйлдэл огт хийгээгүй” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтууд хэрэгт цугларсан байна.

Хэргийн үйл баримтаар Н.Л- нь талийгаачид зодуулж биедээ нэлээдгүй гэмтлийг авснаас үзэхэд Н.Л-гийн талийгаачаас айсандаа буудах зорилгогүй айлгах зорилготой буу авсан байж болзошгүй нөхцөл байдал харагдаж байна. Мөн Н.Л-гийн “буу цэнэглэх үйлдэл огт хийгээгүй” гэх мэдүүлэг нь шинжээчийн “буу гох дарагдалгүйгээр доргилтоос буудагдах боломжтой” гэсэн дүгнэлтээр нотлогдож тогтоогдож байна.

Иймд Н.Л-гийн гэмт үйлдэл гэм буруугийн санаатай үйлдлээр үйлдэгдсэн болох нь хангалттай нотлогдож тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс “гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн” гэж хууль зүйн дүгнэлт хийж эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлгүй байна” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон тайлбартаа: “Н.Л- нь бидний сэтгэл санааны болон бусад хохирлыг барагдуулаагүй. Анхан шатны шүүхээс Н.Л-д оногдуулсан ял нь багадсан гэж үзэж байна. Иймд Н.Л-гаар бидний хохирлыг барагдуулж, түүнд ялын дээд хэмжээг оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтэй байна.  Шүүгдэгч анхан шатны шүүх хуралдаанд 15 жилийн хорих ял авмааргүй байна гэж хэлж байсан. Хүүгийн минь хүүхдүүд эрэгтэй хүн хараад “ааваа” гээд араас нь дагаад гүйж байна. 1-2 дугаар ангийн хүүхэд нь “аав ирэх болоогүй юу” гээд надаас байнга нэхэж байна. Эхнэр нь ажилтай би хүүхдүүдийг нь харж байна. Н.Л- согтуу ирж агсам согтуу тавиагүй бол миний хүү амьд сэрүүн ажлаа хийгээд гэр бүлээ тэжээгээд явж байх байсан. Би Н.Л-д гомдолтой байна. Мөн намайг болон талийгаач хүүгийн маань эхнэрийг удаа дараа заналхийлж байсан. Н.Л- гэртэй, машинтай, малтай. Хохирол төлөх боломжтой ч төлдөггүй. Банкнаас зээл нь нэхэгдээд бэр маань тайван байж чадахгүй байна”  гэв.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэв давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Л-д анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд  заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэхийн тулд шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо төлсөн байх хуулийн шаардлага тавигдсан байдаг бөгөөд өнөөдрийн байдлаар шүүгдэгч Н.Л- нь учруулсан хохирол, оршуулгын зардлаа төлсөн талаарх баримтыг хэрэгт хавсаргуулаагүй, хохирлоо төлөөгүй болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгчийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул Н.Л-д оногдуулсан ялыг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй гэж үзэж байна. Мөн шүүгдэгч Н.Л- нь амь хохирогч Т.Б-тай “архи ууж машин барьсан, шүд рүү цохисон” гэх шалтгааны улмаас маргалдаж, “буудаж ална” гэж хэлээд шууд байшин руугаа гүйж галт зэвсгээр түүний хэвлий хэсэгт 1 удаа буудаж алсан болох нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч нарын мэдүүлгүүд, анхан шатны шүүхээр хэлэлцүүлж шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудаар бүрэн тогтоогдсон. Анхан шатны шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу шүүгдэгч Н.Л-д хорих ял оногдуулсан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хохирогчийн өмгөөлөгч К.Бауиржан давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдлын тухайд: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.4-т “...хохирлоо нөхөн төлсөн бол...” гэсэн хуулийн шаардлага тавигдсан. Шүүгдэгч Н.Л-гийн хувьд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нэг ч төгрөг төлөөгүй тул давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй юм.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын тухайд: Шүүгдэгч Н.Л-г бусдад зодуулснаас болж айсандаа амь хохирогчийг буудсан талаар, мөн бууны гохон дээрээс хурууны хээ олдоогүй талаар анхан шатны шүүх хуралдаан дээр ч ярьж байсан. Гэтэл хэрэгт авагдсан бусад нотлох баримтууд болох шинжээчийн дүгнэлт, гэрч, шүүгдэгчийн мэдүүлгүүдээр шүүгдэгч Н.Л- нь амь хохирогч Т.Б-ыг буудсан болох нь тогтоогддог. Хохирогчийн ар гэрийн зүгээс шүүгдэгч Н.Л-д оногдуулсан ял нь түүний үйлдсэн гэм буруутай үйлдэлд тохироогүй байгаад гомдолтой байгаа. Н.Л- нь талийгаач Т.Б-ынд ирж удаа дараа агсам согтуу тавьдаг. Энэ байдал нь үргэлжилсээр байгаад өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүргэсэн. Уг хэрэгт бага насны хүүхдийн өгсөн мэдүүлэг, ар гэр, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгчтэйгээ ярилцсан ярианууд нотлох баримтаар авагдсан. Бага насны хүүхдийн мэдүүлэг, яриаг харахад Н.Л- нь хүүхдүүдийнх нь нүдэн дээр, гэр бүлийнх нь гишүүдийн нүдэн дээр энэ гэмт хэргийг үйлдсэн нь харагддаг. Хэдийгээр уг гэмт хэргийг байшинд үйлдсэн гэдэг боловч 6 настай хүүхэд нь эцгийгээ буудсаныг, эцэг нь мөлхөөд, эцгийнх нь дээгүүр Н.Л- алхаад гарч ирж байхыг харсан гэж мэдүүлдэг. Өөрөөр хэлбэл Н.Л- нь уг гэмт хэргийг онц хэрцгий аргаар буюу амь хохирогчийг гэр бүлийнх нь гишүүдийнх нь дэргэд буудсан нөхцөл байдал тогтоогддог. Мөн Н.Л- нь хохирол төлбөр төлдөггүй, хохирол төлөх талаар ямар нэгэн санаачилга гаргадаггүй, хэдийгээр гэм буруугаа хүлээж байна гэдэг боловч гэмшсэн байдал харагддаггүй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг алсан бол найман жилээс арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан. Шүүгдэгч Н.Л-гийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан үзэхэд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын дээд хэмжээ буюу 15 жилийн хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э- нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр Н.Л-д холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Шүүгдэгч Н.Л- нь Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны 420 тоотод байх өөрийн хашаанд байрлах байшинд 2022 оны 03 дугаар сарын 08-ны 11 цагийн орчим согтуугаар Т.Б-тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж түүний хэвлий хэсэгт буудаж алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /1 хавтаст хэргийн 5 хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 хавтаст хэргийн 6-17 хуудас/,  

- Хүний биеэс биологийн дээж авсан тухай тэмдэглэл /1 хавтаст хэргийн 20 хуудас/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 21-26 хуудас/,

- Хувцсанд үзлэг хийсэн талаарх гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 27-28, 133-134 хуудас/,

- Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /1 хавтаст хэргийн 32 хуудас/,

-Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 127-132 хуудас/,

- Согтуурлын зэрэг шалгасан тухай тэмдэглэл /2 хавтаст хэргийн 100 хуудас/,

- Хэнтий аймгийн Цагдаагийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 47/117 дугаартай “Эрүүгийн 2239000000102 дугаартай эрүүгийн хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан буу нь Цагдаагийн байгууллагын галт зэвсгийн нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй болно” гэх албан бичиг /2 хавтаст хэргийн 102 хуудас/,

- Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 212 дугаартай: “Н.Л-гийн биед баруун дээд 2-р шүдний булгарал, нуруу, баруун зүүн бугалганд цус хуралт, эрүү, зүүн тохой, сарвуунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. ...дээрх баруун дээд 2-р шүдний булгарал гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 52.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтлүүд нь тус бүрдээ гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 107-108 хуудас/,

- Хэнтий аймгийн шүүхийн шинжилгээний албаны 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 23 дугаартай: “...талийгаач Т.Б- нь галт зэвсгийн гэмтэл: хошуут сум бүхий бага калибрийн ойрын зайн буудалт, хэвлийн зүүн урд хэсгийн сумны орсон шарх, хэвлийн урд хэсгээс арагш чиглэлтэй элэгний зүүн дэлбэнгийн 3-р сегментийг дайрч, бүсэлхийн 3-р нугалмын их биеийн зүүн хажуу хэсэг хүрч төгссөн сумны суваг, элэгний зүүн дэлбэнгийн 3-р сегментийн шарх, өрцний эдийн дутагдал бүхий шарх, гол судасны хэвлийн хэсгийн судас тойрсон зөөлөн эдийн цус хуралт, нойр булчирхайн дээд хэсэгт цусан хураа, хэвлийн хөндийн цус алдалт гэмтлийн улмаас нас баржээ...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 139-151 хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 1784 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн “Н.Л- 32 нас, эр” гэсэн хаягтай цуснаас 1.4 промилли илэрч байна. Цусанд илэрсэн 1.4 промилли спиртийн агууламж нь согтолтын хөнгөн зэрэгт хамаарна..” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 160-162 хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 1796 дугаартай “Шинжилгээнд ирүүлсэн хар хөх өнгийн хантааз, саарал өнгийн хагас ханцуйтай цамцанд үүссэн цооролтоос дарь тортгийн үлдэж элементүүд илэрч байна. Дээрх дарь тортгийн үлдэц элементүүд нь шинжилгээнд ирүүлсэн гол төмрийн 3201, замгийн 22207 дугаартай галт зэвсгийн гол төмрөөс бэхжүүлж авсан арчдаснаас илэрсэн дарь тортгийн үлдэц элементүүдтэй найрлагын хувьд тохирч байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 188-191 хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1121 дугаартай “Шинжилгээнд 5.6х15 мм-ийн АНУ-д үйлдвэрлэгдсэн “Hornady үйлдвэрийн спорт-ангийн зориулалттай сумны хонгиог ирүүлсэн байна. Уг ирүүлсэн хонгио нь шинжилгээнд ирүүлсэн бууны 22207 дугаартай замгаар буудагдсан байна” гэх шинжээчийн дүгнэлт /1 хавтаст хэргийн 202-205 хуудас/,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 1119 дугаартай “Шинжилгээнд 5.6 мм-ийн /хуучнаар/ ЗХУ-д 1962 онд үйлдвэрлэгдсэн, сангийн анги 3201, замаг 22207 гэсэн дугаартай, гар хийцийн онгоц модтой, ТОЗ-8 загварын спорт-ангийн зориулалттай бага калибрийн винтов бууг ирүүлсэн байна. Энэ буунд эвдрэл гэмтэл байхгүй, буудлага үйлдэнэ. Дээрх бууны эд ангийг өөрчлөөгүй байна” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хавтаст хэргийн 212-216 хуудас/,

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э-гийн өгсөн: “...Н.Л-гийн хашаан дотроос манай хүргэн Ам- “ээжээ хурдлаарай, Т.Б-ыг буудчихлаа” гэж хашхирсан. ...Н.Л-гийн хашаанд ороход манай хүү Т.Б-ын нүүр нь хөхөрчихсөн байдалтай Ам- ардаас нь тэврээд түшээд суучихсан, харин манай охин Э эмнэлэг дуудаад зогсож байсан. ...очоод хүүгийнхээ толгой дух хэсэгт гараараа дараад үзсэн чинь хүйтэн болчихсон байсан. ...Н.Л- нь “шүд рүү минь цохихоор нь би буудчихлаа” гэхээр нь би “миний хүүгийн амь чиний шүднээс хямдхан байна уу” гэж хэлэхэд Н.Л-г цагдаа гавласан. Манай бэр охин А машинаа авч ирээд Ам, М  цагдаа хоёр Т.Б-ыг өргөөд машинд суулгаад дөнгөж Н.Л-гийн хашаанаас гарч байхад Э эмч ирж үзээд “хүүг маань нас барчихсан байна” гэж хэлсэн. ...орой 21 цагийн орчимд намайг гэртээ байж байхад ач хүү Т /6 настай/ “эмээ аавыгаа харъя” гээд уйлаад байхаар нь “миний хүү аав нь бурханд дэвшчихсэн” гэж хэлсэн чинь “...Х ах /Н.Л-/ буудчихсан ш дээ эмээ” гэхээр нь “миний хүү яаж мэдсэн юм гэсэн чинь “би хашааны завсраар харсан” гэхээр нь би “буу дуугарсан юм уу” гэж асуухад манай ач хүү Т “би сонссон” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 37-39 хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч С.Э-гийн өгсөн: “...Оршуулгын зардалд 14.683.990 төгрөг, талийгаачийн цалингийн зээл 8.242.458 төгрөг, өмгөөлөгчийн хөлс урьдчилгаа 5.000.000 төгрөг, нийт 27.926.448 төгрөг нэхэмжилнэ. Мөн 3 хүүхдийн тэжээгчээ алдсаны тэтгэмжийг судалж байгаад дараа нь тусдаа нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 42 хуудас/,  

- Гэрч Г.А-ийн өгсөн: “...11 цаг 36 минутын орчимд Э залгаад “Т.Б-ыг буудуулчихлаа” гэж хэлээд утсаа салгахаар нь ...Н.Л-гийн хашаа руу орсон чинь Н.Л- доошоо харчихсан “би хүн буудаад алчихлаа, танай хүн миний шүд рүү цохисон” гээд үглээд хэвтээд байсан. Харин Ам- манай нөхрийн араас нь түшээд тэвэрчихсэн сууж байсан. ...М- цагдаа Ам- хоёр Т.Б-ыг машинд өргөж суулгаад Н.Л-гийн хашаанаас гарахад эмч ирээд манай нөхрийг үзээд нас барсан байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 44-46 хуудас/,

- Гэрч Э.Ам-ы өгсөн:  “...Н.Л- “буудна, чамайг пиздаа минь” гээд орилоод байхаар нь гараад харсан чинь Н.Л- нь манай зүүн талын хөрш хашаа буюу өөрийн 420 тоот хашаа руугаа гүйж байсан, харин Т.Б- араас нь гүйж байхаар нь би гэр рүүгээ буцаж ороод цагдаад 11 цаг 33 минутын үед дуудлага өгсөн. ...11 цаг 34 минутын орчимд Т.Б- “Ж /манай эхнэр Э/, Ам” гээд дуудахаар нь Н.Л-гийн баруун талын хашааг даваад орсон чинь Т.Б- толгойн хэсэг нь ертөнцийн зүгээр урагш харчихсан хэвтэж байхаар нь очоод юу болсон талаар асуутал “намайг Н.Л- буудчихлаа” гээд гүнзгий, гүнзгий амьсгалаад бүүр амьсгалж чадахгүй байх шиг болохоор нь энгэрийг нь задгайлаад үзсэн чинь хэвлийн зүүн дээд хэсэгт нүх гарчихсан, пудволк нь цус болчихсон болохоор нь байшингийн модон довжоог түшүүлж суулгаад байшин руу нь ортол баруун талынх нь том өрөөнд улаан хүрэн модон бариул, бөгстэй буу байсан. ...Н.Л- “би хүн буудаад алчихлаа ш дээ” гээд дээшээ хараад хэвтээд орилж, чарлаад, уйлаад байсан. ...Н.Л- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэлээн согтуу байсан...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 48-50 хуудас/,  

- Гэрч Т.Э-ын өгсөн: “...Ам- М- руу залгаад “Н.Л- багш ирээд агсан тавиад байна, хүн буудна гээд гэр рүүгээ гүйчихлээ” гэж дуудлага өгсөн, Т.Б- ахын 6 настай хүү хашааны завсраар хараад зогсож байсан. Гэтэл “Ж, Ам” гээд Т.Б- ахын дуудаж байгаа дуу сонсогдсон. Ам- хашаа даваад Н.Л-ы хашаа руу ороход Н.Л- хашааныхаа хажууд зогсож байсан, харин байшингийн довжоон дээр Т.Б- ах эвхрэлдчихсэн хэвтэж байсан, манай хүн Н.Л-д хандан “чи юу хийчихэв ээ” гээд Т.Б- ах дээр очоод толгойг нь өргөж харснаа “буудчихсан байна ш дээ” Ж гээд над руу орилсон, би эмнэлэг, цагдаа руу залгаж дуудлага өгсөн. ....Т.Б- ах “намайг буудчихлаа” гээд хоёр удаа урт амьсгаа аваад хэлсэн, тэгээд би эхнэрийг нь дуудаад талийгаачийг машинд оруулж хэвтүүлээд хашаанаас гарч байхад эмч ирж үзсэнээ өнгөрчихсөн байна гэж хэлсэн. ...Хашааны завсраар хараад зогсож байсан 6 настай хүү нь “пис гэх дуу гарсан, дараах нь аав Н.Л- ахын байшингаас мөлхөөд гараад ирсэн, тэгэхэд Н.Л- ах аавын дээгүүр алхаад байшингаасаа гарч ирсэн ш дээ...” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 55-56 хуудас/,

- Гэрч Э.М-ын өгсөн: “...2022 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 11 цаг 33 минутанд Ам-аас “манай хашаанд Н.Л- гэх залуу согтуу ирчхээд буудна гээд байна” гэсэн утгатай дуудлага хүлээж авсан. ... 60 айлын 420 тоот хашаанд очиход байшингийн довжоон дээр талийгаач газар хэвтчихсэн, толгой нь ертөнцийн зүгээр урагшаа харсан, дуудлага өгсөн Ам- талийгаач Т.Б-ын суган доогуур гараа хийгээд цээжийг нь түшсэн байдалтай сууж байсан, талийгаачийн хажууд түүний ээж С.Э-, дүү Э, талийгаачийн эхнэр нар сандарсан байдалтай зогсож байсан, мөн ертөнцийн зүгээр талийгаачийн баруун талд довжооны хажууханд Н.Л- дээгүүрээ нүцгэн доошоо харсан байдалтай хэвтэж байсан, тэгээд би Н.Л-г босгоод гарыг нь ард нь гавлахад “би хүн алчихлаа ш дээ, би айлын ганц хүү ш дээ” гээд хашхичаад байсан. ...Э эмч Т.Б-ыг ирж үзээд өнгөрчихсөн байна гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /1 хавтаст хэргийн 95-96 хуудас/,

- Яллагдагчаар Н.Л-гийн өгсөн: “...Би хүний амь нас хохироосон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Харин 15 жилийн ял маань надад хүнддэж байна...” гэх мэдүүлэг /2 хавтаст хэргийн 31-32 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Л-гийн үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Л-д ял шийтгэл оногдуулахад харгалзан үзэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, шүүгдэгчийн согтуугаар, галт зэвсэг хэрэглэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал болон улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын санал дүгнэлт зэргийг харгалзан шүүгдэгч Н.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,  түүнийг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар /хүний амь нас хохирсон/ зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн гаргасан “ял хөнгөрүүлж, дэглэм өөрчлүүлэх”, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан “ял хүндрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлуудыг тус тус хүлээн авах боломжгүй байна.

 

Хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

 

Шүүгдэгч Н.Л- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны Баруун жарын 420 тоотод байх өөрийн хашаанд байрлах байшин дотор хохирогч Т.Б-тай “архи ууж машин барьсан, шүд рүү цохисон” гэх шалтгааны улмаас маргалдаж, “буудаж ална” гэж хэлээд шууд байшин руугаа гүйж улмаар бууг хохирогч руу чиглүүлэн түүний хэвлий хэсэгт 1 удаа буудаж алсан болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байх бөгөөд анхан шатны шүүх “...шүүгдэгч нь өөрийн байшинд байсан буугаар хохирогч руу чиглүүлэн буудсан үйлдэл нь санаатай гэмт хэргийн шинжийг агуулж байгаа бөгөөд өөрийн үйлдлийн улмаас учирч болох хор уршгийг ухамсарлаж үйлдсэн байдал нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна” гэж дүгнэсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч С.Нарангэрэлийн “шүүгдэгч болгоомжгүйгээр гэмт хэрэг үйлдсэн” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.    

 

Иймд шүүгдэгч Н.Л- болон түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э- нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 2022/ШЦТ/125 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Л-, түүний өмгөөлөгч С.Нарангэрэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Э- нарын гаргасан давж заалдах гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Л-гийн цагдан хоригдсон 102 /нэг зуун хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

                                                 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

           

                           ШҮҮГЧИД                                                  О.БААТАРСҮХ

 

                                                                                              Б.ДЭНСМАА