| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Лхамхүүгийн Баатар |
| Хэргийн индекс | 188/2017/0587/Э |
| Дугаар | 510 |
| Огноо | 2017-12-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбат |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 18 өдөр
Дугаар 510
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж,
нарийн бичгийн дарга Д.Мөнхням,
улсын яллагч Б.Энхбат,
шүүгдэгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Э.Тыг холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1708016920226 дугаар хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, хоёр дүүгийн хамт, Дундговь аймгийн ... тоотод оршин суух бүртгэлтэй, Сонгинохайрхан дүүргийн 30 дугаар хороо, ... тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, А овогт Эын Т /РД:.../.
Яллагдагч Э.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар байранд иргэн Ч.Гыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар байрны урд сааданд найз Соко Га нартай архи ууж байгаад маргалдсан. Тэгээд Га намайг 2 удаа цохихоор нь би зөрүүлээд Гыг 1 удаа цохьсон. Тэгэхэд Га хойшоо саваад унасан. Га гэр рүүгээ орохоор нь би араас нь орж уучлалт гуйсан...” гэв.
Эрүүгийн 1708016920226 дугаар хэргээс мөрдөн байцаалтад өгсөн:
Хохирогч Ч.Гын: “2017 оны 9 дүгээр сарын 20-ны орой 22 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дугаар байрны урд талын сааданд дотор байрны найз нар болох Төгсөө, Сооко нартай 0.75 литрийн 2 шилтэй архи хувааж уусан. Тэгээд 2 дахь архиа дуусгаад юм яриад байж байсан чинь Төгсөө Сооког сэрээх гээд дээрээс нь ус асгаад байхаар нь би “чи яагаад тасарсан найзынхаа дээрээс ус асгаад байгаа юм” гээд Төгсөөтэй маргалдаад ...Төгсөө миний өөдөөс ...зууралдаад байж байхад миний нүүр рүү толгойгоороо мөргөөд миний хамраас цус гараад би хойшоо саваад унахад миний дээр Төгсөө гараад намайг цохих гээд байхаар нь би түлхэж босоод гэр рүүгээ явсан. ...гэртээ ороод ...хамраа угаах гээд байж байхад гэрийн хаалгыг Төгсөө цохиод ...би хаалгаа онгойлгоод Төгсөөтэй уулзсан ...аав ээж араас гарч ирээд манай хүүхдийг яагаад зодож байгаа юм гэж хэлэхэд Төгсөө дахин миний шанаа руу гараараа нэг удаа цохиод гэр рүүгээ яваад өгсөн. ...Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн ...миний хамар хугарсан байна гэж хэлсэн. Намайг анх манай найз Төгсөө, Соокгын дээр ус асгаж байхаар нь “боль” гэх шалтгаанаар маргалдаж миний толгой руу цохиод, толгойгоороо хамар руу мөргөсөн. ...Тухайн үед бид нар нэлээн согтуу байсан. ...Төгсөө бид хоёроос өөр хүн байгаагүй. Харин байрны орцонд манай аав, ээжийн нүдэн дээр дахин нэг удаа шанаа руу цохисон...”,
“...Би Тыг цохиж зодоогүй. Гэмтлийн эмнэлэг дээр очиход ...хамрынхаа зургийг ...20.000 төгрөгөөр авахуулсан. Томографийн зураг авахуул гэсэн боловч мөнгө байгаагүй. ...эм тариа нь нийт 130.000 төгрөг болсон. ...эм уугаад хамраа эдгээсэн, хагалгаанд ороогүй. Толгойгоо 3 удаа бариулсан. Нэг удаа бариулахад 5000 төгрөг, нийт 15.000 төгрөг, унааны зардал 40.000 төгрөг болсон. Надад 205.000 төгрөгийн хохирол учраад байна. Цаашид хагалгаанд орох шаардлагатай гэсэн. Гэмтлийн эмнэлэг 500.000 төгрөгөөр хийнэ гэсэн. Би уяирсан зардлаа нэхэмжилмээр байна. Надад гомдол санал байхгүй...”,
“...Надад гомдол санал, нэхэмлэх зүйл байхгүй. Би учирсан хохирол болох 205.000 төгрөгийг хүлээн авсан. Тиймээс одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Би хэргээ хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна...” гэх мэдүүлэг /хх-39, 52, 53/,
Гэрч С.Гүндэгмаагийн: “2017 оны 9 дүгээр сарын 20-ны орой 22 цаг өнгөрч байхад өөрийн амьдардаг Сонгинохайрхан дүүргийн ... дугаар байрны 321 тоот гэртээ нөхрийн хамт унтах гээд байж байхад манай дунд хүү Га гаднаас орж ирээд ...ээжээ хүү нь хүнд зодуулчихлаад хамар амгүй болчихоод ирж ирлээ ...харуулсан чинь хамраас нь цус гарсан согтуу байхаар нь “би уурлаад ...манай хүү гүйгээд гарах шиг болохоор нь араас нь нөхрийн хамт гарахад манай орцны дээд давхарт байдаг Төгсөө гэж залуу нэг өндөр бандитай зогсоод манай хүүгийн шанаа руу гараараа бид хоёрбн хажууд цохиод, архины шилээр цохих гэж байхаар нь би ...очоод шилийг нь авсан. ...Тэгээд хамар нь өвдөөд байхаар нь Гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлсэн. ...хамар нь хугарсан, тархи доргилттой байна гэхээр нь бид нар хүүгээзодуулсан гэж цагдаад гомдол гаргасан. Төгсөөг манай хүү зодож цохисон асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-8/,
Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн 2017.9.26-ны өдрийн 12082 дугаар шинжилгээний дүгнэлтэд: “1.Ч.Гын биед биед хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь ...журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-11/,
Шүүгдэгч Э.Тын яллагдагчаар өгсөн: “2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зүс таних Га, Сооко нарын хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар байрны урд сааданд архи хувааж уугаад нэлээн согтоод тасраад унасан. Тэгээд Гатай Сокогийн талаар ярилцаж байгаад маргалдсан. ...Га миний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохихоор нь би түүнийг зөрүүлээд нүүрэн тус газар нь гараараа нэг удаа цохьсон. ...Га гэртээ орчихоор нь түүний араас гэрт нь орж уучлалт гуйчихаад явсан. Тэгээд Га намайг 2 удаа цохихоор нь би зөрүүлээд Гыг 1 удаа цохьсон. Тэгэхэд Га хойшоо саваад унасан. Га гэр рүүгээ орохоор нь би араас нь орж уучлалт гуйчихаад явсан. Би тухайн өдрөөс хойш өөрийн гэр болох Дундговь аймаг Сайнцагаан сум, Айраг 6-5 тоотод байсан...”,
“...Соко архиндаа согтоод тасраад унасан. Га Соког орчихоод явъя гээд ...би аваад явъя гээд бид хоёр маргалдаж эхэлсэн. Улмаар Га миний нүүрэн тус газар гараараа 2 удаа цохисон ...би зөрүүлээд ...хамар хэсэг рүү нь цохисон. ...Га бид хоёр найзууд, найзлаад 4 жил болж байна. Бид өмнө нь... маргалдаж муудалцаж байгаагүй., өс хонзонгийн яман нэгэн асуудал байхгүй. Бид хоёр хоёулаа нэлээн согтолтттой байсан. Соко хуучин 23-р байранд байсан. Би утсыг нь мэдэхгүй. ...Тухайн үед миний биед гэмтэл учраагүй. Би Гын хамар руу нь нэг удаа цохисон...”,
“...намайг цохисныг тэрээр мөргөсөн гэж бодсон байх. Бид хоёр барилцаж аваад унахдаа би дээр нь унасан. Тэр үед би Гыг цохиогүй. Сүүлд орцонд уучлалт гуйх гээд орохдоо би Гыг шанаан тус газар нь мөн цохисон. Одоо хаана цохисныг нь санахгүй байна. ...Би түүнээс уучлалт гуйх гээд орсон. Дашдорж бид хоёр архины шилээр далайсан зүйл байхгүй. Гад учирсан хохирлыг удахгүй төлж барагдуулна...” гэх мэдүүлэг /хх-40-41, 68, 69/,
Ч.Гын гаргасан өргөдөл /хх-5/, шинжээчийн дүгнэлт /хх-11/, Э.Тын регистрийн лавлагаа /хх-12/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-13/, Асап сангийн лавлагаа /хх-14-15/, мөрдөгчийн тэмдэглэл /хх-16/, Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн албан тоот /хх-29/, эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх-43/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-46/, эмчилгээний баримт /хх-48/, эд зүйл, бусад бичиг баримт хураан авсан тухай тэмдэглэл /хх-49-50/, хохирлын баримт /хх-54/, гэрч Б.Энхболдын мэдүүлэг /хх-56/, гэрч Э.Ариунтуяагийн мэдүүлэг /хх-57/, гэрч Э.Сарантуяагийн мэдүүлэг /хх-58/, сэжигтнийг баривчилсан тэмдэглэл /хх-44/, сэжигтнийг суллах тухай прокурорын тогтоол /хх-61/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-70/, Дундговь аймгийн Сайнцагаан сумын 8 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-71/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг уншиж шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд хэргийн оролцогч талууд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд шүүгдэгч Э.Тын гэм буруутай болох нь дээрх шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзлээ.
Шүүгдэгч Э.Т нь 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 22 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн ... дугаар байранд иргэн Ч.Гыг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Э.Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах үндэслэлтэй байна гэж үзэв.
Шүүх хуралдаанд улсын яллагч “Шүүгдэгч нь прокурорын шатанд гэм буруу дээр маргаагүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлын барагдуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэх хүсэлт гаргасан. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч Э.Т нь 2017.9.19-2017.9.20-ны өдрийг хүртэл шүүхийн зөвшөөрлөгүйгээр нэг хоног баривчлагдсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөс хасаж 435.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хамрын рентген зургийг устгах, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэж,
шүүгдэгч Э.Т “Улсын яллагчаас оногдуулж байгаа торгох ялыг 14 хоногийн дотор төлнө” гэж тус тус дүгнэлт гаргасныг тэмдэглэж байна.
Шүүх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ч.Гын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “эмчилгээний зардал 205.000 төгрөгийг хүлээн авсан. Нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй” гэж мэдүүлсэн /хх-52/ тул шүүгдэгч Э.Тыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогч Ч.Гын хамрын ретген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,
хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Т 1 /нэг/ хоног урьдчилан хоригдсон, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг тус тус дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10, 36.13 дугаар зүйл, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт Эын Тыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Тыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Э.Т 450000 төгрөгөөр торгох ялыг 1 /нэг/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2-т зааснаар Э.Тын урьдчилан хоригдсон 1 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр тооцож, 450,000 төгрөгөөр торгох ялаас хассугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Э.Т торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хохирогчийн хамрын 1 ширхэг рентген зургийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.Т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох мэдэгдсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Л.БААТАР