Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 128/ШШ2023/0955

 

2023 12 11 128/ШШ2023/0955

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х******* овогт Ц*******ын О******* /РД: *******/,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс,

Маргааны төрөл: Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь заалтаар өндөр насны тэтгэвэр тогтоон олгохоос татгалзсан нийгмийн даатгалын байгууллагын татгалзлыг хууль бус болохыг тогтоолгож, хүсэлт гаргасан хугацаанаас тэтгэвэр тогтоон олгохыг даалгуулах тухай маргаан бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.О*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.П*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нарыг оролцуулав.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэлийн шаардлага: Өндөр насны тэтгэвэр тогтоон олгохоос татгалзсан Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 249 тоот албан бичгээр өгсөн хариуг хууль бус болохыг тогтоолгох, хүсэлт гаргасан өдрөөс Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь заалтаар өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг даалгуулах.

Хоёр. Маргах үндэслэл болсон үйл баримтын хувьд.

1. Нэхэмжлэгч Ц.О******* нь 1970 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 53 настай, эмэгтэй, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаснаар Монгол Улсын ерөнхий прокурорын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/515 дугаар тушаалаар мөн өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.

2. Өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүсэлтээ гаргахад Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 55 насанд хүрээгүй үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуг 7 дугаар сарын 17-ны өдөр 249 тоот албан бичгээр өгсөн.

3. Нэхэмжлэгч нь Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн татгалзсан хариуг эс зөвшөөрч дээд шатны байгууллагуудад гомдлоо гаргаж, Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2023 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хариу авч, шүүхэд 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдөр нэхэмжлэл гаргажээ.

Гурав. Маргаж буй үндэслэл.

1. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлдээ: Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 249 дугаартай тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариуг хүчингүй болгож, хүсэлт гаргасан хугацаанаас өндөр насны тэтгэвэрийг тогтоон олгохыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ бичгээр гаргасан байна.

Ц.О******* би 1988 оны 08 дугаар сарын 15-ны өдрөөс 1992 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Батлан хамгаалах яаманд үйлчлэгч, 1993 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл "Т*******" ХХК-д нарийн бичгийн дарга, мөнгөн кассын нярав, 2002 оны 03 дугаар сарын 18-ны өдрөөс 2004 оны 06 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл Хан-Уул дүүргийн Прокурорын газарт мэргэжилтэн операторч, прокурорын туслах ажилтан, 2004 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүртэл нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газар, Баянгол дүүргийн прокурорын газар, Тээврийн прокурорын газарт хяналтын прокуророор тус тус ажиллаж, төрийн албанд 25 жил, улсад нийт 26 жил 9 сар ажилласан байна.

Одоо миний бие Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 60 дугаар зүйлийн 60,1, Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэг, Засгийн газрын 2019 оны 7 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын ерөнхий прокурорын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/515 дугаартай тушаалаар өндөр насны тэтгэвэрт гарч ажлаас чөлөөлөгдсөн тул Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд зааснаар тэтгэвэр тогтоолгох эрх нээгдсэн болно.

Миний бие тэтгэвэр олгох шийдвэр гаргаж өгөхийг хүсэж Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст хүсэлт гаргасан боловч тус хэлтсийн дарга Б.Ж 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдөр "...таны хувьд 55 нас хүрээгүй учир Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухайн хуулийн дагуу шимтгэл төлсөн хугацаагаар тэтгэвэр тогтоон олгох боломжгүй юм", мөн Нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга Г.Б******* "Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс танд өгсөн хариу үндэслэлтэй байна", Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Г*******ийн "Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд заасан тэтгэвэр тогтоолгон 55 насанд хүрээгүй тул танд өндөр насны тэтгэвэр тогтоох боломжгүй байна гэсэн хариуг тус тус өгсөн.

Би 1970 оны 08 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, одоо 53 настай бөгөөд Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт 50 насанд хүрсэн эмэгтэй, прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно" гэж заасны дагуу өндөр насны тэтгэвэрт гарахаар албанаас чөлөөлөгдсөн тул Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс өгсөн хариуг хууль бус гэж үзэж байна.

Иймд энэхүү нэхэмжлэлийг хүлээн авч, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн тэтгэвэр тогтоохоос татгалзсан шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүсэлт гаргасан хугацаанаас тэтгэвэр тогтоож олгохыг даалгах шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна.

Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийн эмэгтэй 50 нас хүрсэн прокурор өөрөө хүсвэл гэж зааснаар 50 нас хүрсэн тул тэтгэвэрт гарах хүсэлт гаргасан.

Нийгмийн даатгалын тухай хуульд 2023 оны 05 дугаар сард нэмэлт өөрчлөлт орсон. Бусад салбар хуулиуд Нийгмийн даатгалын тухай хуультай уялддаггүй бол үүнийгээ засаж, залруулан нэг мөр хэрэглэх ёстой. Хуулийг бусдад ойлгомжтой, хэрэглэхэд амар хялбар байлгах үүднээс хуульд нийцүүлэх байдлаар засаж, залруулаагүй байна гэдэг нь Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг хүлээн зөвшөөрч, нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж байна гэж ойлгосон. Нийгмийн даатгалын байгууллагаас 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс шинэ хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахаар бэлтгэж байгаа. Тэтгэврийн талаарх асуудлаар ганц би хандаагүй, олон биш ч цөөхөн хүмүүс энэ замаар ажиллаж байгаад тэтгэвэртээ гарч байгаа. Энэ хууль нь бидний хэрэглэж байгаа хуультай зөрчилдөж байна. Прокурорын байгууллагад 25 жил ажилласан нөхцлөөр тэтгэвэр тогтоолгох гэдэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа гаргаагүй. 50 нас хүрсэн эмэгтэй прокурор учраас энэ нөхцлийг хангаж тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн гэж ойлгоод хүсэлтээ өгч албанаас чөлөөлөгдсөн. гэв.

2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа: Нэхэмжлэлд Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухай дурдсан байдаг. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зуйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар "Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 55 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасны дагуу эмэгтэй 55 нас хүрсэн тохиолдолд өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгон авч болохыг үндэслэн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 249 тоот, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Г*******ийн 01/114 тоот, нийслэлийн Нийгмийн даатгалын газрын дарга Г.Б*******ийн 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 3/229 тоот хариу албан бичгүүд нь хуульд нийцэж гарсан. Иймд нэхэмжпэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.

Нийгмийн даатгалын байгууллага нь босоо удирдлагатай, тусгайлсан хууль, эрх зүйг хэрэгжүүлж ажилладаг. Нийгмийн даатгалын холбогдох хуулиудад прокурор 50 нас хүрсэн бол тэтгэвэр тогтоолгохоор аль ч хуульд заагаагүй. Харин цэрэг, цагдаа гэж зохицуулсан зохицуулалт байдаг. Прокуророор 25 жил ажилласан гэж байна, прокурорын албан тушаалд 25 жил ажилласан гэдэг агуулгыг шүүхээс анхаарч үзэхийг хүсэж нэхэмжлэлийн шаардлагад хариу өгсөн. 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн тодорхойлолтоор Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар хяналтын прокуророор ажиллаж байгаад чөлөөлөгдсөн, нийт 19 жил прокуророор ажилласан гэсэн байсан. гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.О******* нь Өндөр насны тэтгэвэр тогтоож олгохоос татгалзсан Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 7 дүгээр сарын 17-ны өдрийн хариуг хууль бус болохыг тогтоолгож, өндөр насны тэтгэврийг хүсэлт гаргасан хугацаанаас буюу 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс тогтоон олгохыг хариуцагчид даалгах шаардлага гаргасан бөгөөд хуульд заасан журмаар хэрэгт авагдаж шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтууд, холбогдох хуулийн төслийг хэлэлцсэн тэмдэглэлүүдийг үнэлээд, хууль тайлбарлан хэрэглэж дараах үндэслэлээр нэхэмжлэлийн дээрх шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Ц.О******* нь 1970 оны 8 дугаар сарын 06-ны өдөр төрсөн, 53 настай, эмэгтэй, Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газарт хяналтын прокуророор ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарах хүсэлтээ гаргаснаар Монгол Улсын ерөнхий прокурорын 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Б/515 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, 60 дугаар зүйлийн 60.1, Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5, 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт зааснаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор мөн өдрөөр дуусгавар болгон үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн.

Тэрээр өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүсэлтээ гаргасан байх бөгөөд Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс 7 дугаар сарын 17-ны өдөр 55 насанд хүрээгүй гэх үндэслэлээр өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан байх бөгөөд Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт заасныг үндэслэж шийдвэр гаргахгүй, өндөр насны тэтгэвэр тогтоохоос татгалзсан хариу дараах үндэслэлээр хууль бус болжээ.

Түүний нас, хүйс, ажилласан байдал болон шимтгэл төлсөн жил, тэтгэврийн хэмжээний талаар талууд маргаагүй, харин Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 6-д заасныг хэрхэн тайлбарлаж хэрэглэх, тодруулбал Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт 50 насанд хүрсэн эмэгтэй прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэж зааснаар прокуророор ажиллаж байсан эмэгтэй хүн өөрөө хүсвэл 55 насанд хүрэхээс өмнө өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхтэй эсэх талаар хууль хэрэглээний хувьд маргаж байгаа болно.

Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсэгт Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно. хэмээн прокурорын нийгмийн баталгааг буюу өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх хугацааг тэтгэвэрт гарах насны дээд хязгаар-аар болон мөн насаар /хүйсийн хувьд ялгамжтай/, эсхүл ажилласан жилээр нь нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгож болохоор тухайлан заасан байна.

Уг хуулийн төслийг хэлэлцсэн хууль тогтоох байгууллагын хуралдааны тэмдэглэлүүдэд энэ зүйл, хэсгийг хэлэлцсэн агуулга, санал хураалтаар дэмжигдсэн томьёоллоос үзвэл 60 дугаар зүйлийн 60.3 дахь хэсгийн агуулгыг үгчлэн тайлбарлан хэрэглэж болохоор тодорхой томьёолжээ.

Тэрээр хуулийн энэ зүйл, хэсгийн 50 насанд хүрсэн эмэгтэй прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно гэх зохицуулалтын дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор хүсэлтээ гаргасан байх бөгөөд Улсын ерөнхий прокурорын тушаалаар энэ зүйл, хэсгийг болон Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2 дахь тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас чөлөөлнө гэсэн заалтыг баримтлан төрийн албанаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлсөн, ингэснээр мөн өдрөөс тэтгэвэр тогтоолгох эрх болон үр дагавар үүсгэсэн байна.

Прокурорын тухай хууль нь прокурорын чиг үүрэг, бүрэн эрх, үйл ажиллагааны зарчим, баталгаа, прокурорын байгууллагын тогтолцоо, зохион байгуулалт, бие даасан байдлыг хангах эрх зүйн үндсийг тогтоох бөгөөд бие даасан байдлыг хангах эрх зүйн үндэст прокурорын эрх зүйн байдал буюу прокурорын хараат бус байдал, улс төр, нийгэм, эдийн засгийн баталгааг нарийвчлан зохицуулсан, тухайлбал нийгмийн баталгаанд ийнхүү тэтгэвэрт гарах нас, нас харгалзахгүйгээр прокуророор ажилласан жилийг харгалзуулан тогтоосноос гадна, прокурор ажил үүргээ гүйцэтгэх явцдаа амь насаа алдсан бол олгох буцалтгүй тэтгэмж, Хөдөлмөрийн тухай хуульд зааснаас гадна эдлэх ээлжийн амралтын хугацаа зэргийг тухайлан зааж, уг хуульд зааснаас бусад нийгмийн баталгаатай холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжоор зохицуулахаар тусгажээ.

Өөрөөр хэлбэл прокурорын эрх зүйн байдал, баталгааг нарийвчлан тусгасан энэ хуулиар тэтгэвэр тогтоолгох насны дээд хязгаарыг 60 насаар тогтоосон бөгөөд эмэгтэй прокурорын тэтгэвэр тогтоолгох насыг 50 гэж тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх насыг нарийвчлан заасан, энэ нь төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдлыг, тэр дундаа төрийн албанаас чөлөөлөгдөх үндэслэлийг нарийвчлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2-т тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр төрийн албанаас чөлөөлөх заалттай уялдсан байна.

Ер нь төрийн алба хаах насны дээд хязгаарыг хуульд өөрөөр заагаагүй бол 65 байхаар Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т, харин Прокурорын тухай хуульд прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас гэж дээрхээс өөрөөр зааж, үүнээс гадна мөн насаар хүйсийн хувьд ялгамжтай байдлаар эмэгтэй прокурор 50 нас, эрэгтэй прокурор 55 нас хүрсэн бол, эсхүл ажилласан жилээр нас харгалзахгүйгээр буюу прокуророор 25 жил ажилласан бол хүсэлтээ гаргаж тэтгэвэр тогтоолгож болохоор тухайлан заасан, улмаар төрийн алба хаах насны дээд хязгаарт хүрсэн нь, тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн нь албанаас чөлөөлөх үндэслэл болохоор хуульчилсан байна.

Харин хариуцагчийн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан тэтгэвэр тогтоолгох насанд хүрээгүй, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 6-д заагаагүй гэж тэтгэвэр тогтоохоос татгалзсан үндэслэлээ болгон тайлбарлаж буй Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь шимтгэл төлж тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалд даатгуулагчид нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж олгохтой холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд дээр дүгнэснээр тэтгэвэр авах эрх үүсэх харилцааг ийнхүү нарийвчлан зохицуулсан өөр хуулийг хэрэглэхээс татгалзах, хэрэглэхгүй байх эрх захиргааны байгууллагад олгоогүй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д зааснаар Монгол Улсын Үндсэн хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн харилцааг илүү нарийвчлан зохицуулсан хуулийн, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ.

Иймээс Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд заагаагүй тул тэтгэвэр авах эрх үүсэхгүй хэмээх хариуцагчийн тайлбар үндэслэлгүй, 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан өндөр насны тэтгэвэр тогтоолгох өргөдлийг татгалзсан хариу хууль бус байна.

Нэхэмжлэгч нь 2023 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон албанаас чөлөөлөгдөн 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдөр тэтгэвэр тогтоолгох өргөдөл, материалаа өгсөн боловч тэтгэврийн байцаагч нь татгалзсан хариу өгсөн байх бөгөөд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлд өндөр насны тэтгэврийг даатгуулагч өргөдлөө тэтгэвэр тогтоолгох насанд хүрснээс хойш гаргасан бол өргөдлийг даатгагч хүлээн авсан өдрөөс эхлэн олгохоор зааснаар тэрээр тэтгэвэр тогтоолгох өргөдөл, материалаа өгөхөөр хандсан 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хариуцагч байгууллага тэтгэвэр тогтоон олгох үүрэг үүссэн байх тул 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг хариуцагчид даалгах шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5, Прокурорын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 60 дугаар зүйлийн 60.3, Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.2, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Ц.Оюун-Эрдэнийн өндөр насны тэтгэвэр тогтоолгохоор 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр гаргасан өргөдлийг татгалзсан Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 249 дугаартай хариуг хууль бус болохыг тогтоож, хүсэлт гаргасан хугацаанаас буюу 2023 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА