Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2022/ДШМ/883

 

      2022             9             06                                        2022/ДШМ/883

 

И.Бхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Оч, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Т.Мөнх-Амгалан,

шүүгдэгч И.Б, түүний өмгөөлөгч Г.Минжмаа,

нарийн бичгийн дарга Х.Саранзаяа нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Аюушжав даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/874 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч И.Бын өмгөөлөгч Г.Минжмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн И.Бхолбогдох эрүүгийн 2206000001509 дугаартай хэргийг 2022 оны 7 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            И.Б, 

            Шүүгдэгч И.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 54 дүгээр байрны 100 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эхнэр Г.М нүүр, толгойн тус газарт нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Баянзүрх дүүргийн прокурорын газраас: И.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигин овогт Итгэлийн И.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Быг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бнийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөн цагаар тогтоож, нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч И.Б нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч нь гэм хорын хохиролтой нэхэмжлэл байвал баримтаа бүрдүүлэн иргэний журмаар хангуулах эрхтэйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

            Шүүгдэгч И.Бын өмгөөлөгч Г.Минжмаа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...И.Б нь Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 54 дүгээр байрны 100 тоотод байрлах өөрийн гэртээ 3 хүүхдийнхээ угаах хувцсыг аваачиж тавин угаах зорилгоор гэртээ очиход тусдаа амьдарч байгаа Г.М хаалга тайлсан. Ингээд шүүгдэгч, хохирогч нар ярилцаад сууж байгаад хүүхдүүддээ халамж анхаарал бага хандуулж байгаа талаар маргалдаж байх явцад хохирогч Г.М “сэр согтуу минь” гэж нүүр рүү нь ус цацсанаас үүдэж хохирогч Г.М биед зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэсэн гэмтлүүд тогтоогдсон байдаг. Гэтэл шүүгдэгч хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдэл нь хохирогч, шүүгдэгч нарын харилцан маргалдсанаас үүдэж, хохирогч шүүгдэгчийн нүүр рүү хүйтэн ус цацсанаас шалтгаалан үүссэн тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдлээр үйлдэгдсэн байдаг. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.2-т заасан субьект мөн боловч шүүгдэгчийн дээрх үйл баримтад үйлдэгдсэн тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан үйлдлийг үзэхээр хуульчилсан байна. Гэтэл И.Б нь хохирогч Г.Мөнхжаргалтай тусдаа амьдраад 6 жил болж байгаа бөгөөд одоо хүртэл өөрийн 3 хүүхдээ харж хандан, өрх толгойлсон эцгийн үүргийг гүйцэтгэдэг бөгөөд тухайн үйл баримт болсон өдөр хүүхдүүдийнхээ хувцсыг гэртээ очиж угаах зорилгоор очсон бөгөөд тэгэхдээ хүүхдүүддээ анхаарал хандуулах талаар хохирогчтой ярилцаж байх явцад үл ялиг зүйлээс харилцан маргалдаж, хохирогч шүүгдэгчийн нүүр рүү хүйтэн ус цацсанаас болж, хохирогчийн зүүн хацар руу алгадаж, ор руу түлхэж зодсон тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргээр зүйлчлэн шийдвэрлэсэн нь хуульд нийцэхгүй байхаас гадна бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийн шинжгүй байхад зөвхөн хэргийн хохирогч нь шүүгдэгчтэй гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан байдлыг үндэслэн тухайн хэргийг хүндрүүлэн зүйлчлэх шалгуур болгох нь үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх явцдаа” Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж хүндрүүлэн зүйлчлэх тохиолдолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зодох, харгис хэрцгий хандах, тарчлаах зэрэг байнгын шинжтэй үйлдлүүдээр хөнгөн хохирол учруулсан байхыг шаарддаг байтал хохирогч, шүүгдэгч нарын харилцан маргалдаж, улмаар хохирогч шүүгдэгчийн нүүр рүү хүйтэн ус цацсан үйлдлээс шалтгаалан нэг удаагийн үйлдлээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан шүүгдэгчийн үйлдэл гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулаагүй байна. Иймд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдлээр хохирогч Г.Мөнхжаргалд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцож, миний үйлчлүүлэгчийн 3 хүүхдээ харж хандан, тэжээн тэтгэх зэргээр өрх толгойлсон эцгийн үүргийг өдөр тутамдаа гүйцэтгэж байгаа хувийн байдал болон хохирогчид төлөх төлбөргүй, нэхэмжилсэн тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч, түүндээ туйлын гэмшиж, хохирогчоос уучлал гуйсан, шүүхээс торгуулийн ялыг биелүүлэхэд боломжтой байгаа нөхцөл байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан торгуулийн арга хэмжээг оногдуулж өгнө.” гэв.

            Шүүгдэгч И.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Г.М нь одоогийн байдлаар Бүгд Найрамдах Солонгос улс руу явсан бөгөөд бид хэзээ явсныг нь мэдээгүй. Энэ талаар хүнээс мэдсэн бөгөөд өмнөх 3 жилд мөн Монгол улсад байгаагүй. Уг хугацаанд би хүүхдүүдээ харж, ханддаг байсан. Иймд анхан шатны шүүхийн нийтэд тусдаа ажил хийлгэх ялыг торгох ялаар өөрчилж өгнө үү.” гэв.

            Прокурор Т.Мөнх-Амгалан тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчөөгүй, гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй” гэж тайлбарлаж байна. Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна гэж заасан. Тухайн хэрэг болсон үед И.Б нь согтууруулах ундаа хэрэглэсэн байхдаа гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Уг үйлдлийг үндэслэл бүхий дүгнэсэн бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн үйлдэлд тохирсон ял, шийтгэлийг оногдуулсан тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Минжмаагийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч И.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, 5 дүгээр байрны 10 тоотод байрлах гэртээ гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн, эхнэр Г.М нүүр, толгойн тус газарт нь гараараа цохиж, улмаар эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Г.М “...2022 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр 05 цагийн орчим Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх 54 дүгээр байрны 10 тоот гэртээ би ганцаараа байсан. Тэгтэл манай нөхөр И.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирээд “чиний 500.000 төгрөгийн цалин чинь намайг л болгож байгаа, хүүхдүүддээ ч мөнгө өгч чадахгүй..." гэх мэт зүйл хэлээд над руу дайраад байсан. Тэгэхээр нь би И.Быг сэргээх зорилгоор ууж байсан цэвэр усаа нүүр рүү нь цацчихсан. Тэгтэл И.Б нь гараараа миний зүүн хацар руу 1 удаа алгадаж, гараа атгаж байгаад миний толгойн зүүн хэсэгт цохиод байсан. Тэгээд би зугтах гэтэл миний үснээс зулгааж зогсоосон ба гараараа миний толгойн зүүн хэсэгт 1-2 удаа цохисон.” /хх 8/,

яллагдагчаар И.Бын “...би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. ...бид 2 маргалдаад Г.Мөнхжаргалыг цохиж зодсон асуудал байхгүй, 2 удаа л мангасдаж унагаасан.” /хх 28-29/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 5339 дугаартай “...Г.М биед зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсэх шинэ гэмтлүүд байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт /хх 15-16/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх 4/, Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн компьютерт томографийн Г.М хийсэн бичлэг /хх 19/ зэрэг хэрэгт авагдаж, анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй байх ба гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Анхан шатны шүүхээс И.Быг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдаанд талуудыг тэгш эрхтэй оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтуудад үндэслэн зохих дүгнэлт хийн хэргийн бодит байдлыг тогтоож, шүүгдэгч И.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсон нь  үндэслэл бүхий болжээ.

Шүүгдэгч И.Б хохирогч Г.М биед “зүүн хацар, шанааны зөөлөн эдийн няцрал, эрүүнд цус хуралт, баруун мөрний зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.  

Шүүгдэгч И.Бын өмгөөлөгч Л.Минжмаа  “...шүүгдэгч И.Б нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3.2-т заасан субьект мөн боловч шүүгдэгчийн дээрх үйл баримтад үйлдэгдсэн тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдэлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. И.Б нь хохирогч Г.Мөнхжаргалтай тусдаа амьдраад 6 жил болж байгаа. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн үйлдэл гэр бүлийн хүчирхийллийн шинжийг агуулаагүй байна. Иймд хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилж, шүүгдэгчийн тохиолдлын шинжтэй нэг удаагийн үйлдлээр хохирогч Г.Мөнхжаргалд хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд зааснаар гэм буруутайд тооцож өгнө үү. Мөн шүүгдэгч И.Боногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж, өөрчилж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтад “...Энэ хуулийн зохицуулалтад гэрлэлтээ цуцлуулсан эхнэр, нөхөр, хамтран амьдарч байсан, эсхүл хамтран амьдарч байгаагүй ч гэр бүлийн харилцаатай байсан, дундаасаа хүүхэдтэй этгээд нэгэн адил хамаарна. ...” гэж хуульчилснаас үзэхэд И.Б, Г.Мөнхжаргал нар нь хэдийгээр тусдаа амьдарч байгаа боловч гэрлэлтээ бүртгүүлсэн эхнэр, нөхөр болох нь тогтоогдож байна.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “...гэр бүлийн хүчирхийлэл гэж энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг. ...”, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсэгт “...энэ хуулийн үйлчлэлд хамаарах этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний амь нас, эрүүл мэндэд гэм хор, эсхүл учруулж болзошгүй аливаа үйлдэл, эс үйлдэхүйг бие махбодын хүчирхийлэл гэнэ. ...” гэж тус тус хуульчилсан байх бөгөөд И.Б нь эхнэр болох Г.Мг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь дээр дурдсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд шүүгдэгч И.Б, түүний өмгөөлөгч Г.Минжмаа нарын “3 хүүхдээ асран хамгаалдаг, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчийн зүгээс хохирол төлбөргүй” гэх үндэслэлтэй байх бөгөөд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан байх хэдий ч түүний үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, хувийн болон ар гэрийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрөө төлсөн, цаашид гарах хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг 500.000 төгрөгөөр торгох ял болгон өөрчлөх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.  

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Минжмаагийн гаргасан “нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих тухай” давж заалдах гомдлыг хүлээн авч, бусдыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолд дээр дурдсан зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2022/ШЦТ/874 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 2 дахь заалтын “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Быг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Быг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.” гэж өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгосугай.  

3. Шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт:

-  “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б нь оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан тухайн шийдвэрийг хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэйг мэдэгдсүгэй. ...”,

- “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч И.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай. ...” гэсэн заалт нэмэлт заалтуудыг оруулсугай.  

4. Шийтэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Минжмаагийн гаргасан “...нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгох ялаар солих тухай” давж заалдах гомдлыг хүлээн авч, бусдыг нь хэрэгсэхгүй болгосугай.

5. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧ                                                            Ц.ОЧ

            ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ