Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1231

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ш.М-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01082 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ш.М-ы хариуцагч Б.М-ад холбогдуулан гаргасан гэм хорын хохирол 5 633 527 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.А-, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 697 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Б.М-ыг авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Ш.М- надад Б.М-ын жолоодож явсан 1460УНП улсын дугаартай тоёота приус 30 маркийн автомашинд 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрийн 07:45 цагийн орчим мөргүүлсний улмаас хохиролд: эрүүл мэндийн оношлогоо, эмчилгээний зардал 450 500 төгрөг, эрүүгийн хэрэгт нотлох баримтаар тусгуулсан дүрс бичлэгийг хуулбарласан DVD, түүний гаднах хайрцгийг худалдан авахад 11 220 төгрөг, гэрэл зургуудыг угаалгахад 10 400 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8 000 төгрөг, Замын цагдаагийн албаны төлбөр зогсоолын төлбөрт 3 000 төгрөг, өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөг, эмнэлгийн магадлагаагаар 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс мөн оны 8 дугаар сарын 02 ны өдрийг дуустал ажлаасаа чөлөөлөгдсөний улмаас авч чадаагүй цалингийн зөрүү 430 407 төгрөг, автомашинд мөргүүлсэний улмаас урагдсан өмд, хүрэм 200 000 төгрөг, нийт 4 113 527 төгрөгийн хохирол учирсан. Миний бие эрүүгийн хэрэгт иргэний нэхэмжлэлийг Б.М-ад холбогдуулан гаргасан юм. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хохирогч Ш.М-д томографийн зураг авахуулсан 85 000 төгрөг, Люкс мед эмнэлэгт үзүүлсэн 210 000 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 47 000 төгрөг, эмчилгээний зүйлсийн 108 500 төгрөг, нийт 450 500 төгрөг тогтоогдож байна гэж үзсэн. Харин цалин хөлсний зөрүү, өмд, хүрэмний хослолын үнэ 200 000 төгрөг, дүрс бичлэгийг хуулбарласан DVD, түүний гаднах хайрцгийг худалдан авахад 11 220 төгрөг, гэрэл зургуудыг угаалгахад 10 400 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8 000 төгрөг, Замын цагдаагийн албаны төлбөр зогсоолын төлбөрт 3 000 төгрөг, өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөг, нийт 3 663 027 төгрөгийн хохирлыг эрүүгийн журмаар хянан шийдвэрлэхээс татгалзсан болно. Б.М- эрүүгийн хэрэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрч 600 000 төгрөгийг хохиролд тооцон нөхөн төлсөн. Эрүүгийн хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлд тусгагдсан 4 113 527 төгрөгийн хохирлоос Б.М-ын төлсөн 600 000 төгрөгийг хасахад үлдэгдэл 3 513 527 төгрөг болно. Энэхүү нэхэмжлэлд хавсаргах нотлох баримтуудыг цуглуулах, хуулбарыг нотариатаар гэрчлүүлэхэд 120 000 төгрөгийг зарцуулсан. Хууль зүйн туслалцаа үзүүлж байгаа өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөг төлсөн. Нийт 5 633 527 төгрөгийг Б.М-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Б.М- шүүх болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 697 дугаар шийтгэх тогтоол нь үндэслэл бүхий хуулийн дагуу шийдвэрлэсэн байна. Гэтэл шүүхээр хэрэгсэхгүй болгосон үлдэгдэл гэх 3 513 527 төгрөгийг нотлох баримт цуглуулах зардлыг зарцуулсан гэх, өмгөөллийн хөлс 2 000 000 төгрөг нэхэмжилж байгааг хууль бус гэж үзэж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Б.М-аас 663 027 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.М-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 4 970 500 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагч Б.М-аас улсын тэмдэгтийн хураамжид 20 462 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөөлөгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч, дараах гомдлыг гаргаж байна. Ш.М-ы эрүүл мэндэд учирсан гэмтэл, түүнээс шалтгаалсан хүндрэлүүдийг оношлуулах, эмчлүүлэхэд 450 500 төгрөг, эрүүгийн 1803000000285 дугаартай хэрэгт нотлох баримтаар тусгуулсан дүрс бичлэгийг хуулбарласан “DVD, түүний гаднах хайрцгийг худалдан авахад 11 220 төгрөг, гэрэл зургуудыг угаалгахад 10 400 төгрөг, шүүх эмнэлэгт үзүүлэхэд 8 000 төгрөг, Цагдаагийн ерөнхий газрын Замын цагдаагийн албаны гаднах төлбөртэй зогсоолын төлбөрт 3 000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсөнд 3 000 000 төгрөгийг тус тус зарцуулж, Ш.М- нь эмнэлгийн магадлагаагаар 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 8 дугаар сарын 02-ны өдрийг оролцуулсан хугацаагаар албан ажлаасаа чөлөөлөгдсөний улмаас авч чадаагүй цалин хөлсний зөрүү 430 407 төгрөг, автомашинд мөргүүлэн газар унах үед халцарч урагдсанаас цаашид эдлэх боломжгүй болсон өмд, хүрмийн хослолын үнэ 200 000 төгрөг, иргэний журмаар гаргасан нэхэмжлэлд хавсаргасан, иргэний хэрэгт гаргасан нотлох баримтуудыг цуглуулах, нотлох баримтын шаардлага хангуулахаар нотариатаар гэрчлүүлэх зардалд 120 000 төгрөг, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч Ш.М-ы эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалж, өмгөөллийн үйлчилгээ үзүүлсэн өмгөөлөгчид төлсөн 2 000 000 төгрөг тус тус багтдаг. Хариуцагч нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 697 дугаартай шийтгэх тогтоолд тусгагдсан "... Хохирогч Ш.М-д учирсан хохирол, хор уршгийг зардалд нийт 600 000 төгрөгийг төлсөн. Ш.М-д нийт учирсан 6 233 527 төгрөгийн хохирлоос 600 000 төгрөгийг хасч тооцоход нийт 5 633 527 төгрөгийн хохирол төлөгдөөгүй. Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа Ш.М-ы нэхэмжлэлээс 29 500 төгрөгийн хохирлыг ойлгомжгүй үндэслэлээр шийдвэрлэхгүй орхижээ. Нэхэмжпэгч Алтангэрэл овогт Шаравсамбуугийн М- /РД:АЭ88110199/, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Аптангадас нарын хэн нэг нь нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 29 500 төгрөгөөр багасгаагүй, уг мөнгөн дүнгээр хариуцагч Увш овогт Батжаргалын М-тай эвлэрээгүй, энэ талаарх ямар нэгэн хүсэлтийг шүүхэд гаргаагүй болно. Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Б.М- нь гэм буруутай болох нь тогтоогдсон. Хэрэв өмгөөлөгч Ө.А-ын мэргэжлийн ур, чадвар, мэдлэг дутсан тохиолдолд Б.М- нь эрүүгийн хариуцлагаас хуулийн үндэслэлгүйгээр чөлөөлөгдөж, Ш.М- нь эрүүл мэнд, сэтгэл санаа, бусад зүйлээрээ хохирсон дээрээ харамсалтайгаар дахин хохирч үлдэхээр байсныг онцлох нь зүйтэй юм. Шаравсамбуугийн М- нь Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.А-т хүсэлтийг гаргаж, түүнтэй 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр байгуулсан Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 3 000 000 төгрөгийг 2018 оны 8 дугаар сарын 18-ны өдөр төлж, баримтыг эрүүгийн 1803000000285 дугаартай хэрэгт тусгуулсан. Б.М- нь Ш.М-ы нэхэмжилсэн 3 000 000 төгрөгийн хохирлыг арилгах үүргээс чөлөөлөгдөх эрхгүй, эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гэмт хэрэг үйлдэж, гэм буруутай болох нь нэгэнт тогтоогдсон Б.М-ыг тухайн үүргээс хуулийн ямар ч үндэслэлгүйгээр чөлөөлж болохгүй юм. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн гаргасан ойлгомжгүй, үндэслэлгүй шийдвэрийн улмаас Ш.М- нь 3 000 000 төгрөгөөр хохирохоор байна. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 697 дугаартай шийтгэх тогтоолд "... Хохирогч Ш.М- хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай... “ гэсэн байна. А овогт Ш-ийн М- нь У овогт Б М- ын үйлдсэн гэмт хэргийн улмаас өөрт учирсан“Гэм хорын нийт 5 633 527.00 /таван сая зургаан зуун гучин гурван мянга таван зуун хорин долоон/ төгрөгийн хохирлыг арилгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг иргэний журмаар шүүхэд гаргасан. Нэхэмжлэгч Ш-ийн М- нь өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, Батжаргалын М-аас гэм хорын хохирлоо бүрэн гаргуулах зэрэг зайлшгүй шаардлагаар Монголын хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Ө.А-тай 2018 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээг байгуулан, гэрээнд заасан өмгөөлөгчийн хөлс 2 000 000 төгрөгийг 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр төлсөн. Б-ын М- нь дээрх 2 000 000 төгрөгийн өмгөөлөгчийн хөлсийг хариуцан төлж, Ш.М-д учирсан хохирлыг бүрэн арилгах үүрэггэй болно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр БГД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 697 дугаар шийтгэх тогтоолоор Б.М- намайг авто тээврийн хэрэгслийн жолооч Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ЭХ-ийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж гэм хорын хохиролд 450 500 төгрөг тогтоож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрч торгуулийн ялаа төлж барагдуулсан. Мөн 600 000 төгрөгийн хохиролд тооцон нөхөн төлсөн болно. Ингээд шийдэхдээ шүүх хохирогч Ш.М-ы өмгөөлөгчид төлсөн хөлс болох 3 000 000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт тооцож гаргуулах хууль зүйн үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгосон. Мөн Ш.М-ы ажилд томилогдсон тушаал, нийгмийн даатгал төлсөн баримтууд хэрэгг байхгүйг тогтоосон болно. Иргэний хэргийн анхан шатны шүүх, нотлох баримт бүрдүүлэхэд гарсан зардал 120 000 төгрөг, гэрэл зургуудыг угаалгасан зардал 10,400 төгрөг, зогсоолын төлбөр 3,000 төгрөг, хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалингийн зөрүү 430 407 төгрөг, автомашинд мөргүүлсэний улмаас урагдсан өмд, хүрмийн үнэ 200 000 төгрөг, 450 500 эмчилгээний зардал, шүүх эмнэлэгт үзүүлсэн зардал 8 000 төгрөг зэрэг нийт 1 222 307 төгрөг, үүнээс нөхөн төлсөн 600 000 төгрөгийг хасч 663 027 төгрөгийг Б.М- надаас гаргуулж нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэсэн. Гэтэл дээрхи 1, 2, 3 дугаарт заасан төлбөрийг Өмгөөллийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.5-д хэрэг, маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан баримт сэлт, нотлох баримтын шаардпагатай материалыг өөрийн зардлаар хуулбарлан, хувилж авах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2.9 хэсэгт зааснаар журамлан шийдвэрлэх нь зүйтэйд 4 дугаарт заасан 430 407 төгрөгийн талаар Эрүүгийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор шийдсэн үүнд эсэргүүцэж гомдол гаргаж даваагүй болно. 5 дугаарт заасан өмд болон хүрмийн үнэ 200 000 төгрөг гэснийг 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК үнэлсэн байдаг гэтэл хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу үйл ажиллагаа явагдаагүй хурааж авсан зүйлгүй тул хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж 663 027 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

            Нэхэмжлэгч Ш.М- нь хариуцагч Б.М-ад холбогдуулан гэм хорын хохиролд нийт 5 633 527 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч,гэм хорын хохиролд 600 000 төгрөг нөхөн төлсөн, өмгөөллийн хөлс, шүүхэд нотлох баримт бүрдүүлэх зардал нь гэм хорын хохиролд хамаарахгүй гэж маргажээ.

 

            Хариуцагч Б.М- нь 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 14-60 УНП улсын дугаартай тоёота приус 30 маркийн автомашин жолоодож явахдаа нэхэмжлэгч Ш.М-ыг мөргөж, эрүүл мэндэд нь хохирол учруулсан болох нь Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 697дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна./хэргийн 6-11 дүгээр тал/

            Хариуцагч нь гэм буруугийн талаар маргаагүй, харин нэхэмжлэгчид учирсан хохирлын хэмжээнд маргасан байна.

 

            Хэрэгт авагдсан Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн даргын 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 387 дугаартай тушаал, 2018 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн 05/4272 дугаартай, 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдрийн 05/4364 дугаартай албан бичиг, нэхэмжлэгчийн нийгмийн даатгалын дэвтэр, эмнэлгийн хуудас зэрэг баримтаар нэхэмжлэгч Ш.М- нь Зам тээврийн хөгжлийн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын тогтоол, шийдвэрийн хэрэгжилт, тайлан мэдээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад 2018 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 8 дугаар сарын 02-ны өдөр хүртэл ослын улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, ажлын 20 хоногийн цалин 771 511 төгрөг авахаас хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж 341 104 төгрөг авсан үйл баримт тогтоогджээ. Нэхэмжлэгч Ш.М- нь хариуцагч Б.М-аас Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар цалингийн зөрүү болох 430 407 төгрөгийг шаардах эрхтэй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Дээрх ослын улмаас нэхэмжлэгч Ш.М-ы өмсөж явсан хослол урагдсан болох нь үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тогтоогдож байх бөгөөд Хөрөнгийн үнэлгээний төвийн 2019 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 140 дугаартай шинжээчийн дүгнэлтээр өмд, хүрэмний хослолыг 200 000 төгрөгөөр үнэлжээ. /хэргийн 146-148 дугаар тал/ Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн өмсөж явсан өмд, хүрэмний үнэ болох 200 000 төгрөгийг төлөх үүрэгтэй болно.

 

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 697 дугаартай шийтгэх тогтоолоор Ш.М-ы томографийн зураг авахуулсан 85 000 төгрөг, Люкс мед эмнэлэгт үзүүлсэн 210 000 төгрөг, эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 47 000 төгрөг, эмчилгээний зүйлсийн үнэ 108 500 төгрөг, нийт 450 500 төгрөгийн хохирол төлөгдсөн болохыг тогтоож, хохирогч Ш.М-ы өмгөөлөгчид төлсөн хөлс болох 3 000 000 төгрөгийг шүүгдэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт хамаарахгүй гэж дүгнэж, хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг дахин нотлохгүй юм. Гэтэл анхан шатны шүүх дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр шийдвэрлэгдсэн өмгөөллийн хөлс 3 000 000 төгрөгийг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа, 450 500 төгрөгийн хохиролд тооцогдсон 32 600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь буруу болжээ.

            Тодруулбал, тухайн үед ослын улмаас нэхэмжлэгч эмнэлэгт үзүүлсэн болон зогсоолын төлбөр, дүрс бичлэгийг хуулбарласан DVD хайрцагийн хамт худалдан авсан, гэрэл зураг угаалгахад гаргасан нийт 32 600 төгрөгийн зардлыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилж байсан болох нь уг баримтуудыг тухайн үед бүрдүүлж гаргасан 4 113 527 төгрөгийн нэхэмжлэл, эрүүгийн хэргээс хуулбарлуулж авсан нөхцөл байдлуудаар тогтоогдож байхад шүүх үүнийг зөв үнэлж дүгнээгүй байна.

 

            Ө.А- нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байх тул түүнд хууль зүйн туслалцаа үзүүлэх үйлчилгээний хөлсөнд төлсөн 2 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардсан нь үндэслэлгүй талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй. Нөгөө талаар нэхэмжлэгч бусдаас эрх зүйн туслалцаа авах гэрээний дагуу хөлс төлсөн нь хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас учирсан шууд, бодит хохиролд тооцогдохгүй.

 

            Түүнчлэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс хэрэгт нотлох баримт бүрдүүлэхтэй холбогдон гарсан зардал 120 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.

 

            Хэрэгт нэхэмжлэгч нь Эрүүгийн хэргээс хуулбарлан авсан баримтыг нотариатаар гэрчлүүлэхэд төлсөн 500 төгрөг, 3 000 төгрөг, 36 000 төгрөг, Баянгол, Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн архиваас баримт хуулбарлуулан нотариатаар гэрчлүүлэхэд 17 000 төгрөг, 8 000 төгрөг, 20 000 төгрөг, албан бичиг, баримтыг нотариатаар гэрчлүүлэхэд төлсөн 21 500 төгрөг, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн архиваас баримт хуулбарлан авахад 13 000 төгрөг төлж, нийт 119 000 төгрөгийн зардал гаргасан баримтууд авагдсан байна. /хэргийн 36-38, 46-48 дугаар тал/

 

            Үүнээс хэргийн 37 дугаар талд авагдсан 13 000 төгрөгийн баримт нь хэн үйлдсэн болох нь тодорхойгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дах хэсэгт зааснаар хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт болохгүй. Иймээс 119 000 төгрөгийн зардлаас 13 000 төгрөгийг хасч, үлдэх 106 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.

 

            Мөн хариуцагчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчид төлсөн 600 000 төгрөгөөс шийтгэх тогтоолоор шийдвэрлэгдсэн эмчилгээний зардлын 450 500 төгрөгийг хасч тооцоход 149 500 төгрөг илүү төлсөн байна.

 

            Дээрхийг нэгтгэн дүгнэвэл, хариуцагч Б.М-аас нэхэмжлэгчийн цалингийн зөрүү 430 407 төгрөг, өмд, хүрэмний хослолын үнэ 200 000 төгрөг, зардал 106 000 төгрөг, бүгд 736 407 төгрөгөөс, өмнө нь илүү төлсөн 149 500 төгрөгийг хасч 586 907 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ш.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 046 620 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШШ2020/01082 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.М-аас 586 907 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ш.М-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5 046 620 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

2 дах заалтын “20 462 төгрөг” гэснийг “18 257.21 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахад улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас төлсөн 20 462 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                       ШҮҮГЧИД                               Ч.ЦЭНД

 

                                                С.ЭНХТӨР