Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 101/ШШ2024/04168

 

 

 

 

 

 

2024 09 06

101/ШШ2024/04168

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, байрлах БХХК /РД:5/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот оршин суух Г.Д  /РД:00/-д холбогдох,55,216,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.З, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.П нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

БХХК нь 2019 оны 11 сарын 08-ны өдөр иргэн Г.тэй орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 3 өрөө, 78,94 мкв орон сууцыг шилжүүлэн өгсөн. Гэрээний хугацаанд хариуцагч гэрээний үүргээ зөрчсөн тул нэхэмжлэгч гэрээнээс татгалзсан. Ингээд шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлсэн ба шүүхээс талууд харилцан өгсөн авсан зүйлээ буцаахыг даалгаж шийдвэрлэсэн. Хариуцагч нь шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш элдэв шалтаг тоочин биднийг хуурсаар нийт 77 сар бидний эд хөрөнгөд ямар ч мөнгө төлөхгүйгээр амьдарсан. Гэвч манай зүгээс өмнөх шүүхийн шийдвэрт нэхэмжилсэн 29 сарын түрээсийн төлбөрийг нэхэмжлээгүй байгаа бөгөөд нийт 17 сарын түрээсийн төлбөрийг шаардахад өгнө гэдэг боловч өнөөдрийг хүртэл өгөхгүй байна.

Хариуцагч нь гэрээний зүйл болох 3 өрөө орон сууцыг нийт 77 сарын хугацаанд ашигласан бөгөөд энэхүү хугацааны түрээсийн төлбөрийг завшиж үндэслэлгүйгээр хөрөнгөжиж байна. Хариуцагч нь энэхүү амьдарсан хугацаанд нэг ч төгрөг төлөөгүй байгаа бөгөөд олон хүүхэдтэй тул асуудлаа шийдвэрлэх хүртэл хугацаагаар бидний зүгээс хангалтай хугацаа өгсөн.

Бидний зүгээс хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж байгаа бөгөөд өндөөрийн байдлаар нийт 47 сарын түрээсий төлбөртэй дүйцэхүйц хэмжээний хохирол чирсан бөгөөд 2022 оны 3 дугаар сарын 22-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацааны 17 сарын түрээсийн төлбөр буюу 78.94 мкв 3 өрөө орон сууцны зах зээлийн үнэ 2,500,000 төгрөг бөгөөд нийт 42,500,000 төгрөгийн хохирол учирсан.

Иймд хариуцагчаас нийт 42,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Мөн орон сууцны засварын зардлыг нэхэмжилж байна. Учир нь хариуцагч нь цоо шинэ байранд анх орж амьдарсан бөгөөд энэ хугацаанд орон сууцыг тодорхой хэмжээнд элэгдүүлэн бөгөөд засаж янзлаагүй хүлээлгэн өгсөн. Бидний зүгээс орон сууцыг дахин худалдан борлуулахдаа нийт 10,216,500 төгрөгийн засвар хийсэн. Иймд орон сууцны дотоод засварын зардалд гарсан төлбөрийн хамт нийт 55,216,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү.

Хариуцагчийн тухайд дээрх хугацаанд орон сууцыг ашиглах байсантай маргаагүй, шинжээчийн дүгнэлтээр гурван өрөө байрны түрээсийн төлбөр 2,500,000 төгрөгөөс 3,500,000 орчим төгрөг гэж гарсан. Манайх 2,500,000 төгрөгөөр тооцож нэхэмжилж байгаа болно гэв.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гарсан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага ойлгомжгүй, үндэслэл нь тодорхойгүй байна. Үндэслэлгүй хөрөнгөжсөн эсхүл хохирлын аль вэ гэдгийг нь ойлгохгүй байна.

Хариуцагчийн тухайд 2019 оны 11 сарын 8-ны өдөр нэхэмжлэгчтэй гэрээ байгуулсан. Харин нэхэмжлэгч нь гэрээ цуцлагдсан тохиолдолд өгсөн мөнгийг нь түрээсийн төлбөрөөр тооцож авна гэх хууль зөрчсөн заалтыг оруулсан байсан.

Хариуцагчийн тухайд гэрээ байгуулах үед ковидын халдвар гарч, хил гааль хаагдан орон сууцны үнийг төлөх чадваргүй болсон нөхцөл байдал үүссэн. Ингээд нэхэмжлэгч нь орон сууц худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж шүүхэд нэхэмжлэл гаргаж гэрээнээс татгалзсантай холбоотой хохиролд 25,585,500 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасан.

Шүүхэд гаргасан нэхэмжлэлээр дотор засварын зардалд 2,500,000 төгрөг, шууд бус хохиролд нэхэмжлэгчийн олох ёстой байсан буюу 78,94 мкв гурван өрөө орон сууцыг хөлслөсөн тохиолдолд 1 сарын 1,973,500 төгрөгөөр тооцож, 57,23,500 төгрөг, орон сууц худалдан борлуулахад зуучилсны хөлс 4,544,000 төгрөг нийт 64,285,500 төгрөгийн тооцоо гаргаж, энэ үнээс орон сууцны урьдчилгаа төлбөр болон хуваарийн дагуу төлж байсан 38,700,000 төгрөгийг хасч хохиролд 25,585,500 төгрөг нэхэмжилсэн.

Анхан шатны шүүх 2022 оны 9 сарын 30-ны өдөр шүүх хурлаар хэлэлцээд 03959 дугаар шийдвэр гарч, тус орон сууцны эзэмшлийг Б ХХК-нд хүлээлгэн өгөхийг Г.д даалгаж, нэхэмжлэлийн шаардлага болох 25,585,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчаас Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан ба БХХК-иас 38,700,000 төгрөгийг гаргуулж Г.д олгосугай гэж өөрчлөлт оруулж, бусад заалтыг хэвээр үлдээсэн.

Шийдвэр магадлал хүчин төгөлдөр болсны дараа Г. нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчтэй уулзаж, мөнгөө өгчих байрыг чинь суллаж өгье гэхэд шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхээс татгалзаж, мөнгө өгөхгүй байсан тул хариуцагчийн зүгээс шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад хандсан.

Ингээд орон сууцны урьдчилгаа төлбөрт өгсөн мөнгөө олж авсан бөгөөд мөн авсан даруйдаа орон сууцыг чөлөөлж өгсөн байгаа.

Шүүхийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр орон сууц хөлслөсний төлбөр нэхэмжилсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон байхад 47 сарын түрээсийн төлбөрт сарын жишиг үнэ 2,500,000 төгрөгөөр тооцож 42,500,000 төгрөг нэхэмжилж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн нэхэмжлэгчээс 2023 оны 11 сард 10,256,500 төгрөгөөр нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн. Үүнийг байрны завсарын зардал гэж нэхэмжилсэн. Гэтэл байрны завсар үнэхээр хийгдсэн эсэх нь ойлгомжгүй байна. Мөн нэхэмжлэгчээс өмнө нь засварын зардалд 2,500,000 төгрөг нэхэмжилснийг шүүхээс хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн гаргаж өгсөн Тэнхлэг зууч гэх компанийн баримтаар ийм хэмжээний зардал гарсан гэж үзэхгүй. Харин ч утга агуулгын хувьд харахад Б ХХК хэрэв засвар хийвэл хэдэн төгрөгийн зардал гаргах вэ гэдийг тодорхойлуулсан баримт гэж ойлгогдохоор байна.

Компанийн санхүүгийн тайланд эдгээр гарсан гэх зардлууд нь ороогүй. Ямар эд зүйл худалдаж авсан нь тодорхойгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөрөөхгүй, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

3.Нэхэмжлэгчээс, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 7 сарын 07-ны өдрийн 18118 дугаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай захирамж, 2022 оны 9 сарын 20-ны өдрийн 0 дугаар шийдвэр, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 сарын 05-ны өдрийн 0 дугаартай магадлал, 2019 оны 11 сарын 08-ны өдрийн орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ, зээл эргэн төлөх график, улсын бүртгэлтийн гэрчилгээ, голомт банкны төлбөрийн баримтууд, и-баримтууд, тэнхлэг зууч компанийн үнийн мэдээлэлийн талаарх тодорхойлолт, 0 тоот 78,94 мкв талбайтай 3 өрөө байрны засварын зардлын тооцоо, 2023 оны 10 сарын 12-ны өдрийн ажил гүйцтгэх гэрээ,

Хариуцагчаас, нэхэмжлэгчийн 2022 оны 5 сарын 11-ний өдөр шүүхэд гаргаж байсан нэхэмжлэл, төрийн банкны дансны хуулга, 2023 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 0 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үүсгэх тухай тогтоол, 2023 оны 10 сарын 11-ний өдрийн 23-0/0 дугаартай шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тухай тогтоолыг тус тус гаргаж өгсөн,

Шүүхээс нэхэмжлэгчийн хүсэлтээр шинжээч томилсны дагуу ирүүлсэн В ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг баримтуудыг бүрдүүлсэн байна.

 

Зохигчдын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

 

1.Нэхэмжлэгч БХХК нь хариуцагч Г.д холбогдуулан 42,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 45,000,000 төгрөг, хохиролд 10,216,500 төгрөг нийт 55,216,000 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

2.Нэхэмжлэгчийн хариуцагчийг өөрийн өмчлөлийн орон сууцанд 17 сарын хугацаанд үнэ төлбөргүй амьдарч, энэ хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэх үндэслэлээр 42,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд,

Зохигч талуудын хооронд 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, нэг талаас Баянзүрх тоот орон сууцыг хариуцагчийн эзэмшилд шилжүүлэх үүрэг хүлээх, нөгөө талаас тухайн орон сууцны үнийг гэрээгээр тохирсон хугацаанд төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. /хх-ийн 7-10 дугаар тал/

Хариуцагчийн орон сууцны үнийг төлөх үүргийн зөрчлийн улмаас дээрх худалдах худалдан авах гэрээнээс нэхэмжлэгч тал татгалзаж, шүүхэд орон сууцны эзэмшлийг буцаан өгөхийг хариуцагчид даалгах, орон сууцыг бусдад түрээслүүлсэн тохиолдолд 1 сарын 1,973,500 төгрөг буюу 29 сараар тооцож, олох байсан орлого, хохиролд 57,231,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн шийдвэрээр хариуцагч Г.д Баянзүрх дүүргийн орон сууцны эзэмшлийг нэхэмжлэгч БХХК-нд хүлээлгэн өгөхийг даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас 25,585,500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2022 оны 12 сарын 05-ны өдрийн 0 дугаар магадлалаар нэхэмжлэгч БХХК-иас гэрээний үүрэгт төлсөн 38,700,000 төгрөгийг гаргуулж, хариуцагч Г.д олгохоор анхан шатны шүүхийн шийдвэр өөрчлөлт оруулсан байна. /хх-ийн 15-25 дугаар тал/

3.Нэхэмжлэгчээс хариуцагчийг үндэслэлгүй хөрөнгөжсөн буюу шүүхийн шийдвэр гарснаас хойш тус орон сууцанд үнэ төлбөргүй амьдарсан хугацаа болох 2022 оны 3 сарын 22-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл 17 сарын түрээсийн төлбөр буюу орон сууцны зах зээлийн үнэлгээг 2,500,000 төгрөгөөр тооцож, 42,500,000 төгрөг гэж тодорхойлж байна.

Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр талуудын хооронд байгуулагдсан орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болсон бөгөөд хариуцагчаас шүүхийн шийдвэр, магадлал хүчин төгөлдөр болсон буюу 2022 оны 12 сарын 05-ны өдрөөс хойш 2023 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд тус орон сууцанд амьдарч байсан үйл баримттай хариуцагч тал маргаагүй.

Хариуцагчаас татгалзлын үндэслэлийг нэхэмжлэгч БХХК нь шүүхийн шийдвэрт дурдсан 38,700,000 төгрөгийг төлөөгүй тул орон сууцанд дээрх хугацаанд амьдарсан нь үндэслэлтэй гэж маргаж байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд талууд хэн аль нь шүүхийн шийдвэр магадлалыг биелүүлэх үүрэгтэй байна.

Хариуцагчийн тухайд, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдрөөс хойш буюу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойш нэхэмжлэгчийн өмчлөлийн орон сууцанд амьдарч байгаа үйлдлийг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй гэж, 492.1.1 дэх хэсэгт хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон гэж заасан.

Тодруулбал, шүүхийн шийдвэр гарснаар талуудын хооронд үүссэн орон сууц худалдах, худалдан авах гэрээний харилцаа дуусгавар болсон байх бөгөөд хариуцагчийг тус орон сууцанд амьдарч байгаа үйлдлийг амьдарсан хугацаагаар тухайн орон сууцыг хөлслөх байсан хөлсний хэмжээгээр үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан нь үндэслэл бүхий байна.

4.Нэхэмжлэгчээс 2022 оны 3 сарын 22-ны өдрөөс хариуцагчийг өөрийн өмчлөлийн орон сууцанд хууль бусаар амьдарч байсан гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тодорхойлсоныг үндэслэлгүй гэж үзэхээр байна.

Учир нь энэ цаг хугацаанд талууд шүүх дээр өөрсдийн байгуулсан худалдах, худалдан авах гэрээтэй холбоотой маргааныг шийдвэрлүүлж байсан бөгөөд хариуцагчийг дээрх хугацаанд орон сууцанд амьдарч байсныг хууль бус гэж үзэхээргүй байна.

Харин Давж заалдах шатны шүүхийн магадлал гарсан өдөр буюу 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс хойш хугацаанд хариуцагч нь шүүхийн шийдвэрийн дагуу нэхэмжлэгчид орон сууцыг хүлээлгэн өгөх үүргээ биелүүлээгүй, тус орон сууцанд 2023 оны 8 сарын 22-ны өдөр хүртэл хугацаанд амьдарсан үйлдлийг хууль бус гэж үзэхээр байна.

Иймд 2022 оны 12 дугаар сарын 05-ны өдрөөс нэхэмжлэгчийн тодорхойлсон 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацаагаар тооцож, хариуцагчийг энэ хугацаагаар үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэх нь зүйтэй гэж үзэв.

5.Нэхэмжлэгчээс хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлийн хэмжээг тодорхойлохдоо гурван өрөө орон сууцыг хөлслөж амьдарч байсан бол зах зээлийн ханшаар сард 2,500,000 төгрөг төлөх байсан гэж тооцож нэхэмжилсэн.

Хэрэгт авагдсан хөрөнгийн үнэлгээний В ХХК-ийн дүгнэлтээр 2023 оны 1 сарын 22-ны өдрөөс хойшхи хугацааны адил төстэй орон сууцны нэг сарын түрээсийн төлбөрийг 1,836,795 төгрөг гэж тодорхойлсон байх тул шинжээчийн дүгнэлтэд дурдсан үнийг үндэслэл болгох нь зүйтэй гэж үзэв.

Шүүх хурал дээр хариуцагч талаас талууд хүсэлт гаргаагүй байхад шүүх үндэслэлгүй шинжээч томилосон, шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй гэх тайлбарыг гаргасан бөгөөд 2024 оны 4 сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлд нэхэмжлэгч тал шинжээч томилуулах хүсэлт гаргасан байх бөгөөд хариуцагчийн зүгээс шинжээч томилсон захирамж болон хэргийг сэргээсэн захирамжид гомдол гаргаагүй, шинжээчийн дүгнэлтийг хууль бус гэх тайлбар үндэслэлгүй байна. /хх-ийн 86 дугаар тал/

Иймд 2022 оны 12 сарын 05-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүртэл 9 сарын хугацаагаар тооцож, нийт 16,168,622 төгрөг /9х1,836,795/-ийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэхдээ 17 сарын хугацааны түрээсийн төлбөрийг 2,500,000 төгрөгөөр тооцохдоо тооцооллын алдаа гаргаж 42,500,000 төгрөг-ийг 45,000,000 төгрөг гэж 2,500,000 төгрөгийг хариуцагчаас үндэслэлгүй нэхэмжилсэн болохыг дурдах нь зүйтэй байна.

6.Нэхэмжлэгчээс гэрээнээс учирсан хохирол буюу засварын зардалд 10,216,500 төгрөг нэхэмжилсэн.

Хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй гэж маргаж байна.

Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт, Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирол арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 9 сарын 30-ны өдрийн 00 дугаартай шүүхийн шийдвэрт ...нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцны засварын зардалд 2,500,000 төгрөг зарцуулсан гэж нэхэмжилсэн боловч хэзээ ямар засвар хийсэн болох, тухайн засвартай холбоотой баримтгүй... гэх үндэслэлээр энэ талаар гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх бөгөөд Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар орон сууцны засвартай холбоотой нэхэмжлэлийн шаардлагын тухайд хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон үйл баримттай гэж үзнэ.

Учир нь нэхэмжлэгч нь засварын зардалтай холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг өмнө нь гаргахдаа нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тухайн цаг хугацаанд нотлох үүрэгтэй бөгөөд хожим засварын зардалтай холбоотой баримтыг гаргаж өгснөөр шүүх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэртэй үйл баримтад дахин хууль зүйн дүгнэлт өгөхгүй болно.

Мөн нэхэмжлэгчээс цаг хугацааны хувьд Давж заалдах шатны шүүхийн магадлал гарснаас хойш 1 жил орчим хугацаанд тухайн орон сууцанд амьдрахдаа орон сууцны чанар байдлыг дордуулсантай холбоотой засвар хийсэн зардал гэж тайлбарлаж байх боловч хэрэгт авагдсан баримтаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарснаас хойш тухай орон сууцны чанар байдлыг хариуцагч дордуулсан зааглах үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтаар нотлогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийн орон сууцны засварын зардалд 10,216,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Дурдсан үндэслэлүүдээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.гээс 16,168,622 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БХХК-нд олгож нэхэмжлэлийн шаардлагаас 39,047,378 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, дахь хэсэгт 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1, 227 дугаар зүйлийн 227.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Г.гээс 16,168,622 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 39,047,378 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлий. 7.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 561,364 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Г.гээс 216,910 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч БХХК-нд олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.Б