| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00532/И |
| Дугаар | 130/ШШ2024/00632 |
| Огноо | 2024-06-25 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 25 өдөр
Дугаар 130/ШШ2024/00632
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймаг, Дэлүүн сумын **дүгээр багт оршин суух, утас ****, Х овогт Бийн А,
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын сумын Ерөнхий боловсролын сургууль ( захирал М.Р, *****),
Нэхэмжлэлийн шаардлага: Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б\15 дугаартай Б.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгохыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.А,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.З,
Хариуцагчийн өмгөөлөгч Я.С,
Орчуулагч А.А,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Е нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Б.А хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан тус сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б\15 дугаартай Б.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Mиний бие нярав мэргэжилтэй бөгөөд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн нярваар ажиллаж байсан А.Билимхан өндөр насны тэтгэвэр тогтоолгож, ажлаас чөлөөлөгдсөн тул тус сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б\69 дугаартай Б.Аыг ажилд томилох тухай тушаалаар 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн тус сургуулийн нярвын ажилд томилогдон ажилласан юм.
1.2.Тухайн ажлын байр нь сул байнгын ажлын байр учраас Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогчтой хугацаагүй хөдөлмөрийн гэрээг 2022 оны 02 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан.
Гэтэл Дэлүүн сумын сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б\12 дугаартай Б.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-д заасан ажлын байр хасагдсан орон тоо цөөрсөн гэсэн, 80 дугаар зүйлийн 80.1.2-т заасан ажилтан мэргэжил, мэргэжлийн түвшин, ур чадварын хувьд тэнцэхгүй болох нь тогтоогдсон гэсэн хоёр үндэслэлээр ажлаас чөлөөлсөн.
Миний бие энэхүү тушаалыг эс зөвшөөрч шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 130\ШШ2023\00481 дугаартай шийдвэрээр намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн болохыг тогтоож, тус сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоосон тул тус сургуулийн захирал 2023 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б\50 дугаартай тушаалаар нярвын ажилд буцаан томилсон болно.
1.3.Миний бие ажлаа хэвийн гүйцэтгэж байтал тус сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б\15 дугаартай Б.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсэг, Авлигатай тэмцэх газрын 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 05\6137 дугаартай зөвлөмжийг удирдлага болгон 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн дахин ажлаас чөлөөлсөн тул энэхүү тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1 дах хэсэгт зааснаар 30 хоногийн дотор Хөдөлмөрийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан.
1.4.Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны хуралдааны 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаартай тэмдэглэлийн 2024 оны 05 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 05 дугаар сарын 22-ны өдөр буюу 6 дахь хоногт Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дах хэсэгт заасан хугацаандаа шүүхэд гомдол гаргаж байна.
1.5.Энэхүү намайг ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б\15 дугаартай тушаал гаргахад Хөдөлмөрийн тухай хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийн заалтыг хэрэглээгүй. Тухайлбал, ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлсөн байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан ажлаас чөлөөлөх үндэслэлийн аль нэгийг баримтлаагүй байна.
1.6.Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсгийг баримтлан Авлигатай тэмцэх газрын 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 05\6137 дугаартай зөвлөмжийг удирдлага болгон ажлаас чөлөөлсөн нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Тухайлбал, Авлигатай тэмцэх газрын 2024 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 05\6137 дугаартай зөвлөмжид: Томилогдох албан тушаал нь тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлан судалж, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг ханган ажиллахыг зөвлөж байна гэсэн байна.
Үүнээс үзвэл зөвлөмжид тухайн асуудлыг судлах, дээрх хоёр хууль зөрчигдсөн эсэхийг шалган тогтоохыг зөвлөсөн хэлбэртэй болохоос Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллагын намайг ажлаас чөлөөлөхийг шаардсан бус харин зөвлөх хэлбэр бүхий зөвлөмж болохыг ажил олгогч анхаараагүй байна.
1.7.Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д Энэ хуулийн үйлчлэлд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан албан тушаалтан хамаарна гэж заасан ба Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1, 4.1.2 дах хэсэгт Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалтан болон ерөнхий нягтлан бодогч хамаарахаар заасан байдаг.
Гэтэл миний эрхэлж байгаа сургуулийн нярав гэх албан тушаал нь төрийн үйлчилгээний гүйцэтгэх албан тушаал бөгөөд төрийн үйлчилгээний удирдах албан тушаал биш тул Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар тухайн хуулийн үйлчлэлд хамаарахгүй этгээд болохыг зөвлөмж бичсэн Авлигатай тэмцэх газрын эрх бүхий албан тушаалтан болон сургуулийн захирал анхаараагүй байна.
1.8.Миний бие Дэ Райс сургалтын төвийг 2022 онд суралцаж төгсөөд нярвын мэргэжил эзэмшсэн эрхийн үнэмлэх (Сертификат) байгаа тул тухайн нярвын албан тушаал эрхлэх тусгай шаардлагыг хангаж байна.
Харин ерөнхий боловсролын сургууль төгсөх нь тусгай боловсрол буюу тусгай мэргэжил бус албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлага биш болох нь Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтад тодорхой тусгагдсан байна.
1.9.Хариуцагч Дэлүүн сумын сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б\12 дугаартай Б.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар мөн адил намайг Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.2 дах хэсэгт заасан ажилтан мэргэжил, мэргэжлийн түвшин, ур чадварын хувьд тэнцэхгүй гэсэн үндэслэл зааж ажлаас чөлөөлсөн боловч Баян-Өлгий аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 130\ШШ2023\00481 дугаартай шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дах хэсэгт зааснаар нярвын ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байгаа юм.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан учраас нэхэмжлэгч Б.А миний мэргэжил, мэргэжлийн түвшинг дахин нотлох хууль зүйн үндэслэл байхгүй болно.
1.10.Миний бие нярвын ажилд томилогдоход Дэ Райс сургалтын төвөөс нярав мэргэжил эзэмшсэн сертификатыг ашиглан ажилд томилогдсон тул мэргэжил, мэргэшлийн талаар хуурамч баримт бичиг ашиглаагүй ба Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6 дах хэсэгт заасан хуурамч баримт бичиг бүрдүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.
1.11.Ажил олгогчийн зүгээс Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б\15 дугаар тушаалаар ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дах хэсэгт заасан Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд заасан бусад үндэслэлээр (Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1-д зааснаас бусад үндэслэлээр гэх) ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно гэсэн хуульд заасан хориглолтыг ноцтой зөрчсөн үйлдэл мөн.
Иймд холбогдох бусад нотлох баримтуудыг үндэслэн хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б\15 дугаартай Б.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн байна.
2.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал М.Р нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн хариу тайлбартаа:
2.1.Тус сургуулийн нярваар ажиллаж байсан Б.Атой холбоотой Авлигатай тэмцэх газраас 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05\6137 дугаартай зөвлөмж хүргүүлсэн тухай бичиг ирсэн. Б.А нь сургуулийн нярваар 2022 оны 12 дугаар сард томилогдон ажиллаж байсан ба тухайн үед захирлаар М.Силамбек ажиллаж байсан.
2.2.Авлигатай тэмцэх газраас ирсэн албан бичигт Б.А нь сургуулийн нярвын албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй тул гарсан зөрчлийг арилгах, 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт хариу ирүүлэхийг шаардсаны дагуу зөрчлийг арилгаж хариу хүргүүлсэн.
2.3.Тус албан бичигт Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дах хэсэгт Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гарсан хууль ёсны шаардлага шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээ заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй гэж заасны дагуу зөрчлийг арилгасан болно.
Иймд нэхэмжлэгч Б.Аын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байна.
3.Нэхэмжлэгчээс Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б\15 дугаартай Б.Аын ажлаас чөлөөлөх тухай тушаал, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б\69 дугаартай Б.Аыг ажилд томилох тухай тушаал, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б\12 дугаартай Б.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаал, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б\50 дугаартай Б.Аыг хэвээрээ ажиллуулах тухай тушаал, Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 130\ШШ2023\00481 дугаартай шийдвэр, Де Райс сургалтын төвөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр олгосон №00270 бүртгэлийн дугаартай Сертификат, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Хөдөлмөрийн гэрээ, 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэл, Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн Эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаартай хуралдааны тэмдэглэл, Б.Аын Монгол Улсын Иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
4.Хариуцагчаас Авлигатай тэмцэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05\6137 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичиг, Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12\1121 дугаартай Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комисс Т.Энхболд танаа гэсэн албан бичиг зэрэг бичгийн нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
5.Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан бөгөөд шүүх хуралдаан дээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн үзэж дүгнээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
6.Нэхэмжлэгч Б.А дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх хэсэгт заасан эрх бүхий байгууллагын намайг ажлаас чөлөөлөхийг шаардсан бус харин Авлигатай тэмцэх газраас 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05\6137 дугаартай зөвлөмжийг үндэслэн гаргасан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б\15 дугаартай Б.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоож өгнө үү гэсэн байна.
7.Хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал М.Р нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: Тус сургуулийн нярваар ажиллаж байсан Б.Атой холбоотой Авлигатай тэмцэх газраас 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05\6137 дугаартай зөвлөмж хүргүүлсэн тухай бичиг ирсэн. Тухайн албан бичигт Б.А нь сургуулийн нярвын албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй тул гарсан зөрчлийг арилгах, 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор Авлигатай тэмцэх газарт хариу ирүүлэхийг шаардсаны дагуу зөрчлийг арилгаж хариу хүргүүлсэн болно гэсэн байна.
8.Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримт тогтоогдож байна.
8.1.Хавтаст хэрэгт авагдсан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б\69 дугаартай Б.Аыг ажилд томилох тухай тушаалаар тэтгэврийн нас нь хүрч, ажлаас чөлөөлөгдсөн нярав А.Билимханы оронд хүсэлт гаргасан иргэн Б.Аыг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн сургуулийн нярваар авч ажиллуулсан ба 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ажил олгогчтой хугацаагүй Хөдөлмөрийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч Б.А нь нярав мэргэжлээр суралцаж төгссөн нь Улаанбаатар хотын Де Райс сургалтын төвөөс 2022 оны 10 дугаар сарын 30-ны өдөр олгосон №00270 бүртгэлийн дугаартай Сертификат-аар нотлогдож байна.
8.2.Анх удаа, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн Б\12 дугаартай Б.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 20.1.2 дах заалт, Хөдөлмөрийн дотоод журмын 3.1 дэх хэсгийг тус тус үндэслэн тус сургуулийн нярваар ажиллаж байгаа Б.Аыг 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
Энэ тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгч Б.А шүүхэд гомдол гаргаснаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 130\ШШ2023\00481 дугаартай шийдвэрээр Б.Аыг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоосон байна.
Энэхүү Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 130\ШШ2023\00481 дугаартай шийдвэрийг үндэслэн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдрийн Б\50 дугаартай Б.Аыг хэвээрээ ажиллуулах тухай тушаал гаргаж, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2022 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Б.Аыг сургуулийн нярвын сул орон тоонд авч ажиллуулсан тушаалыг хэвээр үлдээсэн байна.
8.3.Хоёр дахь удаа, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б\15 дугаартай Б.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалт, Авлигатай тэмцэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05\6137 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг тус тус үндэслэн тус сургуулийн нярваар ажиллаж байгаа Б.Аыг 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас чөлөөлсөн байна.
8.4.Нэхэмжлэгч Б.А ажлаас чөлөөлсөн Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б\15 дугаартай тушаалыг эс зөвшөөрч, ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгэр зүйлийн 154.2.1 дэх хэсэгт зааснаар Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд гомдол гаргасан байна.
Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн Эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаартай хуралдааны тэмдэглэлд:... Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б\15 дугаартай Б.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан тус сургуулийн нярвын ажилд эргүүлэн томилох тухай шийдвэр гаргахыг хүссэн тухай гомдлыг талууд тохиролцоонд хүрээгүй тул шүүхээр шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн байна.
8.5.Энэхүү Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны 2024 оны 5 дугаар сарын 07-ны өдрийн 17 дугаартай тэмдэглэлийг нэхэмжлэгч Б.А 2024 оны 5 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч тус шүүхэд 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8 дахь хэсэгт заасан хугацааг хэтрүүлээгүй байна.
8.6.Хариуцагч (ажил олгогч) Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б\15 дугаартай Б.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаалд үндэслэл болгосон Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.4 дэх заалт нь эрх бүхий байгууллага шаардсанаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож болно гэж заасан байна.
Мөн хариуцагч эрх бүхий байгууллага гэж Авлигатай тэмцэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05\6137 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичгийг үндэслэл болгосон байна.
Авлигатай тэмцэх газрын 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 05\6137 дугаартай Зөвлөмж хүргүүлэх тухай албан бичигт: ...Б.А нь 1994 онд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөнөө нотолж ирүүлсэн суурь боловсролын 0184939 дугаартай гэрчилгээ нь 1991-1995 онд суурь боловсрол эзэмшсэн төгсөгчдөд олгож байсан бүрэн бус дунд боловсролын гэрчилгээтэй тохирохгүй бөгөөд тус иргэн тухайн сургуулийг төгссөн гэх мэдээлэл олдоогүй нөхцөл байдал тогтоогдож байна. Дээрх тогтоогдсон нөхцөл байдалд дүгнэлт хийхэд тус сургуулийн нярвын албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй Б.Аыг тухайн албан тушаалд ажиллуулж байгаа нь Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д заасан олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлгогдохуй нөхцөл байдлыг бий болгож байна. Иймд гарсан зөрчлийг арилгаж, цаашид томилогдох албан тушаалтан нь тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлан судалж томилох, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэлээр удирдлага зохион байгуулалтаар ханган ажиллахыг үүгээр зөвлөж, Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6. дахь хэсэгт заасны дагуу 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн дотор тус газарт хариу ирүүлэхийг мэдэгдсэн байна.
8.7.Нэхэмжлэгч Б.А нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 10 жилийн дунд сургуулиас суурь боловсрол эзэмшиж төгссөнөө нотолж ирүүлсэн суурь боловсролын 0184939 дугаартай гэрчилгээ нь 1991-1995 онд суурь боловсрол эзэмшсэн төгсөгчдөд олгож байсан бүрэн бус дунд боловсролын гэрчилгээтэй тохирохгүй байгаа үйл баримтыг шалгаж, буруутай этгээдийг олж тогтоосон нотлох баримт байх байна.
Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.6 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч (ажилтан) Б.А нь ажилд орох үедээ боловсролын түвшнийг нотлох баримт бичгээ хуурамчаар бүрдүүлснийг шалгаж тогтоосон нотлох баримт байхгүй байна.
Ажил олгогч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1 дэх хэсэгт заасан ажлаас чөлөөлөх үндэслэлийн аль нэгийг баримтлаагүй мөөртлөө ажлын байр нь хэвээр хадгалагдаж байгаа ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр ажил олгогчийн санаачилгаар цуцалж Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.2 дах заалтыг зөрчсөн байна.
8.8.Мөн хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирал нь нярвын албан тушаалын ажил байдлын тодорхойлолтыг шүүхэд гаргаж өгөөгүй, мөн Б.А тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангаж байгаа эсэхийг нягтлан судалсан эсэх нь тодорхойгүй, Б.Аын нярвын албан тушаалд тавигдах шаардлагын хэрхэн зөрчсөнийг шүүхэд нотолж чадаагүй болно.
Нэхэмжлэгч Б.А нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцээгүй талаарх эрх бүхий байгууллагаас дүгнэлт гараагүй буюу үүрэгт ажилдаа тэнцээгүй гэдгийг хариуцагч шүүхэд нотолж чадаагүй болно.
Харин нэхэмжлэгч Б.А нярваар тус сургуульд 1,5 жил ажиллах хугацаанд ямар нэгэн зөрчил, дутагдал гаргаагүй, ажлын хариуцлага алдаагүй, хамгийн олон хүүхэдтэй сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн хоол, хүнсний хадгалалт, хамгаалалтад санаа тавьж ажиллаж ирсэн ажлын үр дүнг үндэслэн нь2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын дэргэдэх зөвлөлийн хурлын тэмдэглэлээр нотлогдож байна.
8.9.Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны 2024 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 12\1121 дугаартай Авлигатай тэмцэх газрын хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комисс Т.Энхболд танаа гэсэн албан бичигт: Боловсрол, шинжлэх ухааны яаманд хадгалагдаж буй цахим архиваас Бхан овогтой Аын (БЖ78111511) 1994 онд Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 10 жилийн дунд сургуулийг төгссөн гэх мэдээлэл олдоогүй бөгөөд боловсролын баримт бичгийн хуулбар (Суурь боловсролын гэрчилгээ №0184939) нь 1991-1995 онд суурь боловсрол эзэмшсэн төгсөгчдөд олгож байсан Бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ-тэй таарахгүй байна. Иймд тухайн иргэнээр нотлох баримтыг бүрдүүлэн шалгах хэрэгтэй гэсэн байна.
Энэхүү албан бичгийн Б.Ад тухайн суурь боловсролын №0184939 дугаартай гэрчилгээг хэзээ хэн хаанаас олгосон эсэхийг тогтоосон нотлох баримт байхгүй байна.
9.Дээрх нотлох баримтуудаар Б.Аыг ажлаас чөлөөлсөн тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-д заасныг үндэслэн хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б\15 дугаартай Б.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Аыг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
10.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх маргаан тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулиас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөгийг гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн Б\15 дугаартай Б.Аыг ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Б.Аыг урьд эрхэлж байсан Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулийн нярвын ажилд эгүүлэн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар хариуцагч Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын Ерөнхий боловсролын сургуулиас 70200 (далан мянга хоёр зуун) төгрөг гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцогчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.
4.Энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч болон өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНГИЛИК