Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 22 өдөр

Дугаар 511

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч Ц.Ариунтуяа,

шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Энхтүвшин (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхний дугаар 0938),

шүүгдэгч Ц.Б, А.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас З овогт Цын Б, Т овогт Аын Т нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 201726010719 дугаартай 1 хавтаст хэргийг 2017 оны  10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. З овогт Цын Б, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1995 оны 5 дугаар сарын 16-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, ахын хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .....

2. Т овогт Аын Т, Монгол Улсын иргэн, Улаанбаатар хотод 1994 оны 5 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 23 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, .... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар .....

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч Ц.Б, А.Т нар нь 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр бүлэглэн Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 15 дугаар гудамжны .... тоотод байх М.Уийн байшингийн хаалганы цоожны цуургыг мултлан орон байранд нэвтрэн орж 350.000 /гурван зуун тавин мянга/-н төгрөгийн үнэлгээ бүхий зурагтыг хулгайлан авч бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.                                               

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Шүүгдэгч А.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд:

1. Хохирогч М.Уийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр...12 цагийн үед гэрээсээ гараад...орой 16 цагийн үед гэртээ нөхөртэйгөө хамт ирэхэд...манай гэрийн хаалганы цоож эвдэрсэн байдалтай...гэрийн хананд өлгөөтэй байдаг “Sast” нэртэй 42 инчийн LED зурагт алга болсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),

2. Иргэний нэхэмжлэгч Б.Цийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо .... тоотод “....” барьцаат зээлийн үйлчилгээ үзүүлдэг ХХК-ийн “....”-т зээлийн ажилтан хийдэг. 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ажлаа хийж байхад 17 цагийн үед цэнхэр цамцтай залуу орж ирээд надаас зурагт авах уу гэж асуусан...нэг залуутай хамт орж ирсэн ба орж ирэхдээ 40 инчийн LED хятад зурагт аваад орж ирсэн...тэгээд би удирдлага нь хаана байна гэсэн чинь удирдлага байхгүй гэсэн. ...цэнхэр цамцтай залуу нь байж байснаа бичиг баримтаа гаргаж өгсөн ба зурагтыг 180.000 төгрөгөөр үнэлж авсан. Тэгээд 19 цагийн үед 1 хүн орж ирээд “танайд зурагт тавьсан уу” гэсэн ба араас нь цагдаа нар орж ирээд зурагтыг хураан аваад явсан. Тухайн зурагтыг тавьсан хүн жаахан архи үнэртүүлсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

3. Гэрч Т.Бат-Өлзийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 17 цагийн үед гэр лүүгээ алхаж яваад Бтэй тааралдахад согтуу байсан ба “надад 1 зурагт байна, та ломбарданд тавиад өг, би согтуу болохоор болохгүй байна” гэхээр нь ямар учиртай, хаанаас авсан юм бэ гэхэд манай гэрийн зурагт гээд гуйгаад байхаар нь зөвшөөрөөд ломбардын гадаа хүлээж байхад Б зурагт тэврээд хүрээд ирсэн ба бид хоёр цугтаа ломбардад ороход бичиг баримт хэрэгтэй гээд Б өөрөө бичиг баримтаа гаргаж ирээд зурагтыг ломбардад 180.000 төгрөгөөр барьцаалан мөнгийг нь аваад гарах гэж байхад Т орж ирсэн ба Бтэй хамт явсан байсан байна лээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

4. Гэрч Ц.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр 16 цагийн үед “Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, .... тоотод хулгай орсон” гэсэн дуудлагын дагуу...хэргийн газар очиж ажиллахад Уийн гэрээс 42 инчийн зурагт алдагдсан байсан. Улмаар миний бие гүйцэтгэх ажлын чиглэлээр мэдээ, мэдээлэл авч Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо, 21-ийн автобусны буудлын хойно байдаг “....” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт очиж...камерийн бичлэгийг шалгаж үзэхэд...урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан Б, Бат-Өлзий, Т нар болохыг тогтоож, 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, .... тоотоос тухайн сэжигтэй этгээдийг дайлан баривчилсан. Хулгайд алдагдсан зурагтыг хохирогчоор таньж олуулан тэмдэглэл үйлдэн хураан авсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37),

5. Гэрч А.Тийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр дүү Ттэй тамхи авах гээд явах замдаа Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, 217 дугаар худаг дээр Бтэй тааралдсан ба бид гурав тамхилаад юм ярьж байгаад би гэртээ харьсан ба манай дүү Т Бтэй цугтаа Бтай уулзана гээд доошоо явсан. Маргааш өглөө нь 11 цагийн үед Б манай гэрт ирсэн. ...Т надад хэлэхдээ Б айлаас зурагт авсан гэж байсан. А гээд манай тэр хавьд байдаг айлын гэрээс хулгай хийсэн байна лээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35),

6. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, хэргийн газрын схем зураг, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 05-10),

7. Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, барьцаат зээлийн гэрээ ( хавтаст хэргийн 42-46),

8. Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 11),

9. Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (хавтаст хэргийн 26),

10. Эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 22-25),

11. Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр...найз Гий гэрт 0.75 литрийн архи хувааж уучихаад...13 цагийн үед гарч яваад Т, Т нартай 4 дүгээр хорооны Их нарангийн худаг дээр тааралдаад юм ярьж байгаад...ах Бийг олж уулзахаар Аийн гэр лүү Ттэй цугтаа яваад... Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Махын байрны 2-04 тоотод очсон ба би хашаа руу ороод байшингийн хаалгыг татахад хаалганы цүү нь мултраад хаалга онгойход би хүнгүй байгааг мэдээд гэр лүү нь ороод хананд өлгөөтэй зурагт байхаар нь салгаж аваад гарсан. Тухайн үед хашааны гадаа Т намайг хүлээгээд зогсож байсан ба Т намайг хулгай хийнэ гэж мэдээгүй би ахтайгаа уулзах гэж ороод архины халуундаа зурагтыг нь авчихсан юм. Тэгээд би зурагтаа авч гараад Тд өгөөд харж байгаарай би машин олоод ирье гээд... зам дээрээс такси бариад Ттэй...“....” ломбарданд ирээд машинд Т зурагтаа харж үлдээд, би ломбарданд орж зурагт авах уу гэхэд авна гэхээр нь гараад машин руу явж байхад Бат-Өлзий ахтай таараад зурагт тавиад өгчих гэж гуйхад ямар учиртай зурагт юм гэхээр нь манай зурагт байгаа юм, би согтуу байна, та тавиад өг гэж гуйгаад зөвшөөрүүлж, машинаас зурагтаа аваад Бат-Өлзий ахтай ломбардад ороход бичиг баримт байхгүй гээд байхаар нь өөрийнхөө баримтаар 180.000 төгрөгийн барьцаанд тавьсан. Тэгээд ломбардын гаднаас Бат-Өлзийгөөс салаад Т бид хоёр Мөнхтуяа гэдэг найзынхаа гэрт очиж архи авч уугаад маргааш нь Тгийнд очоод байхад цагдаа нар ирж барьсан. Хулгай хийх санааг би гаргасан ба уг нь ахыгаа хайж орсон тэгээд хүнгүй байхаар нь зурагтыг авсан...Т намайг гэрээс зурагт аваад гарч ирэхэд хулгай хийсэн талаар мэдсэн өмнө нь бол мэдээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-65),

12. Шүүгдэгч А.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Т бид хоёр тамхи авах гэж яваад Бтэй таарахад Б ах Бтай уулзана гээд А гэж хүний гэр лүү явахаар болоод бид хоёр Аийнх рүү очиход Б би ороод ирье гээд хашаа руу ороод би гадаа хүлээж байхад Б Аийн гэрээс зурагт бариад гарч ирээд надад өгч “чи харж бай, би машин бариад ирье” гээд удалгүй такси бариад хүрч ирж намайг суулгаад ломбарданд ирж...орсон. ...бид хоёр Бийн найзын гэрт очиж архи уусан. Тэгээд маргааш өглөө нь 11 цагийн үед Б манайд байхад цагдаа ирээд бид нарыг барьсан. Тэр өдөр Ц.Б л ахтайгаа уулзана гэж хэлчихээд зурагт бариад гараад ирсэн. Тэгэхээр нь би хулгай хийсэн юм байна гэж мэдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84),

13. Шүүгдэгч Ц.Бийн төрсний бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 54, 55), оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 52), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 58), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 53),

14. Шүүгдэгч А.Тгийн төрсний бүртгэлийн болон иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 71, 72), оршин суугаа хорооны тодорхойлолт (хавтаст хэргийн 75), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 78), хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (хавтаст хэргийн 53) бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цуглуулж бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Б, А.Т нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд:

  1.  Гэм буруугийн талаар.

- Улсын яллагч: Шүүгдэгч Ц.Б, А.Т нар нь хэрэгт цугларсан баримтаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдон тогтоогдсон. Нөгөө талаар шүүгдэгч нарын үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаанд үйлдэгдсэн учир 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...оногдуулах ялыг хөнгөрүүлсэн...хуулийг буцаан хэрэглэнэ” гэсний дагуу шүүгдэгч нарт оногдуулж болох ялыг хөнгөрүүлсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах,

- Шүүгдэгч нарын өмгөөлөгч Ц.Энхтүвшин: Ц.Б, А.Т нар нь бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар нотлогдохгүй байна. А.Т мөрдөн байцаалтад “...Бтэй таарахад тэрээр ах Бтай уулзана гээд А гэж хүний гэр лүү явахаар болоод бид хоёр Аийнх рүү очиход Б би ороод ирье гээд хашаа руу ороод би гадаа хүлээж байхад Б Аийн гэрээс зурагт бариад гарч ирэхээр нь....би хулгай хийсэн юм байна гэж мэдсэн...”, мөн Ц.Б мөрдөн байцаалтад “...Тухайн үед хашааны гадаа Т намайг хүлээгээд зогсож байсан ба Т намайг хулгай хийнэ гэж мэдээгүй би ахтайгаа уулзах гэж ороод архины халуундаа зурагтыг нь авчихсан...” гэх мэдүүлгээр шүүгдэгч нар нь бусдын эд хөрөнгийг хулгайлах санаа зорилго байхгүй байсан нь тэдний мөрдөн байцаалтад удаа дараа өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч А.Тг цагаатгаж, шүүгдэгч Ц.Бийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү. Хэрэв шүүгдэгч А.Тг цагаатгах боломжгүй гэж үзвэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 155 дугаар зүйлийн 155.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэж  гэж тус тус мэтгэлцэж дүгнэлт гаргав. 

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.Б, А.Т нарыг бүлэглэж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...А.Тг цагаатгаж өгнө үү...” гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч Ц.Б, А.Т нарыг “бүлэглэн”  гэмт хэрэг үйлдсэн гэх боловч хэрэгт цугларсан баримтаар шүүгдэгч нар нь хэрэг үйлдэх явцад санаатай хамтран оролцсон болох нь тогтоогдохгүй буюу А.Т энэ хэрэгт ямар хэлбэрээр оролцсон болох нь тодорхой бус байна. Иймд шүүгдэгч нарыг гэмт хэрэг үйлдэхдээ хамт явсан үндэслэлээр үйлдлээрээ нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн гэж үзэх боломжгүй. Нөгөө талаар шүүгдэгч А.Тг цагаатгах хууль зүйн үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч А.Т нь Ц.Бийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага албан тушаалтанд мэдээлээгүй болох нь хэрэгт цугларсан баримтаар нотлогдож байна.

Тиймээс шүүгдэгч Ц.Б, А.Т нарыг (бүлэглэж) Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд зааснаар шүүгдэгч Ц.Бийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, шүүгдэгч А.Тг гэмт хэргийг үл мэдээлсэн буюу 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцон хөнгөрүүлэн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзэв.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар нь дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь доорх нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

1. Шүүгдэгч Ц.Б Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 15 дугаар гудамжны Махын ажилчдын байр 2-04 тоотод, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, шууд санаатай үйлдлээр, М.Уийн орон байранд нэвтэрч, “Sast” брэндийн 40 инчийн LED зурагтыг хулгайлж бусдад 350.000 мянган төгрөгний хохирол учруулсан болох нь

- Хохирогч М.Уийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр...гэрийн хананд өлгөөтэй байдаг “Sast” нэртэй 42 инчийн LED зурагт алга болсон байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31),

- Иргэний нэхэмжлэгч Б.Цийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр ажлаа хийж байхад 17 цагийн үед цэнхэр цамцтай залуу орж ирээд...40 инчийн LED хятад зурагтыг...бичиг баримтаараа...180.000 төгрөгөөр үнэлж тавьсан. Тухайн зурагтыг тавьсан хүн жаахан архи үнэртүүлсэн байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 28),

- Гэрч Т.Бат-Өлзийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б зурагт тэврээд хүрээд ирсэн ба бид хоёр цугтаа ломбардад ороход бичиг баримт хэрэгтэй гээд Б өөрөө бичиг баримтаа гаргаж ирээд зурагтыг ломбардад 180.000 төгрөгөөр барьцаалан мөнгийг нь авсан....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 38-39),

- Гэрч Ц.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн: “...“....” ХХК-ийн барьцаалан зээлдүүлэх газарт очиж...камерийн бичлэгийг шалгаж үзэхэд...урьд өмнө нь цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан Б, Бат-Өлзий, Т нар болохыг тогтоосон...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 36-37),

- Камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, барьцаат зээлийн гэрээ ( хавтаст хэргийн 42-46),

- Хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээ (хавтаст хэргийн 11)

- Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (хавтаст хэргийн 26) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

2. Шүүгдэгч А.Т нь Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, Их Нарангийн 15 дугаар гудамж, Махын ажилчдын байр 2-04 тоот хашааны гадна, 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдөр, гэмт хэргийг нуун далдалж, найз Ц.Бийг хамгаалах сэдэлтээр, шунахайн зорилгоор, шууд санаатай үйлдлээр Ц.Бийг хохирогч М.Уийн орон байранд нэвтэрснийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй болох нь

- Гэрч А.Тийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Т надад хэлэхдээ Б айлаас зурагт авсан гэж байсан. А гээд манай тэр хавьд байдаг айлын гэрээс хулгай хийсэн байна лээ...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35),

- Шүүгдэгч Ц.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Тухайн үед хашааны гадаа Т намайг хүлээгээд зогсож байсан ба Т намайг хулгай хийнэ гэж мэдээгүй би ахтайгаа уулзах гэж ороод архины халуундаа зурагтыг нь авчихсан юм. ...Т бид хоёр Мөнхтуяа гэдэг найзынхаа гэрт очиж архи авч уугаад маргааш нь Тгийнд очоод байхад цагдаа нар ирж барьсан. Хулгай хийх санааг би гаргасан...Т намайг гэрээс зурагт аваад гарч ирэхэд хулгай хийсэн талаар мэдсэн өмнө нь бол мэдээгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 63-65),

- Шүүгдэгч А.Тгийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Б ах Бтай уулзана гээд А гэж хүний гэр лүү явахаар болоод бид хоёр Аийнх рүү очиход Б би ороод ирье гээд хашаа руу ороод би гадаа хүлээж байхад Б Аийн гэрээс зурагт бариад гарч ирэхээр нь...би хулгай хийсэн юм байна гэж мэдсэн... бид хоёр Бийн найзын гэрт очиж архи уусан. Тэгээд маргааш өглөө нь 11 цагийн үед Б манайд байхад цагдаа ирээд бид нарыг барьсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 83-84) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас

- шүүгдэгч Ц.Бийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх,

- шүүгдэгч А.Тг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 7 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлтийг,

Шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс

- Шүүхээс шүүгдэгч Ц.Бийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсонтой маргах зүйл байхгүй миний үйлчлүүлэгч анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэргийн улмаас иргэний нэхэмжлэгчид учруулсан 180.000 төгрөгийг төлж барагдуулсан тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт заасны дагуу тэнсэж өгнө үү.

- Шүүгдэгч А.Тг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд шүүхээс тооцсон. Уг хэрэг нь 2002 оны Эрүүгийн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1.1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарагдаж байна. Иймд 2002 оны Эрүүгийн хуулийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа өнгөрсөн тул шүүгдэгч А.Тг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргав.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Иймд улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжтой байх хэдий ч Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг удирдлага болгон шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан дүгнэлтийг шүүх хүлээн авах хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүгдэгч Ц.Б, А.Т нар нь анх удаа хөнгөн, хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдэнд ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ц.Б нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн (хавтаст хэргийн 58), үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал болон гэмт хэрэг улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн (хавтаст хэргийн 173, 106) зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна. Нөгөө талаар шүүгдэгч нь хувьд ногдох хөрөнгөтэй гэж үзэх баримтгүй, мөрдөн байцаалтын шатанд Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай хуульд заасны дагуу улсын өмгөөлөгчөөр өөрсдийн эрх ашгийг хамгаалуулсан зэргийг үндэслэн шүүгдэгчид эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж шүүх үзэв.

Харин шүүгдэгч А.Тг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон хэдий ч түүний 2002 оны Эрүүгийн хууль үйлчлэх цаг хугацаанд үйлдсэн буюу 2017 оны 3 сарын 27-ны өдрөөс хойш 11 сарын хугацаа өнгөрсөн байх тул 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар 72.1.1 дэх хэсэгт зааснаар “хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 сарын хугацаа” өнгөрсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх хууль зүйн үндэслэлтэй байна.

III. Бусад асуудлаар

Эрүүгийн 201726010719 дугаар хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нар нь цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, тэрээр хохирогч, иргэний нэхэмжлэгчид энэ тогтоолоор төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “CD” нэг ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх заалт, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас З овогт Цын Б, Т овогт Аын Т нарыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг мөн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч З овогт Цын Бийг бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд,

- Т овогт Аын Тг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэнийг лавтай сайн мэдсэн атлаа зохих байгууллага, албан тушаалтанд мэдээлээгүй гэм буруутайд тус тус тооцсугай.

3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бд эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 2 (хоёр) жил 1 (нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй,

4. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдсэнээс хойш 6 (зургаа) сарын хугацаа өнгөрсөн байх тул шүүгдэгч А.Тг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй,

5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Бийг жирийн дэглэмтэй, эрэгтэйчүүдийн хорин ангид эдлүүлсүгэй,

6.Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ц.У, иргэний нэхэмжлэгч Б.Ц нар нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэсэн тул шүүгдэгч нар нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Бд оногдуулсан 2 (хоёр) 1 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хянан харгалзаж, тэнсэгдсэн ялтанд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст даалгасугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

10. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин Т болтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

                                

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХЗУЛ