| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00468/И |
| Дугаар | 129/ШШ2024/00425 |
| Огноо | 2024-09-25 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 25 өдөр
Дугаар 129/ШШ2024/00425
|
|
129/ШШ2024/00425 |
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: У хот Б дүүрэг .тоотод оршин суух Т овгийн Д.Б
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч, хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Би 1982 онд 10 дугаар анги төгсөөд цэргийн албанд татагдаж 1985 онд халагдаж ирсэн. Цэргээс ирээд Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд даргын жолоочоор 1985 оноос 1990 оны 7 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан. Миний хөдөлмөрийн дэвтэр байгаа боловч ажиллаж байсантай холбоотой баримт архивт бүрэн хадгалагдаж үлдээгүй. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан. Би урьд нь шүүхээр ажиллаж байсан байдал тогтоолгож байгаагүй. Иймд миний Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд жолоочоор 1985 оны 11 сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
- Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 сарын 01-ний өдрийн 674 тоот тодорхойлолт
- Хүсэлт гаргагчийн 512983 дугаар цэргийн батлах, 111938 дугаар бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ, 036457 дугаар хөдөлмөрийн дэвтэр
- Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн даргын 1985 оны 10 сарын 28-ны өдрийн “ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” 57 дугаар тушаал, Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн даргын 1988 оны 02 сарын 17-ны өдрийн “1988 оны ээлжийн амралт олгох тухай” 8 дугаар тушаал, Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн даргын 1989 оны 9 сарын 06-ны өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 56 дугаар тушаал, Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн даргын 1990 оны 01 сарын 10-ны өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 02 дугаар тушаал зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М-н хүсэлтээр З.Н Д.М нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- 1988 оны 11 сарын 15-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/
- хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 8 сарын 20-ны өдрийн 03-05/4534 тоот лавлагаа/
- нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 сарын 26-ны өдрийн 01/649 тоот албан бичиг зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Д.Б нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд жолоочоор 1985 оны 11 сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан Архангай аймгийн Архивын тасгийн 2024 оны 8 сарын 01-ний өдрийн 674 тоот тодорхойлолт, хүсэлт гаргагчийн 512983 дугаар цэргийн батлах, 111938 дугаар бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ, 036457 дугаар хөдөлмөрийн дэвтэр, Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн даргын 1985 оны 10 сарын 28-ны өдрийн “ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” 57 дугаар тушаал, Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн даргын 1988 оны 02 сарын 17-ны өдрийн “1988 оны ээлжийн амралт олгох тухай” 8 дугаар тушаал, Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн даргын 1989 оны 9 сарын 06-ны өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 56 дугаар тушаал, Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн даргын 1990 оны 01 сарын 10-ны өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 02 дугаар тушаал, 1988 оны 11 сарын 15-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /Архангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 8 сарын 20-ны өдрийн 03-05/4534 тоот лавлагаа/, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх Архангай аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 сарын 26-ны өдрийн 01/649 тоот албан бичиг, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч З.Н, Д.М нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
3. Хүсэлт гаргагч Д.Б-н Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд жолоочоор 1985 оны 11 сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан нь: Архангай аймгийн Архивын тасгийн лавлагаа болох “УАЗ-469 машины жолооч Г.С өөр газар шилжиж ажиллах болсон учир үүрэгт ажлаас нь 11 сарын 01-нээс чөлөөлж 469 машины жолоочоор Д.Б-г мөн өдрөөс авч ажиллуулсугай” гэсэн Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн даргын 1985 оны 10 сарын 28-ны өдрийн “ажлаас чөлөөлж ажилд томилох тухай” 57 дугаар тушаал, “69 машины жолооч Д.Б үндсэн амралт 15 хоног, нэмэгдэл амралт 3 хоног, бүгд ажлын 18 хоногийн амралт 2-р сарын 10-наас олгож амралтын хугацаанд түр 69 машины жолоочоор О.Б-г авч ажиллуулсугай” гэсэн Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн даргын 1988 оны 02 сарын 17-ны өдрийн “1988 оны ээлжийн амралт олгох тухай” 8 дугаар тушаал, “1. Ажилчин албан хаагч 5 хүнийг 1 дүгээр хавсралтаар 1989 оны ээлжийн амралтыг олгосугай. Хавсралт Д.Б, жолооч, амралт эхлэх сар, өдөр 9/6, үндсэн-15, нэмэгдэл-3, бүгд-18” гэсэн Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн даргын 1989 оны 9 сарын 06-ны өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 56 дугаар тушаал, “1. ГАЗ-69 машины жолооч Д.Б-т үндсэн амралт 15 хоног, нэмэгдэл амралт-3 хоног бүгд ажлын 18 хоногийн амралт 1 сарын 10-наас олгож амралтын хугацаанд М.Ч-г жолоочоор түр авч ажиллуулсугай” гэсэн Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн даргын 1990 оны 01 сарын 10-ны өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 02 дугаар тушаал, “Д.Б 1985 оны 11 сарын 01-нд нэгдэлд 69 машины жолоочоор авч ажиллуулав. Нэгдлийн даргын 1985 оны 10 сарын 28-ны өдрийн 57 тоот тушаалаар, 1990 оны 7 сарын 01-нд өөрийнх нь хүсэлтийн дагуу жолоочийн үүрэгт ажлаас чөлөөлж сумын ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргааны мэдэлд шилжүүлэв. Нэгдлийн даргын 1990 оны 8 сарын 12-ны өдрийн 52 дугаар тушаалаар” гэсэн бичилттэй хүсэлт гаргагчийн 036457 дугаар хөдөлмөрийн дэвтэр, “Д.Б ажилладаг байгууллага-Ялалт нэгдэл авто граш, ажилд орсон он-1985, эрхэлдэг ажил-авто жолооч, эрхэлж эхэлсэн он-1985, Тариат сум, 1988-11-15” гэсэн хүсэлт гаргагчийн регистрийн ХААТР-1 маягт, “Хүн ам, орон сууцны 1989 оны тооллогоор А аймгийн Т сумын хөдөөд оршин суугч Д.Б, тэргүүлэгч өөрөө, нас-24, эрэгтэй, эрхэлдэг ажил-Ялалт нэгдэлд авто грашид жолооч” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 29-ний өдрийн 03-02/4246 тоот лавлагаа, “Д.Б, ангийн дансанд авсан он, сар, өдөр 1982-7-01, ангийн данснаас хассан он, сар, өдөр 1985-6-20, цэргийн тангарагийг 1982 оны 8 сарын 29-ний өдөр 107-р ангид өргөв. 1985 оны 6 сарын 15-ны өдрийн 165 дугаар тушаалаар хугацаа дууссан учир бэлтгэлээр халж Архангай аймаг явуулав, 256 дугаар анги” гэсэн хүсэлт гаргагчийн 512983 дугаар цэргийн батлах, хүсэлт гаргагч Д.Б-н 1982 оны 6 сарын 16-ны өдрийн 111938 дугаар бүрэн бус дунд боловсролын гэрчилгээ, гэрч З.Н-н “Д.Б 1982-1985 онд цэргийн алба хааж ирээд Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд нэгдлийн даргын жолоочоор 1985 оны 12 сараас 1990 оныг дуустал тасралтгүй ажилласан. Дээрх хугацаанд нэгдлийн УАЗ 469 маркийн машиныг барьж байсан ганц хүн нь Д.Б юм. Би нэгдэлд монтёроор ажиллаж байсан учраас миний ажил нэгдлийн авто грашид харъяалагддаг байсан юм. Би Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд няраваар ажиллаж байхдаа Д.Б-т цалинг нь өөрт хүлээлгэн өгч гарын үсэг нь зуруулдаг байсан юм. Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэл 1990 онд хувьчлагдсны дараа Б нь сумын захиргааны жолоочоор 1990-1998 онд ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Д.М-н “Ба-н аав Д нь Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд жолоочоор ажиллаж байсан. Б нь 1982-1985 онд цэргийн алба хаахдаа жолоочийн мэргэжил эзэмшсэн юм байлаа. Д.Б 1985 оны 11 сарын сүүл, 12 сарын эхээр Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн даргын жолоочоор ажилд орсон. Тэр үед би тус суманд эмнэлгийн жолооч хийж байсан учраас Д.Б-г дээрх хугацаанд ажилд орсныг нь мэднэ. Д.Б ажилд орохдоо Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн жолооч С-с нэгдлийн 20-73 АР дугаартай УАЗ 469 маркийн машиныг хүлээн авч байсан. Тухайн үед Тариат суманд мал эмнэлэгийн, намын даргын, нэгдлийн даргын, хүн эмнэлэгийн гэсэн 4 УАЗ 469 маркийн автомашин байсан учраас нэгдлийн даргын жолоочоор Д.Б ажилласныг нь мэднэ. Д.Б нь Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдлийн даргын жолоочоор 1985-1991 он хүртэл, сумын захиргаанд Г даргын жолоочоор 1991-1998 онд ажилласан. Д.Б-г Архангай аймгийн Тариат сумын Ялалт нэгдэлд нэгдлийн даргын жолоочоор ажиллаж байх үед нэгдлийн даргаар Б гэдэг хүн ажиллаж байсан” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.
Иймд Д.Б-н А аймгийн Т сумын Я нэгдэлд жолоочоор 1985 оны 11 сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Т овгийн Д.Б-н Ар аймгийн Т сумын Я нэгдэлд жолоочоор 1985 оны 11 сарын 01-ний өдрөөс 1990 оны 7 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА