Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/880

 

      2022             9            06                                         2022/ДШМ/880

 

А.Бхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Б.Байгалмаа,

нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Түмэннаст даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/747 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн А.Бхолбогдох эрүүгийн 210601984 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            А.Б, 

            - Сүхбаатар дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 279 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан,

            - Сүхбаатар дүүргийн шүүхийн 2007 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 62 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 6 сар 1 хоног хорих ялаар,

            - Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 306 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

            - Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 969 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

            - Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 557 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэгдсэн;

            Шүүгдэгч А.Б нь 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13-н автобусны буудал дээр иргэн Б.Хгар цүнхнээс “Сам А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 354.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: А.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.Б1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар А.Боногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бэнэ тогтоолоор оногдуулсан хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 557 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 1 жил 3 сар 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 33 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шийдвэрлэвэл зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Хд төлөх төлбөргүй, иргэний нэхэмжлэгч Э.Э нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч А.Бурьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгчийн өмгөөлөгч У.Сайнбилэг давж заалдах гомдолдоо: “... Тус хэрэг нь А.Бийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 557 дугаартай шийтгэх тогтоолоор 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлэхээс өмнө үйлдэгдсэн бөгөөд үргэлжилсэн үйлдлийн нэг үйлдэлд нь дахин ял шийтгүүлж байна. Шүүхээс 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсэн нь түүний хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохироогүй, шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байна. Хохирогч Б.Хд гар утас нь буцаан олгогдсон бөгөөд хохирогч болон иргэний нэхэмжлэгч Э.Э нар нь гомдолгүй гэдгээ илэрхийлсэн. А.Б нь 429 дүгээр хорих ангийн төрөлжсөн мэргэшлийн эмнэлэгт сүрьеэ өвчний эмчилгээ хийлгэж байсан бөгөөд биеийн байдал нь тааруу байгаа юм. Мөн 461 дүгээр ангийн нэгдсэн эмнэлгийн дүгнэлтээр бөөрний архаг үрэвсэл онош тогтоогдсон. Сүрьеэ өвчний эдгэрэлтэд орчин нөхцөл чухал тул удаан хугацаагаар хорих ял эдлэх нь эмчилгээ, эдгэрэлтэд сөргөөр нөлөөлөх үр дагавартай. Үйлдсэн хэрэг нь бусдад болон нийгэмд учруулсан хохирол, аюул бага, хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байгаа, хорихоос өөр төрлийн ял оногдуулах боломжтой, хохирогч, иргэний нэхэмжлэгчийн хувьд нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй болсон байдал зэргийг харгалзан ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой юм. Иймд А.Бийн эрүүл мэндийн байдал, үйлдсэн хэргийн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг өөрчилж нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

            Шүүгдэгч А.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2022 оны 3 дугаар сард 429 дүгээр хорих ангийн мэргэшлийн төрөлжсөн эмнэлэгт хоригдон эмчлүүлж байхад халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасгаас а/х Ичинхорлоо гэдэг мөрдөн байцаагч ирж хулгайн хэрэгт холбогдсон байна гэж надаас байцаалт авсан. 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр намайг хорих анги /эмнэлэг/-аас авч ирж цагдан хорьсон. Миний бие шүүх хуралд оролцохдоо болон мөрдөн байцаалтын явцад гэм буруугаа бүрэн хүлээн зөвшөөрсөн бөгөөд 4 дүгээр сарын 20-ны өдрөөс 5 дугаар сарын 24-ний өдөр хүртэл нийт 34 хоног цагдан хоригдсон байхад тогтоол дээр 33 хоног гэж бичсэн байсан. Миний бие 2021 оны 7 дугаар сарын 29-ний өдөр уушгины сүрьеэ гэдэг өвчний 3 дугаар шатанд орсон /уушги 2 цоорсон/, хүнд хэлбэрийн сүрьеэ өвчтэй гэж оношлогдсон. 2021 оны 8 дугаар сарын 2-ны өдөр ХӨСҮТ-ийн сүрьеэн тасагт хэвтэн эмчлүүлж байгаад 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж,  429 дүгээр хорих ангийн мэргэшлийн эмнэлэгт хоригдон эмчлүүлж байгаад энэ хэрэг сөхөгдөн гарч ирж цагдан хоригдсон. Одоогоор миний биеийн байдал тааруу, бүрэн гүйцэт тэнхрээгүй, агаар салхигүй орчинд хоригдож байгааг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оноож өгнө үү гэж чин сэтгэлээсээ гуйж байна. Миний бие ахиж хэрэгт холбогдохгүй, ажил хийж та бүхний итгэсэн итгэлийг алдахгүй сайн сайхан амьдрах болно.” гэв.

            Шүүгдэгч А.Бийн өмгөөлөгч Б.Байгалмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Би 461 дүгээр хорих ангид үйлчлүүлэгч А.Бтэй уулзахаар очиход  турж эцсэн байдалтай байсан бөгөөд сүрьеэ өвчин нь сэдэрсэн байнагэж өөрөө надад хэлж байсан. Энэ өвчин нь нарны гэрэлгүй, чийгтэй орчинд улам хүндэрдэг учраас миний үйлчлүүлэгчийн биеийн эрүүл мэндийн байдал болон бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг хувийн байдлыг нь харгалзан үзэж нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү.” гэв.

Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ “...Шүүгдэгч А.Б хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон. Өмнөх шийтгэх тогтоол гарсны дараа тухайн хэрэг нотлогдон тогтоогдсон байдаг бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэлээр түүнд оногдуулсан ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн. Шүүгдэгч А.Бнийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах боломжгүй. Ялыг заавал биелүүлэх учиртай. Биеийн эрүүл мэндийн байдал нь муу байгаа бол прокурорт гомдол гаргаж болно. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарын гаргасан давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Б нь 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 13-н автобусны буудал дээр иргэн Б.Хгар цүнхнээс “Самсунг А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 354.800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Х“...2021 оны 6 дугаар сарын 12-ны орой 19 цагийн орчим Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо Американ дэнжээс эгчийнхээсээ өөрийн хүүхэдтэйгээ гараад явж байсан. Тэгээд Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо 13-н автобусны буудал дээр очиход миний үүрч байсан цүнхнээс “Самсунг А51” загварын гар утас алдагдсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан.” /хх 23/,

иргэний нэхэмжлэгч Э.Э “...Би 2021 оны 5 дугаар сард Facebook зар үзэж байгаад” А51 маркийн дэлгэц нь хагарсан гар утас хямд үнээр зарна” гэсэн зар байхаар нь утас руу нь залгаад... 280.000 төгрөгөөр худалдан авсан... Гомдол, санал байхгүй. Хулгайн гар утас болохоор авмааргүй байна.” /хх 27-28/,

яллагдагчаар А.Бийн “...Би Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 13 дугаар хороолол автобусын буудал дээр явж байгаад миний урд явж байсан хүүхэдтэй эмэгтэй хүний цүнхнээс гар утас нь цухуйж байхаар нь утсыг нь авчихсан юм. Самсунг А51 загварын гар утас байсан. Тэгээд би Емарт хавьцаа явж байсан үл таних эрэгтэй хүнд 280.000 төгрөгөөр зарсан.” /хх 141-142/ гэх мэдүүлгүүд,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 8/, эд зүйл түр хураан авсан, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 13-14/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 38-39/, ялын тооцоо /хх 151/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч А.Бийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч А.Бийг 2021 оны 6 дугаар сарын 12-ны өдөр ... иргэн Б.Хгар цүнхнээс “Самсунг А51” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бусдад 354.800 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нар “...А.Бийн эрүүл мэндийн байдал, үйлдсэн хэргийн нөхцөл байдал, бусдад төлөх төлбөргүй байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг өөрчилж нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж өгнө үү. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой.

 Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ял дээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 557 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 03 сар 13 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 2 жил 3 сар 13 хоногийн хугацаагаар хорих ялаар тогтоож шийдвэрлэсэн нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байх тул шүүгдэгч А.Б болон түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарын гаргасан “...хорих ялыг өөрчилж нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж өгнө үү.” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгт 2022 оны 4 дүгээр сарын 19ий өдрөөс 2022 оны 5 дугаар сарын 24ий өдөр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл нийт 34 хоног цагдан хоригдсон байхад анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо 33 хоног гэж зөрүүтэй тооцсоныг зөвтгөж, Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл нийт 138 /нэг зуун гучин найм/ хоног цагдан хоригдсонг түүний эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэлээ. 

Дээрх байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгч А.Бийн гаргасан “цагдан хоригдсон хоногийг зөвтгүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 2022/ШЦТ/747 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

5 дахь заалтын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийн 2022 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 33 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бийн 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдан хоригдсон 34 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.” гэж өөрчилсүгэй.  

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 19-ний өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийг хүртэл нийт 138 /нэг зуун гучин найм/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.Бийн “цагдан хоригдсон хоногийг зөвтгүүлэх” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, түүний өмгөөлөгч У.Сайнбилэгийн “...анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг нийтэд тустай ажил хийлгэх ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ                                                            Ц. ОЧ

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ