| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сономдовчингийн Энхтөр |
| Хэргийн индекс | 102/2020/00611/И |
| Дугаар | 1194 |
| Огноо | 2020-06-03 |
| Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 1194
Б.О-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Нямбазар, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01173 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Б.О-ийн хариуцагч Ц.Н-д холбогдуулан гаргасан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний үүрэгт 650 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.О-, хариуцагч Ц.Н-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.
Нэхэмжлэгч Б.О-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, 20 дугаар байр, 143 тоот орон сууцыг түрээслэхээр Ц.Н-тэй 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс 1 жилийн хугацаатай түрээсийн гэрээ байгуулсан. 2 сарын түрээсийн төлбөрийг төлж, 1 сарын барьцаа мөнгө өгсөн. Миний бие 3-7 насны 4 хүүхэдтэй учраас Улаанбаатар хотод 2 хүүхдээ сургууль, цэцэрлэгт оруулах зорилготой уг байрыг түрээсэлсэн. Гэтэл тухайн үед тус хороонд бүртгэлгүй, хүүхдүүд маань энд сургуульд орох боломжгүй гэсэн тул буцаад хуучин хаяг руугаа нүүх болсон. Гэрээг цуцлах болсон талаар Ц.Н- ахад 13 хоногийн өмнө утсаар мэдэгдэхэд за ойлголоо гэж хэлсэн боловч түүнээс хойш дахиж утсаа аваагүй. Би түрээсийн байрыг 2019 оны 8 дугаар сарын 15-ны өдөр орхиж гарсан. Барьцаа мөнгөө авъя гэхэд гэрээний хугацаа дуусаагүй тул барьцааг өгөх боломжгүй гэж хэлсэн, үүний дараа дахин холбогдоход бид өөрсдөө хохирсон гэх ойлгомжгүй зүйлийг ярьсан. Иймд Ц.Н-гээс барьцаа мөнгө болох 650 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ц.Н- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Алтай хотхон, 20 дугаар байр, 143 тоот 2 өрөө орон сууцыг түрээслэхээр харилцан тохиролцож 1 жилийн хугацаатай гэрээг Б.О-тай байгуулсан. Тухайн үед завсар хийгээд дуусаж байсан. Анх авсан байдлаар байрыг буцаан хүлээлгэж өгөхөөр харилцан тохиролцож гэрээнд гарын үсэг зурсан. Б.О- 2019 оны 8 дугаар сарын 25-ны өдөр над руу мэссежээр гэрээг цуцлах шаардлагатай байна гэж мэдэгдсэн. Тэрнээс өмнө утсаар ярьсан гэж байна. Хэзээ ярьсан гэдгийг нь санахгүй байна. Ямар ч байсан ярьсан. Би ажилтай үедээ утсаа авдаггүй. Ц.Н- над руу таних, танихгүй олон хүмүүсээр яриулж хэл амаар доромжилсон асуудал бий. Намайг залилан хийсэн гэж мессежээр удаа дараа үндэслэлгүйгээр гүтгэж, доромжилсонд гомдолтой байна. Бид хоорондоо учраа олоогүй учраас зохих журмын дагуу асуудлыг шийдвэрлүүлье гэж хэлсэн. Мөн гэрээг хугацаанаас өмнө цуцалж байгаа тохиолдолд нэг сарын өмнө бичгээр мэдэгдэх ёстой байсан боловч мэдэгдээгүй. Гэрээ цуцалснаас үүдэн шууд гаргах зардал, дараагийн оршин суугчийг олох хүртэлх хугацааны алдагдсан түрээсийн зардал болон тухайн байрны ашиглалтын явцад учирсан хохирол, эвдрэл гэмтэл зэргийг анх гэрээ байгуулахдаа гэрээг цуцалснаас үүдэн гаргах хохирлын талаар тайлбарлаж хэлсэн. Нэхэмжлэгч Б.О- байрны 7, 8 дугаар сарын СӨХ-ны төлбөрийг төлөөгүй байсан. Гэрээний үүргийн биелэлтийг хангуулахын тулд барьцаа мөнгө авсан. Гэрээний үүргийн биелэлтийг хангасан тохиолдолд барьцаа хөрөнгийг буцааж өгөхөд асуудал байхгүй. Байрыг хүлээж авахад ханын цаас хэд хэдэн газар солихоос өөр аргагүй байдалтай болсон байсан. Би 2019 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Б.О- руу мессеж бичсэн. Харилцан ярилцаад тохирье гэсэн боловч хариу өгөөгүй. Гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулсан. Гэрээний үүргийн биелэлт хангагдаагүй учраас маргаан үүссэн гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-д заасныг баримтлан хариуцагч Ц.Н-гээс барьцаанд төлсөн 650 00 төгрөгийг буцаан гаргуулж нэхэмжлэгч Б.О-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 20 150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 20 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Шүүхийн шийдвэрийг 05 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авсан. Шүүх хурлын дараа Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Энхзул надад 1-2 долоо хоног болж магадгүй гэж хэлсэн дагуу хүлээж байсан, Энэ 2 долоо хоногийн хооронд Шүүгчийн туслах Баяржавхлангаас лавлахад гарах болоогүй байна гэж 2 удаа хэлсэн. Ингээд 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр Шүүхийн шийдвэр гарсан талаар утсаар мэдэгдсэн. 05 дугаар сарын 06-ны өдрөөс 3 хоног Улаанбаатар хотын Чингэлтэй Дүүрэгт хөл хорио тогтоож сургуулилт хийсэн тул манай байгууллагаас гэрээс ажиллах үүрэг өгсөн дагуу гэрээс гаралгуй 3 хоноод дараа 7 хоногийн 1 дэх өдөр Шүүхийн шийдвэрийг өөрийн биеэр хүлээж авсан юм. Энэ хооронд нэхэмжлэгч Б.О- нь 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдөр шийдвэрээ хүлээж авч гарын үсгээ зурсныг харсан болно. Тиймээс тус шүүхийн шүүгчийн шийдвэрийн 4-т дурдсан “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухаи хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрсөнөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж өөрөө гардан авах үүргээ биелүүлээгуй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай гэсэн шийдвэрийг Иргэн Ц.Н- миний биеийг Үндсэн хуульд заасан Шударга шүүхээр хэргээ шийдүүлэх эрхээ эдлэхийг хязгаарлахаар санаархсан, зориуд зохион байгуулсан үйлдэл гэж үзэж зөвшөөрөхгүй байна. Энэ шийдвэрийг үндэслэн иргэн миний давж заалдах эрхийг хязгаарлахаар зориуд зохион байгуулсан үйлдлийг анхан шатны шүүхийн шүүгч гаргасан байж болзошгүй нөхцөл байдал үүссэн гэж үзэж тус шийдвэрийг зөвшөөрөхгүй байна. Түүнчлэн, тус шүүхээс гаргасан шийдвэрт нэхэмжлэгч Б.О-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангахаар шийдвэрлэхдээ гаргасан үндэслэлд “Зохигчид Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.2.2-д зааснаар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй, хариуцагч энэ үүргээ хэрэгжүүлээгүй, өөрөөр хэлбэл хариуцагч тухайн “...эд хөрөнгөд учирсан хохирлоо буюу ханын цаасыг бохирдуулсан, мөн сууц өмчлөгчдийн холбооны төлбөрийг хөлслөгч төлөөгүй” гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.” Гэж дурдсантай санал нийлэхгүй байна. Учир нь анхан шатны шүүхэд гаргасан хариу тайлбарын хавсралт, нотлох баримт №4-өөр байрыг анх хүлээлгэж өгөх үеийн байдлыг харуулсан 14 зураг, нотлох баримт №5-д өрөөг хүлээж авах үеийн байдлыг харуулсан 1 ширхэг зургийг нотлох баримтаар өгсөн. Мөн иргэн Б.О- нь түрээсийн байранд сууж байхдаа СӨХ-ийн төлбөр төлөөгүй тухай Төрийн Банкнаас авсан хуулбарыг нотлох баримтаар хавсаргасан. Шүүх үүнийг гаргуулан авах бүрэн боломжтой байсан. Шүүгч шүүх хурлын үеэр хариуцагч миний өгсөн эдгээр баримтыг нотлох баримтын шаардлага хангахгүй байна гэдгийг дурдсан боловч, хэрэг хянан шийдвэрлэхэд үнэлж ашиглана гэж хэлсэн нь хурлын тэмдэглэлд тусгагдсан байгаа. Үнэлж ашиглах тухай мэдэгдсэн атлаа нотлох баримт шүүхэд ирүүлээгүй гэх үндэслэл нь бодит байдалтай нийцэхгүй байна. Мөн түүнчлэн, шүүх хуралдааны үеэр Иргэн Б.О- нь оршин сууж байх үедээ ханын цаас обойг урж бохирдуулснаа бага насны хүүхэдтэй улмаас бохирдуулсан нь үнэн гэдгийг тодорхой хэлж нотолсон нь хуралдааны тэмдэглэлд үлдсэн байгаа. Хэргийн зохигчид 2 талаас хүлээн зөвшөөрч нотлоод байгаа, мөн түүнчлэн нотлох баримт нь фото зургаар байсаар байхад авч үзэж үнэлэхгүй байгаа нь хэргийг нэг талыг баримталж шийдвэрлэхээр урьдчилан үгсэн хуйвалдсан шинжтэй байна гэж хардах үндэслэл болж байна. Тиймээс тус шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд үнэлээгүй нотлох баримт, хурлын тэмдэглэлд авагдсан зохигчдын тайлбар зэргийг үндэслэн хэргийн шинээр хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Мөн тус шүүхийн шийдвэр гаргасан үндэслэлд “Хэдийгээр түрээслэгч Б.О- нь гэрээг цуцлах талаараа 1 сарын өмнө бичгээр мэдэгдэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй боловч “гэрээг цуцлах талаар түрээслүүлэгчид урьдчилж мэдэгдсэн” болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул барьцаа 650 000 төгрөгийг буцаан шаардах эрхтэй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна. ” хэмээн дүгнэснийг зөвшөөрөхгүй байна. Иргэн Б.О-тай хийсэн гэрээний 8.4-т “1 сарын өмнө бичгээр мэдэгдэнэ’' гэсэн заалтыг биелүүлээгүй гэдгээ түрээслэгч Б.О- хүлээн зөвшөөрч мэдэгдсэн, гэнэт гарахаар шийдсэн гэдгээ хурлын үеэр тайлбарласан нь хурлын тэмдэглэлд байна. Мөн холбогдох нотлох баримт болох түрээслэгч Б.О-тай утасны мессежеер харилцсан мессежийн зургийг нотлох баримтаар өгсөн атал хэрэг хянан шийдвэрлэхэд огт үнэлэгдэхгүй харин эсрэгээр нэхэмжлэгчийн амаар шүүх хуралдааны тайлбарт хэлсэн тодорхой санахгүй байна 8 дугаар сарын дундуур утсаар мэдэгдсэн тэрнээс хойш 10-д хоногийн дараа байраа хүлээж авахаар ирсэн гэх тайлбарыг нотлох баримт болгон ашиглаж шийдвэр гаргасныг зөвшөөрөхгүй байна. Тиймээс хэргийн нотлох баримт, шүүх хуралдааны үеэр зохигчдын хийсэн тайлбар зэргийг хэрэг хянан шийдвэрлэхэд шинээр үнэлүүлэх хүсэлтэй байна. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч Б.О- нь хариуцагч Ц.Н-д холбогдуулан орон сууц түрээслэх, түрээслүүлэх гэрээний үүрэгт 650 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1 дэх хэсэгт заасныг баримтлан бүхэлд нь хангаж шийдвэрлэжээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3 дахь хэсэгт зааснаар зохигчид маргаж буй зүйлийн талаар эвлэрэн хэлэлцэх эрхтэй бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд уг эрхээ нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэгжүүлэх боломжтой байдаг.
Дээрх шийдвэрт хариуцагч давж заалдах гомдол гаргасныг үндэслэн давж заалдах шатны шүүх хуралдаанд хэргийг хянан хэлэлцэх явцад зохигчид маргаж буй зүйлийн талаар харилцан тохиролцож, нэхэмжлэгч 650 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 300 000 төгрөгөөс татгалзаж, үлдэх 350 000 төгрөгийг хариуцагч 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр зохигчид эвлэрэн хэлэлцэж гэрээ байгуулсан нь бусдын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, зохигчдын эвлэрлийг баталж хариуцагч, Ц.Н-д холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 102/ШШ2020/01173 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч Ц.Н- нь 350 000 төгрөгийг 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн дотор нэхэмжлэгч Б.О-т төлөхөөр зохигчид эвлэрснийг баталж, холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 20 650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар энэ магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ
ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР
С.ЭНХТӨР