Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2023/0303/З |
Дугаар | 128/ШШ2023/0887 |
Огноо | 2023-11-23 |
Маргааны төрөл | Төрийн албан хаагчийн хөдөлмөр, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 23 өдөр
Дугаар 128/ШШ2023/0887
2023 11 23 128/ШШ2023/0887
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Д*******ын Н******* /РД:*******/,
Хариуцагч: Боловсрол, шинжлэх ухааны сайд,
Хариуцагч: Монгол Улсын Боловсролын их сургуулийн удирдах зөвлөлийн дарга,
Хариуцагч: Монгол Улсын Боловсролын Их сургуулийн сонгон шалгаруулах ажлын хэсгийн дарга,
Гуравдагч этгээд: Ж*******гийн Б******* /РД:*******/,
Маргааны төрөл: их сургуулийн захирлыг сонгон шалгаруулсан үйл ажиллагааг хууль бус явагдсан гэж шалгаруулалтыг илт хууль бус, томилсон шийдвэрийг хууль бус хэмээн хүчингүй болгуулахаар маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Н*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М*******, хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургуулийн сонгон шалгаруулах ажлын хэсгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б*******ын өмгөөлөгч Ц.О*******, хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тийн өмгөөлөгч Б.Л, гуравдагч этгээд Ж.Б*******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тайлан, тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн саналыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:
2.1. Монгол Улсын Боловсролын их сургуулийн Удирдах зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот тогтоолоор тус сургуулийн захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулж, сонгон шалгаруулалтын зарыг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр нийтэд мэдээлж, 2 дугаар сарын 20-ны хурлаар нэр дэвшигч Д.Н*******, Ж.Б******* нарыг бүртгэж, нэр дэвшигч Ц.Лийг бүртгэхээс татгалзжээ.
2.2. Сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн хурлаар шалгаруулалтыг явуулж, үнэлгээ өгч, ажлын хэсгийн 3 дугаар сарын 02-ны өдрийн тайлангаар үнэлгээг баталгаажуулжээ.
2.3. Монгол Улсын Боловсролын их сургуулийн Удирдах зөвлөлийн 3 дугаар сарын 03-ны өдрийн хурлаар сонгон шалгаруулах ажлын хэсгийн тайлантай танилцаж, хамгийн өндөр оноогоор шалгарсан Ж.Б*******ыг сургуулийн захирлаар томилуулах саналыг Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүлэхээр шийдвэрлэж, Удирдах зөвлөлийн даргын 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 304 тоот албан бичгээр Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэл, сонгон шалгаруулах ажлын хэсгийн тайланг хүргүүлжээ.
2.4. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/31 дүгээр тушаалаар Ж.Б*******ыг Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлаар томилсон байна.
Гурав. Хэргийн оролцогчдын тайлбар:
3.1.1. Нэхэмжлэгч Д.Н******* шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлт, Удирдах зөвлөлийн 2023 оны 2023/02 дугаар шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон бичгээр гаргасан шийдвэр болон үйл ажиллагаанд хамаарах тул захиргааны актын шинжийг бүрэн агуулж байна.
Захиргааны байгууллага дээрх актыг гаргах үйл ажиллагаа болон шийдвэртээ Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т заасан иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй, захиргааны акт илт хууль бус байх тохиолдлыг бий болгож байгаа бөгөөд мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-т заасан бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн, хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл бий болж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан захиргааны гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4.-т заасан хугацаа үл хамаарахаар заасан тул дээр дурьдсан захиргааны байгууллагаас гаргасан дүгнэлт, шийдвэр нь илт хууль бус байна. Тухайлбал, Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсэг захирлын сонгон шалгаруулалт явуулахдаа Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар 25-ны өдрийн А/418 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шүүд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам"-ын дагуу 2023 оны 01 дүгээр срын 20-ны өдөр сонгон шалгаруулалтыг нийтэд мэдээлж зарласан.
Уг журмын 5 дугаар зүйлийн 5.2.7-д ...англи хэлний мэдлэг чадварыг дүгнэх TOEFL/IELTS, SAT,GMAT зэрэг олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар эх хувийн хамт эсхүл гадаад улсын их, дээд сургууль төгссөн боловсролын баримт бичгийн хуулбар..." бүрдүүлж өгнө гэж заасан байсан ба нэр дэвшигч Ж.Б******* уг шаардлагыг хангахгүй байсан учраас зар хаагдаж, бүртгэл эхэлсэн өдөр буюу 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр журамд нэмэлт өөрчлөлт оруулж /"Дүйцүүлэх гэсэн/ гэсэн шаардлага тавьснаар ажлын хэсэг Ж.Б*******ыг сонгон шалгаруулалтад бүртгэж авах үндэслэл болсон.
Өөрөөр хэлбэл, ажлын хэсэг сонгон шалгаруулалт явуулахдаа дүйцүүлэх гэдэг үгийг Ж.Б*******т зориулж хийсэн. Журамд "Дүйцүүлж болно" гэсэн өөрчлөлт оруулсан нь нийтэд зарласан журмын дагуу сонгон шалгаруулалт явуулаагүй гэж үзэх үндэслэл болохоос гадна ашиг сонирхлын зөрчил тус ажлын хэсэгт байсан болох нь илэрхий байна. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/418 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам нь Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд бүртгэгдээгүй, хууль зүйн мэдээлэл эмхтгэлд нийтлэгдээгүй, хүчин төгөлдөр болоогүй байхад сонгон шалгаруулалт нийтэд зарлаж явуулсан нь хууль бус байх тул ажлын хэсгийн дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэлтэй. Ажлын хэсгээс Хууль зүй, дотоод хэргийн яамны захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн бүртгэлд албан ёсоор бүртгэгдээгүй журмын дагуу төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулсан нь анхнаасаа хууль, журмыг ноцтой зөрчсөн төдийгүй нэр дэвшигч миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчлөө.
Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/418 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журамд заасны дагуу миний бие сонгон шалгаруулалтанд оролцох иргэнд тавигдах шаардлага хангасан, энэ талаарх холбогдох материалыг ажлын хэсэгт хүргүүлсэн. Сонгон шалгаруулалтын ажлын хэсэг 5 гишүүнтэй байсан бөгөөд уг ажлын хэсэгт Удирдах зөвлөлийн гишүүн, түүхийн тэнхимийн багш Ч.Б******* орсон явдал нь сургуулийн захирлын сонгон шалгаруулалт үнэн зөв, шударга явагдах боломжгүй байдлыг бий болгосон төдийгүй ашиг сонирхолын зөрчил шууд бий болсон. Өөрөөр хэлбэл, Ч.Б******* Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн нэгж болох Түүхийн тэнхимийн багш бөгөөд Монгол Улсын Боловсролын их сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн, нэр дэвшигч Ж.Б*******ын шууд удирдлага дор ажилладаг этгээд байсан.
Энэ талаар би Удирдах зөвлөлийн даргад 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр гомдол гаргасан боловч Удирдах зөвлөлийн дарга гомдолд хууль бус хариу өгсөн. Ажлын хэсгийн гишүүн Ч.Б******* нь бусад гишүүдийн үнэлгээнд нөлөөлсөн байж болзошгүй нөхцөл байдал дунд сонгон шалгаруулалт явагдсан нь Төрийн албаны тухай хуульд заасан нэр дэвшигч миний эрхийг ноцтой зөрчсөн төдийгүй хуульд заасан нийтлэг журам хэрэгжээгүй, хүний эрх, ашиг сонирхол зөрчигдөхөд хүрлээ. Ур чадварын шалгаруулалтанд гишүүдээс өгсөн үнэлгээнээс би 7 шалгуураас 4 шалгуурт өгсөн үнэлгээг хулээн зөвшөөрөх ямарч боломжгүй хэмээн үзэж байгаа.
Сонгон шалгаруулалтын явцад ажлын хэсгийн дарга О.Хуягцогт байнга орж гарч байсан ба миний боловсруулж танилцуулсан Монгол Улсын Боловсролын их сургуулийг хөгжүүлэх дунд хугацааны "Хөгжлийн хөтөлбөр"-ийг огт сонсоогүй атлаа үнэлгээ өгсөн нь хууль бус. Хэрэв ажлын хэсгийн гишүүд бүгд урьдчилж миний боловсруулсан Хөгжлийн хөтөлбөрийн цаасан хувилбартай танилцсан хэмээн дүгнэсэн бол энэхүү үнэлгээг би бүр ч хүлээн зөвшөөрөхгүй. Ажлын хэсгийн дарга О.Хуягцогт нь Боловсролын тухай хууль, сонгон шалгаруулалтын журмыг зөрчсөн.
О.Хуягцогт нь ярилцлага дууссаны дараа сонгон шалгаруулалтын явцтай холбоотой санал, гомдол байгаа эсэх талаар асуусан. Би ажлын хэсэгт хандаж зохион байгуулалтын хувьд та бүхэн хэвийн ажиллалаа, харин ажлын хэсэгт шууд удирдлага дор байгаа Ч.Б******* ажилласан нь ашиг сонирхлын зөрчил бөгөөд шалгаруулалт үнэн зөв, шударга явагдсан хэмээн үзэх боломжгүй байна гэдгээ бичгээр болон амаар илэрхийлсэн. Миний хэлсэн бүх зүйлийг ажлын хэсэг диктафон дээр хурааж авсан болно. Би дүн танилцуулахад ажлын хэсгийн гишүүдийн үнэлгээтэй танилцах хүсэлтийг ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ч.Б*******т гаргасан боловч хүлээн аваагүй нь хууль, журмаа зөрчсөн.
Холбогдох хууль тогтоомж болон журамд зааснаар би ажлын хэсгийн үнэлгээтэй танилцах эрхтэй ба надад танилцуулаагүй эс үйлдэхүй гаргасан. Сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа 2 үе шаттай явагдсан. 1-р үе шатанд бүрдүүлж өгсөн материалтай танилцаж 3 үзүүлэлтээр дүгнэсэн. Харин ур чадварын үнэлгээ хийх 2 дахь үе шатны шалгаруулалт 2023 оны 03 дугаар сарын 01-ний өдөр зохион байгуулагдсан ба 7 үзүүлэлтээс надад 67.4 гэсэн үнэлгээ өгсөнийг би хүлээн зөвшөөрөхгүй.
Би тус сургуульд нийтдээ 33 жил ажиллаж Төрийн албаны тухай хуульд заасан мерит зарчмын дагуу дагалдан багшаас эхлэн эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал хүртэл албан тушаалд өнөөдрийг хүртэл ажил үүргээ зохих ёсоор, шударгаар гүйцэтгэж ирсэн /энэ талаарх хангалттай материалыг бүрдүүлж өгсөн/ байхад надад мэргэжилд 15 онооноос 10 оноо, туршлагад 10 онооноос 9.1 оноо, хөгжлийн хөтөлбөрт 30 онооноос 19.8 оноо, удирдах зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадварт 10 онооноос 4.8 онооны үнэлгээг өгсөнийг ямар ч тохиолдолд би хүлээн зөвшөөрөх боломжгүй. Би Боловсрол шинжлэх ухааны сайдад болон сургуулийн Удирдах зөвлөлд бичгээр 2023 оны 03 дугаар сарын 02, 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрүүдэд гомдол гаргасан боловч миний гаргасан гомдлыг шийдвэрлээгүй атлаа 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б\31 дугаар тушаал гарган надтай өрсөлдсөн Ж.Б*******ыг Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлаар томилсон тушаал гаргасан явдал нь миний эрхийг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү.
Монгол Улсын хамгийн үнэт зүйл иргэн гэж боддог. Монгол Улсын баялаг иргэн шүү дээ. Би 33 жил энэ сургуульд ажилласан хүний хувьд энэ сургуулийн юу нь болдог, болдоггүй гэдэг өөрийн бодол санаа байдаг. Хэрвээ би Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирал болбол 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх хөтөлбөрөө шинжлэх ухааны үндэслэлтэйгээр боловсруулж дэвшүүлсэн.
Миний бие шүүхэд хандаж 3 зүйлийг хэлмээр байна. Үнэлгээтэй холбоотой 7 дүгнэлт байгаагаас 5 дүгнэлтийг огт хүлээн зөвшөөрөхгүй байна. Логик бодлогыг өөрсдөө шийдвэрлээд тавилаа гэж бодоход бусдыг нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний мэргэжил, туршлагын хувьд би 10 гаруй жилийн өмнө хүрсэн. Өнөөдрийг хүртэл сургуулийн хэмжээнд эрдэм шинжилгээ, сургалт зэрэг бүх зүйлээрээ манлайлж байгаа. 33 жилийн хуримтлуулсан туршлага, манлайлагч, мэргэжлийн хувьд ажиллаж чадна гэдгийг Америк, Япон, Герман, Бельги 4 улсаас нотолж баримтуудыг ирүүлсэн. Профессор цолыг маш олон шалгуураар олон хүний санал асуулгын үр дүнд авдаг. Тэгэхээр миний мэргэжил, туршлагыг үнэлж байгаа үнэлгээнүүдтэй огт санал нийлэхгүй. Монгол Улсын Боловсролын их сургуулийг хөгжүүлэх хөтөлбөрт ажлын хэсгийн ахлагч О.Хуягтцогт 30 онооноос 30 оноо тавьж байхад Ч.Б******* гэх хүн 30 онооноос 14 оноо тавьсан. Би анх шууд удирдлага доор байгаа хүн нь ажлын хэсэгт орж байгаа учраас Удирдах зөвлөлд хандаж өөр багш нараас ажлын хэсэгт оруулж сонгон шалгаруулалтыг шударга явуулах нөхцөлийг бүрдүүлж өгөхийг хүссэн. Яагаад ийм хүсэлт гаргасан гэхээр бусад сонгон шалгаруулалт явагдсан сургуулийн захирлуудын хувьд сургуулийг хөгжүүлэх хөтөлбөрийг олон нийтээр хэлэлцүүлж оноо аваад байсан. Монгол Улсын Боловсролын их сургууль тийм практикаар сонгон шалгаруулалтыг явуулах байх гэх цуурхал гарангуут Ч.Б******* нь энд тэндгүй миний нэрийг гутааж, та нар Ж.Б*******т саналаа өгнө шүү Д.Н*******т өгч болохгүй гэх яриаг дээгүүр доогуур хийж явсныг хүмүүс надад хэлсэн. Нэгэнтээ ийм яриа гаргаж байгаа учраас ашиг сонирхлын зөрчил байна гэж үзээд би хандсан. Ашиг сонирхол гэдэг асуудлыг энэ утгаар гаргаж тавьсан болохоос нэг байгууллагад олон жил ажилласан Ж.Б******* болон Д.Н******* ашиг сонирхлын зөрчил байгаа гэх талаар асуудал огт яригдаагүй.
2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн хууль бус журам гэж байна. Үүнийг логикоор бодсон ч тодорхой байгаа. Би хуульч хүн биш, сурган хүмүүжүүлэгч хүн бөгөөд 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр ажлын 20 хоногийн хугацаатай олон нийтэд зарлаж байгаа. Олон нийт сонгон шалгаруулалт зарлахдаа ганцхан шаардлага хангасан Монгол Улсын Боловсролын их сургуулиас нэр дэвших хүмүүсийн шалгаруулалтад орно гэдэг санаа огт байхгүй. Өөр эрдэм шинжилгээний байгууллагад ажиллаж байгаа, хажуу буурьт байгаа төрийн болон хувийн хэвшлийн сургуульд ажиллаж байгаа хүмүүс орох боломжтой. Улмаар 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 18:00 цагт хаахад 3 хүн материалаа өгсөн байсан. Эрх мэдлийнхээ хүрээнд журамдаа нэмэлт өөрчлөлт оруулсан байж болно. Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журмыг төрийн захиргааны төв байгууллага гэдэг утгаараа эрх мэдлийнхээ хүрээнд баталж болно. Холбогдох журамд нэмэлт өөрчлөлт оруулсан бол өмгөөлөгчийн хэлж байгаагаар хууль, эрх зүйн актын бүртгэлийг явуулж олон нийтэд дахин зарлах ёстой байсан болов уу. Дүйцүүлэлт гэдэг шалгуурыг хангасан хүмүүс, Д.Н*******ээс өөр хүмүүс яагаад орж болохгүй байгаа вэ. Гэтэл төрийн өмчийн бусад сургуулиуд болон манайд урьд өмнө нь ажиллаж байсан одоо ч ажиллаад явж байгаа эрдэм шинжилгээний байгууллага хүрээлэнгүүд зэрэг сонгон шалгаруулалтад орох гээд энэ журмын шаардлагыг хангаж чадахгүй буцаж байгаа олон хүн байсан. Гэтэл бусдын боломжийг хааж байгаа юм. 2023 оны 02 дугаар сарын 14-ний өдөр журамд нэмэлт өөрчлөлт орсон гэдгийг гомдлоо гаргаж явах явцад олж мэдсэн. Гэтэл Ж.Б******* гэж хүн сонгон шалгаруулалтыг хаанаас олж мэдээд материалаа өгч байгаа юм. Тэгэхээр Ж.Б******* нь Боловсрол, шинжлэх ухааны сайд яам, яамны Тамгын газар, ажлын хэсэгтэй холбоотой байж мэдээллийг зөвхөн өөр рүүгээ авч байсан гэдэг нь харагдаж байна. Өмгөөлөгч нь хүртэл Ж.Б******* гэх хүн хаанаас энэ мэдээллийг авсныг мэдэхгүй гэж хэлж байна шүү дээ.
Боловсрол, шинжлэх ухааны яам нь хэм хэмжээний актаа бүртгүүлэх ёстой газарт нь бүртгүүлж дахин дүйцүүлэх гэдэг байдлаар зарлаж, бусад өөр хүмүүс өрсөлдөхийг хүсэж байна. Өөрийн 2, 3 сар боловсруулсан хөгжлийн хөтөлбөрөөр энэ сургуулийг хөгжүүлье гэсэн бодолтой байгаа. Энэ шалгалтад бэлдэнэ гэдэг хүнээс ямар их цаг хугацаа шаарддаг, хөгжлийн хөтөлбөр хийнэ гэдэг хүнээс ямар их оюун ухаан шаарддаг гэдгийг, 7 сар шүүхээр явсны эцэст шударга үнэнийг тогтоолгоно. Миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгч, сонгон шалгаруулалттай холбоотой асуудлыг зөв талаас нь харж шийдвэрлэж өгнө үү. гэв.
3.1.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Н*******ийн хувьд Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлыг сонгон шалгаруулах шалгаруулалтад оролцсон. Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгээс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр зарыг нийтэд зарласан. Тус зарлалын дагуу 3 нэр дэвшигч материалаа бүрдүүлж, сонгон шалгаруулах ажлын хэсэгт ирүүлсэн. Үүнд сургуулийн захирлаар ажиллаж байгаа Ж.Б*******, нэхэмжлэгч Д.Н*******, н.Л гэх 3 хүн материалаа ирүүлсэн. Сонгон шалгаруулах ажлын хэсэг 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хуралдаад сонгон шалгаруулалтын нэр дэвшигчтэй холбогдуулж ирүүлэх материалыг 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөр тасалбар болгосон. Улмаар сургуулийн захирлыг сонгон шалгаруулах хурлаа хийж зарыг Боловсрол, шинжлэх ухааны яамны болон Монгол Улсын Боловсролын их сургуулийн веб сайтад байршуулсан. Ж.Б*******ын хувьд 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр нэр дэвшигчээр материалаа бүрдүүлж өгсөн. Д.Н******* болон бусад хүмүүсийн хувьд заасан хугацаанд материалаа бүрдүүлж өгсөн. Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгээс гаргасан дүгнэлт болон сонгон шалгаруулалтын үйл явц, ажлын хэсгээс нэр дэвшигч нарт өгсөн үнэлгээ зэргийг зөвшөөрөхгүй байгаа. Өөрөөр хэлбэл, миний сонгох, сонгогдох эрхэд халдсан, ашиг сонирхлын зөрчилтэй нөхцөл байдал бий болсон байхад сонгон шалгаруулалт явуулсан гэх үндэслэлээр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр тус шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан. О.Ч.Б******* гэх хүн нь түүхийн танхимын эрхлэгчээр ажилладаг бөгөөд сонгон шалгаруулалтад оролцсон Ж.Б*******тай нэг танхимд ажилладаг. Мөн шууд удирдлага дор ажилладаг учраас ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэж байгаа. Шууд удирдлага дор ажилладаг хүн сонгон шалгаруулах ажлын хэсэгт орсон нь бусад ажлын хэсэгт нөлөөлөхөөр байгаа учраас ашиг сонирхлын зөрчил үүссэн гэж үзэж байгаа.
Сонгон шалгаруулах ажлын хэсэг нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлыг сонгон шалгаруулах зарлалыг олон нийтэд зарлах үед Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн А/418 дугаар Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам нь нийтээр дагаж мөрдөх журам болоогүй байсан. 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайд А/66 дугаартай тушаал гаргаж тус А/418 дугаартай тушаалд журмын 5.2.7 дахь хэсэгт англи хэлний түвшин тогтоох 4 үзүүлэлт байх бөгөөд дүйцүүлж бодох буюу олон улсын байгууллагад гадаад хэл дээр эрдэм шинжилгээний өгүүлэл нийтлүүлсэн тохиолдолд дүйцүүлэх боломжтой гэх байдлаар нэмэлт өөрчлөлт оруулсан. Энэ өдөр Ж.Б******* гэх хүн Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад нэр дэвшихээр материалаа бүрдүүлж өгсөн, энэ үед тус журам нь хүчин төгөлдөр болоогүй байсан. Журамд нэмэлт өөрчлөлт оруулж байгаа тохиолдолд энэ талаар дахин нийтэд зарлах ёстой байсан боловч зөрчсөн. Тиймээс ажлын хэсгийн сонгон шалгаруулалт явуулахдаа хүчин төгөлдөр болоогүй журмын дагуу явуулсан бөгөөд үүний үр дүнд Ж.Б******* гэх хүнийг хамгийн өндөр оноо авсан гэх шалтгаанаар тус сургуулийн захирлаар томилуулахаар санал болгосон хууль бус гэж үзэж байна. Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн сонгон шалгаруулалт хууль ёсны дагуу болсон мэтээр тайлан гаргаж, Удирдах зөвлөлд танилцуулсан. Удирдах зөвлөлөөс Боловсрол, шинжлэх ухааны сайдад нэр дэвшигчийг томилуулахаар санал болгосон нь хууль зүйн үр дагавар үүсгэж байгаа учраас хүчин төгөлдөр болоогүй журмыг үндэслэж сонгон шалгаруулалт явуулсан ажлын хэсгийн тайлан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.7 дахь хэсэгт заасан үр дагаврыг бий болгож байгаа учраас ажлын хэсгийн тайланг илт хууль бус захиргааны акт гэж үзсэн.
Сонгон шалгаруулах комиссоос гаргаж байгаа тайлан нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд заасан захиргааны актын шинжийг агуулж байгаа учраас мөн илт хууль бус захиргааны акт гэж үзэж байгаа. Нэгэнт нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ биш байхад сонгон шалгаруулалт явуулж, сонгон шалгаруулалтын үндсэнд Боловсрол, шинжлэх ухааны сайдад санал болгож, Боловсрол, шинжлэх ухааны сайдаас 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/31 дугаар тушаал гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.1, 67.2, 67.3, 67.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Нэмэлт өөрчлөлт оруулсан тушаалын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 дэх хэсэгт заасан нэмэлт өөрчлөлт оруулсан тохиолдолд Хууль зүйн дотоод хэргийн яаманд хэм хэмжээний актыг бүртгэх нэгдсэн бүртгэлд бүртгэгдсэнээр хүчин төгөлдөр болдог. Тэгэхээр хүчин төгөлдөр болоогүй журмын дагуу сонгон шалгаруулалт явуулсан нь хууль бус байна.
Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсэг нь нийт 4 удаа хуралдсан. Эхний хуралдаанаар нийтэд сонгон шалгаруулалтын зарыг тарааж, хоёр дахь хуралдаанаар Ч.Б******* гэх хүн санал гаргасан Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журмын 5.2.7 дахь хэсэгт заасныг юу гэж ойлгох вэ. Нэр дэвшигч нарт тавигдах шаардлага байна. Шаардлагыг Ж.Б******* гэх хүн хангахгүй байгаа учраас тодруулах шаардлагатай гэсэн. Үүний үндсэнд Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/66 дугаар тушаал гарсан гэж ойлгосон. Ажлын хэсэг 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр буюу хоёр дахь хуралдааныг хийхдээ нэр дэвшигчээр бүртгүүлсэн хүмүүс журамд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхийг шийдвэрлэх ёстой байтал Ж.Б******* гэх хүнийг дүйцүүлэх талаар асуудал байна уу гэдгийг тодруулахаар хурлыг хойшлуулсан. Угтаа Ж.Б******* гэх хүнийг шаардлага хангахгүй байгаа эсэхийг энэ хурлаар шийдвэрлэж, нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзаж хурлыг цааш үргэлжлүүлэх ёстой байтал сонгон шалгаруулалтын үе шатыг зориуд хойшлуулсан. Гурав дахь удаа хуралдахдаа Боловсрол, шинжлэх ухааны сайдын А/66 дугаар тушаалыг танилцуулж, улмаар гадаад хэл дээр эрдэм шинжилгээний өгүүлэл бичих шаардлагыг Ж.Б******* нь хангаж байгаа учраас уг хүнийг нэр дэвшүүлье гэх байдлаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Энэ агуулгаараа Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсэг нь анхнаасаа хууль зөрчсөн, хүчин төгөлдөр болоогүй журмын хүрээнд сонгон шалгаруулалтыг явуулсан нь хууль бус байсан.
Нэхэмжлэгч Д.Н*******ийн хувьд хоёр дахь хэсэгт сонгон шалгаруулалтад орсон, ингэхдээ ажлын хэсгээс өгсөн үнэлгээнүүдийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Өөрөөр хэлбэл 1989 оноос эхэлж тус сургуульд дагалдан багшаас эхлүүлж өнөөдрийн байдлаар хөтөлбөрийн албаны даргын чиг үүргийг гүйцэтгэсэн бөгөөд нийт 33 жил ажилласан. Гэтэл нэхэмжлэгчийн мэргэжилд өгсөн үнэлгээ нь журамд зааснаар 15 оноо гэж зааснаас 10 оноо авсан, ажлын туршлагад 10 оноо өгөх ёстой байснаас 9.1 оноо, сургуулийг хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд 30 оноо өгөх байснаас 19.8 оноо, удирдах, зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадварт 10 онооноос 4.8 оноо өгснийг тус тус хүлээн зөвшөөрөхгүй байна. Яагаад хүлээн зөвшөөрөхгүй байгаа талаар нотлох баримт шинжлэн судлах явцад тодорхой болох байх. Д.Н*******ийн ажлын байрны тодорхойлолт, танилцуулга зэрэг нь хэрэгт авагдсан, эдгээр баримтаас харахад нэхэмжлэгчийн мэргэжил, ажлын туршлага, нийт 33 жилийн хугацаанд удирдах албан тушаал эрхэлсэн байхад удирдах, зохион байгуулах, манлайлах, багаар ажиллах чадварт бага үнэлгээ өгснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Түүхийн тэнхимийн багшаар ажиллаж байсан Ч.Б******* гэх хүн ажлын хэсгийн сонгон шалгаруулалтад орсон, нэгэнт ашиг сонирхлын зөрчил бүхий нөхцөл байдал бий болсноор ажлын хэсгийн бүрэлдэхүүнд нөлөөлөх байдлаар үнэлгээ өгсөн гэж үзээд хүлээн зөвшөөрөхгүй боломжгүй байгаа тул өмнө дурдсан 2 нэхэмжлэлийн шаардлагыг 3 хариуцагчид холбогдуулж гаргасан гэв.
3.2.1. Хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Боловсролын их сургуулийн Удирдах зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсэг Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/418 дугаар тушаалаар батлагдсан "Төрийн өмчийн зарим их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам"-ын дагуу МУБИС-ийн захирлын сонгон шалгаруулалтыг 2023 оны 1 дүгээр сарын 20-ноос 3 дугаар сарын 03-ны өдөр хүртэл зохион байгуулж, үр дүнг Удирдах зөвлөлийн 3 дугаар сарын 03-ны өдрийн хуралдаанд танилцуулснаар тус ажлын хэсгийн чиг үүрэг хэрэгжиж дууссан.
Ажлын хэсгийн нарийн бичгийн дарга Ч.Б******* ажлын хэсгийн бүх үйл ажиллагааг баримтжуулж, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/418 дугаар тушаалаар батлагдсан дээрх журмын 9.4-т ажлын хэсгийн нарийн бичгийн дарга нь сонгон шалгаруулалтын үйл явцыг баримтжуулан албажуулж тэдгээрийг архивын нэгж болгон зохих журмын дагуу яамны архивт хүлээлгэн өгнө гэж заасны дагуу Боловсрол, шинжлэх ухааны яамны Төрийн захиргааны удирдлагын газрн Харьяа байгууллагын удирдлагын асуудал хариуцсан шинжээч Д.Одончимэгт бүрэн хүлээлгэн өгсөн болно.
Ажлын хэсгийн ахлагч, гишүүд, нарийн бичгийн дарга бүгд ашиг сонирхлын зөрчил үүсэн эсэх тухайгаа холбогдох хууль тогтоомжид заасны дагуу үнэн зөвөөр мэдүүлсэн бөгөөд сонгон шалгаруулалтын үйл ажиллагааг ил тод, хөндлөнгийн нөлөөнд үл автан, батлагдсан журмын дагуу шударгаар зохион байгуулсан бөгөөд үйл ажиллагааны хэлбэр нь хуралдаан хэлбэрээр зохион байгуулагдаж, хэлэлцсэн асуудлаар гишүүн бүр саналын эрхтэй оролцож, хамтын шийдвэрээ олонхын дэмжсэн саналаар гаргаж ажилласан болно.
Иймд сонгон шалгаруулалтад нэр дэвшиж оролцсон Д.Н*******ийн нэхэмжлэлийн шаардлага буюу ажлын хэсгийн дүгнэлт илт хууль бус захиргааны актад тооцуулахыг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Ажлын хэсэг бие даасан субьект биш бөгөөд МУБИС-ийн Удирдах зөвлөлийн тогтоолоор өгсөн үүргийг биелүүлж, санал дүгнэлтээ УЗ-д танилцуулсан орон тооны бус, түр чиг үүрэгтэй байгуулагдаж, үйл ажиллагааныхаа үр дүнг Удирдах зөвлөлд танилцуулснаар дуусгавар болгож, холбогдох баримт бичиг, хурлын протокол зэрэг сонгон шалгаруулалттай холбоотой баримт материалыг Боловсрол, шинжлэх ухааны сайдын баталсан журмын 9.4-т заасны дагуу яаманд хүлээлгэн өгсөн болно. гэжээ.
3.2.1. Хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Захиргааны хэргийн шүүх захиргааны байгууллагыг хариуцагчаар татаж, захиргааны байгууллагын үйл ажиллагаа шийдвэртэй холбоотой хэрэг маргаан үүсгэж, шийдвэрлэдэг бүрэн эрх бүхий байгууллага байгаа. Тэгэхээр удирдах зөвлөлийн дарга нь захиргааны байгууллага гэх нэр томьёонд хамаарахгүй. Ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн дүрэмд зааснаар дотогшоо чиглэсэн, мөн Боловсролын ерөнхий хуульд зааснаар дотогшоо чиглэсэн удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлнэ гэсэн эрх бүхий субъект буюу гадагшаа чиглэсэн захирамжилсан шийдвэр, үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд биш байна.
Ажлын хэсгийн талаар ярьж байна. Гэтэл ажлын хэсэг нь мөн адил захиргааны байгууллага биш. Захиргааны байгууллага нь нэг удаагийн зүйлийг шийдвэрлэхээр үүсгэн байгуулагдсан, өөрөөр хэлбэл бие даасан субъект биш. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагчийн чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй этгээд юм. Маргаан бүхий шийдвэр гэж хэлээд байгаа 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 2023/02 дугаартай ажлын хэсгийн тайланд 6 хүн гарын үсэг зурсан байна. Ажлын хэсгийн бүх гишүүд хуралдаад нэг хүн нэг саналын эрхтэйгээр оролцсон. Гэтэл үйл ажиллагааны эцсийн үр дагавар О.Хуягцогт гэх хүн дангаар хариуцах боломжгүй. Ажлын хэсгийн тайлан яагаад гарах болсон гэхээр сонгон шалгаруулалтаа зарлаж түүний дагуу материалаа бүрдүүлж өгөөд сонгон шалгаруулах үйл ажиллагаа явагдаж байгаа. Бүртгүүлсэн хүмүүсээс Ж.Б*******, Д.Н******* нарыг шаардлага хангасан гэж үзээд сонгон шалгаруулалт явуулсан. Ингэхдээ хууль эрх зүйн мэдлэг, удирдан чиглүүлэх чадвар, сургуулийг хөгжүүлэх төлөвлөгөө зэргийг харгалзаж үзээд дүнг гаргасан. Д.Н******* нь нийт 67.5 оноо, Ж.Б******* нь нийт 84.5 оноо авсан гэж болсон үйл явдлын талаар тайлбарласан баримт бичиг юм. Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны актад тавигдах үндсэн шинжүүдийг огт агуулаагүй. Учир нь захиргааны байгууллага гаргаагүй, захирамжилсан шинж байхгүй, тайланг уншихаар Ж.Б*******ыг томилсугай гэж бичээгүй томилуулахаар санал гаргана гэсэн. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалт явуулахдаа ямар зүйлсийг шалгуур болгож хэн хэдэн оноо авсан талаар бичээд 6 хүн гарын үсэг зурсан талаарх үйл явцыг л харуулсан зүйл. Гэтэл нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагадаа үүнийг дурдаж, шийдвэр гэж нэрлэж илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах хууль зүйн үндэслэл байхгүй байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт захиргааны актын ерөнхий шинжийг зааж өгсөн. Мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт захирамжилсан үйл ажиллагаа гэж байгаа. Хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, татгалзсан үйлдэл, эс үйлдэхүй гэсэн. Тэгэхээр тус тайлан юуг ч хориглоогүй, зөвшөөрөөгүй, журамлаагүй, тогтоогоогүй, татгалзаагүй тайлагнаж байгаа зүйл. Тиймээс захиргааны актын шинжийг агуулгаагүй учраас нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэл байхгүй.
Баримт бичгүүдтэй холбогдуулж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ юу гэж тайлбарладаг гэхээр ашиг сонирхлын зөрчилтэй гэдэг. Ч.Б******* гэх хүнтэй нэр дэвшигч Ж.Б******* гэх хүн нь ашиг сонирхлын зөрчилтэй, нэг тэнхимд ажилладаг, шууд удирдах боломжтой гэдэг. Нотлох баримтаар гаргуулахыг хүссэн баримт хавтаст хэрэгт авагдсан бөгөөд Д.Н******* нь Ч.Б******* гэх хүнтэй ямар харилцаатай байсан болохыг харуулахаар хүсэлт гаргасан. Үүний дагуу баримт ирсэн, ашиг сонирхлын зөрчлийг тайлбарлахдаа шууд удирдлага дор хамт ажилладаг гэх үндэслэлийг тайлбарладаг. Гэтэл Д.Н******* гэх хүнтэй Ч.Б******* гэх хүн 2003 оноос хойш хамтарч ажиллаж байсан. Ингэхдээ шууд удирдлага дор байсан бөгөөд Ч.Б*******ыг Д.Н******* гэх хүн ажилд томилсон. Энэ талаар өмнөх шүүх хуралдаанд Д.Н******* өөрөө тайлбарласан. Тэгэхээр шууд удирдлага дор хамт ажиллаж байсан учраас ашиг сонирхлын зөрчилтэй байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Ж.Б*******, Ч.Б******* гэх хүмүүс хамт ажилласан хугацаанаас хэд дахин илүү хугацаагаар Д.Н******* Ч.Б******* гэх хүмүүс хамт ажиллаж, ажиллахдаа Ч.Б******* гэх хүн шууд удирдлага дор нь ажилласан байна. Ашиг сонирхлын зөрчил тогтоогдохгүй байгаа бас нэг үйл баримт байна, сонгон шалгаруулалт явуулсан баримт бичиг, 4 удаагийн хурлын тэмдэглэлүүд, тайлан зэргээс харж болно. Монгол Улсын Боловсролын их сургуулийн сонгон шалгаруулах ажлын хэсгийн дарга О.Хуягцогт, Ч.Б******* нар нь хууль эрх зүйн тестийг боловсруулж Ж.Б*******, Д.Н******* хоёроос шалгалт авсан. Ажлын хэсгийн бусад 3 хүн нь бусад шалгуур үзүүлэлтийн материалыг боловсруулж, улмаар үнэлгээг тогтоосон байдаг. Хууль, эрх зүйн тестийн шалгалтад Д.Н******* нь Ж.Б*******аас хамаагүй өндөр оноо авсан байна. н.Оюунаа, н.Хорлоо, н.Гантулга гэх хүмүүсийн авсан шалгалтад Д.Н******* нь хамгийн бага оноог авсан. Р.Бат-Эрдэнэ нь энэ ажиллагаанд ямар чиг үүрэгтэйгээр оролцож байгаа гэхээр ажлын хэсгээс ирүүлсэн тайлбар байгаа. Тус тайлбарт болсон процессыг бичиг баримтад буулгаж, архивд өгөх чиг үүрэгтэйгээр Ч.Ч.Б******* нь ажлын хэсэгт ажилласан. Нийт саналаар хамгийн өндөр оноог авч удирдах зөвлөлөөс энэ хүнийг шалгаруулсан. Ч.Б******* нь удирдах зөвлөлийн гишүүн байгаа юм, энэ чиг үүргээс харвал Ч.Б******* нь Ж.Б*******ын дээр байгаа юм шиг. Тиймээс шууд удирдлага дор байдаг гэж төсөөлж маргаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, бодит байдлуудыг харвал Ч.Б******* гэх хүн Д.Н*******тэй ашиг сонирхлын зөрчилтэй мэтээр харагдаж байгаа. Тэгэхээр ашиг сонирхлын зөрчлийн талаар ярьж байгаа нэхэмжлэгчийн үндэслэл нь хууль зүйн үндэслэлгүй байна.
Хэм хэмжээний акт нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй учраас илт хууль бус захиргааны актын шинжийг хангаж байна гэж маргаад байгаа. Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журмыг батлахдаа Боловсрол, шинжлэх ухааны сайдаас харьяа байгууллагууд руу дотогшоо чиглэсэн актыг гаргасан. 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А/418 дугаар тушаалыг харахаар батлагдсан журмын дагуу сул орон тоо гарсан албан тушаалд сонгон шалгаруулалт явуулж, дүнг танилцуулахыг удирдах зөвлөлд хэрэгжилтийг хангаж, биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журмын захиргааны байгууллагад даалгасугай гэж сургуулийн удирдах зөвлөл рүү чиглэсэн буюу дотогшоо чиглэсэн баримт бичиг биш. Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журмын 1.1 дэх хэсэгт Энэхүү журмын зорилго нь төрийн өмчийн зарим их, дээд сургуулийг төсвийн шууд захирагч, захирагчийн сул орон тоог нөхөх замаар оролцогчоос шалгалт авах, сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх харилцааг энэ журмаар зохицуулна гэж заасан. Энэ харилцаа хаана үүсэж байгаа гэхээр зөвхөн сонгон шалгаруулалтын ажлын хэсэг, удирдах зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны яамны хооронд явагдаж байгаа, огт гадагшаа чиглээгүй. Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журмын 1.3 дахь хэсэгт сонгон шалгаруулалтын зорилго нь албан тушаалд томилогдох шаардлагыг хамгийн сайн хангасан хүнийг чадахуйн зарчимд үндэслэн сонгон шалгаруулахад оршино гэж заасан. Тэгэхээр тус журмын зорилго, үйлчлэх хүрээ, баталж байгаа тушаалыг харахаар дотогшоо чиглэсэн баримт бичиг байгаа юм. Хэм хэмжээний актад тавигдах шаардлагыг хангаагүй, тиймээс үүнийг хэм хэмжээний актад бүртгүүлэхээр оролдоогүй. Тиймээс нэхэмжлэгчийн хууль зүйн үндэслэл нь үндэслэлгүй байна. Илт хууль бус шаардлага нь ямар учиртай вэ гэхээр нийгэмд тогтсон хэм хэмжээ, хуулийн шаардлагыг үндсээр нь зөрчсөн үйл ажиллагааг илт хууль бусад тооцох тухай үзэл баримтлал юм.
Монгол Улсын Боловсролын их сургуулийн удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулъя гэсэн. Гэтэл хурлын тэмдэглэл нь сонгон шалгаруулалттай холбоотой юу болсныг тайлбарлаж байгаа нэг хэлбэр юм. Энэ тэмдэглэл хэн нэгэнд чиглээгүй, хэн нэгэнд ямар нэг зүйлийг захирамжлаагүй. Тэмдэглэлийг хууль бус болохыг тогтоолгоё гэж байвал хүний хэлээгүй үгийг хэлсэн мэтээр бичих, болоогүй үйл явдлыг болсон мэтээр бичиж байвал шударга ёсонд нийцээгүй, үндэслэлгүй гэж харж болно. Тэгэхээр шүүхээс ямар үл баримтыг болоогүй гэж үзэж хүчингүй болгох вэ. Д.Н******* гэх хүний эрх ашиг мөн адил сэргэхгүй. Тиймээс хууль ёсны эрх, ашиг сонирхол хөндөгдөөгүй, захиргааны актын үндсэн шинжийг агуулаагүй, захиргааны байгууллагаас гаргаагүй баримт бичиг юм. Тэгэхээр энэ хоёр баримт бичигтэй холбоотойгоор гаргаж байгаа нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.
Хариуцагчаар хэнийг тодорхойлж байгааг асуусан шалтгаан нь хариуцагчаар Удирдах зөвлөл болон ажлын хэсгийг тодорхойлж байгаа гэвэл үүнд төлөөлөгч байхгүй. Хэрвээ иргэн хүнийг хариуцагч гэж тодорхойлж байвал тайлбараа захиргааны байгууллага биш гэж тайлбарламаар байна. Гэтэл байгууллага гэж байвал хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэж байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг харвал Удирдах зөвлөлийн дарга О.Бат-Эрдэнэ, Монгол Улсын Боловсролын их сургуулийн Удирдах зөвлөл гэж заагаагүй. Р.Бат-Эрдэнэ гэх хүний албан тушаалыг тодорхойлж өгсөн. Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн дарга О.Хуягцогт гэсэн. О.Хуягцогт гэх хувь хүний албан тушаалыг биччихсэн. Хурал эхлэхэд асуухад хүнээр нь гэж тайлбарласан. Хавтаст хэргээс итгэмжлэлийг харвал Ч.Б******* нь итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсон, би өмгөөлөгчөөр оролцсон.
Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж хэлснээр Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн тайланг илт хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа. Тайлан бол үйл явдлыг албажуулсан баримт бичиг, тайланг хүчингүй болголоо гээд болсон үйл явдал хэвээрээ байна. Нэхэмжлэгчид сэргээх эрх ашиг байхгүй.
Мөн Удирдах зөвлөлийн хурлын тэмдэглэлийг илт хууль бус болохыг тогтоолгох гэж байгаа. Тэмдэглэлийг үндэслэж Боловсрол, шинжлэх ухааны сайд тушаал гаргаж, томилох эсэх нь тусдаа асуудал. Удирдах зөвлөлийн тэмдэглэл нь Ж.Б*******ыг томил гэсэн эрх зүйн үр дагавар үүсгээгүй. Тэгэхээр энэ бичиг баримтыг хүчингүй болголоо гээд Д.Н******* гэдэг хүний эрх ашиг сэргэхгүй байна. Тэгэхээр хариуцагч нь ажлын хэсгийн ахлагч О.Хуягцогт, Удирдах зөвлөлийн дарга О.Бат-Эрдэнэ гэх хүн биш, дангаараа энэ хүн тайлан, тэмдэглэлийг гаргаагүй, дангаараа яаж хариуцах вэ.
Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журмаар сургуулийн захирал байх хүн ямар шаардлага хангасан байх ёстой вэ гэхээр маш олон шаардлага байгаа. Шаардлага нэг бүрээр дүн тавьсан. 5.2.7 дахь хэсэг Англи хэлний шаардлага нь бүртгэлийн тухайд л яригдсан. Энэ суурь шаардлага хангасан эсэх асуудалд л энэ талаар яригдаж байгаа юм. Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журмын 5.5 дахь хэсэгт бүртгэлтэй холбоотой асуудлаар 24 цагийн дотор гомдол гаргана гэж заасан. Гэтэл гомдол гаргах эрхээ алдсан байна. Энэ хүн гомдлоо эрх бүхий субъектэд гаргаагүй. Боловсрол, шинжлэх ухааны сайдад гаргасан гэтэл сайд ажлын хэсгийг зохион байгуулаагүй. Англи хэлний мэдлэгтэй, тодорхой хэмжээний чадвартай байх ёстой гэх шаардлагыг журмаар тавьж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтыг харахаар Д.Н******* гэдэг хүн ТOEIC гэдэг баримт бичиг гаргаж өгсөн. Тэгвэл адилхан Д.Н******* хангаагүй байна. Англи хэлний TOEFL, IELTS, GBAT биш байна. Д.Н******* гэдэг хүн яагаад маргаж байна гэхээр дүйцүүлж болохгүй гээд байгаа юм. Тэр хүн англи хэлээр илтгэл бичсэн байна уу, англи хэлээр олон улсын хуралд ороод илтгэлээ танилцуулсан байна уу гэдгийг дүйцүүлж болохгүй гэж байгаа юм. Тэгвэл яагаад TOEIC-ийг TOEFL-тэй дүйцүүлж байгаа вэ, ялгаагүй өөрөө шаардлага хангаагүй байна. Мөн бүртгэлтэй холбоотой гомдлоо гаргаагүй, хугацаа нь өнгөрчихсөн.
Ашиг сонирхлын зөрчлийн талаар 20 жил орчим багшаар ажилласан хүн Ж.Б*******ыг очиход эрхлэгч болсон, энэ нь ашиг сонирхлын зөрчилтэй байгааг харуулж байна гэжээ. Яагаад адилхан 20 жил сургуулийнхаа төлөө ажилласан хүн эрхлэгч болох нь ашиг сонирхлын зөрчлийг харуулаад байгаа вэ. Шаардлагыг хангасан болоод энэ хүнийг захирлаар томилох саналыг хүргүүлсэн гэж харж байна.
Бүртгэлтэй холбоотой асуудлаар ажлын хэсгийн 4 тэмдэглэл үйлдэгдсэн байгаа. 2022 онд Монгол Улсын их сургуулийн захирлыг сонгон шалгаруулахад дүйцүүлэх ажиллагааг хийсэн байна. Тэгэхээр нэг хүнд зориулж хийсэн гэдэг нь үндэслэлгүй байна. гэв.
3.2.2. Хариуцагч Монгол Улсын Боловсролын их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын боловсролын их сургуулийн Удирдах зөвлөлийн 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн гишүүд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/418 дугаар тушаалаар батлагдсан "Төрийн өмчийн зарим их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам"-д заасан чиг үүргийг хэрэгжүүлэн ажилласан. Ажлын хэсгээс тус журмын 7.3-т заасны дагуу "сонгон шалгаруулалт"-ын тайланг Удирдах зөвлөлд танилцуулсан. Удирдах зөвлөл дээр дурдсан журмын 7.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн тайлантай танилцсан хурлын тэмдэглэл, ажлын хэсгийн тайланг Боловсрол, шинжлэх ухааны сайдад хүргүүлсэн. Монгол Улсын Боловсролын их сургуулийн Удирдах зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр хурал байдаг бөгөөд дээр дурдсан журамд заасны дагуу Удирдах зөвлөл ажлын хэсгийн сонгон шалгаруулалтын тайлантай танилцан 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 2023/02 дугаартай хурлын тэмдэглэл үйлдсэн болно. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсанчлан Удирдах зөвлөлөөс 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 2023/02 дугаартай шийдвэр гэх эрх зүйн баримт батлагдан гараагүй болно. Иймд Нэхэмжлэгчийн Удирдах зөвлөлийн 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 2023/02 дугаартай шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасны дагуу илт хууль бус захиргааны актад тооцуулах шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.2.3. Хариуцагч Боловсрол, шинжлэх ухааны сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1 дэх захиргааны акт, захиргааны гэрээ хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдвол түүнийг хүчингүй болгох гэж заалтын дагуу нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байна гэж ойлгосон. Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал нь хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд гарсан. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн төрийн өмчийн их сургуулийн захирлыг томилно гэсэн зохицуулалттай. Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал нь хуульд заасан эрх хэмжээний хүрээнд гарсан. Д.Н*******ийн ямар эрх ашиг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалыг хүчингүй болговол сэргэх вэ гэдгийг ойлгохгүй байгаа. Тушаалыг гаргахдаа ажлын хэсгийн сонгон шалгаруулалтын дүнг үндэслэж томилохоор Боловсролын тухай хуульд тусгагдсан байгаа. Энэ хүрээнд хуулийн дагуу Ж.Б*******ыг захирлаар томилсон.
Нэхэмжлэгчээс Ж.Б*******т холбогдуулж тайлбарлахдаа хууль бус, бүртгэгдэх ёсгүй байсан гэж тайлбарладаг. Нэхэмжлэгчийн эрх ашгийг өмгөөлөхдөө сонгон шалгаруулалтын журмыг хүчин төгөлдөр мэтээр тайлбарлаж, байгаа юм. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг огт ойлгохгүй байгаа. Нэг талаараа Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам хүчин төгөлдөр гэж яриад нөгөө талаараа Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалыг хүчингүй болгох гэхээр тус журам нь ямар ч ач холбогдолгүй гэдэг зүйлийг ярьж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлага, утга агуулга нь алдаатай байна.
Захиргааны актыг нийтээр дагаж мөрдөх ёстой, гадагш чиглэсэн байх ёстой, байнга давтагдах шинжтэй байх ёстой. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2 дахь хэсэгт боловсролын салбарт шаардлагатай дүрэм журам, заавар аргачлалыг батлах нь Боловсрол, шинжлэх ухааны сайдын бүрэн хэмжээний асуудал юм. Боловсролын тухай хуульд зааснаар үүнд хэмжээ хязгаар огт байхгүй байгаа юм. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны сайд өөрийн эрх хэмжээний хүрээнд шаардлагатай гэж үзвэл тухайн асуудлаар шийдвэр гаргах эрх нь нээлттэй учраас энэ хүрээнд гаргасан. Уг тушаал нь хэм хэмжээний актын шинжийг агуулаагүй, боловсролын байгууллагын захирлыг хэрхэн томилох талаар заасан, дотогшоо чиглэсэн, нийтээр дагаж мөрдөх шинжийг огт агуулаагүй. Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журмыг авч үзэхээр хэрхэн үнэлэх талаар дотоод асуудлыг шийдвэрлэсэн зохицуулалт байгаа учраас нэхэмжлэлийн гаргаж байгаа тайлбарыг үгүйсгэх үндэслэл болно гэж үзэж байна.
Ашиг сонирхлын зөрчлийн талаар ярьж байна, ажлын хэсгийн гишүүдийн ашиг сонирхлын зөрчлийг ажлын хэсэг байгуулсан цагаас эхлүүлж нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүй байх боломжтой байсан. Ажлын хэсгийн гишүүдийг хэрхэн томилсон гэхээр Монгол Улсын Боловсролын их сургуулийн нийт бие бүрэлдэхүүн хоёр удаагийн цахим сонгуулиар тухайн ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг томилсон. Ямар нэг ашиг сонирхлын зөрчил бус олонхын саналаар ажлын хэсгийн гишүүдийг томилсон бөгөөд хэрэгт авагдсан баримтаас харагдана.
Нэхэмжлэгч ажлын хэсгийн дүгнэлттэй холбогдуулж 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдөр болон 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайдад гомдол гаргасан байдаг. 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргахдаа энэ асуудлаар шүүхэд гомдол гаргаж байгаа гэдгийг дурдсан байсан. Энэ тухайд хуульч хүний зүгээс юу гэж харсан гэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдах боломжтой байсан. Гомдлыг урьдчилсан байдлаар шийдвэрлээд тухайн байгууллага байхгүй бол Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 90 дүгээр зүйлийн 90.2 дахь хэсэгт заасны дагуу дээд шатны байгууллага эсхүл тухайн байгууллагад гаргаж шийдвэрлүүлэх боломжтой байсан. 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр Боловсрол, шинжлэх ухааны сайдад гомдол гаргаж 2023 оны 03 дугаар сарын 23-ны өдөр шүүхэд гомдол гаргасан. Гэтэл Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаал 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдөр гарсан. Хэрвээ Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалтай маргаж байвал урьдчилан шийдвэрлэх ажиллагаа эхэлж хийгдэх ёстой байсан. Энэ ажиллагаа хийгдээгүй учраас шүүхээс нэхэмжлэлийг буцаах үндэслэл бүрдсэн гэж харж байна гэв.
3.3. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн зүгээс сонгон шалгаруулах ажлын хэсэг, Удирдах зөвлөл, Боловсрол, шинжлэх ухааны сайд гэсэн 3 субъектийн баталсан баримт бичгийн хоёрыг илт хууль бусад тооцуулах, нэгийг хүчингүй болгуулах байдлаар нийт 6-7 үндэслэлийг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ дурдсан байдаг. Захиргааны акт илт хууль бус байхын тулд эхэлж тус 3 субъект нь захиргааны байгууллага мөн эсэхийг тодруулах шаардлагатай болно. Тодруулж хэлэхэд Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлд захиргааны актын 5 шинжийг заасан. Нэгдүгээрт, захиргааны байгууллага байх ёстой. Хоёрдугаарт, тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн баримт бичиг байх ёстой. Гуравдугаарт, эрх зүйн шууд үр дагавар үүсгэсэн байх, аман болон бичгэн хэлбэрээр гарсан захирамжилсан үйл ажиллагаа байх ёстой. Эдгээрээс 3 шинжийг хангахгүй байна гэж үзсэн. Ажлын хэсэг болон Удирдах зөвлөл нь захиргааны байгууллага биш. Захиргааны байгууллага гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Төрийн гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг төв, орон нутгийн бүх байгууллага, хууль тогтоомжийг биелүүлж, захирамжилсан шийдвэр гаргадаг Засгийн газрын бус бие даасан агентлаг, түүнтэй адилтгах нийтийн эрх зүйн бусад байгууллага, захиргааны чиг үүргийг хууль болон нийтийн эрх зүйн гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан этгээд, үйлчилгээг нь нийтээс заавал хэрэглэдэг төрийн ба холимог өмчийн сургууль, эмнэлэг, хэвлэл мэдээлэл, харилцаа холбоо, тээвэр, эрчим хүчний зэрэг байгууллагын захиргаа зэргийг ойлгохоор зааснаас харахаар ажлын хэсэг нь Төрийн холимог өмчит сургуулийн захиргаа биш. Удирдах зөвлөл мөн адил тус сургуулийн захиргаа биш боловсролын байгууллагын өөрөө удирдах зөвлөл байгаа. Тиймээс Удирдах зөвлөл болон ажлын хэсгийг захиргааны байгууллага гэж үзэх үндэслэлгүй.
Шууд үр дагавар бий болгосон гэж байна. Нэхэмжлэгчийн дурдаж байгаа дүгнэлт, шийдвэр гэж байгаа нь эрх зүйн шууд үр дагавар бий болгохгүй буюу Ж.Б******* гэх хүнийг шууд захирал болгож томилж байгаа баримт бичиг биш. Захирамжилсан шийдвэр үйл ажиллагаа гэдгийг Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт хориглосон, зөвшөөрсөн, журамласан, тогтоосон, татгалзсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор заасан. Энэ талаар Ц.О******* өмгөөлөгч тайлбарласан учраас дэлгэрүүлж ярих шаардлагагүй байх.
Нэхэмжлэгч сонгон шалгаруулалтыг нийтэд мэдээлсний дараа Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журамд өөрчлөлт орсон ингэхдээ нийтэд мэдээлээгүй гэх зүйлийг ярьдаг. Сонгон шалгаруулалт болохоос өмнө оролцогчийн эрх зүйн байдал дээрдэхээр байвал түүнийг оролцуулах нь ажлын хэсгийн үүрэг юм. Мөн захиргааны байгууллага нь өргөдөл, гомдлыг шийдвэрлээгүй эс үйлдэхүй гаргасан гэдэг. Нэхэмжлэгчээс гомдол гаргах субъектэд биш өөр этгээдэд гомдлоо гаргасан байдаг. Сонгон шалгаруулалтын ажлын хэсгийн гишүүн Ч.Ч.Б******* гэх хүнийг ашиг сонирхлын зөрчилтэй гэж хэлдэг. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд ашиг сонирхлын зөрчил гэдгийг хамтын шийдвэр гаргадаг байгууллага ажилладаг байсан бол ойлгохоор зохицуулсан. Ч.Ч.Б******* нь Удирдах зөвлөлийн гишүүн, Ж.Б******* нь бүрэлдэхүүн сургуулийн захирал байсан бөгөөд Удирдах зөвлөлд огт ажиллаж байгаагүй. Тиймээс хамтын шийдвэр гаргах эрх бүхий байгууллага биш. Сүүлд журамд өөрчлөлт орж дүйцүүлэх гэх ойлголт бий болсон гэж байна. Ж.Б*******т зориулж журмыг баталсан гэлээ. Гэтэл Ж.Б******* нь бүрэлдэхүүн сургуулийн захирал бөгөөд журмыг Боловсрол, шинжлэх ухааны яам гэх тусдаа субъект батална. Өмнө нь Монгол Улсын их сургуулийн захирлыг сонгон шалгаруулахтай холбогдуулж дүйцүүлэх эсэх асуудал яригдаж байгаад А/66 дугаар тушаалыг баталсан байдаг. Хуульд заанаас дээгүүр шаардлагыг журамд тогтоох ёсгүй бөгөөд Төрийн албаны тухай хууль, Боловсролын тухай хууль болон холбогдох хуулиас дээгүүр шаардлага тавьсан журмыг баталж болохгүй. Сонгон шалгаруулалттай холбоотой иргэдийн сэтгэгдлийг сонсоход Д.Н******* нь хуулийн дагуу зохион байгуулагдсан гэж үзсэн гэх тайлбар нь хавтаст хэргийн 117 хуудаст авагдсан байгаа. Гомдлыг шийдвэрлээгүй байж захирал томилсон тушаал гаргасан гэж байна. Боловсрол, шинжлэх ухааны сайдад 2023 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргасан байдаг. Тус гомдолдоо Д.Н******* нь энэ талаар би шүүхэд хандсан гэж тодорхой бичсэн тул дараагийн алхмууд хийгдсэн гэж үзэж байгаа. Тиймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл няцаагдсан гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Н******* нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад нэр дэвшиж оролцсон бөгөөд нэр дэвшигч Ж.Б*******ыг англи хэлний мэдлэгийн шалгуурт дүйцүүлэн тооцож бүртгэснийг, сонгон шалгаруулах ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ашиг сонирхлын зөрчил үүссэн талаар гомдол гаргасаар байхад гомдлыг хүлээж аваагүйг, ашиг сонирхлын зөрчилтэй этгээдийн үнэлгээг тус тус зөвшөөрөхгүй маргаж, Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн даргад холбогдуулан ажлын хэсгийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн тайланг, сургуулийн Удирдах зөвлөлийн даргад холбогдуулан Удирдах зөвлөлийн 3 дугаар сарын 03-ны өдрийн хурлын шийдвэрийг тус тус илт хууль бус болохыг тогтоолгохоор, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/31 дүгээр Ж.Б*******ыг Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлаар томилсон тушаалыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчаа тус тус тодорхойлсон байна.
Хуульд заасан журмаар хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтуудыг үнэлж, талуудын маргаж буй үндэслэлүүдэд дүгнэлт хийж, доорх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэг. Нэхэмжлэгчийн хариуцагчийг тодорхойлсон байдалд болон тэдгээр нь захиргааны байгууллага мөн эсэхэд.
1. Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлыг сонгон шалгаруулахаар тус сургуулийн Удирдах зөвлөлөөс 2023 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор байгуулсан ажлын хэсэг нь Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т зааснаар байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэхээр байгуулагдсан захиргааны байгууллага гэж үзэхээр нэгж байна.
Учир нь Боловсролын тухай хууль /2002 оны/-ийн 28 дугаар зүйлийн 28.1.12-т төрийн өмчийн их сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага томилохоор, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/418 дугаар тушаалаар баталсан Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журмын 1.5-д сургуулийн удирдах зөвлөлөөс захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулж, ажлын хэсэг сонгон шалгаруулалтыг явуулахаар, 7.3-т ажлын хэсэг сонгон шалгаруулалтын үнэлгээ, тайланг удирдах зөвлөлд танилцуулж, 7.4-т удирдах зөвлөл сонгон шалгаруулалтын дүнгээр захирлаар томилуулахаар нэр дэвшүүлэх санал хүргүүлэхээр, 7.5-д удирдах зөвлөлөөс санал болгосон нэр дэвшигчийг томилох эсэхийг сайд шийдвэрлэхээр журамласнаас үзэхэд ажлын хэсгийн сонгон шалгаруулалтын үнэлгээ, тайлан нь томилох шийдвэрийн үндэслэл болох эрх зүйн шууд үр дагавар үүсгэхээр хууль, тогтоомжоор зохицуулагдсан байх тул ажлын хэсгийг Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан шинжийг агуулсан захиргааны байгууллага гэж үзлээ.
2. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.4-т заасан төрийн өмчийн их сургуулийн захиргааг захиргааны байгууллага гэж үзэх бөгөөд Монгол Улсын Боловсролын их сургуулийн дүрмийн 4.1, Боловсролын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д зааснаар тус сургуулийн удирдах зөвлөл нь сургуулийн өөрийн удирдлагыг хэрэгжүүлэх захиргаа нь байх тул Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.13-т болон Төрийн өмчийн их дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журмын 7.4-т заасан сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн сургуулийн захирлыг томилуулахаар үүсгэн байгуулагчид санал хүргүүлэх Удирдах зөвлөлийн үйл ажиллагаа нь мөн хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12-т заасан сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох үр дагавар үүсгэсэн захиргааны үйл ажиллагаа байна.
3. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т зааснаар төрийн өмчийн их сургуулийн захирлыг томилсон сайдын 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн Б/31 дүгээр тушаал нь захиргааны акт бөгөөд энэ харилцаанд хамаарах сонгон шалгаруулах ажлын хэсгийн тайлан, удирдах зөвлөлийн саналыг өөр өөрийн үе шат дахь эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны үйл ажиллагаа гэж үзэж хамтатган шийдвэрлэх нь захиргааны хэргийн харьяалал зөрчихгүй гэж үзлээ.
4. Нэхэмжлэгч нь сонгон шалгаруулах ажлын хэсгийн сонгон шалгаруулалтын дүнгийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн тайлан[1], сургуулийн захирлаар томилуулахаар нэр дэвшүүлэх санал хүргүүлэх тухай Удирдах зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн тэмдэглэлийг[2] нэхэмжлэлийн зүйлээр тодорхойлон маргасан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн этгээдийг хариуцагч гэж үзэхээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-т зааснаар хариуцагч нь тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор байгуулагдсан захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсэг, мөн сургуулийн Удирдах зөвлөл байна.
Харин захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн ахлагч болон Удирдах зөвлөлийн дарга ажлын хэсгээс болон Удирдах зөвлөлөөс гарсан эрх зүйн актыг албажуулж гарын үсэг зурснаар Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.4-т заасан нийтийн эрх зүйн асуудлаар бие даан, өөрийн нэрийн өмнөөс дангаар захиргааны шийдвэр гаргах бүрэн эрх хуулиар тусгайлан олгогдсон захиргааны байгууллага гэж үзэх албан тушаалтан биш юм. Нэхэмжлэгч хариуцагчаа ийнхүү алдаатай тодорхойлсон нь шүүхийн шийдвэрийн шийдэлд нөлөөлөөгүйг дурьдах нь зүйтэй.
5. Ажлын хэсэг нь захирлыг сонгон шалгаруулсан үнэлгээг албажуулж Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12, Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журмын 7.3, 7.4-т заасан сонгон шалгаруулалтын үнэлгээг үндэслэн сургуулийн захирлыг томилох нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны үйл ажиллагааг тайлан хэлбэрээр гаргасан байх тул энэ нь захиргааны акт болно.
6. Удирдах зөвлөл 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдөр ажлын хэсгийн тайлантай танилцаж, Боловсролын тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.13, Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журмын 7.4-т заасны дагуу сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан этгээдийг сургуулийн захирлын албан тушаалд томилуулах саналыг Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлэхээр тогтсон шийдвэрийг 23/02 дугаартай тэмдэглэлээр гаргасан байх тул сонгон шалгаруулалтын үнэлгээг үндэслэн сургуулийн захирлыг томилох нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн эрх зүйн үр дагавар үүсгэсэн шинжээр нь Удирдах зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн 23/02 дугаартай тэмдэглэлийг мөн захиргааны акт гэж үзлээ.
Хоёр. Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн тайлан, сургуулийн Удирдах зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн хурлын шийдвэрийг илт хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.
1. Захиргааны актыг илт хууль бус гэж үзэх үндэслэлийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д тодорхой заасан, нэхэмжлэгч хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдээгүй Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журмын 5.2.7-д оруулсан хүчин төгөлдөр болоогүй нэмэлт өөрчлөлтөөр нэр дэвшигч Ж.Б*******ын англи хэлний мэдлэгийн шалгуурыг үнэлж бүртгэсэн нь ийнхүү бүртгэх эрх зүйн үндэслэл байгаагүй гэх агуулгаар ажлын хэсгийн тайлан, Удирдах зөвлөлийн саналыг илт хууль бус гэж маргасан.
2. Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12 дахь заалтаар Боловсрол, шинжлэх ухааны сайдад олгогдсон төрийн өмчийн их сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох бүрэн эрхийг хэрэгжүүлэхэд сонгон шалгаруулалтыг хэрхэн зохион байгуулах зохицуулалт дутмаг байснаар боловсролын салбарын холбогдох арга хэмжээг хэрэгжүүлэхэд шаардлагатай дүрэм, журам боловсруулж, батлах, хэрэгжүүлэх Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.2-т заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны сайд 2022 оны А/418 дугаар тушаалаар Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журмыг баталсан, уг журмаар төрийн өмчийн их, дээд сургуулийн захирлын орон тоог нөхөх замаар оролцогчоос шалгалт авах, сонгон шалгаруулах, нэр дэвшүүлэх харилцааг журамласан.
Уг журмын төсөлд санал ирүүлсэн Төрийн албаны зөвлөл 2022 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 03/2066 тоотдоо ийнхүү журамлах болсон үндэслэлийг Засгийн газрын 2019 оны шийдвэрээр төрийн өмчийн их, дээд сургуулийн удирдлага, багш, ажилтнуудыг төрийн үйлчилгээний албан тушаалын ангилал зэрэглэлд хамааруулахгүй болсноор төрийн өмчийн их сургуулийн захирлын сонгон шалгаруулалтыг Төрийн үйлчилгээний байгууллагын төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах журам-аар явуулах эрх зүйн үндэслэлгүй болсон тул томилох эрх бүхий этгээд бүрэн эрхийн хүрээнд журам гарган зохион байгуулах зайлшгүй нөхцөл шаардлага үүссэн хэмээн дурдаж, төрийн албаны стандарт удирдлагыг хэрэгжүүлэгч уг зөвлөл энэхүү захиргааны актын эрх зүйн үндэслэл хууль, тогтоомж зөрчөөгүйг тодорхойлсон байна.
3. Журмаар зохицуулж буй харилцаанаас үзвэл энэхүү журам нь нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах хэм хэмжээний актын актын шинжийг агуулаагүй, харин Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7-д заасан нийтлэг шинжээр тодорхойлогддог, эсхүл тодорхойлж болохуйц этгээдэд чиглэсэн шинжээрээ захиргааны актад хамаарахаар байна, тиймээс захиргааны хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох шаардлага тавигдахгүй бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/418 дугаар тушаалаар батлагдсан Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журам, 2023 оны А/66 дугаар тушаалаар орсон нэмэлт, өөрчлөлт хэм хэмжээний актын нэгдсэн санд бүртгэгдээгүй[3].
4. Тиймээс Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 66 дугаар тушаалаар оруулсан тус журмын 5.2.7 дахь заалтын өөрчлөлтийг мөн өдрөөс хэрэглэсэн нь захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй гэх илт хууль бус гэж үзэх үндэслэлд хамаарахгүй.
5. Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журмын 5.2.7 дахь англи хэлний мэдлэг чадварыг нотлох баримт бичигт TOEFL, IELTS, SAT, GMAT зэрэг олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар, эсхүл гадаад улсын их, дээд сургууль төгссөн боловсролын баримт бичгийн хуулбар ирүүлэхээр заасан байсан,
6. Энэ сонгон шалгаруулалтаас өмнө зохион байгуулагдсан Монгол Улсын их сургуулийн захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсэгт хүргүүлсэн[4] Боловсрол, шинжлэх ухааны яамны Дээд болон мэргэжлийн боловсролын удирдлага, зохицуулалтын газрын 2022 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 6/5926 тоот албан бичгээр Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журмын 5.2.7 дахь заалтаар шаардсан англи хэлний мэдлэг чадварыг олон улсын байгууллага, гадаадын их сургуульд үндсэн болон зочин багш, судлаачаар англи хэл дээр сургалт судалгааны ажил эрхэлж байсан, олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд англи хэл дээр өгүүлэл хэвлүүлсэн, илтгэл хэлэлцүүлсэн зэрэг нотлох баримтад үндэслэн дүйцүүлэн тооцох боломжтойг тодорхойлсон байдаг.
7. Түүнчлэн энэ маргаанд хамаарах зохицуулалтаар буюу Боловсрол, шинжлэх ухааны сайд 2022 оны А/418 дугаар тушаалаар баталж, 2023 оны А/66 дугаар тушаалаар нэмэлт өөрчлөлт оруулсан Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журмын 5.2.7 дахь заалтаарх шалгуураар 2023 онд Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлын сонгон шалгаруулалтаас гадна 2022 оны Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн, Монгол Улсын их сургуулийн, Шинжлэх ухаан, техниологийн их сургуулийн захирлын, 2023 онд Хөдөө аж ахуйн их сургуулийн, Монгол Улсын Консерваторийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтыг тус тус зохион байгуулсан[5] байдаг. Өөрөөр хэлбэл журмын энэ зохицуулалт ижил байдлаар хэрэглэгдсэн байна.
8.1. Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсэг 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хурлаар Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журмын 4.3, 4.4-т албан тушаалын тодорхойлолтод тавигдсан шаардлагыг хангасан оролцогчийг бүртгэнэ, сонгон шалгаруулалтын зард энэ шаардлагыг тусгана, 5.2.7-д бүртгүүлэх баримт бичгийн бүрдэлд англи хэлний мэдлэг чадвартайгаа нотлохуйц бичиг баримт шаардсан, сургуулийн захирлын албан тушаалын тодорхойлолтод англи хэлний мэдлэг чадвар нь ур чадварын шалгуурт хамаарч байгааг дурьдаад энэ шалгуурт олон улсын байгууллага, гадаадын их сургуульд үндсэн болон зочин багш, судлаачаар англи хэл дээр сургалт судалгааны ажил эрхэлж байсан, олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд англи хэл дээр өгүүлэл хэвлүүлсэн, илтгэл хэлэлцүүлсэн зэрэг нотлох баримтыг дүйцүүлэн тооцно хэмээн тогтож, сонгон шалгаруулалтын зарыг боловсруулж нийтлэхээр шийдвэрлэж,
8.2. Ажлын хэсгийн 2023 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн хурлаар оролцогчдын материалыг шалгаад нэр дэвшигч Ж.Б******* англи хэлний мэдлэг чадварыг дүгнэх TOEFL, IELTS, SAT, GMAT зэрэг олон улсын шалгалтын гэрчилгээний хуулбар, эсхүл гадаад улсын их, дээд сургууль төгссөн боловсролын баримт бичгийн хуулбар ирүүлээгүй тул энэ шаардлагыг бусад материалаар дүйцүүлэх боломжтой эсэхийг магадлахаар, нэр дэвшигч Ц.Л их дээд сургуулийн бүрэлдэхүүн, салбар, харьяа сургуулийн дэд захирал, захирлаар ажиллаж байсныг нотлох баримт ирүүлээгүй, яамны газрын дарга, мэргэжилтнээр ажиллаж байсныг нь дүйцүүлэх боломжтой эсэхийг магадлахаар болж,
8.3. 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар 2023 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн А/66 дугаар тушаалаар журмын 5.2.7-д ... их дээд сургууль төгссөн боловсролын баримт бичгийн хуулбар гэсний ард орсон олон улсын байгууллага, гадаадын их сургуульд үндсэн болон зочин багш, судлаачаар англи хэл дээр сургалт судалгааны ажил эрхэлж байсан, мөн олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд англи хэл дээр өгүүлэл хэвлүүлж, илтгэл тавьж хэлэлцүүлж байсан зэргийг нотлох баримт гэсэн өөрчлөлтөөр нэр дэвшигч Ж.Б******* англи хэл дээр 8 төсөл удирдсан, англи хэлээр бичсэн өгүүлэл, хэлэлцүүлсэн илтгэлийг бүтээлийн жагсаалтад ирүүлсэн-ээр түүнийг англи хэлний мэдлэг чадварын шаардлага хангасанд тооцож бүртгэсэн байна.
Иймд сургуулийн захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн хурлаар журмын 5.2.7-д өөрчлөлт орж агуулгыг тодосгосноор ... их дээд сургууль төгссөн боловсролын баримт бичгийн хуулбар гэсний ард олон улсын байгууллага, гадаадын их сургуульд үндсэн болон зочин багш, судлаачаар англи хэл дээр сургалт судалгааны ажил эрхэлж байсан, мөн олон улсын эрдэм шинжилгээний хурлын эмхэтгэлд англи хэл дээр өгүүлэл хэвлүүлж, илтгэл тавьж хэлэлцүүлж байсан зэргийг нотлох баримт гэсэн шаардлагыг нэр дэвшигч Ж.Б******* хангасанд тооцож бүртгэсэн нь үндэслэлтэй байна.
9. Түүнчлэн Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журмын 7.7-д заасан сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах шалгуур хангасан нэр дэвшигч бүртгэгдээгүй, тэнцээгүй гэх үндэслэл үүсээгүй байгааг дурьдах нь зүйтэй.
Гурав. Сонгон шалгаруулах ажлын хэсгийн гишүүнээр ашиг сонирхлын зөрчилтэй этгээд оролцсоноос шалгаруулалтын үнэлгээг үндэслэлгүй бууруулсан гэх үндэслэлийн талаар дүгнэхэд,
1. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2022 оны А/418 дугаар тушаалаар батлагдсан Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журмын 1.5-д сонгон шалгаруулалтыг зохион байгуулах ажлын хэсгийг тухайн салбарын талаар мэдлэгтэй 5-аас доошгүй хүний бүрэлдэхүүнтэйгээр сургуулийн Удирдах зөвлөлийн шийдвэрээр байгуулахаар, 3.1-д ажлын хэсгийн бүрэлдэхүүнд боловсролын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын төлөөлөл, дээд боловсролын салбарын удирдахуйн талаар мэдлэг туршлагатай мэргэшсэн хүнийг оролцуулахаар заасан.
Монгол Улсын Боловсролын их сургуулийн Удирдах зөвлөлийн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор сургуулийн захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгийг салбарын яамнаас 3 албан тушаалтан, сургуулийн багш нараас 1 төлөөлөл, төгсөгчдөөс 1 төлөөлөлтэй байгуулсан, багш нарын төлөөлөл 1 гишүүн дангаараа сонгон шалгаруулалтын үнэлгээнд шууд нөлөөлөх, үнэлгээг бууруулах боломжгүй юм.
2. Нэхэмжлэгч нь ажлын хэсгийн гишүүн тус сургуулийн багш нарын төлөөлөл Ч.Б*******ыг нэр дэвшигч Ж.Б*******тай ашиг сонирхол нэг хэмээн, тодруулбал Ж.Б******* нь Монгол Улсын Боловсролын их сургуулийн Нийгэм хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирлаар, Ч.Б******* нь уг салбар сургуулийн Түүхийн тэнхимийн багшаар ажилладаг нь шууд удирдлагын доорх нэгж-д ажилладаг гэж үзээд ашиг сонирхлын зөрчилтэй гэж ойлгогдохуйц нөхцөл байдал-ыг үүсгэж байна хэмээн маргадаг. Энэ талаар тэрээр шалгаруулалтын явцад 2023 оны 2 дугаар сарын 17-нд Удирдах зөвлөлийн даргад, 3 дугаар сарын 02-нд Боловсрол, шинжлэх ухааны сайдад гомдол гаргаж, шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ мөн энэ үндэслэлийг заадаг.
Ажлын хэсгийн гишүүн Ч.Б*******ыг нэр дэвшигч Ж.Б*******тай ашиг сонирхол нэг хэмээх үндэслэлээ нэг тэнхимд, нэг бүрэлдэхүүн сургуульд удирдлагад нь ажилласан гэж тайлбарлах ч ажлын хэсгийн гишүүн Ч.Б******* нь гуравдагч этгээд Ж.Б******* болон нэхэмжлэгч Д.Н*******тэй хамт ажилласан нөхцөл байдлын хувьд ижил[6], нөгөөтэйгүүр ажлын хэсгийн гишүүнд багш нараас төлөөллөөр сонгосны дээр ажлын хэсгийн гишүүд сонгон шалгаруулалт зохион байгуулахдаа ашиг сонирхлын зөрчил гаргахгүй болохоо илэрхийлсэн баталгаа гаргасан[7], энэ талаар Удирдах зөвлөлөөс түүнд 2 дугаар сарын 27-ны өдөр үндэслэл бүхий хариу өгсөн байдаг.
3. Сонгон шалгаруулах ажлын хэсэг ур чадварын шалгалтыг хууль эрх зүйн мэдлэг шалгах сорил, асуудал шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх чадварыг үнэлэх кейс, сургууль хөгжүүлэх хөтөлбөрийн танилцуулга, удирдан зохион байгуулах, манлайлах болон багаар ажиллах чадварыг үнэлэх ярилцлага хэлбэрээр авч, мэргэжил туршлагыг эрдмийн зэрэг, мэргэшил, туршлага-аар үнэлж, нэр дэвшигч Ж.Б******* 84.5 оноогоор, нэр дэвшигч Д.Н******* 67.4 оноогоор тус тус тэнцсэн.
Сонгон шалгаруулалтын үнэлгээнээс үзвэл ажлын хэсгийн гишүүн ашиг сонирхлын зөрчилтэй гэх Ч.Б******* оролцон дүгнэсэн хууль эрх зүйн мэдлэг шалгах сорилын шалгалтад нэхэмжлэгч Д.Н******* нөгөө нэр дэвшигчээс илүү өндөр оноогоор үнэлэгдсэн, харин ажлын хэсгийн бусад гишүүдийн дүгнэсэн асуудал шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх чадварыг үнэлэх кейсийн шалгалтад бага оноогоор, мөн ажлын хэсгийн гишүүдийн нийт үнэлгээний дундажаар үнэлэгдсэн сургууль хөгжүүлэх хөтөлбөрийн танилцуулга, удирдан зохион байгуулах, манлайлах болон багаар ажиллах чадварыг үнэлэх ярилцлага-ын шалгалтад бага оноогоор үнэлэгджээ.
Иймд дээрхээс үзвэл ажлын хэсгийн бүрэлдэхүүнд ашиг сонирхлын зөрчилтэй этгээд оролцсоноор үнэлгээнд нөлөөлсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
Дөрөв. Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах шаардлагын тухайд.
1. Боловсролын тухай хууль /2002 оны/-ийн 28 дугаар зүйлийн 28.1.12-т төрийн өмчийн их сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага томилох нь сайдад хуулиар олгогдсон бүрэн эрхэд хамаарах асуудал байна.
2. Сонгон шалгаруулалтыг хэрхэн явуулахыг 2022 оны А/418 дугаар тушаалаар журам батлан тогтоосон, Төрийн өмчийн их, дээд сургуулийн төсвийн шууд захирагчийг сонгон шалгаруулах нийтлэг журмын 1.5-д зааснаар сургуулийн удирдах зөвлөлөөс байгуулсан захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсэг 7.3-т зааснаар сонгон шалгаруулалт явуулж, үнэлгээ, тайланг Удирдах зөвлөлд танилцуулж, 7.4-т зааснаар Удирдах зөвлөл сонгон шалгаруулалтын дүнгээр захирлаар томилуулахаар нэр дэвшүүлж, 7.5-д зааснаар ажлын хэсгийн сонгон шалгаруулалтын үнэлгээ, тайлан, удирдах зөвлөлийн саналыг үндэслэн ийнхүү шийдвэрлэсэн нь хууль зүйн хувьд үндэслэлтэй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хөндөөгүй байна. Иймд нэхэмжлэлийн энэ шаардлагыг хангах үндэслэлгүй.
Тав. Бусад асуудлаар.
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3 дахь нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл нь урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэгжүүлэх боломжтой тохиолдолд хэрэглэх зохицуулалт тул 2023 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн тушаалд Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т зааснаар Боловсрол, шинжлэх ухааны сайдад өөрт нь гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлэх байсан гэх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй.
2. Хариуцагчаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон Монгол Улсын Боловсролын их сургуулийн Удирдах зөвлөлийн дарга О.Бат-Эрдэнэ нь шүүх хуралдаанд оролцохгүйгээ бичгээр илэрхийлснээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж, шүүхэд ирүүлсэн, хэрэгт авагдсан хариу тайлбарыг нь шүүх хуралдаанд уншиж судалж, шүүхийн шийдвэрт тусгасан болно.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Боловсролын тухай хууль /2002 оны/-ийн 28 дугаар зүйлийн 28.1.2, 28.1.2, 36 дугаар зүйлийн 36.13 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Н*******ийн Монгол Улсын Боловсролын их сургуулийн захирлыг сонгон шалгаруулах ажлын хэсгийн 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн тайлан, тус сургуулийн Удирдах зөвлөлийн 2023 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн саналыг тус тус илт хууль бус болохыг тогтоолгох, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн Б/31 дүгээр тушаалыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА