| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00449/И |
| Дугаар | 129/ШШ2024/00419 |
| Огноо | 2024-09-23 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 23 өдөр
Дугаар 129/ШШ2024/00419
129/ШШ2024/00419
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Байгалмаа би
Нэхэмжлэгч: А аймгийн Э сумын . тоотод оршин суух Т овгийн Э.А
Хариуцагч: А аймгийн Х сумын . оршин суух А овгийн Г.Г
Нэхэмжлэлийн шаардлага: Худалдах, худалдан авах гэрээний үүрэг 5,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Э.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э.Ал миний бие Г.Г-тай 2024 оны 3 сард миний өмчлөлийн тоёота Hilux маркийн 41-90 УАС улсын дугаартай тээврийн хэрэгслийг нийт 15,000,000 төгрөгөөр тооцож худалдах, худалдан авахаар амаар харилцан тохиролцож урьдчилгаанд 10,000,000 төгрөгт хариуцагчийн өмчлөлийн probox маркийн 17-69 АРА улсын дугаартай тээврийн хэрэгслийг тооцон авч Г.Г нь үлдэгдэл 5,000,000 төгрөгийг 2024 оны 4 сард ямаагаа самнаад ноолуур гарахаар төлнө гэж хэлээд миний машиныг унаад явсан боловч одоог хүртэл хугацаанд шалтаг шалтгаан тооцож үлдэгдэл мөнгөө өгөхгүй хариуцагчтай уулзахаар Хангай сум орсон ч уулзаж чадаагүй, надтай болон манай гэр бүлийн хүнтэй уузахаас зайлсхийж явсаар өнөөдрийг хүрсэн тул нэхэмжлэгч миний бие өөрийн өмчлөлийн эд хөрөнгөө захиран зарцуулах эрхээ хэрэгжүүлэхийн тулд худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөрөө гаргуулахаар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Hilux маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг хариуцагчийн нэр дээр төлбөрөө бүрэн төлсөн даруйд шилжүүлж өгөхөөр тохирсон. Иймд хариуцагч Г.Г-с Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар авто машин худалдсаны үлдэгдэл төлбөр 5,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.А надад олгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Э.А шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г овогтой Г нь миний нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан тул би нэхэмжлэлээсээ бүрэн татгалзаж байна гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Э.А нь хариуцагч Г.Г-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэг 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Г нь нэхэмжлэгч Э.Ал-н нэхэмжилсэн 5,000,000 төгрөгийг бүрэн төлсөн буюу нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн үндэслэлээр нэхэмжлэгч Э.А 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан тайлбарыг шүүхэд гаргасан.
Иймд хариуцагч Г.Га-с 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Э.А-н татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгөөс 47,475 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Га-с 47,475 төгрөг, улсын орлогоос 47,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.А-д олгохоор шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар хариуцагч Г.Га-с 5,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Э.А-н татгалзлыг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгөөс 47,475 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Г.Га-с 47,475 төгрөг, улсын орлогоос 47,475 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.А-д олгосугай.
3. Зохигч энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА