| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2017/0568/Э |
| Дугаар | 508 |
| Огноо | 2017-12-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Ганчимэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 508
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Д.Ганчимэг,
гэрч Г.Т,
шинжээч эмч М.Энхтайван,
шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Жаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Бгийн Нд холбогдох 2017 2601 1199 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1997 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-5, “...” ХХК-нд холбооны дохиоллын ажил эрхэлдэг, ам бүл-2, Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Бгийн Н, РД:...,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б.Аын бүсэлхий болон нүүрэн тус газарт гараараа цохих, өшиглөх зэрэг байдлаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч Б.Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр иргэн Б.Аын бүсэлхий болон нүүрэн тус газарт гараараа цохих, өшиглөх зэрэг байдлаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст гаргасан Б.Аын өргөдөл, гэрэл зураг /хх-9, 11/,
- Б.Ааас авсан тайлбар:...2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Н гэх залуу манай гэрийн гадаа ирээд би хөдөө явах гэж байна. Ганц нэг пиво хуваагаад уучихъя гэсэн. Тэгээд хамт 2.5 литр пиво хувааж уугаад дуусч байтал Н 52-ын даваа руу ахынх руу явчихаад ирье гэсэн. Бид 2 явах замдаа Т гэх залууг аваад цаашаа явсан. 52-ын даваа ороод тэндээ байж байгаад өдөр буцаад замаараа дэлгүүр орж нэг нэг лааз пиво авсан. Түүнийгээ уугаад 361-н гарам дээр ирээд дэлгүүрээс 1.5 литрийн нэг том пиво авсан. Н гэнэт намайг янхан, гичий гээд хараагаад байсан. Тэгэхээр нь би аятайхан харьцаач, яаж харьцаад байгаан гэтэл бас хэл амаар доромжлоод байсан. Би Нд хүсээд байгаа юм бол чи эхлэлийг нь тавь, би төгсгөлийг нь тавъя... тэгье гээд бид 2 зодолдохоор болж уулын энгэр лүү явсан. Тэнд эзэнгүй хашаа руу орж зодолдохоор болсон. Т намайг битгий зодолдоорой гэхээр нь би зодолдохгүй байсан ба Н намайг цохиод байсан. Би явлаа гээд явтал миний араас машинтай ирж мөргөж унагаагаад машинаасаа бууж ирээд толгой дээр дэвсээд байсан. Т нь бууж ирээд чи хүн аллаа ш дээ боль гэсэн. Н миний нүүр лүү 2-3 цохиод машинд суу гээд чирээд байсан. Би өөрөө сууя гээд явсан. Манай гэрийн ойролцоо ирэхээр нь “би гомдол саналгүй намайг гэрт хүргээд өгчих гэсэн”, яасан том пизда вэ гээд хэд хэдэн удаа цохиод авсан. Би Нг нэг нудраад автал Т гурвуулаа бууж зодолдоё гээд тэр 2 буугаад ирсэн. Тэгээд Н намайг зодож эхэлсэн. Т зүгээр харж зогсож байсан. Тэгээд би ээж аав руугаа утасдаж манай ээж аав ирж болиулсан...гэх /хх-12-13/
- хохирогчоор Б.Аын мөрдөн байцаалтад өгсөн:...2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 09 цагийн үед гэрийн гадаа ахынхаа машинтай хүрч ирээд “хөдөө явах гэж байна, ганц пиво ханиндаа уучихъя” гэхээр нь би гэрээсээ гараад 361-н гарам цэцэрлэгийн зүүн талын уулан дээр 2.5 литрийн багтаамжтай боргио пиво хувааж уусан. Ууж дуусчихаад хуучин ажиллаж байсан ах нар дээр очиж уулзая гэж хэлээд явсан. Замаараа Тг гэрээс нь авсан. Тг авчихаад бид 3, 52-ын даваа орж Нгийн ах нартай уулзчихаад буцаад 361-н гарам орох замдаа 0.5 литрийн 3 пиво уусан. Дахин 2.5 литрийн пиво нэгийг уусан. Тэгсэн Н “Хоёулаа зодолдох уу” гээд өдөөд байсан. Намайг хэл амаар доромжлоод гэдэс рүү зөөлөн цохиод байсан. Би “Дэмий юм дэмий ш дээ” гэсэн. Намайг хашаа руу шахаад боохоор нь би хоёр гарыг нь барьж өөрөөсөө холдуулж түлхээд “би чамтай зодолдохгүй” гээд явтал араас ирээд машинаараа мөргөчихсөн. Би машинд мөргүүлээд газарт унангуут дээрээс ирээд толгой дээр дэвслээд байсан. Хажуунаас Т бууж ирээд Нг “чи болиоч хүн аллаа ш дээ” гээд болиулсан. Н намайг машиндаа суулгаад манай гэрийн орчимд ирсэн. Н “чи одоо яах гээд байгаан, яамаар байна” гэхээр нь “би одоо ингээд харилаа намайг хүргээд өгчих” гэсэн. Тэгсэн “чи ямар том пизда вэ” гээд нүүр лүү цохиод байсан. Т “Гурвуулаа бууж байгаад зодолдчихоё” гээд буусан. Н машины хаалгыг онгойлгонгуутаа гэдэс рүү тийрээд буулгах гээд татаад байсан. Би хоёр гарыг нь бариад авсан чинь намайг мөргөчихсөн. Би толгойг нь уургалчихсан чинь Н “Т энийг татаад ав даа” гээд байсан. Т хараад л зогсоод байсан. Тэндээсээ би гэрийнхнийгээ болон цагдаа дуудсан. Одоо толгой өвдөнө, босож суухад нүд харанхуйлдаг. Ил харагдах шарх сорви байхгүй. Би эмчилгээний зардал болох 2.500.000 төгрөгийг нэхэмжилж байна. Ажил тасалсны 35.000 төгрөг, 6 дугаар сарын 02-нд гэмтлийн эмнэлэг орсон зардал 25.000 төгрөг, томографик зураг авхуулсан 150.000 төгрөг, эмчилгээний зардал 293.850 төгрөг, унааны зардал 250.000 төгрөг, цаашид тархины зураг авхуулах 120.000 төгрөг, бариачид бариулсан 230. 000 төгрөг болно. Цээжний зураг авхуулсны төлбөр 150.000 төгрөг, эм тарианд хэрэглэ гэж 300.000 төгрөг Н өгсөн. Одоо нэмж 2.500.000 төгрөг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-21-22/
...надад одоо гомдол санал байхгүй. Би Нгаас эмчилгээний зардал гэж нийт 750.000 төгрөг авсан. Өмнө нь 2017 оны 7 дугаар сарын 01-нд 300.000 төгрөг, эмнэлэгт үзүүлэхэд эмчилгээний төлбөр гэж 150.000 төгрөг өгсөн. Өнөөдөр бэлнээр 300.000 төгрөг авсан. Одоо өөр нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-23/
...би Нг 2014 оноос мэддэг болсон. Хэрэг гардаг өдөр Н гэдэг нэрээр нь мэддэг болсон. Өмнө нь манай тэр хавийхан Ум Цагаан гэж нэрээр хочилж дууддаг байсан. Н бид 2 ах дүү төрөл садангийн холбоо байхгүй. Тухайн үед Н миний нүүр лүү 2-3 удаа цохиход нь 2 гарнаас нь барьж боль гэж түлхээд машинаас гадуур хувцсаа аваад гэрлүүгээ харихаар алхсан. Н араас дуудаад байсан би очоогүй. Тэгсэн араас машинтайгаа ирээд мөргөсөн. Мөргүүлэх үед бүсэлхийн зөөлөн эдийн гэмтэл үүссэн байх гэж бодож байна. Баруун шанааны зөөлөн эдийн няцрал нь Н өөрийнхөө жолоодож байсан автомашиныг зогсоогоод автомашинаасаа буугаад намайг газар хэвтэж байхад нүүр хэсэгт өшиглөсөн. Өшиглөхөд нь уг гэмтэл үүссэн гэж үзэж байна. Зүүн хацарт үүссэн зулгаралт гэмтэл нь урд нь надад байсан гэмтэл. Н урд нь намайг зодож байгаагүй. Намайг зодсоныг Тгээс өөр харсан хүн байхгүй. 2017 оны 6 дугаар сарын 20, 2017 оны 6 дугаар сарын 27, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрүүдэд нийт 293.850 төгрөгийн эм худалдаж авсан...цээжний хөндийн томографикийн шинжилгээний мөнгө 150.000 төгрөг болсон нийт 443.850 төгрөгийн хохирлын баримт өгсөн. Одоо надад өөр хавтаст хэрэгт хавсаргуулах баримт байхгүй...гэх мэдүүлэг /хх-24-25/
- гэрч Г. Тгийн мөрдөн байцаалтад өгсөн:…2017 оны 6 дугаар сарын эхээр байх би өөрийн гэр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361-н гарам Шандын 1-7 тоотод байхад өглөөний 9 цаг өнгөрч байхад Н, Аа нар машинтай ирсэн. Ирээд гурвуулаа манай ахынд оччихоод ирье гэсэн. Бид 3 машинтай 52-н давааны Торлогт гээд амралтын газар очсон. Тэнд Н ахтайгаа уулзчихаад буцаад 361-н гарам орсон. Дэлгүүрээс 0.5 литрийн багтаамжтай пиво 2-ыг аваад хувааж уусан. Хувааж уугаад Н, Аа нар хоорондоо муудалцаад байсан. Юу гэж муудалцсаныг сайн санахгүй байна. Хоорондоо муудалцаад бие биенээ цохиод байсан. Тэгж байгаад машинаас буугаад хоорондоо зодолдсон. Би буугаад салгасан. Аа гэрийнхнийгээ дуудсан. Аа Нгийн гэдэс рүү цохисон. Н буцаагаад нүүр лүү нь цохисон. Ямар ч байсан хоорондоо зодолсон. Хэн нь яг хаашаа хэдэн удаа цохисныг сайн мэдэхгүй байна. Би тухай үед машины арын суудалд утсаараа оролдоод сууж байсан. Н, Аа нар хоорондоо л муудалцаад цохилцсон. Түүнээс биш машинаар мөргөсөн зүйл байхгүй. Би тэр хоёртой уулзаад хамт яваад, цагдаа ирэх хүртэл хамт байсан. Би Аыг ямар нэгэн байдлаар цохиж зодоогүй. Би тэр хоёртой муудалцаж, зодолдсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-26-27/,
- гэрч Ч. Бурмаагийн мөрдөн байцаалтад өгсөн:…2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 361-н гарамд гэртээ байхад өглөөний 09 цаг 30 минутын үед 16-63 УНХ улсын дугаартай Тоёота ист маркын автомашинтай 1 эрэгтэй хүүхэд ирээд манай хүү Аыг дуудаад гараад явсан. Би Ааас хэн ирснийг асуухад тодорхой юм хэлээгүй хамт явсан. 13 цаг өнгөрч байхад Аа миний гар утас руу залгаад хүнд зодуулаад 121 дүгээр сургуулийн ард талд байна гэхээр нь би тэнд очсон. Тухайн үед манай хүүгийн нүүр ам нь хавдсан, нүүрнээс нь цус гарсан байдалтай хажуу талд нь нөгөө 16-63 УНХ улсын дугаартай автомашин байсан. Машины гадна өглөө нь манай хүүхдийг авч явсан залуу согтуу, Т гэх өөрийгөө танилцуулсан залуу зогсож байсан. Би хүүгээсээ юу болсон талаар асуухад Н намайг зодсон гэсэн. Би яаж зодсон талаар асуухад зүгээр хэрэлдэж байгаад зодолдсон гэсэн. Гомдол мэдээлэлд хавсаргасан фото зургийг 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хэрэг болсон байх үед би өөрийнхөө гар утсаар бэхжүүлсэн. Манай хүүг зодсон залууг урьд нь харж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-28-30/
- шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээч эмч М. Энхтайвангийн 2017 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 8194 дугаартай:...Аын бүсэлхий болон баруун шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн хацарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-15/
- ял шалгах хуудас /хх-32/
- шүүгдэгч Б.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн:…2017 оны 6 дугаар сарын 02-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо 121 дүгээр сургуулийн орчимд Аыг баруун гараараа зүүн шанаа хэсэгт гараараа 2-3 удаа цохисон. ...газарт унагаж байгаад унасны дараа баруун гуя хэсэгт 1 удаа өшиглөсөн. Өөр зодсон цохисон зүйл байхгүй. Би Аыг өөрийн жолоодож явсан 16-63 УНХ автомашинаараа мөргөөгүй. Аа миний уруул орчимд гараараа нэг удаа цохисон. Үүнээс болж миний уруулны дотор талд язарсан. Би шүүх эмнэлэгт үзүүлээгүй. Одоо миний уруул эдгэрсэн. Автомашин дотор байхад Аа надад хандан чи эхлүүлчих би төгсгөлийг нь хийе гэсэн. Тухайн үед Аа надад хандаж надтай зодолдох тухай яриад намайг өдөөд байсан. Тэгээд Аа миний уруулыг цохисны дараа би зөрүүлээд цохисон. Хаана нь цохисоноо санахгүй байна. Би өөрийн толгойгоо хамгаалаад зүүн мөрний чигт наасан байсан учраас харж амжаагүй. Бид 2 эзэнгүй хашааны гадаа зогсож байхдаа зүүн шанаа хэсэгт нь баруун гараараа 2-3 удаа цохисон. Аа надтай хамт байхдаа зодоон хийх гээд улайраад дайраад байсан. Эзэнгүй хашааны гадаа зодолдсоны дараа Аа гэртээ харина гээд явсан. Би араас нь машинаа асаагаад гэрт нь хүргэж өгөх гэтэл Аа миний машинд суухгүй урдаас салаавч гаргасан. Тэгэхээр нь буугаад суучих гэсэн чинь өөдөөс дахиад дайраад ирэхээр нь би барьж аваад унагасан. Аа надад хандан 361-н гарамын хүүхдүүд том болжээ гэсэн. Миний эзэмшилд үл хөдлөх эд хөрөнгө байхгүй. Манай ээж Байгалмаа нь Улаанбаатар Буян ХХК-д туслах ажилтан хийдэг. Би сардаа орлого байхгүй. Энэ тэнд хөнгөн ажил хийдэг. Миний духны зулай хэсэгт 4х4 см хэмжээтэй яс байхгүй толгой өвчтэй, хааяа татаж унадаг, ажил хөдөлмөр хийхгүй байна. Би Аыг гэмтлийн эмнэлэгт үзүүлэхэд нь 170.000 төгрөг бэлнээр өгч үзүүлсэн. Сүүлд нь манай ээж Аад 300.000 төгрөг бэлнээр өгсөн. Би дараа нь Аад 300.000 төгрөг нийт 770.000 төгрөг бэлнээр өгсөн. Хэрэг болсноос хойш Аы ар гэрээс надаас болон манай ээжээс 5.000.000 төгрөг нэхээд байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтэд тусгагдсан тав нь унасан зүүн шанааны гэмтэл нь надтай уулзахад байсан хуучин гэмтэл, бүсэлхий орчимд учирсан гэмтлийг би учруулаагүй, баруун шанааны гэмтэл нь Аа над руу дайраад зодох гээд байсан учраас би эсэргүүцээд тэвэрч байгаад унагасан. Энэ үед учирсан байж магадгүй...гэх мэдүүлэг /хх-35-38/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Б.Нг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогч нь хохиролд 2.500.000 төгрөг /хх-45/ нэхэмжилсэн байх боловч хэрэгт 443.850 төгрөгийн баримттай ба шүүгдэгч нь хохиролд 750.000 төгрөг /хх-23/ төлжээ.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нь ялыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулав.
Торгох ял оногдуулахад 1 нэгжийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3, 4 дахь хэсэгт зааснаар 1000 төгрөгтэй тэнцүүлсэн, мөн оногдуулсан торгох ялыг төлж барагдуулах хугацааг шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан 3 сараар тогтоов.
Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт битүүмжлэгдсэн, хураагдсан эд зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Нг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Б.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Нд оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд төлөхөөр тогтоож, тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч нь бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
6. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Нд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР