Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/59

 

 

 

 

 

 

 

 

 

2022 оны 09 сарын 13-ны өдөр                    2022/ДШМ/59                        Хэрлэн сум

 

 Н.Э-д холбогдох

эрүүгийн хэргийн талаар

 

 

 

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Г.Болормаа даргалж, шүүгч О.Баатарсүх, Б.Дэнсмаа нарын бүрэлдэхүүнтэй шүүх хуралдааны “А” танхимд,

Прокурор Ж.Батбаатар,

Шүүгдэгч Н.Э-,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Довчинсүрэн нарыг оролцуулан

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Ганзоригийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/132 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Н.Э-, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлоор Н.Э-д холбогдох эрүүгийн 21390028540010 дугаартай хэргийг 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч Н.Э-  нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тус сумын харьяат иргэн Ц.Г-ийн өөрийн хаваржаандаа үлдээгээд нүүсэн хар халзан зүсмийн сувай үнээг бэлчээр нутгаас нь машин механизм буюу улсын дугааргүй “И” маркийн мотоцикл ашиглан хулгайлж иргэн Ц.Г-д 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: “Шүүгдэгч  Н.Э-г машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч  Н.Э-г 2 /хоёр/ жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-д оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-н  гэмт хэрэг  үйлдэхдээ ашигласан 700.000 төгрөгийн үнэлгээтэй мотоциклыг  шүүгдэгч  Н.Э-гаас гаргуулж улсын төсөвт шилжүүлэх хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.5, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь заалтад зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, мотоциклыг битүүмжилсэн Хэнтий аймгийн  Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлэхээр тус тус заан шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Н.Э-, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “Миний бие анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.

Би мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр болон яллагдагчаар “2021 оны 07 дугаар сард сүүлийн хэдэн сарынхаа мал харуулсан цалинг Ц.Г-э ах өгөөгүй, ....хар зүсмийн үхэр нь манай үхэрт нийлээд 7 хонож байсан бөгөөд гадуур явж бэлчээр идээд, үхэр дагуулж гүйгээд байхаар нь явган явж гэрийн гаднах хашаанд хашиж барьж аваад Хурхын голын хойд эрэг дээр байдаг зуслан дээрээ өөрийн ах Т-тай хамт нядалсан” гэж үнэн зөв мэдүүлэг өгсөн бөгөөд дээрх мэдүүлэг нь гэрч, хохирогч нарын мэдүүлгээр давхар нотлогддог тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тооцох үндэслэл болно.

Хохирогч Ц.Г-э нь мөрдөн нь шалгах ажиллагааны явцад “...би тухайн үед хаваржаанаасаа нүүхдээ хар халзан зүсмийн сувай үнээгээ үлдсэнийг мэдээгүй...” гэж /хавтаст хэргийн 26, 172 хуудас/,

гэрч Б “...нөхөр бид хоёр хар халзан зүсмийн үхрээ хаваржаан дээрээ үлдээгээд ирсэн байна гэж бодоод тэр хавиар хайгаад олоогүй, ....манайхтай ойрхон нутагладаг Ц манай үхрийг Н.Э-гийн үхэрт нийлчихсэн явж байсан гэж хэлсэн...” гэж /хавтаст хэргийн 176 хуудас/,

гэрч Ц “...Н.Э-г Хурхын голын худгийн гүүрний зүүн талд байх гэрээс нь очиж авсан...” /хавтаст хэргийн 31 хуудас/, “...Н.Э- Ц.Г-э нарын хаваржаа хоорондоо их ойрхон байдаг миний бодлоор ойролцоогоор 500-600 метрийн зайд л байгаа болов уу, ямар ч байсан 1км бол хүрэхгүй газарт л байгаа...” гэж /хавтаст хэргийн 180 хуудас/,

гэрч Ц “...2021 оны 7 дугаар сарын сүүлээр ...манай үхэрт нэг тооны үхэр нийлж хэсэг байж байгаад  ...Н.Э- гэх залуугийн үхэрт нийлсэн...” гэж  /хавтаст хэргийн 192 хуудас/,

гэрч Т-н “...би Н.Э-г үхэртээ мотоциклтойгоо явсан гэж мэдүүлсэн, тэгтэл тухайн үед Н.Э-гийн үхэр өөрсдөө гэрийнхээ гадаа хүрээд ирчихсэн байсан,  Н.Э- явган үхрүүд дээрээ очоод үхрээ хашсан гэж байсан. Би энэ талаар сүүлд мэдсэн...” гэж тус тус мэдүүлсэн байдаг ба уг мэдүүлгүүдээр миний яллагдагчаар өгсөн “...би мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ “Их хурд” маркийн мотоцикл ашиглаагүй...” гэсэн мэдүүлэг давхар нотлогдож байна.

Биндэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрээс Ц.Г-ийн өөрийн хаваржаандаа үлдээгээд нүүсэн хар халзан зүсмийн сувай үнээг тэдний хаваржааны бэлчээр нутгаас нь “И” маркийн мотоцикл ашиглан тууж ирсэн болохыг нотолсон ямар ч нотлох баримт хавтаст хэрэгт байхгүй болохыг анхаарч үзнэ үү.

Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг заасан мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан “мал хулгайлах” гэмт хэргийг машин механизм ашиглан үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна” гэжээ.

 

Шүүгдэгч Н.Э- давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: “Би тухайн үед Ц.Г-э ахын үхэр, хонийг малладаг байсан. Тухайн үед хар халзан зүсмийн сувай үнээ манай үхэрт 6-7 хоног байсан. Би тэр үнээг ажиллахдаа машин механизм ашиглаагүй. Машин механизм ашигласан гэж шүүх зүйлчилсэн хүлээн зөвшөөрөхгүй байна. Би дахин гэмт хэрэг үйлдэхгүй. Би бага насны 2 хүүхэдтэй. Эхнэр маань бага насны хоёр хүүхэдтэйгээр хөдөө малаа хараад амьдарч байна. Эдгээр нөхцөл байдлыг минь харгалзан үзэж зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Наранчимэг давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:  “Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Э-г машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлагыг оногдуулсан. Энэхүү зүйл ангиар Н.Э-д эрүүгийн хариуцлага оногдуулсан нь үндэслэлгүй гэсэн байр суурьтай шүүх хуралдаанд оролцож байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг судалж үзэхэд хохирогч Ц.Г-э нь хаваржаандаа үхрээ үлдээж нүүгээд үхэр нь Ц-а гэх айлын үхэрт нийлж байж байгаад Ц-ын үхрээс салан Н.Э-н үхэрт нийлээд 7 хоносон байдаг. Энэ хугацаанд Н.Э- үхрийг ажиллаж мөнгө болгосон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Н.Э- энэ талаар гэрчээр мэдүүлэг өгдөг ба уг мэдүүлэг нь хохирогч Ц.Г-э, гэрч Ц-а, Байгалмаа нарын мэдүүлгүүдээр давхар нотлогддог. Т- гэрчээр 2 удаа мэдүүлэг өгсөн байдаг ба эхний мэдүүлэгтээ “...үхрээ авчрах гээд бэлчээр үү мотоциклтой явсан...” гэж мэдүүлдэг. Бэлчээр гэдэг нь Ц.Г-ийн хаваржаа эсхүл өөрийн эзэмшлийн зуслангийн бэлчээр дээр гадуур бэлчиж байгаа үхрийг мотоциклоор  авчирсан юм уу гэдэг нь тодорхойгүй.  Өөрийн хашаан дээрээс ойрхон бэлчиж байгаа үхрийг мотоциклоор тууж авчирсан Уг үхэр Н.Э-н эзэмшилд 7 хоносон. Тухайн үед Н.Э-н үхэр гаднаа ирчихсэн байсан. Ойрхон бэлчиж байсан үхрийг тууж авчирч хашиж ажилласан гэж Н.Э- мэдүүлдэг. Эрүүгийн хариуцлага оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хохирол төлбөрөө төлсөн байдал, гэмт хэрэг үйлдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн нөхцөл байдал зэргийг харгалзан үздэг тул анхан шатны шүүхээс Н.Э-д оногдуулсан 2 жилийн хорих ялыг тэнсэн харгалзаж өгнө үү” гэв.

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “Шүүгдэгч Н.Э- нь  машин механизм ашиглан гэмт хэрэг үйлдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогддог. Тээврийн хэрэгсэл ашигласан гэдэг нь гэрч Т-ын мэдүүлгээр нотлогддог. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн байх тул хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр түүнд холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв. 

 

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

 

Мал хулгайлах гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь бусдын малыг хулгайлсан идэвхтэй үйлдлээр буюу хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлээр хэрэгжиж, малыг хулгайлах үйлдэл хийж, захиран зарцуулах боломж бүрдсэнээр уг хэрэг төгсдөг бөгөөд шүүгдэгч Н.Э-  нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тус сумын харьяат иргэн Ц.Г- нь өөрийн хаваржаандаа үлдээгээд нүүсэн хар халзан зүсмийн сувай үнээг бэлчээр нутгаас нь машин механизм буюу улсын дугааргүй “И” маркийн мотоцикл ашиглан хулгайлж иргэн Ц.Г-д 1.200.000 мянган төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хавтаст хэргийн 10 хуудас/,

 

- Хохирогч Ц.Г-ийн Хэнтий аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хавтаст хэргийн 12 хуудас/,

 

- Эд мөрийн баримтыг хураан авах тухай тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 13-16 хуудас/,

 

- Мал эмнэлгийн гэрчилгээ /хавтаст хэргийн 37 хуудас/,

 

- “Фэйр валуэшн” ХХК-ийн 2021 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн №2021/ШД-446 дугаартай: “...зах зээлийн үнэлгээг 1.200.000 төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас/, 

 

- “Фэйр валуэшн” ХХК-ийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 2022/ШД173 дугаартай “...мотоциклын зах зээлийн үнэлгээ 700.000 төгрөг байх боломжтой...” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 165-167 хуудас/, 

 

- Н.Э-н ХААН банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 79 хуудас/,

 

- Хохирогч Ц.Г-ийн “Н.Э- нь хохирол төлбөр бүрэн төлж барагдуулсан” талаарх тодорхойлолт /хавтаст хэргийн 91 хуудас/,

 

- Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын 2022 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 20 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” прокурорын тогтоол, тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 156-160 хуудас/,

- Хохирогч Ц.Г-, яллагдагч Н.Э- нарын хаваржааны хоорондох зайг харуулсан схем зураг /хавтаст хэргийн 210 хуудас/,

 

- Хохирогч Ц.Г-ийн өгсөн: “...2021 оны 06 дугаар сарын сүүлээр манайх Биндэр сумын урьд “Хуурай тохой” гэх газар руу нүүхдээ хаваржиж байсан газраа хар халзан зүсмийн сувай үнээгээ орхиод буюу үлдээгээд нүүсэн байсан. ....манайхтай ойрхон нутагладаг Ц-а гэх хүн манай үхрийг Н.Э-гийн үхэрт нийлчихсэн явж байсан гэж хэлсэн. Н.Э- дээр очиж уулзаад үхрээ авъя гэхэд байхгүй гээд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 171-172 хуудас/,

 

- Гэрч Т.Б- өгсөн: “манайх 2021 оны 07 дугаар сард хаваржаанаасаа зуслан руу нүүхдээ хар халзан зүсний сувай үнээгээ хаваржаан дээрээ үлдээгээд нүүчихсэн байсан. Нөхөр бид хоёр үнээгээ байхгүй байгааг хэсэг хугацаанд анзаараагүй. ...мэдээд хаваржаан дээрээ очиж хайгаад үхрээ олоогүй. ....манайхтай ойрхон нутагладаг Ц-а манай үхрийг Н.Э-гийн үхэрт нийлчихсэн явж байсан гэж хэлсэн. ...Н.Э- дээр очиж асуухад манай үхэрт нийлээгүй гээд байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 175-176 хуудас/,

 

- Гэрч Б.Ц-н өгсөн: “...2021 оны 08 дугаар сарын эхээр ...манай хамаатны хүүхэд болох Манлай гэдэг залуу утсаар залгаж “маргааш махтай аймаг явах гэсэн юм машинтайгаа яваад өгөөч” гэж намайг гуйсан. ...маргааш өглөө нь 05 цагийн үед Манлайгийн гэрийн гадаа байсан үхрийн махыг машиндаа ачаад Хэнтий аймаг явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 30-31 хуудас/,

 

- Гэрч Н.Т-ын өгсөн: “...2021 оны 08 дугаар сард яг хэдний өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Хэнтий аймгийн Биндэр сумын төвд байх өөрийн гэртээ байж байхад миний төрсөн дүү болох Н.Э- над руу утсаар яриад “...мал ажиллаад эхнэр, хүүхдийнхээ хамт аймаг явах гээд байна, та ирээд мал хараад өгөөч” гэж гуйхаар нь зөвшөөрсөн. ...Н.Э- ажиллах үхрээ аваад ирье гээд бэлчээр рүүгээ мотоциклтой яваад удалгүй хар зүсмийн шүдлэн юм уу, хязаалан насны эм үхэр туугаад ирсэн. Тэгээд Н.Э- бид 2 уг үхрийг нь хамтдаа ажилласан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 хуудас/,

 

- Гэрч Н.Э-н өгсөн: “...2021 оны 07 дугаар сард ...Ц.Г-э ахын үхэр нь манай гадуур явж бэлчээр идээд, үхэр дагуулж яваад байхаар нь би хар халзан зүсмийн үнээг Хурхын голын хойд эрэг дээр байдаг зуслан дээрээ өөрийн төрсөн ах Т-тай хамт нядалсан. Тэгээд оройдоо сумын төв орж гарал үүслийн бичиг аваад хамаатны ах Цогтбаатарын машинаар маргааш өглөө нь Хэнтий аймгийн төв орж 140 орчим килограмм махыг 1.100.000 төгрөгөөр ченжид өгсөн. Мөнгийг нь миний ХААН банкны данс руу шилжүүлж авсан. ...би Ц.Г-э ахад үхрийнх нь өртөгийг төлж хохиролгүй болгосон...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34-35 хуудас/, 

 

- Яллагдагч Н.Э-н өгсөн: “...би Ц.Г-ийн малыг ойролцоогоор 4 жил малласан, 2020 оны хавраас малаа өөрсдөө маллах болсон. ...малаа маллуулж байхдаа надад цалин хөлсөө тогтмол өгдөг байсан. ...би Ц.Г-э ахын үхэрнээс өөрийнхөө маллаж байсан үхрийг танина, хүнээс худалдаж авсан үхрийг бол танихгүй. ...манай хаваржаа Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутаг Хурхын голын хуучин гүүрний зүүн хойд талд байдаг. ...Ц.Г-э ахынх болон манайх хоёр хоорондоо их ойрхон саахалт айлууд байгаа юм. ...манайх хаваржаанаасаа урагшаа 1 км орчимд зусдаг. ...Ц.Г-э ахын зуслан Хэнтий аймгийн Биндэр сумын 5 дугаар багийн нутаг Онон голын шинэ гүүрний ойролцоо байдаг. Ц.Г-э ахын зуслан миний зуслангаас баруун зүгт ойролцоогоор 10 гаруй км байдаг. ...би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, ахиж ийм асуудал гаргахгүй. Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтыг хүлээн зөвшөөрөхгүй, би мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 195-197 хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн хуулийн шаардлагад нийцжээ.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Н.Э-н үйлдсэн гэмт хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн, хэргийн зөв зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэж буй эрүүгийн хариуцлага нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээнд нийцсэн, мөн хуулийн тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор багтсан байх хууль ёсны зарчмыг хангахын зэрэгцээ тухайлан сонгон оногдуулж буй ялын төрөл, түүний хэмжээ нь гэмт хэргийн шинж чанар, хэрэг үйлдэгдсэн тодорхой нөхцөл байдал болон гэмт хэрэгтний хувийн байдалд хамгийн зүй зохистой харьцаагаар нийцэж Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангаж байх учиртай.

 

Анхан шатны шүүх Н.Э-г машин механизм ашиглан бусдын малыг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч  Н.Э-г 2 жилийн хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэсэн нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. 

 

Шүүгдэгч Н.Э- болон түүний өмгөөлөгч Л.Наранчимэг “хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах  гомдол гаргасныг хүлээн авах үндэслэлгүй байна. Учир нь:

 

“Машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмууд хамаарах бөгөөд “Машин механизмыг хэрэглэсэн” гэдгийг бусдын эд хөрөнгийг хулгайлах үйлдлээ хөнгөвчилж түргэтгэх, хамгаалалт, бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж ашигласныг ойлгоно.

 

Мал хулгайлах гэмт хэргийн хувьд мал авах санаа зорилгоор тээврийн хэрэгслээр нутаг бэлчээрт нь зорьж очих, хөөж туух, ачиж зөөвөрлөх зэргээр өөрийн эзэмшилдээ оруулах идэвхтэй үйлдлийг хамааруулдаг ба шүүгдэгч Н.Э-  нь 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Биндэр сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт тус сумын харьяат иргэн Ц.Г- нь өөрийн хаваржаандаа үлдээгээд нүүсэн хар халзан зүсмийн сувай үнээг бэлчээр нутгаас нь машин механизм буюу улсын дугааргүй “И” маркийн мотоцикл ашиглан хулгайлсан болох нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.

 

Н.Т-аас өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг тайлбарлан 2021 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр гэрчээр мэдүүлэг авсан байх бөгөөд түүний “...2021 оны 08 дугаар сард яг хэдний өдрийг нь сайн хэлж мэдэхгүй байна. Хэнтий аймгийн Биндэр сумын төвд байх өөрийн гэртээ байж байхад миний төрсөн дүү болох Н.Э- над руу утсаар яриад “...мал ажиллаад эхнэр, хүүхдийнхээ хамт аймаг явах гээд байна, та ирээд мал хараад өгөөч” гэж гуйхаар нь зөвшөөрсөн. ...Н.Э- ажиллах үхрээ аваад ирье гээд бэлчээр рүүгээ мотоциклтой яваад удалгүй хар зүсмийн шүдлэн юм уу, хязаалан насны эм үхэр туугаад ирсэн. Тэгээд Н.Э- бид 2 уг үхрийг нь хамтдаа ажилласан...” гэх /хавтаст хэргийн 40-41 хуудас/ мэдүүлгийг үндэслэн анхан шатны шүүх шүүгдэгч Н.Э-г мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ машин механизм ашигласан гэж дүгнэн эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлтэй болжээ.

 

Гэрч Н.Т- дахин 2022 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр “...би өмнө нь  Н.Э-г үхэртээ мотоциклтойгоо явсан гэж мэдүүлсэн, тэгтэл тухайн үед Н.Э-гийн үхэр өөрсдөө гэрийнхээ гадаа хүрээд ирчихсэн байсан, Н.Э- явган үхрүүд дээрээ очоод үхрээ хашсан гэж байсан. Би энэ талаар сүүлд мэдсэн...” гэж гэх /хавтаст хэргийн 187-188 хуудас/ мэдүүлгийг өгсөн байх бөгөөд анхан шатны шүүх “...гэрч Н.Т- нь шүүгдэгчийн төрсөн ах бөгөөд хэрэг шүүхээс буцсанаас хойш дахин мэдүүлэг өгөхдөө мэдүүлгээ өөрчилсөн нь үнэн зөв гэж дүгнэх боломжгүй, дүүгийнхээ эрх зүйн байдлыг хөнгөрүүлэх байдлаар мэдүүлэг өгсөн байна...” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгч Н.Э- болон түүний өмгөөлөгч Л.Наранчимэг нарын гаргасан “хэргийн зүйлчлэлийг өөрчилж, ял хөнгөрүүлэх” агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага  болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/132 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Н.Э-, түүний өмгөөлөгч Л.Наранчимэг нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-н цагдан хоригдсон 92 /ерэн хоёр/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулж тооцсугай.

 

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдсугай.

 

 

Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Г.БОЛОРМАА

           

                           ШҮҮГЧИД                                                 О.БААТАРСҮХ

 

                                                                                             Б.ДЭНСМАА