| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2017/0586/Э |
| Дугаар | 509 |
| Огноо | 2017-12-15 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 15 өдөр
Дугаар 509
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Б даргалж,
нарийн бичгийн дарга Д.Мөнхням,
улсын яллагч М.Амарзаяа,
шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт Б.Гийг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708010030183 дугаар хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Ховд аймгийн Цэцэг суманд төрсөн, эрэгтэй, 30 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, М овогт Бын Г /РД:..../.
Яллагдагч Б.Г нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод оршин суух гэртээ 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр эхнэр Э.Эийг байнга зодож, 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр эхнэр Э.Эийг жирэмсэн байхад нь зодож, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр Э.Эийг зодож, догшин авирлаж хөнгөн гэмтэл учруулан гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэг өгөхгүй” гэв.
Эрүүгийн 1708010030183 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Э.Эийн: “2017 оны 08 сарын 06-ны өдрийн 18 цагийн үед Баянхошууны тойрог орж мах, памперс авахаар явах гэтэл нөхөр Г нь хүү Лод уурлаж толгой руу гараа зангидаж байгаад чичиж байгаа юм шиг түлхээд байсан. Ер нь байнга хүчтэй цохихгүй ч гэсэн ингэдэг байсан. Тэгээд би “за явахаа болъё, хэрүүлтэй явж яадаг юм” гэхэд “мөнгөгүй надаар юу авахуулах гээд байгаа юм” гээд орилоод хэрүүл хийсэн. Гэрийн үүдэнд байсан тавчикийг аваад над руу шидсэн.., миний мөрийг хальт шүргэсэн, тавчикаа барьж байгаад миний баруун гар булчин хэсэг рүү 2-3 удаа цохисон, зүүн хөлийн гуя хэсэг рүү гараараа нэг удаа цохисон..., энэ үед миний баруун хөл, гар хөхөрсөн. Тэгээд хэрүүл маргаан арай гайгүй болоод байж байтал орой дахин маргалдаад цагдаа дуудсан...
...2016 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүүхэд төрүүлээд гэртээ байхад намайг хүү Лыг өмөөрөхөд шаазан тавгийг авч шидээд толгойг минь хагалсан..., 2016 оны 7 дугаар сарын 06-ны өдөр машинтай араас минь ирээд татаж чангаагаад намайг зугтахад таягаараа чих рүү цохиж чих сэтэлж байсан..., 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр гэртээ согтуу агсам тавиад хүү бид хоёрыг айлгасан болохоор цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг/ хх-74/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2016.07.05-ны өдрийн 9461 дүгээр шинжээчийн дүгнэлтэд: “1.Эийн биед баруун чихний дэлбэнд шарх, хэвлий, баруун зүүн бугалага, хүзүүний цус хуралт, баруун гуя, бугалганы зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. 3.Шүүх эмнэлгийн ...журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-46/,
Гэрч Г.Шинэбаярын: “...Гтэй уулзаад ярихад нэг сайхан гэрийн эзэн шиг л намбатай байдаг. Э ер нь бага зэргийн хурца зантай ба маргаан болдог гол шалтгаан нь Э орилж чарлаад байдаг болохоор нударгаар нь ингэчихдэг юм болов уу гэж бодож байна. ...хоёулаа ажилгүй байдаг хэрнээ хэн хүнээс илүү сайхан амьдардаг...Г тамхи татдаг, баяр ёслолоор архи уусан байхдаа ямар зан авиртайг мэдэхгүй. Ганааг мэддэг болоод би 10 жил болж байна. ...хамаатан садангаа өмөөрөөд их хэрүүл хийгээд байдаг юм шиг байсан...” гэх мэдүүлэг /хх-13-14/,
Гэрч Э.Ундармаагийн: “...Г нь Эийг цохиж зодож байсан удаа зөндөө..., мөнгөнөөс болж маргалдаад зодоод байдаг юм шиг байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-78-79/,
Гэрч Д.ЭнхБын: “...Г нь өнгөрсөн намар Эийг зодоод 4 мөчийг нь хөх няц болгочихсон байсан байхаар нь би цагдаад өргөдөл өг гэж хэлээд цагдаад хандсан...” гэх мэдүүлэг /хх-100/,
Гэрч Д.Хажидмаагийн: “...Эийн талаар өргөдөл би бичиж өгсөн. Тус өргөдөлд бодит болсон байдлыг бичсэн. Г бол эхнэрээ хайр найргүй зоддог байсан... бас жирэмсэн байхад нь толгой дээр нь таваг хагалж байсан гэсэн. ...энэ зун бас хөх няц болтол нь зодож байсан...” гэх мэдүүлэг /хх-103/,
Б.Гийн сэжигтэн, яллагдагчаар өгсөн: “2016 оны 7 дугаар сарын 04-ний орой 21 цагийн орчим манай урд айлын Санжаа, Тэгшдэлгэр нар хоол идээд манай гэрт сууж байтал манай эхнэр Э манай найз Цэнд-Аюуш ирэх гэж байна гэж хэлсэн. ...эхнэрийн найз Цэнд-Аюуш хоёр охиноо дагуулаад ороод ирсэн. ...эхнэр намайг дэлгүүр ороод хоол хүнсний зүйл аваад ир гэж хэлсэн. ...би нэг шил архи, хоол хүнсний зүйл аваад... Санжаа, Цэнд-Аюуш бид 3 тэр архийг хувааж уусан. ...Тэгээд байж байтал манай эхнэр Э караоке ороё гэж хэлэхэд Санжаа надад мөнгө байгаа, гану дуулья гэж хэлсэн. ...Баянхошууны эцэс дээр байдаг Гэрэл-Од караоке орж тэд нар нэг нэг шил пиво, би 100 грамм архи авч уусан. ...Тэгээд гэр рүүгээ харих замдаа Цэнд-Аюушийн гэрээр орсон. ...манай эхнэр Цэнд-Аюуштай маргалдсан. Тэгшдэлгэр нөхөр Санжаа руугаа дайраад муусайн янхнууд гээд байсан. ...эхнэр Э гэрт байхгүй байхаар нь буцаж гараад хайгаад явж байтал гудамжинд тааралдсан... Э намайг харангуутаа түлхэж газар унагаагаад миний дээр гараад гараараа цохиод байсан... Цэнд-Аюуш салгах гэж оролдсон бөгөөд Э гэр рүүгээ гүйгээд явсан. ...Цэнд-Аюуш надад “Э чи бид хоёрыг хардаад байна” гэж хэлсэн. ...Би Эийг зодож цохисон асуудал байхгүй. Харин татахдаа би чихэнд нь байсан ээмэгнээс татчихсан юм байна лээ. Би ээмэгнээс нь санаатай татаагүй. Өмнө нь эхнэрээ зодож гэмтээж бйасан асуудал байхгүй. Манай эхнэр найзтайгаа намайг хардаад над руу дайраад байсан, үүнээс болж маргалдсан...”
“...гэр рүү ороход хашаан дотор Тэгшдэлгэр, Санжаа, Э нар хэрэлдээд байж байсан... манай хадам аав гэрээсээ гараад ирсэн... Э над руу бас дайраад... Э, манай хадам аав, ээж над руу уурлаад дайрсан бөгөөд цагдаа нар ирээд намайг Баянхошууны цагдаагийн хэлтэс дээр аваачсан..” гэх мэдүүлэг /хх-47-48, 4950/
Э.Эийн гаргасан өргөдөл /хх-6/, аюулгүйн зэргийн үнэлгээ /хх-7-8/, гэрч Б.Гийн мэдүүлэг /хх-12/, гэрч Г.Даваасүрэнгийн мэдүүлэг /хх-15/, ЦЕГ-ын хайл, лавлагаа (Б.Гийн) /хх-23/, Асап сангийн лавлагаа /хх-23-24/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-28/, Э.Эийн гаргасан гомдлын хуулбар /хх-42-44/, Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай прокурорын 1858 дугаар тогтоолын хуулбар /хх-52/, Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн талаарх лавлагаа /хх-55, 81/, Яаралтай түргэн тусламжийн тэмдэглэл /хх-59/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр уншиж шинжлэн судлав.
Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэж шүүх үнэллээ.
Шүүгдэгч Б.Г нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, ... тоотод оршин суух гэртээ 2016 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр, 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр эхнэр Э.Эийг байнга зодож, 2016 оны 7 дугаар сарын 04-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт эхнэр Э.Эийг зодож, догшин авирлаж хөнгөн гэмтэл учруулсан, 2017 оны 8 дугаар сарын 06-ны өдөр гэр бүлийн хамаарал бүхий бүхий харилцаатай хүнийг буюу эхнэр Э.Эийг жирэмсэн байхад нь зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн болох нь хохирогчийн мэдүүлэг, гэрчүүдийн мэдүүлгүүд, шүүгдэгч Б.Гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч Б.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3-т зааснаар Б.Гэд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авахуулах” гэж,
шүүгдэгч Б.Г “Өөрийн буруугаа хүлээн зөвшөөрч байна. Цаашид алдаагаа засаж амьдрах болно” гэж тус тус дүгнэлт гаргасан болно.
Иймд шүүгдэгч Б.Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй.
Шүүх анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдаж байна.
Гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд тухайн зүйл, хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох, хязгаарлалт тогтоож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Эрдэнэцэгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан боловч хохирогч “нэхэмлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэснийг харгалзан шүүгдэгч Б.Гийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г урьдчилан хоригдоогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М овогт Бын Гийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг жирэмсэн эмэгтэйн эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Б.Гийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 3 дахь хэсгийн 3.3-т тус тус зааснаар Б.Гэд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэж, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.Г тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.Г урьдчилан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Гэд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР