| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батбайн Мангилик |
| Хэргийн индекс | 130/2024/00603/И |
| Дугаар | 130/ШШ2024/00645 |
| Огноо | 2024-06-27 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 130/ШШ2024/00645
шаардлагыг биелүүлснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мангилик би,
Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулах, Баян-Өлгий аймгийн Прокурорын газар /итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах прокурор А.Д, утас:****),
Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Толбо сумын 5 дугаар багт оршин суух, Б овогт Жий Х,
Нэхэмжлэлийн шаардлага: Ж.Хгаас 250,000 төгрөгийг гаргуулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100020037010 дугаарын дансанд оруулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Прокурорын газар /итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах прокурор А.Д/ хариуцагчаас 250,000 төгрөгийг гаргуулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100020037010 дугаарын дансанд оруулах тухай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.1.Ажлын байрыг дэмжих хөтөлбөр-т хамрагдсан Ж.Х нь Аж ахуй, бичил бизнес эрхлэгчид эргэн төлөлттэй санхүүгийн дэмжлэг олгох гэрээ-г 2017 оны 6 дугаар сарын 27-ны өдөр тус аймгийн Хөдөлмөр, нийгмийн халамжийн үйлчилгээний газартай байгуулан сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор 3,000,000 төгрөгийн санхүүгийн дэмжлэгийг 2 жилийн /24 сар/ хугацаатайгаар, эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авчээ.
1.2.Гэвч Ж.Х нь уг дэмжлэгийг гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу буюу 2019 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн дотор нөхөн төлөх үүргээ биелүүлэлгүй зөрчсөний улмаас Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд үлдэгдэл 250,000 төгрөг төлөгдөөгүй нь судалгаагаар тогтоогдсон байна.
1.3.Иймд Ж.Хгаас үлдэгдэл 250,000 төгрөгийг гаргуулж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100020037010 дугаарын дансанд оруулж өгнө үү.
1.4.Гэтэл хариуцагч Ж.Х нь хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үнийн дүн болох 250,000 төгрөгийг бүрэн төлж, нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
2.Шүүхээс нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Прокурорын газар /итгэмжлэгдсэн төлөөлөгч, ахлах прокурор А.Д/-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.Хд холбогдох иргэний хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах явцад хариуцагч нь нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 250,000 төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100020037010 дугаарын дансанд оруулж төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн болох нь хариуцагчийн 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн төрийн банкны мөнгө шилжүүлэх хуулгаар нотлогдож байгаа тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
3.Хариуцагч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хуульд нийцсэн, бусдын хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна.
4.Энэ нэхэмжлэл нь төсвийн байгууллагын нэхэмжлэл тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоохоор заасан тул нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 8,150 төгрөгийн тал нь болох 4,075 төгрөгийг хариуцагч Ж.Хгаас гаргуулан улсын орлого болгох нь зүйтэй
5.Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Хариуцагч Ж.Х нь Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас авсан үлдэгдэл 250,000(хоёр зуун тавин мянган) төгрөгийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн 100020037010 дугаарын дансанд оруулж төлж өгч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнд оногдох улсын тэмдэгтийн хураамжид төлбөл зохих 8,150 төгрөгийн тал нь болох 4,075 /дөрвөн мянга далан таван/ төгрөгийг хариуцагч Ж.Хгаас гаргуулан улсын орлого болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч энэ захирамжид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.МАНГИЛИК