| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дашравдангийн Халиуна |
| Хэргийн индекс | 128/2023/0619/З |
| Дугаар | 128/ШШ2023/0894 |
| Огноо | 2023-11-27 |
| Маргааны төрөл | Татвар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 11 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2023/0894
2023 11 27 128/ШШ2023/0894
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: С ХХК /РД:*******/,
Хариуцагч: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагч М.О*******, Ц.М******* нар,
Маргааны төрөл: Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нөхөн ногдуулсан актыг илт хууль бус хэмээн маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.А*******, хариуцагч М.О*******, Ц.М*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн оролцуулан хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн НА- тоот нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус болохыг тогтоолгох.
Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар
2.1. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчид 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн НА- тоот нөхөн ногдуулалтын актаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн 197,679,549,894.23 төгрөгийн зөрчилд нөхөн татвар, торгууль, алданги нийт 15,617,512,783.15 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон.
2.2. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаар тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг хэвээр үлдээж, уг тогтоолыг 2023 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гардан авч 7 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд анх нэхэмжлэл гаргасан.
Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар
3.1. Нэхэмжлэгч 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр акт тогтоохдоо Ашигт малтмалын тухай хуулийн 2019 оны 10 дугаар сарын 30-нд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон 47 дугаар зүйлийн 47.1-д 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар орсон нэмэлт өөрчлөлтийг баримталж тус компанийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч хэмээн үзэж төлбөр нөхөн ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтаар илт хууль бус, нөхөн ногдуулалтын актын тухайн хэсэг илт хууль бус тул акт бүхэлдээ илт хууль бус болно хэмээн маргасан бол, хариуцагч нар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д орсон өөрчлөн найруулсан хэсэг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 10 дугаар сарын 30-ны хооронд хүчин төгөлдөр үйлчилсэн, татвар төлөгч компани энэ хугацаанд төмрийн хүдэр худалдсан, худалдахаар ачуулсан нь гаалийн мэдээгээр тогтоогдсон дүнгээр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нөхөн ногдуулж, торгууль, алданги тогтоосон хэмээн тайлбарлажээ.
3.2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлдээ: Манай компани нь Хэнтий аймгийн Б суманд төмрийн хүдэр баяжуулан экспортлох чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тус компанид хариуцагч Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газраас холбогдох шалгалтыг явуулж улмаар 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн НА- тоот нөхөн ногдуулалтын актаар нийт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрт 15,617,512,783.15 төгрөгийн төлбөр төлүүлэхээр тогтоосон. Ингэхдээ хариуцагч нь хүчингүй болсон хуулийн зүйл заалтыг ашиглаж буюу хуульд үндэслэхгүйгээр акт тогтоосон гэж бид үзэж байгаа тул уг актыг илт хууль бус акт болохыг тогтоолгохоор энэ нэхэмжлэлийг гаргаж байгаа болно.
2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд нэмэлт өөрчлөлт оруулж "Ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд" нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байхаар өөрчлөн найруулсан. Улмаар уг нэмэлт өөрчлөлт нь Үндсэн хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчиж байсан тул Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот дүгнэлтээр түдгэлзүүлж мөн оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот тогтоолоор дээрх нэмэлт өөрчлөлтийг бүхэлд нь хүчингүй болгон шийдвэрлэсэн. Улмаар 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар дээрх заалтыг шинээр "ашигт малтмал экспортолсон этгээд" болгон өөрчлөн найруулж мөн өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар уг нэмэлт өөрчлөлтийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хэрэгжүүлж дагаж мөрдөхөөр заасан.
Татварын ерөнхий газрын татварын улсын байцаагч нөхөн ногдуулалтын актыг тогтоохдоо 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дээрх нэмэлт өөрчлөлт нь өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа гэх байдлаар акт тогтоож Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан захиргааны үйл ажиллагааны хуульд үндэслэх зарчмыг зөрчсөн ба Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй бол уг акт нь илт хууль бус захиргааны акт болж гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна гэж заасан байна. Бид Захиргааны ерөнхий хуулийн 92, 94 дүгээр зүйлд заасны дагуу Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд уг асуудлаар гомдол гаргаж, Маргаан таслах зөвлөл 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 30 тогтоолоор бидний гомдлыг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэн нөхөн ногдуулалтын актыг хэвээр баталсан. Ингэхдээ уг тогтоолын үндэслэх хэсгийн 4-т 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд оруулсан нэмэлт өөрчлөлт нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Үндсэн хуулийн Цэцийн тогтоол гарах хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байсан гэх байдлаар дурдсан. Уг хугацаанд тухайн нэмэлт өөрчлөлт хүчин төгөлдөр байсан ч нөхөн ногдуулалт хийсэн цаг хугацаанд буюу 2022 хүчингүйд тооцогдсон байсан тул татварын улсын байцаагч нь нөхөн ногдуулалтын актыг тогтоохдоо Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 тоот тогтоолоор хүчингүй болсон Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох заалтыг өнөөдөр хүчин төгөлдөр байгаа мэтээр үндэслэн тооцсон юм.
Иймд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 47 дугаар зүйлийн 47.1.6-т заасны дагуу татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн НА- тоот нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус актаар тогтоон шийдвэрлэж өгнө үү гэжээ.
3.3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "С******* ХХК нь 2016 оноос Хэнтий аймгийн Б суманд төсрийн хүдэр баяжуулан экспортлох чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг байсан. 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд дугаартай ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг байсан. Тус тусгай зөвшөөрөл нь жонш олборлох тусгай зөвшөөрөл учраас үүнтэй холбоотой ямар нэгэн шаардлага гаргаагүй. Үйл ажиллагааны хувьд тусгай зөвшөөрөлтэй газраас төмрийн хүдрийг худалдан авч баяжуулах байдлаар экспортлох үйл ажиллагааг явуулдаг. 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр НА- дугаартай 15,617,512,783.15 төгрөгийн нөхөн ногдуулалтын акт тогтоосон. Нөхөн ногдуулалтын актыг тогтоохдоо хүчингүй болсон хуулийг буюу Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг хүчингүй болсны дараа үндэслэсэн гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан. Нэхэмжлэлийн үндэслэл нь 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшигч төлдөг байсан ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан этгээд нь төлөгч байхаар зохицуулсан. Улмаар энэ асуудлаар Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцэд маргаан гарч Үндсэн хуулийн Цэцийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 03 дугаар тогтоолоор түдгэлзүүлж, 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 04 дугаар тогтоолоор бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэсэн. Үүнээс үзэхэд С******* ХХК-ийг 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс шинэ өөрчлөлтийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болохоор зохицуулагдсан ч 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр уг заалт хүчингүй болсноор төлбөр төлөгч биш болсон гэж үзсэн. Урьдчилан шийдвэрлэх ажиллагааны дагуу Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөлд уг асуудлыг талаар тайлбарласан гэхдээ тодорхой хариуг өгөөгүй. Татварын ерөнхий газраас тайлбарладаг тайлбар нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд худалдсан, экспортолсон бол шинээр 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэмэлт өөрчлөлт орсон зохицуулалтын дагуу хамаарах тухай зохицуулсан. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр С******* ХХК ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болоод 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр тухайн акт хүчингүй болсноор төлбөр төлөгч биш болж 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хуульд оруулсан өөрчлөлт болон түүнийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн дагуу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс хойш ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч биш болсон гэж үзсэн тул Татварын ерөнхий газраас нөхөн ногдуулалтын актыг тогтоохдоо 2022 он буюу тухайн акт хүчингүй болсон байхад актыг хүчин төгөлдөр гэж үзээд нөхөн ногдуулалтын акт тогтоосон үндэслэлгүй тул илт хууль бус болохыг тогтоолгох хүсэлттэй байна. гэв.
3.4. Хариуцагч татварын улсын байцаагч нар хариу тайлбартаа: Том татвар төлөгчийн газартай харьцдаг ******* тоот регистртэй С ХХК-ийн 2018-2021 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын еренхий газрын даргын хамтран баталсан хяналт шалгалт хийх тусгай удирдамж, Татварын хяналт шалгалтын хэлтсийн даргын татварын хяналт шалгалт хийх 2122501533 тоот томилолтын дагуу Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М*******, М.О******* нар хэсэгчилсэн шалгалт хийж, 197,679,549,894.23 төгрөгийн зөрчилд 15,617,512,783.15 төгрөгийн төлбөр ногдуулж татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн тоот нөхөн ногдуулалтын акт үйлдсэн. С ХХК нь 1 үүсгэн байгуулагчтай БНХАУ-ын иргэн /CHN7305265/ 100 хувийн хөрөнгө оруулалттай, 433,800,000.00 төгрөгийн дүрмийн сантай, гадаад худалдаа, ашигт малтмалын ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг. С ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр олгосон МV-005692 дугаарын ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан бөгөөд уг тусгай зөвшөөрлийг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 774 тоот Кадастрын хэлтсийн даргын тушаалаар өөрийн хамаарал бүхий ХХК-д шилжүүлсэн байсан.
Тусгай зөвшөөрлийг эзэмшиж байх хугацаанд жоншны олборлолт хийж, экспортлон борлуулсан тухай татварын албанд ирүүлсэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар (АМНАТ тусгай зөвшөөрөл эзэмшигч-ТТ-15 маягт) 2018 онд 17,185.6 тонн жонш олборлож, үүнээс 2018 онд 14,136.90 тонн жонш экспортолж 3,342,477,539.08 төгрөгийн төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс 167,123,876.93 төгрөгийн, 2019 онд үлдсэн 3,048.70 тонн жонш экспортолж 727,027,147.44 төгрөгийн төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс 36,351,357.37 төгрөгийн, дотоодоос худалдан авсан 297,483.70 тонн төмөр экспортолж 30,192,697,690.91 төгрөгийн төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс 428, 464,540.99 төгрөгийн, 2020 онд (ТТ-15 маягтаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлан, тусгай зөвшөөрөлгүй татвар төлөгч) 156,318.55 тонн төмөр экспортолж 18,427,475,672.83 төгрөгийн төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс 105,267,918.26 төгрөгийн, 2021 онд 149,653.93 тонн төмөр экспортолж 23,824,118,511.31 төгрөгийн төлбөр ногдох борлуулалтын үнэлгээнээс 542,368,809.10 төгрөгийн, 7,121,758,125.47 төгрөгийн төмрийн дагалдах бүтээгдэхүүнээс 419,371,938.96 төгрөгийн төлбөр ногдуулж төлөхөөр тус тус тайлагнаж, цахим тайлангийн /e-tax.mta.mn/ системд илгээн баталгаажуулж, төсөвт 2019 онд 167,123,876.93 төгрөг, 2020 онд 132,000,001.00 төгрөг, 2021 онд 299,069,412.89 төгрөг төлсөн байна. Татвар төлөгч нь өөрийн эзэмшиж байсан тусгай зөвшөөрлийг шилжүүлсэн боловч татварын хяналт шалгалтад хамрагдах хугацаанд 2018 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд тайлагнасан 17,185.6 тонн хүдэр олборлож 14 136.9 тонныг экспортод борлуулсан, 2019 онд олборлосон барааны үлдэгдэл 3,0487 тонныг борлуулсан татвар төлөгчийн тайлан, экспортын гаалийн мэдүүлэг зэргээр нотлогдсон.
Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйл. Захиргааны акт илт хууль бус болох, 47.1. Дараах тохиолдолд захиргааны акт илт хууль бус болно: 47.1.1. утга агуулгын илэрхий алдаатай;, 47.1.2. бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй;, 47.1.3. тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан;, 47.1.4. захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус, 47.1.5. хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан: 47.1.6. захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй,, 47.1.7. түүний Бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй, гэж заасан байдаг.
Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.20. татвар төлөгч" гэж Татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг, 7 дугаар зүйлийн 7.3 Тодорхой төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна. 9 дүгээр зүйлийн 9.1. Татвар төлөгчийг ногдох зүйлд орлого, хөрөнгө, бараа, ажил үйлчилгээ, тодорхой эрх, газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц, агаарын, хөрсний, усны бохирдол зэрэг зүйл хамаарна. 9.2. Татвар ногдох зүйлийг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан тогтооно. 28 дүгээр зүйлийн 28.1-д Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө, 28.10-т Татвар төлөгч нь хууль тогтоомж болон ногдлоо татварын албанаас баталсан заавар, аргачлал, маягт, дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй" заасны дагуу татварын албанаас баталсан аргачлал, журамд зааснаар татварын ногдлоо өөрөө үнэн зөв тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлөх үүрэгтэй байна.
С ХХК-ийн 2018 онд ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч байх хугацаандаа олборлосон ашигт малтмалаа 2018, 2019 онд экспортолсон, мөн худалдан авсан төмрийн хүдрийн баяжмалыг экспортолсон нь гаалийн мэдүүлэг болон татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн сангийн тайлангийн мэдээллээр тус тус нотлогдож байх бөгөөд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийг Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/ 47 дугаар зүйлийн 47.1, 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн 47.1-д тус тус заасны дагуу тодорхойлсон.
Түүнчлэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д "Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө", Ашигт малтмалын тухай хууль /2019 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1-д "Доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: 47.1.1. ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, 47.1.2. ашигт малтмал экспортолсон этгээд", 47 дугаар зүйлийн 47.2.1-д "экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан" гэж заасны дагуу зах зээлийн үнийн эх сурвалжид зарлагдсан олон улсын зах зээлийн үнийг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан тул татвар төлөгчийн хууль бус захиргааны акт гэх гомдол үндэслэлгүй гэж үзэж байна. Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн болон 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулиар Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр болон төлбөр ногдуулах борлуулалтын үнэлгээнд өөрчлөлт оруулахгүйгээр ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй эсэхээс үл хамааран ашигт малтмалын нөөцийг худалдахаар ачуулсан, экспортолсон этгээд АМНАТ төлөгч болж тайлагнаж, төлөх үүрэгтэй болсон.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааны 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 3 дугаар тогтоолоор "Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим заалтуудыг 2019 оны 11 дүгээр сарын 01-ны өдрөөс эхлэн тус тус түдгэлзүүлж, Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 30-ний өдрийн 4 дүгээр тогтоолоор Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн зарим заалтыг хүчингүй болгож энэ шийдвэр гармагцаа хучин төгөлдөр болохоор байна.
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг дагаж мөрдөх тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд дагаж мөрдөх бөгөөд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийг 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр байгаа нь АМНАТ тайлагнах, төлөх үүргээс чөлөөлөөгүй байна. Иймд татвар төлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, татварын улсын байцаагчийн нөхөн ногдуулалтын актын хэрэгжилтийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлд ашигт малтмалын ашиглагчийн төлбөр төлөх нөхцөлийг хуульчилсан. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт зааснаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч мөн эсэхээс үл хамаарч ашигт малтмал экспортолсон, худалдсан, ачуулсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх эрх зүйн зохицуулалт 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулагдсан бөгөөд энэ тухайд маргаан байхгүй. Хэрэгжих хугацаа нь 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр байсан бөгөөд тус хугацаанаас ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх үндэслэлтэй болсон гэж үзээд нөхөн ногдуулалтын акт оногдуулсан. Ингэхдээ 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасан нэмэлт өөрчлөлт нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан. үүнийг эрх бүхий этгээд болох Монгол Улсын Үндсэн хуулийн цэц болон шүүхээс хууль зөрчсөн гэх үндэслэлээр хүчингүй болгох, хэрэг үүсгэсэн гэх зүйл байгаагүй.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэц 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчсөн гэж үзэж хүчингүй болгон 04 дугаартай тогтоолыг гаргасан. Өнөөдрийг хүртэлх хугацааны ногдуулалттай холбогдуулж маргаж байгаа. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн шийдвэр нь Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дэх хэсэг, Монгол Улсын Үндсэн хуулийн Жаран долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно гэж заасны дагуу 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүчингүй болсон гэж үзнэ. Тэгэхээр 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тухай зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилж байсан учраас энэ агуулгаар нөхөн ногдуулалтын акт ногдуулсныг үндэслэлтэй гэж үзсэн. Илт хууль бус үндэслэлээ тодорхойлохдоо Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтыг баримталсан бөгөөд тус зохицуулалтад заасан үйл баримт болоогүй. 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс С******* ХХК нь Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2 дахь хэсэгт заасан ашигт малтмал экспортолсон этгээдэд хамаарч байгаа тул ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөх нь эрх зүйн үндэслэлтэй байсныг тодотгож байна. Тиймээс илт хууль бус шийдвэр гаргасан гэх үндэслэл тогтоогдохгүй байна. гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.М*******, М.О******* нар хяналт шалгалт хийх тусгай удирдамж, татварын хяналт шалгалт хийх 2122501533 тоот томилолтын дагуу С ХХК-ийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн ногдуулалт, төлөлтөд 2018-2021 оны байдлаар хэсэгчилсэн хяналт шалгалт хийж,
1.1. 2018, 2019 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд 17,185.60 тн жоншны экспортын борлуулалтын 8,763,355,053.81 төгрөгийн үнэлгээг дутуу тооцож ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй,
1.2. 2018, 2019 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд 17,185.60 тн жоншны экспортын борлуулалтын 8,763,355,053.81 төгрөгийн үнэлгээг дутуу тооцож ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй,
1.3. 2019, 2020, 2021 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд 599,483.83 тн төмрийн хүдэр экспортлохдоо 89,880,823,995.72 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож ашигт малтмалын нөөц ашигласны үндсэн төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй,
1.4. 2019, 2020, 2021 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайланд 599,483.83 тн төмрийн хүдэр экспортлохдоо 89,880,823,995.72 төгрөгийн борлуулалтын үнэлгээг дутуу тооцож ашигт малтмалын нөөц ашигласны нэмэлт төлбөр ногдуулж төсөвт төлөөгүй,
1.5. 2018 оны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар төлөхөөр тайлагнасан 2019 оны эхний үлдэгдэл 167,123,876.93 төгрөгийн татварыг хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй хугацаа хожимдуулсан,
1.6. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн тайлангаар төлөхөөр тайлагнасан 2021 оны 224,067,918.26 төгрөгийн татварыг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй хугацаа хожимдуулсан зөрчил тогтоогдож,
2. үүнээс тайлагнасан 2021 оны 224,067,918.26 төгрөгийн татварыг 2021 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс хойш хуульд заасан хугацаанд төсөвт төлөөгүй хугацаа хожимдуулсан зөрчилд тооцох торгууль, алдангийг Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай /2020 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн/ хуулиар чөлөөлж,
3. нийт 197,679,549,894.23 төгрөгийн зөрчилд 9,966,956,632.75 төгрөгийн нөхөн татвар, 3,624,193,242.89 төгрөгийн торгууль, 2,026,362,907.51 алданги, нийт 15,617,512,783.15 төгрөгийн төлбөрийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн НА- тоот нөхөн ногдуулалтын актаар тогтоосон.
4. Татварын ерөнхий газрын дэргэдэх Татварын маргаан таслах зөвлөлийн 2023 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 30 дугаар тогтоолоор нөхөн ногдуулалтын актыг үндэслэлтэй гэж үзээд хэвээр үлдээсэн.
5. Нэхэмжлэгч дээрх зөрчлүүдээс хугацаа болон ашигт малтмалын төрлөөс хамааралтайгаар 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд төмрийн хүдрийн борлуулсан, экспортлосон дүнд тогтоосон нөхөн төлбөрийг зөвшөөрөөгүй бөгөөд 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс хуульд орсон өөрчлөлтийн дагуу ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч болохоор зохицуулагдсан ч 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөр уг заалт хүчингүй болсноор төлбөр төлөгч биш болсон байхад 2019 оны 10 дугаар сарын 30-нд Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтээр хүчингүй болсон Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар орсон нэмэлт өөрчлөлтийг 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр акт тогтоохдоо баримталж тус компанийг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч хэмээн үзэж төлбөр нөхөн ногдуулсан нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь заалтаар захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй, 47.1.4 гүйцэтгэх этгээд тодорхой бус, 47.1.7 бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй гэж илт хууль бус, нөхөн ногдуулалтын актын тухайн хэсэг илт хууль бус тул акт бүхэлдээ илт хууль бус болно хэмээн нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлон маргасан.
6. Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг төлөгч этгээдийг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлээр зохицуулсан, тодруулбал
6.1. Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт 2011 онд орсон өөрчлөлтөөр ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уурхайн эдэлбэрээс олборлож худалдсан, эсхүл худалдахаар ачуулсан болон ашигласан бүх төрлийн бүтээгдэхүүний борлуулалтын үнэлгээнээс тооцож ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг улсын төсөвт төлнө гэж,
6.2. Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдөр орсон өөрчлөлтөөр ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө." гэж,
6.3. Ашигт малтмалын тухай хууль /2006 оны/-ийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр орсон өөрчлөлтөөр доор дурдсан этгээд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байна: 47.1.1.ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч; 47.1.2.ашигт малтмал экспортолсон этгээд; 47.1.3.Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд." гэж тус тус зохицуулж ирсэн.
7. Энэ маргаанд хамаарах хугацаанд Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулсан 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хууль Төрийн мэдээлэл сэтгүүлд нийтлэгдсэнээр 4 дүгээр сарын 08-ны өдөр хүчин төгөлдөр болсон, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хууль өөрт нь хүчин төгөлдөр болох хугацааг зааснаар 11 дүгээр сарын 25-ны өдөр хүчин төгөлдөр болсон.
8. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн дунд суудлын хуралдааны 03 дугаар дүгнэлтээр Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийг Үндсэн хууль зөрчсөн болохыг тогтоож, 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн түдгэлзүүлж, улмаар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн их суудлын хуралдаанаар Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө. гэсэн заалт болон мөн зүйлийн 47.3 дахь хэсгийн 47.3.1, 47.3.2, 47.4 дэх хэсэг, 47.5 дахь хэсгийн 47.5.11, 47.5.12, 47.5.13 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн үндэслэлээр хүчингүй болгосон.
9. Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд ашигт малтмалыг өөрийн хэрэгцээнд ашигласан, худалдсан, экспортолсон, эсхүл худалдахаар ачуулсан ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт малтмал экспортолсон этгээд, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд нь 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр баталсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн дагуу энэ хугацаанд хамаарах ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож улсын төсөвт төлөх-өөр заасан.
10. Ийнхүү татварын хяналт шалгалтад хамаарах хугацаагаар үзвэл ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч төлөхөөр, 2019 оны 4 дүгээр сарын 08-наас 2019 оны 10 дугаар сарын 30-ныг хүртэл ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд болон Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд төлөхөөр, 2019 оны 10 дугаар сарын 30-наас ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч, ашигт малтмал экспортолсон этгээд, Монголбанк, түүнээс эрх олгосон арилжааны банканд алт тушаасан этгээд төлөхөөр байна.
11. С ХХК нь 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийг хүртэл МV-005692 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг эзэмшиж байсан.[1]
12. Нэхэмжлэгч ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй байх хугацааны зөрчилд тавьсан төлбөрийн дүнд маргаагүй, түүнчлэн 2019 оны 10 дугаар сарын 30-наас хойших төлбөрт болон жоншны борлуулалтад ногдуулсан төлбөрт, мөн төлбөрийн тооцоололд маргаагүй.
13. Татварын хяналт шалгалтад хамаарах хугацааны 2018 он, 2019 оны 4 дүгээр сарын 07-ныг дуусталх хугацаанд төмрийн хүдрийн гаалийн мэдээгээрх борлуулалтад ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулаагүй, 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 29-нийг дуусталх хугацаанд төмрийн хүдрийн экспортын дүнгээр 48,833,163,956.48 төгрөгийн борлуулалтад 3,204,037,644.39 төгрөгийн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр ногдуулсан байна.
14. Нэхэмжлэгч энэ дүнгээр буюу 2019 оны 10 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацааны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тогтоосныг хуулийн хүчингүй болсон заалтыг баримталж ногдуулсан гэдгээр илт хууль бус гэж, цаашлаад энэ үндэслэлээр актын нэг хэсэг илт хууль бус бол акт бүхлээрээ илт хууль бус гэж маргасан тул Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар орсон өөрчлөлтийг баримталсан нь зөв эсэх, энэ хугацаанд нэхэмжлэгч нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тайлагнаж төлөх үүрэгтэй байсан эсэхэд шүүх дүгнэлт өгөхөөр байна.
15. Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 2-т Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай ... маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана, 5-д Хууль,... Үндсэн хуульд нийцээгүй гэх Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрсөн, эсхүл маргаантай асуудлыг дахин хянан үзэж Үндсэн хуульд нийцээгүй гэж Үндсэн хуулийн цэц шийдвэр гаргавал зохих хууль, ... бүхлээрээ буюу тэдгээрийн зөрчилтэй зүйл, хэсэг, заалт хүчингүй болно., 6-д Цэцийн шийдвэр гармагцаа хүчин төгөлдөр болно. гэж Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн хууль, түүний зүйл, хэсэг, заалтыг хүчингүй болгосон Үндсэн хуулийн цэцийн шийдвэр гарснаар уг хууль, түүний зүйл, хэсэг, заалт хүчингүй болохоор хоёрдмол утгагүйгээр заасан тул Үндсэн хуулийн цэцийн 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн их суудлын хуралдааны 04 дүгээр тогтоолоор хүчингүй болгох хүртэл Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсгийн ашигт малтмал худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан хуулийн этгээд ... нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгч байх ба ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг худалдсан, худалдахаар ачуулсан, ашигласан бүх төрлийн ашигт малтмалын борлуулалтын үнэлгээнээс тооцож улсын төсөвт төлнө. гэсэн 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан заалт болон мөн зүйлийн холбогдох заалтууд хүчин төгөлдөр үйлчилнэ.
16. Тиймээс ч хууль тогтоогч Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд тухайн харилцааг аль хуулиар зохицуулахыг хуульчилсан.
17. Иймд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр акт тогтоохдоо 2019 оны 10 дугаар сарын 30-нд хүчингүй болсон заалтыг баримталж 2019 оны 10 дугаар сарын 30-ныг хүртэлх хугацааны үйл ажиллагаа, экспортод ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр нөхөн ногдуулсан нь эрх зүйн үндэслэл байгаагүй, гүйцэтгэх этгээд тодорхой бус, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй тул илт хууль бус гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна.
18. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.20-д татвар төлөгч гэж татварын хууль тогтоомжийн дагуу татвар төлөх үүрэг бүхий этгээд, эсхүл суутган төлөгчийг ойлгоно, 7 дугаар зүйлийн 7.1-д Монгол Улсын татвар нь албан татвар, төлбөр, хураамж /цаашид татвар гэх/-аас бүрдэнэ, 7.2-т Монгол Улсын татвар нь доор дурдсан төрөлтэй байна, 7.2.6-д ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, 7.3-т тодорхой төрлийн татварын харилцааг энэ хууль болон тухайн төрлийн татварын хуулиар зохицуулна, 9.2-т татвар ногдох зүйлийг тухайн төрлийн татварын хуулиар нарийвчлан тогтооно гэж зааснаар ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр төлөгчийг Ашигт малтмалын тухай хуулиар тодорхойлсон байна.
19. Иймд 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны гаалийн мэдээгээрх төмрийн хүдрийн экспортын тоо хэмжээ, үнэлгээнээс тооцон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг ногдуулсан нөхөн ногдуулалтын актын хэсэг Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д нийцсэн, тиймээс ч нөхөн ногдуулалтын актыг бүхэлд нь илт хууль бус гэх нэхэмжлэл үндэслэлгүй.
20. Татварын ерөнхий хуулийн 28 дүгээр зүйлийн 28.1-д Татвар төлөгч холбогдох татварын хуулиар төлбөл зохих татварын ногдлоо өөрөө тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлнө, 28.10-т Татвар төлөгч нь хууль тогтоомж болон ногдлоо татварын албанаас баталсан заавар, аргачлал, маягт, дүрэм, журмыг дагаж мөрдөх үүрэгтэй" заасны дагуу татварын албанаас баталсан аргачлал, журамд зааснаар татварын ногдлоо өөрөө үнэн зөв тодорхойлж, хуулиар тогтоосон хугацаанд төсөвт төлөх үүрэгтэй тул татвар төлөх үүрэг ногдуулсан нөхөн ногдуулалтын акт хуульд нийцжээ.
21. Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2.1-д "экспортод бүтээгдэхүүн гаргасан бол олон улсын худалдаанд хүлээн зөвшөөрөгдсөн тухайн сарын дунджийг тогтоох зарчмыг үндэслэн тухайн бүтээгдэхүүний, эсхүл түүнтэй адил төстэй бүтээгдэхүүний олон улсын зах зээлийн үнийг баримтлан" гэж заасан бөгөөд хариуцагчийн зах зээлийн үнийн эх сурвалжид зарлагдсан олон улсын зах зээлийн үнийг үндэслэн ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан гэх тайлбарт нэхэмжлэгч тухайлан маргаагүйг дурьдах нь зүйтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Татварын ерөнхий хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.20, 7 дугаар зүйлийн 7.1, 7.2.6, 7.3, 9 дүгээр зүйлийн 9.2, Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 /2006 оны, 2019 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн, 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн өөрчлөн найруулсан хэсэг/, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль /2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлийг тус тус баримтлан Татварын ерөнхий газрын Том татвар төлөгчийн газрын татварын улсын байцаагчийн 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн НА- тоот нөхөн ногдуулалтын актыг илт хууль бус болохыг тогтоолгох тухай С ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА