Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 29 өдөр

Дугаар 1164

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Г-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00877 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Г.Г-ын хариуцагч Т.Х-, Н.Б- нарт холбогдуулан гаргасан гэм хор учруулсны хохиролд 2 088 600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагч Т.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 5 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Г.Г-, хариуцагч Т.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Г.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэл, тайлбартаа: Иргэн Г.Г- миний бие Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 14/2и байрны 34 тоотод амьдардаг бөгөөд манай дээд айл 38 тоот Т.Х-ынх ус алдаж манай гэр бүлийг хохироосон. Манай гэрийн хана тааз, паркетан шал авах юмгүй болгосон ба хохирлыг бүрэн барагдуулна гэсэн тул бид өөрийн хөрөнгөөр бүрэн засвар хийж сольсон. Т.Х- нь хохирлыг даатгалаас гаргуулж бүрэн төлнө гэдэг боловч одоо болтол төлөхгүй байгаа тул би хохирлоо нэхэмжилж байна. Нэхэмжлэлдээ үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, шалны материал худалдаж авсан зарлагын баримт, Барилгад засварын ажил хийх тухай гэрээ, барилгын засварын ажил гүйцэтгэсэн тухай акт, С.С-ын тодорхойлолт, С.Э-ийн тодорхойлолт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт зэргийг бүгдийг хавсаргасан. Иргэн Н.Б- нь Орон сууц хөлслөх гэрээний дагуу Г.Г- миний Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутаны гудамж 14/2и байр 34 тоотыг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл түрээслэсэн. Миний бие гэрээний 2 дугаар зүйлийн 2-т заасны дагуу 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр биет байдлын болон эрхийн, сантехникийн ямар ч асуудалгүй бүрэн бүтэн, гэмтэл доголдолгүй байрыг Н.Б-д хүлээлгэн өгсөн. Н.Б- нь хөлслөн амьдрах хугацаандаа 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн 12 цагийн орчимд дээд давхарын айл буюу 38 тоот Т.Х-ынхаас алчуур хатаагч нь зад тавьж, цоорч их хэмжээний ус алдсан боловч түрээслэж буй Туркчууд нь хаалгаа тайлж өгөхгүй, байгаа байхгүй нь мэдэгдэхгүй СӨХ-ны захирал, ОСНАА-н газар, тус байрны эзний холбоо барих утаснууд нь олдохгүй нилээд цаг хугацаа алдсан байсан. Арай гэж Тохь тух СӨХ-ны захирал Г.Загарсүрэнгийн улсыг олж ОСНААГ-ын харьяа ХҮТ-5-д иргэн Н.Б- мэдэгдсэн байдаг. Мөн Н.Б- дээд талын айлын байрыг түрээслэгч Туркчууд нь байсан боловч хаалгаа айж сандраад тайлж өгөөгүй, СӨХ-ны дарга Г.Загарсүрэн гуай байрны эзний утсыг олж яриад зуслан дээрээс нь дуудаж ирүүлж, гэрт нь хамт орж үзэхэд бүх өрөө нь усан далай, бөөг чийг үнэртэж байсан гэдэг. Гэтэл Т.Х- нь ус шүүрсэн, ус алдсан зүйл байхгүй байсан гээд шүүхэд гаргасан тайлбартаа бичсэн байна лээ шүү гэхэд Н.Б- нь ...тийм юм гэж байхгүй, даатгалын мөнгө аваад хохирлыг барагдуулна гэсэн. Мөн Туркчүүдээс хохирлын мөнгө авсан байж магадгүй, би орчуулагч Казак залуутай нь одоо ч гэсэн ажил төрлийн холбоотой байгаа. Утсаар яриад таныг уулзуулж болно гэж хэлж байсан. Мөн манай эхнэр бол кино шиг нүдэнд харагдахаар ярина даа гэж байсан. Гэвч Н.Б- нь Дарханд ажиллаж байна, удахгүй хот орно, хот ороод ирсэн, ажил төрлөө зохицуулчихаад үдээс хойш уулзая, мөн маргааш ажил тараад 21 цагт уулзаж ярилцая гэдэг боловч олон сар, өдөр худал хэлээд зугтаад байгаа тул түрээслэгч, хариуцагч, эзэмшиж байсан бүх зүйлийг сайн мэдэх нотлох гэрчлэх, түрээсийн дагуу бүрэн хариуцах, хохирлыг бүрэн барагдуулах үүрэгтэй гэж үзэж Н.Бат-Эрдэнийг хамтран хариуцагчаар татаж байна. Иймд бид паркетан шал болон бусад зардал 1 738 600 төгрөг, засварын ажлын хөлс 350 000 төгрөг, нийт 2 088 600 төгрөгийг Т.Х-, Н.Б- нараас гаргуулахаар нэхэмжлэлээ тодорхойлон шаардаж байна гэжээ.

 

Хариуцагч Х.Харцага шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Тус дүүргийн харьяат иргэн Г.Г-оос ирүүлсэн Т.Х-ынх ус алдаж манай гэрийн хана, тааз, паркетан шалыг амах юмгүй болгосон тул нийт 2 088 600 төгрөгийн хохиролыг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч танилцлаа. Тухайн үед буюу 2017 оны 7 дугаар сарын 09-ний өдөр улсын баяр наадмын амралтын өдрүүдийг тохиолдуулан манай гэр бүлийнхэн лагер гарч амарцгаасан юм. Гэтэл 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 16:00 цагийн орчим надруу утсаар ярж /тухайн үед хэн ярьсныг тодорхой санахгүй байна/ танай гэрээс ус алдаж доод айл руу чинь орсон байна гэсний дагуу миний бие лагераас нэн даруй гарч ирсэн ба шалгахад манай гэрийн ОО-ын өрөөнд хэсэг ус тогтсон байсан. Учрыг лавлахад ОО-ын өрөөний алчуур хатаагчид бага хэмжээний цооролт үүсч ус гоожсон байдалтай байсан. Тухайн үед Г.Г-ын хувийн байр гэх тэр байрны эзэн гэх иргэн Бат-Эрдэнэ манай СӨХ-ны захирал Загарсүрэнд хэлсний дагуу ОСНАА-н газарт мэдэгдсэнээр тэр дор нь байраар нь усыг нь хааж зогсоосон байсан. Эндээс үзэхэд нэхэмжлэлд дурьдсан тийм их хэмжээний ус алдаж паркетан шалыг болон бусад өрөөний хана таазыг гэмтээх ямарч боломжгүй юм. Би ч өөрөө тэр айлд орж үзэхэд ОО-ын өрөөний таазнаас ус шүүрч гоожсон юм шиг хэсэгхэн газар шаралсан байсан ба бусад өрөөнд болон таазнаас ус алдсан ямар нэгэн шинж тэмдэг харагдаагүй болно. Манай гэрийн ОО-ын өрөөний шалан дээр бага зэргийн ус тогтсон байдалтай байсан бусад өрөөнд байтугай коридорд ч ус урсаж гараагүй хэвийн байсан. Манайх тэр Соёмбо даатгалын компанид даатгуулсан байсан учир өөрийн гэрийн болон 34 тоотын иргэн Бат-Эрдэнийд учирсан хохирлын фото зургийг дарж баримтжуулан авч даатгалын компанидаа өгсөн юм. Нэлээн хэд хоногийн дараа Бат-Эрдэнийд орж уулзаж ОО-ын өрөөний таазыг нь янзалж өгье гэхэд манайх удахгүй засвар хийж өгье зүгээр зүгээр гэсэн юм харин хэдүүлээ нийлж сангийн босоо шугамаа сольцгооё гэж ярилцаж тохиролцон салцгаасан юм. Тэр үед иргэн Ганболд гэж ерөөсөө байгаагүй надтайч уулзаж байгаагүй би ч таньдаггүй байсан. Харин сүүлд би Т- СӨХ-ын гүйцэтгэх захирлын албан үүрэг гүйцэтгэх болсоноор 2018 оны 10 сараас хойш мэддэг таньдаг болсон. Иймд нэхэмжлэлд дурьдсан үнийн дүнг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул тайлбар бичив. Хүлээн авч үнэн зөвөөр шийдэж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие нь орон сууц хөлслөх гэрээний дагуу Г.Г-той Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 14/2и байрны 34 тоот байрыг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хүртэл түрээслэж амьдарсан нь үнэн болно. 2017 оны 7 сард дээд давхарын айлаас ус алдаж миний хөлслөн амьдарч байсан байр нилдээ усаар бүрхэж үүний улмаас тааз болон паркетан шаланд эвдрэл үүссэн нь үнэн болно. Дээд давхарын айлын хүн өөрийн биеэр ирж тухайн үед зэргийг нь хүртэл авсан ба манай байр даатгалтай даатгалаас мөнгө орж ирэхээр хохирол барагдуулна гэж хэлж байсан. Энэ ус гоожсон байдлыг 2, 3 давхарын айлууд гэрчлэх ба тус айлуудад хүртэл ус гэрчсэн байсан. Энэ тухай болон паркетан шал солих, сантехникийн зүйлүүдээ сольж өг гэж Ганболд гуайд олон удаа хэлж байсан боловч тоохгүй байсан. Манайх цагаан сараар хүртэл паркетан шалан дээр нь хүртэл хулдаас дэвсэж байж цагаан сарыг өнгөрөөж байсан. Мөн амьдарч байсан байрныхаа бүх крант, хаалтнуудыг шинээр сольсон. Орон сууцны конторт захиалга өгч байж солиулж байсан. Тухайн үед бүх крант хаалтыг солихдоо 120 000 төгрөгөөр худалдан авч 70 000 төгрөгийн ажлын хөлстэйгээр хийлгэж байсан. Би Ганболдын нэхэмжилсэн мөнгөнөөс нэг ч төгрөг төлөх ёсгүй ба харин Ганболдоос байр хөлсөлж байсан түрээсийн сүүлийн 1 сарын төлбөрөө буцаан авах хүсэлтэй байна. Яагаад гэвэл 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүртэл төлбөрөө төлсөн байсан ба Г.Г- байрандаа засвар хиймээр байна, ээжийгээ оруулах гэсэн юм гэж хугацаа дуусахаас 1 сар гарангийн өмнө гаргасан. Иймд шүүх хурлыг намайг оролцуулахгүйгээр шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг заасныг баримтлан хариуцагч Т.Х-ас 2 088 600 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-од олгож, хариуцагч Н.Б-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 368 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч Т.Х-ас 48 368 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Г-од олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 106.6 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г- нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 764 051 төгрөгөөр ихэсгэсэн шаардлагаасаа татгалзсан татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Г.Г-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 22 890 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Г-оос шинжээчид төлсөн зардал 230 000 /хоёр зуун гучин мянга/ төгрөгийг хариуцагч Т.Х-ас гаргуулан нэхэмжлэгч Г.Г-од олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Т.Х- давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх хуралдаанд хариуцагч талын төлөөллийг оролцуулалгүйгээр шийдвэрлэсэн нь шүүх хуралдаанд зохигчид биеэр оролцож, харилцан тэгш эрхтэй, мэтгэлцэх зарчмын дагуу шүүх хуралдаанд оролцоно” гэсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн заалтыг зөрчсөн. Хэдийгээр шүүх хуралдааны товыг шүүхээс урьдчилан мэдэгдсэн боловч итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хөдөө орон нутагт зорчин явсан байсан ба шүүх хуралдааныг хойшлуулж өгөх хүсэлт гаргасан ч үл харгалзан хүлээж аваагүй. Хариуцагчын зүгээс 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан хүсэлтдээ шүүх хуралдааныг түргэн хугацаанд шийдвэрлэж өгөх туэсай илэрхийлж байсан ба ийм хүсэлт гаргаж байснаас үзэхэд шүүх хуралдаанд үндэслэлгүй /хүндэтгэхгүй/оролцохгүй байх учиргүй. Мөн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр болсон анхны шүүх хуралдаан дээр хариуцагчийн зүгээс хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудыг гаргаж хэрэгт хавсаргах талаар хүргүүлэхэд шүүхээс “Нэгэнт шүүх хуралдаан хойшилж байгаа учир эдгээр баримтуудаа дараагийн шүүх хуралдаан дээр гаргаж өгч болно” гэж шүүгч н.Түмэнцэцэг хэлж бичиг баримтуудыг буцаан өгсөн. Эдгээр нотлох баримтууд нь иргэн Т.Х- нь хариуцагчаар татагдах үндэслэлгүй, учирсан хохирол нь нэхэмжлэгчийн шаардсан үнийн бодит дүнд хүрэх боломжгүй талаарх баримтууд байсан ба шүүхээр зайлшгүй хэлэлцүүлэх шаардлагатай байсан болно. Уг байрны дулаан, усны хангамжыг хариуцдаг түүгээрээ дамжуулж эвдрэл гэмтэл гарахаас урьдчилан сэргийлж үзлэг шалгалт хийж байх үүрэг хүлээсэн байгууллага болох ОСНААҮГ ХҮТ-5-тай гухайн байрны СӨХ нь харилцан тохиролцон гэрээ байгуулж ажилладаг болох нь баримтаар нотлогддог. Мөн дээрх шүүх хуралдаан итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хэргийн материалаас зарим нэг нотлох баримт гэх иргэн Ганболдын гаргаж өгсөн материалуудыг хуурамч гэж үзэж хасуулах, шүүх хуралдаанд хуурамчаар нэг талыг барьсан СБД-ийн ХҮТ-ийн инженер Цолмонбаатарын №121 тоот актыг хүчингүй болгуулах хүсэлтийг амаар гаргаж хүргүүлсэн ба зөвхөн Цолмонбаатарыг гэрчээр асуух, шүүх хуралдаанд оролцуулах талаар л шийдвэрт тусгасан. Цолмонбаатарыг гэрчээр байцаахад байлцах талаар шүүгчийн туслахаар ажиллаж байсан Байгальмаад 2019 оны 01 дүгээр сарын 17, 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрүүдэд хүсэлтүүдийг хүргүүлж байсан боловч “Хэрэг түдгэлзсэн байгаа, хэрэгт ажиллагаа хийх боломжгүй, гэрчээр байцаахад тухайн үед нь мэдэгдэнэ” гэсэн хүсэлтүүдийг хангахгүй, шүүгчийн гэрч байлцуулах захирамжыг үл биелүүлсээр байсан. Сүүлд 2020 оны 3 дугаар сарын сүүлээр хэргийн материалтай танилцахдаа шүүгчийн шинээр томилогдсон туслах Т-т гэрчээр Ц-г асуух, оролцуулах талаар хэлж утасны дугаар, ажлын газрын байршилыг нь хэлж өгч байсан болно. Хариуцагчаас түүнд тавих асуултууд няцаалт байсан боловч гэрчээр байцаалгүйгээр удаан хугацаанд явсан шүүхийн шийдвэр гаргасанг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Учир нь Ц нь тухайн үед буюу 2017 оны 7 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар 14/2и байрыг хариуцаж ажилладаггүй байсан ба уг байранд ус алдсан талаар огт мэдэхгүй байж эд зүйлсэд эвдрэл гэмтэл учирсан байна гэх зүйлийг актад тусгасан нь хууль зөрчсөн үйлдэл болсон ба шүүхээс түүний гаргасан актыг нотлох баримтаар үнэлсэн нь учир дутагдалтай. Мөн дээрх хуурамч баримтыг үндэслэн шинжээч дүгнэлт гаргасан, уг шинжилгээнд хариуцагчыг оролцуулаагүй зэрэг нь хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргасан нь харагдаж байна. Шинжээчийн таалбарт “Ус алдалтаас болж хэдий хэмжээний паркетан шал обой, таазны эмульс хийгдэх байсан, гэмтсэн эсэх нь хавтас хэрэгт баримтаар байхгүй байна. Ийм хэмжээний байранд тухайн үеийн ханшаар засвар үйлчилгээ хийх боломжтой” гэсэн дүгнэлтийг гаргасан байх ба яг нэхэмжлэгчийн байранд учирсан гэх бодит хохирол, үнийн дү7нг гаргаагүй дүгнэлтийг шүүх нотлох баримтаар үнэлсэн нь хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй. Нэхэмжлэгч Г.Г- нь хувийн өш хонзонгын улмаас бусдыг гэмт хэрэгт гүтгэх, хэл амаар доромжлох, өөрийн эзэмшлийн байрныхаа СӨХ-ийн төлбөрийг төлөхөөс зайлс хийх зорилгоор бусдыг тэр дундаа иргэн Харцага миний биеийг холбогдуулан удаа дараалан шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа ба харьяа дүүргийн шүүхийн шийдвэрийг үл зөвшөөрдөг, олны танил улс төрчидтэй холбогдуулан гүтгэдэг шүүгчдийг хуртэл тэдний нэг хэмээн хэлдэг, ийм ч учраас шүүх түүний байдлаас болж /магадгүй зарим нэг тохиолдолд дарамт учирсан байж болох/ хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан байж болзошгүй гэж үзэхэд хүргэж байна. Цаашид иргэн Г.Г-ын эрүүл мэнд сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай эсэхэд эргэлздэг ба энэ талаар холбогдох байгууллага албан тушаалтанд хүсэлтүүдийг тавьж шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг үүгээр уламжилж байна. Дээрх шалтгаан нөхцөлүүдийн улмаас анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч Г.Г- нь хариуцагч Х.Х-д холбогдуулан гэм хор учруулсны хохирол 2 088 600 төгрөг гаргуулахаар шаардаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа 764 051 төгрөгөөр нэмэгдуулж, хамтран хариуцагчаар Н.Б-г татан оролцуулсан байна. /хэргийн 1, 26, 111 дүгээр тал/ Улмаар нэхэмжлэгч нь 2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд нэмэгдүүлсэн шаардлагаасаа татгалзсан /хэргийн 138 дугаар тал/ тул анхан шатны шүүхээс татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дах хэсэгт заасанд нийцжээ.

 

            Хариуцагч Т.Х-ын өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, Оюутны гудамж 14/2и байрны 38 тоотын орон сууцны нойлын өрөөний алчуур хатаагч цоорсны улмаас “нэхэмжлэгчийн орон сууцанд ус нэвчин орж, түүний орон сууцны бүх өрөөний хана таазны эмульс, замаск норж ховхорч хууларсан, зочны өрөө, жижиг өрөө, коридорын паркетан шал норж хэлбэр дүрсээ алдсан, гажсан, бүх өрөөний обой норж ховхорч хууларсан” гэх үйл баримт хэрэгт авагдсан “Соёмбо даатгал” ХХК-иас ирүүлсэн бичгийн баримтууд, ОСНААУГазрын харьяа ХҮТ-5-ийн дарга Ц.А-ын баталсан Ус алдалтаас үүссэн гэмтлийн шалтгааныг тогтоох №121 тоот дүгнэлт, гэрч О.Ц-ын “...2017 оны 7 дугаар сарын 14-ний өдөр 12 цаг 07 минутад ус алдсан дуудлага ирсэн. 13 цагт засварчин н.Энхбат очиж уусыг хаасан. Онош нь ус их хэмжээгээр алдсан...” гэх мэдүүлэг, хариуцагч Т.Х-ын “...манай гэрийн нойлын өрөөнд хэсэг ус тогтсон байсан, ...алчуур хатаагчид бага хэмжээний цооролт үүсч ус гоожсон байсан” гэх, хариуцагч Н.Бат-Эрдэнийн “...Г.Г-ын өмчлөлийн байрыг түрээслэн амьдарч байх хугацаанд буюу 2017 оны 07 сард дээд давхарын айлаас ус алдаж байр нилдээ усаар бүрхэж үүний улмаас тааз болон паркетан шаланд эвдрэл үүссэн” гэх тайлбар зэрэг баримтуудаар тогтоогдож байна./хэргийн 17, 29-50, 53, 56, 141-143 дугаар тал/

 

            Иргэний хуулийн 148 дугаар зүйлийн 148.2.2-т зааснаар орон сууц өмчлөгч нь сууцаа ашиглахдаа буюу өмчлөгчдийн эд юмсад хохирол учруулахгүй байх үүрэгтэй.

 

            Мөн нэхэмжлэгч Г.Г-ын орон сууцандаа засвар хийсэн талаархи зарлагын баримт, Барилгад засвар хийх тухай гэрээ, Барилгын засварын ажил гүйцэтгэсэн тухай акт, шүүхээс шинжээч томилж гаргуулсан, 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар нэхэмжлэгч Г.Г-ын эд хөрөнгөд учирсан гэм хорын хохирлын хэмжээ тогтоогдож байна. /хэргийн 6, 8-9, 89-96 дугаар тал/ Хариуцагч Т.Х- нь нэхэмжлэлийг татгалзаж буй үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй тул хэрэгт авагдсан баримтын хүрээнд хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй.

 

Нэхэмжлэгч Г.Г- нь тухайн орон сууцанд 2 088 600 төгрөгийн засвар хийсэн болох нь хэрэгт авагдсан зарлагын баримт, Барилгад засвар хийх тухай гэрээ, Барилгын засварын ажил гүйцэтгэсэн тухай акт зэрэг баримтаар тогтоогдсон. Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас 2 088 600 төгрөгийг шаардах эрхтэй байна. /хэргийн 6-9 дүгээр тал/

 

            Нэхэмжлэгчийн эд хөрөнгөд гэм хор учирсанд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.2 дах хэсэгт зааснаар буруугүй болохоо хариуцагч Т.Х- баримтаар нотлоогүй тул гэм хорыг арилгах үүргээс чөлөөлөх үндэслэлгүй.

 

            Харин, нэхэмжлэгч Г.Г-ын орон сууцанд тухайн гэм хорын хохир учирсанд хариуцагч Н.Б-ийн үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн гэх үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул анхан шатны шүүх түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.

           

            Талууд гэм хорын хохирлын үнийн дүнгийн талаар маргасны улмаас анхан шатны шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилж, дүгнэлт гаргуулан, шинжээчийн ажлын хөлс 230 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.Г- төлсөн байна. /хэргийн 78, 80-81, 86-88 дугаар тал/

 

            Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагч Т.Х-ас шинжээчийн ажлын хөлс 230 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-т заасанд нийцжээ.

 

            Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд өмнөх шүүх хуралдаан буюу 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдаан О.Ц-г гэрчээр асуулгах, хариуцагч нар шүүх хуралдаанд оролцох эсэхийг тодруулах үндэслэлээр жич товлон хуралдуулахаар хойшилж, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр шинжээч томилж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж, 2020 оны 3 дугаар сарын 25-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээж, нэхэмжлэгчид 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр, хариуцагч нарт 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр, хариуцагч Т.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр тус тус шүүх хуралдааны товыг мэдэгдэж, 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн шүүх хуралдаанд О.Ц-г гэрчээр асууж, хэргийг хянан шийдвэрлэсэн байна. /хэргийн 76-77, 80-81, 104 дүгээр тал/ Иймд анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр хариуцагч Т.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

            1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2020/00877 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Т.Х-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн төлөөлөгч гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 48 368 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                   ШҮҮГЧИД                                Д.НЯМБАЗАР

 

                                      С.ЭНХТӨР