Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 128/ШШ2023/0908

 

2023 11 28 128/ШШ2023/0908

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Ө******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга,

Маргааны төрөл: барилгын суурийг албадан буулгаж, газар чөлөөлөх шийдвэрийг эс зөвшөөрч маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ш*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.У*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Ц*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б*******, Г.З шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/354 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах.

Хоёр. Хэргийн үйл баримт, процессын түүхийн талаар:

2.1. Нийслэлийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 125 дугаар захирамжаар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт 150 м.кв газрыг тус дүүргийн 7 дугаар хорооны ажлын алба, цагдаагийн кабоны зориулалтаар эзэмшүүлсэн,

2.2. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн уг газарт нэхэмжлэгч Ө******* ХХК өөрийн хөрөнгөөр барилга барихаар, барилгын тодорхой хэсгийг Засаг даргын Тамгын газрын өмчлөлд 7 дугаар хорооны ажлын алба, цагдаагийн кабоны зориулалтаар шилжүүлэхээр Ө******* ХХК Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай тохиролцож хамтран ажиллах 01/01 дугаартай гэрээг 2005 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан, гэрээнд барилгыг 2005 оны 10 дугаар сарын 01-нд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр заасан,

2.3. Гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр дүүргийн Засаг даргын Тамгын газар 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3/684 тоот албан бичгээр гэрээ дуусгавар болгон цуцлах мэдэгдэл Ө******* ХХК-д хүргүүлж,

2.4. Нэхэмжлэгчээс Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2005 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 01/01 дугаар Хамтран ажиллах гэрээний дагуу барилгын ажил үргэлжлүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасныг Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 704 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн.

2.5. Сүхбаатар дүүргийн Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/354 дүгээр захирамжаар дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн барилгын суурийг албадан буулгаж, газар чөлөөлөх захирамж гаргасан.

2.6. Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/354 дүгээр захирамжийг эс зөвшөөрч Нийслэлийн Засаг даргад гомдол гаргаж урьдчилан шийдвэрлүүлсний эцэст шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Ш******* нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тайлбарлахдаа: 2003 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн Засаг даргаас 125 дугаар захирамжаар 7 дугаар хороонд 15м х 15м хэмжээтэй газрыг олгосон. Улмаар 2003 оны 10 дугаар сарын 24-ний өдөр Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газарт эскиз зургийг батлуулсан. Зургийн эх хувь нь Сүхбаатарын дүүрэгт хадгалагдаж байгаад алга болсон. Улмаар гэрээ байгуулж, газрын төлбөрийг төлсөн.

Хороо, цагдаагийн хэсгээ 80 м.кв талбайг үнэ төлбөргүй өмчүүлье гэж тохиролцоод тухайн үеийн Засаг дарга н.Ц*******, Тамгын газрын дарга н.М******* гэх хүмүүстэй 2005 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр талууд Хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээг байгуулахдаа манайх бүх зүйлсийг бүрдүүлэх учраас та бүхэн ажлаа эхэл гэсний дагуу барилгаа барихаар, хашаагаа барьж доошоо ухаж байтал том магистраль шугам гарч ирсэн. Уг шугам нь Америкийн элчин сайдын яам руу үргэлжилсэн магистраль шугам нь жижүүрийн рабортдаа бичээгүй байж таараад газар олгогдсон байсан. Гэтэл холбоо ашиглалтын газраас ирж үйл ажиллагааг зогсоосон. Тэгэхээр нь хойшлуулах саналыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад уламжилтал та бүхэн чадна гэвэл хийгээд үз гэсэн.

2005 оны 07 дугаар сард, улмаар тус газартаа дахин зураг хийлгэж батлуулсан. Энэ хооронд бид 200 метрийн холоос 380 метрийн кабелийг татаж, шит зөөсөн. Ус, дулаан, цэвэр усыг татаж оруулахад их мөнгө зарцуулсан. Гэтэл Сүхбаатар дүүргийн Засаг дарга солигдож н.А******* гэх хүн болсон. Улмаар 04 дүгээр сард ажил эхлүүлэх зөвшөөрөл авах гэтэл Д ХХК-тай гэрээ байгуулсан гэсэн. Тэгэхээр нь бид ажлаа эхлүүлэх гэж байгаа гэхэд хашаан дотор гэр бариулж цагдаагаар мануулсан байсан. Д ХХК-тай очиж уулзаж Сүхбаатар дүүргийн Засаг даргатай байгуулсан гэрээгээ үзүүлсэн. Тухайн үеийн Засаг даргатай уулзаж, Д ХХК-ийн н.Болд захиралтай уулзаж болсон үйл баримтын талаар хэлэхэд мэдэхгүй бидэнд хойшоо газар сунгаж захирамж гаргаж өгнө гэж н.А******* дарга хэлсэн. Засаг даргаас захирамж гаргавал бид орон сууцаа барих нь тодорхой учраас та хоёр оруулсан хөрөнгөө нэхэмжлэх байх гэсэн. Тэгэхээр нь бид тохиролцох гээд газруудад албан бичгээ бичиж явж байтал 2007 онд Д ХХК энэ ажлыг танайх хий гэсэн. Сүхбаатар дүүргийн Засаг дарга н.А*******д албан бичгээ бичээд ороход Д ХХК барилга барина, та бүхэнтэй хамтарч ажиллах боломжгүй гэсэн. Улмаар дараагийн Засаг дарга томилогдоход энэ асуудлыг хүлээн аваагүй. 2017 онд газар чөлөөлөх тухай мэдэгдлийг ирүүлсэн. Бид энэ барилгыг барихын тулд их хөрөнгө зарцуулсан. Биднийг гэрээнд заасан хугацаандаа барилгаа бариагүй гэдэг.

Иргэний хэргийн анхан шатны шүүхэд маргаан үүсгэсэн гэхдээ ялагдсан. Тендерийг хууль бус гэж үзэж байна. Мөн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/354 дугаартай газар чөлөөлөх тухай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэж хүсэж байна гэв.

3.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Маргаан бүхий захиргааны актад Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт заасныг баримталсан. Нэхэмжлэгч, хариуцагч нар 2005 онд Хамтран ажиллах гэрээ байгуулж, гэрээний хүрээнд газар нь шилжээгүй байхад газрынхаа төлбөрийг төлж, барилгын суурийг гэрээний норм стандартад нь нийцүүлж хийж байсан. Ямар ч хамгаалалтгүй орхигдсон болохоор өнөөгийн нөхцөлд ашиглах боломжгүй байгаа. Гэхдээ маргаан бүхий захиргааны актын үндэслэлд дурдаж байгаа Реконстракшн төвийн экспертизийн дүгнэлтээр суурийг анхнаасаа ашиглах боломжгүй гэдэг асуудлыг огт хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Шинжээчийн дүгнэлтийг хийхдээ нэхэмжлэгч талд огт мэдэгдээгүй, оролцоог нь хангаагүй ямар бичиг баримт бүрдүүлж, ямар лабораторийн шинжилгээ хийсэн зэрэг нь эргэлзээтэй байгаа. Тэгэхээр дүгнэлттэй холбоотойгоор шүүхэд Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрыг шинжээчээр томилсон бөгөөд мэргэжлийн хяналтын байцаагч н.Ё гэх хүн нэг удаа цаас, утастайгаа очоод амаараа ярилцаад хэдэн зураг дараад гаргачихсан дүгнэлт юм. Тэгэхээр маргаан бүхий актын үндэслэлд дурдаж байгаа ашиглах боломжгүй гэдэг нөхцөл байдлыг бүрэн нотолж тогтоохгүйгээр маргаан бүхий захиргааны актыг гаргасан учраас хуульд нийцэхгүй байна.

Мөн хууль зүйн хувьд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд заасан урьдач нөхцөлийг хангахгүй байна. Учир нь тус хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зохих зөвшөөрөлгүйгээр газарт барилга байгууламж барьсан эсхүл дур мэдэн эзэмшсэн гэх 2 урьдач нөхцөлийг барих ёстой. Нэхэмжлэгч албан ёсны хүчин төгөлдөр гэрээ байсан, гэрээний үндсэн дээр зөвшөөрлийн дагуу барилгын суурь барьсан. Гэтэл зөвшөөрөлгүйгээр нууцаар суурь цутгасан юм шигээр албадан чөлөөлье гэж байгаа нь нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байна. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад 2005 онд байгуулсан Хамтран ажиллах гэрээний асуудлыг 3 шатны шүүх эцэслэн шийдвэрлэсэн. Тийм учраас барилга дээрх хийсэн ажлын зардал мөнгөний асуудал нь дараагийн асуудал болон байгаа юм.

Маргаан бүхий захиргааны акт нь тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн байсан. Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийсэн, энэ талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдсан. Мөн хуулийн 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа хийж хариу тайлбар, гомдол саналаа нэхэмжлэгч компанийн зүгээс гаргасан. Үүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар захиргааны актадаа тусгаагүй. Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэлсэн нөхцөл байдлуудыг тайлбартаа бичдэг. Захиргааны байгууллагаас хэрхэн шийдвэрлэсэн, яагаад боломжгүй гэсэн тухайгаа тусгах ёстой. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан бичгээр гаргах шаардлагыг хангахгүй. Өөрөөр хэлбэл, бодит нөхцөл байдалд нийцсэн, хуульд үндэслэсэн зэрэг бичгээр гаргах захиргааны актад тавигдах шаардлагыг хангахгүй байна.

Иймд маргаан бүхий захиргааны акт болох Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 384 дугаартай захирамжийг хүчингүй болгож нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

3.4 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Миний тухайд 2013 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт Хууль зүйн хэлтсийн мэргэжилтнээр томилогдон өнөөдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байгаа. Миний бие хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд олон талаас нь асуудлыг харж байгаа. 2013 оноос хойш Сүхбаатар дүүргийн Тамгын газартай холбоотой асуудлууд надаар дамжиж орж гардаг. Шүүхэд болж байгаа процессын бүх зүйлийг би өөрөө нэг бүрчлэн гардан хийдэг. 2005 онд 0101 дугаартай гэрээ байгуулагдсан үеэс Тамгын газарт өгсөн барилгын баримт байдаггүй. Хуульч хүн нотолгооны ач холбогдолтой үндэслэлтэй дүгнэлт хийдэг. Нэхэмжлэгч тал барилгын хувийн хэрэг баримтаа хариуцагч талд өгсөн худлаа хэлсэн, холбогдох барилгын зураг, ажлын акт баримт материалыг Тамгын газарт өгсөн зүйл нэг ч байдаггүй. Шүүхээс үзлэг хийхэд хүртэл гарч ирдэггүй. 2005 оноос 2013 оныг хүртэлх асуудлын талаарх баримтыг өгсөн тохиолдолд захиргааны акт эсхүл хурлын тэмдэглэл ч юм уу байх ёстой.

2005 онд байгуулсан Хамтран ажиллах гэрээ нь хүчин төгөлдөр бус гэдгийг 3 шатны шүүхээр шийдвэрлэсэн. 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан.

Хамтран ажиллах гэрээнд тухайн барилгыг 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор барьж дуусгана гэсэн заалттай. Гэтэл тухайн гэрээний үүргээ биелүүлээгүй учраас гэрээ цуцлах мэдэгдэл хүргүүлсэн. Газар албадан чөлөөлөхөөс өмнө хүний эд хөрөнгөд халдаж байгаа учраас захиргааны байгууллага процесс ажиллагаагаа хийсэн. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагаа хийж, тайлбараа ирүүлсэн. Ирүүлсэн тайлбарыг хэрхэн шийдвэрлэсэн талаар захиргааны актад дурдах ёстой гэж өмгөөлөгчөөс хэлж байна гэтэл тийм хуулийн зохицуулалт байхгүй. Барилгын суурь дээрээ дахиад дээшээ байшин барилга барих боломжтой юм уу. Магадгүй боломжтой бол зардлаа хэмнээд дараа дараагийн ажлыг төлөвлөөд лабораторитой байгууллагаар нь шинжээч томилуулж дүгнэлт гаргуулсан. Тус дүгнэлтэд барилгын суурийг ашиглах боломжгүй гэсэн. Тэгэхээр захиргааны байгууллага 2005 онд байгуулсан гэрээний гүйцэтгэл биелэгдэх боломжгүй. Нэхэмжлэгч тал гэрээнийхээ үүргийг биелүүлээгүйгээс болж гэрээ цуцалсан. Мөн 3 шатны шүүхээр үндэслэлтэй гэж дүгнэсэн. Гэрээний асуудлаас бий болсон барилгын суурийг ашиглах боломжтой юу. Магадгүй боломжтой тохиолдолд бид нар тухайн байгууллагад төлбөрийг төлөх ч юм уу эсхүл барилгыг дээш нь барих ч юм уу зэргийг тогтоолгохоор хөлс мөнгийг нь төлж шинжээч томилж дүгнэлт гаргуулахад барилгын суурийг ашиглах боломжгүй гэх дүгнэлтийг гаргаж байгаа тохиолдолд захиргааны байгууллага өөрийнхөө газрыг л албадан чөлөөлнө. Дүүргийн Засаг даргын 2017 оны 364 дугаартай захирамж нь үндэслэл бүхий гарсан.

Хохирлын тухай асуудлыг ярьж байна. Захиргааны хэргийн шүүхэд хохирлын талаарх асуудал яригдахгүй. 2016 оны иргэний хэргийн шүүхийн 01455 дугаартай шийдвэрийн 5 дахь хуудсанд зохигчдоос Ажил гүйцэтгэх гэрээгээр хүлээсэн үүргээ нөгөө тал зөрчсөнтэй холбоотойгоор өөрт хохирол учирсан гэж үзвэл хохирлын талаарх баримтаа гарган шүүхээр маргааныг шийдвэрлүүлэхэд тухайн шийдвэр саад болохгүйг дурдсан. 2016 онд хохирлын талаар шүүхийн шийдвэрт дурдсан байхад энэ талаараа шийдвэрлүүлээгүй байж өнөөдрийн газар чөлөөлөх маргаанд энэ асуудлын талаар ярьж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн 195 дугаартай захирамжаар олгосон газрыг манай газар гэж ярьж байна. Өсөх таван эрдэнэ ХХК-д газар эзэмшүүлэх тухай Нийслэлийн Засаг даргын захирамж байхгүй. Газрын тухай хуульд заасны дагуу шугам сүлжээ бүхий байршилд газар эзэмшүүлэх асуудлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар олгодог. Гэтэл дүүргийн Засаг даргын Тамгын газарт олгосон газрыг өөрийн эзэмшлийн газар юм шигээр хүчингүй болгоод барилгаа барина гэх байдлаар ярьж байна. 2015 онд зарлагдсан тендертэй холбоотой асуудлаа тухайн үед нь холбогдох шүүхэд нь гаргаж шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байсан. Маргах хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгачихаад дүүргийн Засаг даргаас хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд Тамгын газрын газрыг чөлөөлөн нийтийн эрх ашгийг хамгаалсан барилга байгууламжаа барих гэхээр саад учруулан 2018 оноос хойш 5 жилийн хугацаанд шинжээч томилно гэх ганц хүсэлтээр хязгаарлаж байгааг ойлгохгүй байна. Өмгөөлөгчийн зүгээс үйлчлүүлэгчдээ иргэний хэргийн маргаан хэрхэн явагдах, хохирлын тухайд хаана ханддаг, газартай холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэдэг талаар тайлбарлах ёстой.

Иргэний хэргийн шүүх хуралдаанд Н.У******* та итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байсан. Шүүхийн шийдвэрт таны нэр байгаа. Хууль тогтоомжийн дагуу гаргасан захиргааны актыг үндэслэлгүйгээр, нотолгоогүйгээр хэрэгжих боломжийг хааж байгаад захиргааны байгууллагаас хүндэтгэлтэй хандаж байгаа. Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсэн, захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хүчингүй болгож шийдвэрлэсэн. Бид бүхэнд өнөөдрийг хүртэл захиргааны актын биелэлтийг албадан гүйцэтгүүлэх боломж байгаа ч шүүхийн эцсийн шийдвэр гартал гээд хүлээж байгаа. Бодит байдалд захиргааны байгууллагаас Ө******* ХХК-д хүндэтгэлтэй хандсанаараа нийтийн эрх ашгийг хохироосон болж байгаа юм. Тиймээс үндэслэл бүхий захиргааны актыг хэвээр үлдээж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ө******* ХХК нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай 2005 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан хамтран ажиллах гэрээгээр барилгын суурь цутгасан гэх үндэслэлээр тус компаниас газар албадан чөлөөлөх Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/354 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахаар маргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтууд, талуудын тайлбарыг үнэлээд дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Тус компаниас албадан чөлөөлөхөөр маргаан бүхий актаар шийдвэрлэсэн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх 270 м.кв газрын хувьд анх Нийслэлийн Засаг даргын 2003 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн 125 дугаар захирамжаар[1] Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт 150 м.кв хэмжээгээр тус дүүргийн 7 дугаар хорооны ажлын алба, цагдаагийн кабоны зориулалтаар эзэмшүүлсэн, газрын хэмжээг нэмэгдүүлэн Нийслэлийн Засаг даргын 2013 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн А/1051 дүгээр захирамжаар[2] 270 м.кв хэмжээгээр Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт эзэмшүүлсэн, өөрөөр хэлбэл уг газрыг нэхэмжлэгч компанид эзэмшүүлээгүй.

2. Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын эзэмшлийн уг газарт нэхэмжлэгч Ө******* ХХК өөрийн хөрөнгөөр барилга барихаар, барилгын тодорхой хэсгийг Засаг даргын Тамгын газрын өмчлөлд 7 дугаар хорооны ажлын алба, цагдаагийн кабоны зориулалтаар шилжүүлэхээр Ө******* ХХК Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газартай тохиролцож хамтран ажиллах 01/01 дугаартай гэрээг 2005 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр байгуулсан, гэрээнд барилгыг 2005 оны 10 дугаар сарын 01-нд ашиглалтад хүлээлгэн өгөхөөр заасан, энэ хугацаанд барилга баригдаагүй.

3. Нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн нэхэмжлэлийн үндэслэлд барилга хугацаандаа баригдаагүй шалтгаан хэмээн тайлбарладаг суурийн ажил хийж байхад магистрал шугам өртсөн, түүнийг шийдвэрлэх шаардлага үүссэн гэх нөхцөл байдлын хувьд уг үндэслэлээр гэрээнд нэмэлт оруулан хугацааг сунгуулах тус компанийн 2005 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 08 тоот хүсэлтээр[3] хугацааг сунгасан, тодруулбал Хамтран ажиллах гэрээнд нэмэлт оруулах тухай 2006 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 01/01 дугаартай гэрээгээр[4] барилгын ажлын хугацааг 2006 оны 6 дугаар сарын 26-наас 2006 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүртэл сунгаж, барилгыг ашиглалтад оруулахаар тохиролцсон, дахин тогтоосон хугацаанд ч барилгыг барьж ашиглалтад оруулаагүй, 9 ширхэг баганан суурь л хийсэн болох нь шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл, фото зургууд, шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан.

4. Гэрээнд заасан хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй үндэслэлээр дүүргийн Засаг даргын Тамгын газар 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдөр 3/684 тоот албан бичгээр гэрээ дуусгавар болгон цуцлах мэдэгдэл[5] Ө******* ХХК-д хүргүүлсэн.

5. Улмаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж маргах эрх үүсгэсэн гэх 2005 оны хамтран ажиллах гэрээний дагуу барилгын ажил үргэлжлүүлэхийг даалгах шаардлага бүхий Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт холбогдуулан гаргасан Ө******* ХХК-ийн нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 1455 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 22-ны өдрийн 560 дугаар магадлал, Улсын дээд шүүхийн иргэний хэргийн хяналтын шатны шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 02-ны өдрийн 704 дүгээр тогтоолоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож эцэслэн шийдвэрлэсэн.[6] Уг шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах хүсэлт гаргасныг Улсын дээд шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор хангахаас татгалзжээ.

Иргэний хэргийг шийдвэрлэсэн хяналтын шатны шүүхийн тогтоолд ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь ажлын үр дүн байдаг бөгөөд гэрээгээр барих барилгыг хугаацандаа барьж өгөх үүргийг нэхэмжлэгч гүйцэтгээгүйгээс гэрээ цуцлагдсан байна. хариуцагчийн гэрээг цуцлах тухай 2006 онд нэхэмжлэгч талд өгсөн мэдэгдлийг нэхэмжлэгч няцааж чадаагүй байна. 2006 оноос хойш нэхэмжлэгч гэрээг үргэлжлүүлэх шаардлага гаргасан нь тогтоогдоогүй бөгөөд гэрээ байгуулах, гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах нь гэрээний талуудын хүсэлт зоригоор хийгддэг тул нэгэнт цуцлагдсан гэрээнээс дахин үр дагавар гаргахаар буюу гэрээг үргэлжлүүлж барилга бариулахыг даалгах гэх нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж дүгнэсэн, ийнхүү талуудын хооронд үүссэн гэрээний төрөл, гэрээний хүчин төгөлдөр байдал, нэхэмжлэгчийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс гэрээ цуцлагдсан үйл баримтын талаар харьяаллын дагуу дүгнэлт хийсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байна.

6. Дүүргийн Засаг даргын Тамгын газар захиргааны шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд барилгын сууринд оношлогоо хийлгэх ажлын 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн гэрээгээр[7] Шинжлэх ухаан технологийн их сургуулийн Барилга архитектурын сургуулийн дэргэдэх Реконстракшн төвөөр барилгын сууринд экспертизийн дүгнэлт[8] гаргуулсан.

Тодруулбал, Реконстракшн төвийн шинжээчид 2015 оны 11 дүгээр сарын 8, 9-нд цутгаад орхигдсон 9 ширхэг баганан сууринд суурийн чанар байдлыг тодорхойлж техникийн дүгнэлт гаргах, цаашид ашиглах боломжийг судлах зорилгоор үзлэг оношлогоо хийж, лазерийн зай хэмжигч, арматур хайгч соронзон багаж, арматурын голч, хамгаалалтын бетон үеийн зузаан тодорхойлогч багаж, үл эвдэх сорилын багаж, лабортаротийн бусад багаж хэрэгсэл ашиглан барилгын суурийн бүтээцэд үзлэг хийж, геометр характеристикуудыг тодорхойлох, гэмтэл согогийг илрүүлэн шинжлэх, тэдгээрийн үүссэн шалтгааныг тодруулах, зэргэлдээ барилгын суурь суулгалтын түвшинтэй уялдсан эсэхэд дүн шинжилгээ хийх, суурийн бүтээцэд чанарын шинжилгээ хийж үнэлгээ өгөх, суурийг цаашид ашиглах боломжийн талаар дүгнэлт гаргах ажлыг хийж, 7-8 жилийн өмнө цутгагдаад ил задгай нөхцөлд орхигдсон барилгын суурийн бетоны бат бэх туйлын жигд бус, бетонууд бүхэлдээ гүн кабонизацад орсон, суурийн арматурчлал барилгын норм дүрмийн дагуу хийгдээгүй, эмх замбараагүй байрлалтай байгаагийн хамт залгаас, зөрүүлэг нь стандартын шаардлага хангахгүй байгаа, суурийн тэнхлэг хоорондын зай, суурийн овор хэмжээсүүд номиналь хэмжээнээс нормоор үл зөвшөөрөгдөх хэмжээнд зөрүүтэй, инженер геологийн төвөгтэй нөхцөлд буюу хүчтэй овойлт үүсгэх хөрсний нөхцөлд он удаан жил байснаас сууриуд босоо чиглэлд харилцан адилгүй шилжиж, түвшний зөрүү гарсан зэрэг зөрчил доголдол илэрсэн тул цаашид суурь болгон ашиглах бололцоогүй гэж дүгнэсэн байна.

Мөн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхээс томилсон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын барилгын техникийн хяналтын улсын байцаагчийн 2019 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн шинжээчийн 01-17-1212/2019 тоот дүгнэлтээр[9] суурь баганыг үргэлжлүүлэн барилга угсралтын ажил гүйцэтгэх боломжгүй, суурийг өнөөгийн нөхцөлд ашиглах боломжгүй болох нь тогтоогдсон.

7. Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас 2016 оны 5 дугаар сарын 02-нд барилгын суурийг буулгаж, газар чөлөөлөх мэдэгдэл[10], 2017 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 2006 онд хамтран ажиллах гэрээг цуцалсан, экспертизийн дүгнэлтээр ашиглах боломжгүй нь тогтоогдсон барилгын суурийг чөлөөлөхөөр болсон талаар тайлбар, нотлох баримт гаргуулах сонсох ажиллагааны мэдэгдлийг[11] хүргүүлж, Ө******* ХХК-иас 7 дугаар сарын 25-ны өдөр тайлбар[12] ирүүлсэн, 2017 оны 8 дугаар сарын 1-ний өдөр 1/1866 тоот албан бичгээр газар чөлөөлөхөөр шийдвэрлэснийг мэдэгдэж, мэдэгдлийг өдөр тутмын хэвлэлд буюу Өдрийн сонинд нийтлүүлж, 2017 оны 9 дүгээр сарын 05-нд шаардах хуудас[13] өгсөн, өөрөөр хэлбэл захиргааны байгууллага шийдвэр гаргах ажиллагааны журмыг хангаж ажиллажээ.

8. Энэ хугацаанд дүүргийн төсвийн хөрөнгөөр 7 дугаар хорооны өрхийн эрүүл мэндийн төв, цагдаа, хорооны ажлын албаны нэг цэгийн үйлчилгээний байр шинээр барих тендер зарлаж, тендерт шалгарсан компанитай 2015 оны 9 дүгээр сарын 14-нд гэрээ байгуулсан[14] бөгөөд, газарт баригдсан барилгын суурийг чөлөөлөөгүйгээс уг ажил хүлээгдэж буй үйл баримт байна.

Иймд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/354 дүгээр захирамжаар газар албадан чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь захирамжид баримталсан Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 57.5 дахь хэсэгт нийцсэн, шийдвэр гаргах ажиллагааны журам зөрчөөгүй, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хууль бусаар хөндөөгүй байна.

9. Нэхэмжлэгч нь тухайн газрын төлбөрийг гэрээнд зааснаар төлдөг гэж маргах ч хэрэгт авагдсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн 2013 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн актад[15] Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газарт газар эзэмшүүлсэн захирамжийн дугаар, газар эзэмшигчтэй байгуулсан газар эзэмшүүлэх гэрээний дугаарыг тусгасан байгаагаас үзвэл жилд 13200 төгрөг төлсөн, 2003-2013 оны 146,850 төгрөгийн төлбөрийг нэхэмжлэгч компани төлсөн гэх баримтгүй, хэрвээ нэхэмжлэгч компани төлсөн бол дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас буцаан гаргуулахаар шаардах эрхтэй, учир нь газар эзэмших гэрээ байгуулаагүй, эзэмших эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмших эрхгүйн адил эзэмших эрх олгогдоогүй газрын төлбөрийг төлөх үүрэг мөн адил үүсэхгүй, төлбөр төлөх үүрэг хууль, гэрээгээр үүсээгүй байхад төлсөн төлбөрийг буцаан гаргуулах эрхтэй.

10. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хамтран ажиллах гэрээний дагуу хийсэн барилгын суурь нь тухайн компанийн өмч гэж тайлбарлах ч маргаан бүхий газарт хийгдсэн барилгын сууринд өмчлөх эрх үүсээгүй,

11. Шүүх хуралдаанд нэхэмжлэгчээс гаргасан барилгын сууринд дахин шинжээч томилуулах хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, тодруулбал шүүхээс 2019 оноос энэ нөхцөл байдлыг тодруулах зорилгоор шинжээч томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлж байсан бөгөөд шүүхээс хандсан байгууллага, мэргэжилтнүүд шинжээчээр ажиллахаас татгалзаж, хэрэг хянан шийвэрлэх ажиллагаа энэ үндэслэлээр тодорхой хугацаагаар удааширсан[16], 2019 оны шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэх дахин шинжээч томилох үндэслэл үүсээгүй гэж үзсэнийг дурьдах нь зүйтэй.

12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар шүүхээс томилсон шинжээчийн зардлыг шинжээч томилуулах хүсэлт гаргасан нэхэмжлэгчид хариуцуулав.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1,106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 57.5, 60 дугаар зүйлийн 60.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ө******* ХХК-ийн Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн А/354 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3.1, 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, шинжээчийн ажлын хөлс ... төгрөгийг нэхэмжлэгчид хариуцуулсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА