Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2023/0966

 

2023 12 12 128/ШШ2023/0966

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Н******* ХХК /РД:*******/,

Хариуцагч: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч М.Д*******д холбогдох,

Гуравдагч этгээд: ******* ХХК /РД:*******/,

Маргааны төрөл: өөрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгасан гэх зөрчилд шийтгэл ногдуулсан шийдвэртэй маргасан захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Гомдол гаргагч итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О*******, гомдол гаргагчийн өмгөөлөгч Г.Ж*******, хариуцагч М.Д*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Х*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч П.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Дэлгэрмөрөн нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гомдлын шаардлага: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0002366 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах.

Хоёр. Процессын үйл баримтын хувьд.

2.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ******* ХХК-иас Ө нь өөрийн худалдан борлуулж буй попкорноос бусад газраас худалдан авсан попкорныг тус кинотеатрт оруулахгүй гэх дотоод журам мөрдүүлж, байгууллагын болон хэрэглэгчдийн эрх ашгийг хөндөж байна гэх гомдлыг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр гаргаж, тус газраас 05 дугаар сарын 15-ны өдөр зөрчлийн хэрэг нээж, зөрчлийн хэрэг бүртгэлийн ажиллаа явуулж,

2.2. Улсын байцаагч 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.4 дэх заалтаар өөрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгасан зөрчилд 0002366 дугаар шийтгэлийн хуудсаар Н******* ХХК-д 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, эрх бүхий албан тушаалтны мөн өдрийн даалгавраар Ш худалдааны төвд байрлах Өргөө 3 IMAX кино театрын үйлчилгээний талбайд кино театрт гаднаас попкорн оруулахгүй гэх анхааруулга, санамж, фэйсбүүк, олон нийтийн сүлжээнд Urguu cinema гэх цахим хуудсанд 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нийтэлсэн Өргөө кино театр нь гаднаас попкорн ... оруулахгүй болохыг анхааруулсан нийтлэл зэргийг арилгаж, дотоод журам болон Өргөө кино театраар үйлчлүүлэх журамд холбогдох өөрчлөлтүүдийг оруулж, үйлчлүүлэгчдэд кино үзвэр үзэхээс гадна ... попкорныг чөлөөтэй сонгож үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авч, зөрчлийг арилгах-ыг даалгасан.

Гурав. Маргаж буй үндэслэл, талуудын тайлбар:

3.1. Гомдол гаргагч өрсөлдөгч биш, өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгасан зөрчил гаргаагүй, дотоод журмаар үзвэрийн үйлчилгээний стандартыг хангуулсан, зөрчлийг тогтоогоогүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хангаагүй, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, Зөрчлийн тухай хуулийн заалтыг буруу хэрэглэсэн гэх үндэслэлээр маргасан.

3.1.1. Гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 1/ Н******* ХХК-ийн зүгээс ******* ХХК-ийн попкорн зарах эрхэд огт халдаагүй. Ямар бүтээгдэхүүнийг ямар үнээр борлуулах нь бидэнд огт хамааралгүй учраас ******* ХХК-ийг болзол тулгаагүй гэж үзэж байгаа. Учир нь Н******* ХХК нь ******* ХХК-тай адил дан ганц попкорн борлуулдаггүй. Харин нийтэд зориулсан үзвэр үйлчилгээ голлон эрхэлдэг мэргэжлийн тусгай зөвшөөрөл бүхий компани юм. 

Н******* ХХК нь 2009 оноос энтертайнмент салбарт АНУ-ын алдарт кино театрын дэмжлэгтэйгээр кино гайхамшгийг мэдрүүлэх Монгол Улсын хүүхэд залуучуудын зочлон саатах дуртай хамгийн том олон улсын стандартад нийцсэн кино театрыг байгуулж чадсан. Өргөө кино театр нь 100% дижитал 3D дэлгэцээр тоноглогдсон, жилд дата дэлгэцийн уран бүтээлийг олон нийтэд хүргэдэг аж ахуйн нэгж юм. Н******* ХХК нь 2014 оны 04 дүгээр сард Канадын IMAX корпорацтай хамтран Монгол улсад IMAX кино театр байгуулах гэрээг амжилттай хийсэн. 2016 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Ш худалдааны төвд нээлтээ хийж өнөөдрийг хүртэлх хугацаанд ажиллаж байгаа. Хоёр дахь IMAX кино театрын барилгын ажлыг эхлүүлж 2017 онд ашиглалтад оруулсан. Гайхамшгийг үргэлжлүүлэх ажлын хүрээнд хөдөө орон нутагт хэрэгжиж дэлхийн стандартад нийцсэн Эрдэнэт, Дархан хотод Өргөө кино театрыг амжилттай нээсэн. 2023 онд Хан-Уул дүүргийн Парк-од молл худалдааны төвд Өргөө 7 салбар нээлтээ хийхээр төлөвлөж, өнөөдрийг хүртэлх хугацаанд 7 салбартайгаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. 

Манай үйл ажиллагааны үндсэн чиглэл нь олон улсын стандартад нийцсэн кино театр буюу синемагийн үйлчилгээ үзүүлдэг гэдгийг анхаарч үзээсэй. Улсын бүртгэлийн ерөнхий газраас Өргөө синема, кино театр, автомат тоглоом эрхлэх, туслах үйл ажиллагааны чиглэл бүртгэсэн болохыг тодруулж хэлмээр байна.

2/ манай компани дэлхий дахинд илэрсэн ковид 19 цар тахалтай холбоотойгоор Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаарх удирдамж, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуульд заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дотоод журамдаа гаднаас хүнсний бүтээгдэхүүн оруулахгүй тухай тусгаж өгсөн. Энэ нь дотооддоо авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа болохоос гадагшаа буюу Монгол Улсын зах зээл, аж ахуйн нэгж байгууллагад чиглэсэн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгасан асуудал огт биш. 

3/ Америкийн нэгдсэн улс, Бразил, Энэтхэг, Филиппин, Сингапур, Канад, Австрали, Англи, Малайз, Арабын нэгдсэн эмират улс, Турк зэрэг олон улсын сүлжээ кино театруудад гаднаас хүнсний бүтээгдэхүүн тэр тусмаа попкорн оруулахыг хатуу хориглосон байдаг. Уг жишгийн дагуу Монгол Улсад хамгийн том сүлжээ кино театр болох Өргөө кино театрын хувьд олон улсын кино театрын стандартад заасны дагуу гаднаас уух, идэх зүйл оруулахгүй байх стандартыг баримталж ажилладаг. 

4/ үйлчлүүлэгчийн гаднаас худалдан авсан хүнсний бүтээгдэхүүн, сав баглааны хог хаягдлын улмаас танхимын үйлчлэгч нарын ажлын ачаалал нэмэгдэх, хогны тээвэрлэлтэд холбогдох зардал өсөхөд нөлөөлдөг. 

5/ Монгол Улсад манай байгууллагатай ижил дотогшоо чиглэсэн шийдвэр журамтай караоке, баар, паб, ресторан, зоогийн газрууд, кино театрууд байдаг бөгөөд бүгд гаднаас уух зүйл, хүнсний бүтээгдэхүүн оруулдаггүй. Үүний дагуу бид стандарт журмыг баримталж байгаа. 

6/ манай кино театр дотооддоо худалдаалж буй хүнсний бүтээгдэхүүний чанар стандартдаа баталгаа олгодог бөгөөд бусдын гаднаас худалдан авч хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүний чанараас үүдэн үйлчлүүлэгчийн амь нас, эрүүл мэндэд учрах эрсдэлийг хариуцах боломжгүй гэж үзсэн.

7/ ******* ХХК нь Өргөө-3 салбар кино театрын үүдэнд ирж байрлаад олон жил хэвийн явуулж байгаа дагалдах үйлчилгээний нэгийг булаан авахын тулд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрыг ашиглаж байгаа нь зохимжгүй.

8/ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн газрын улсын ахлах байцаагч С.Д******* нь манай итгэмжлэгдсэн төлөөлөгчийг өвчтэй гэдгийг мэдсээр байж нэг ч тайлбар мэдүүлэг авахгүйгээр шийдвэр гаргасан. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын Өрсөлдөөнийг зохицуулах зах зээлийн судалгааны газрын улсын ахлах байцаагч М.Д*******ын 2023 оны 07 дугаар сарын 7-ны өдрийн 0002366 дугаартай шийтгэлийн хуудсаар ******* ХХК-иас гаргасан гомдлыг 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч ... Н******* ХХК нь Ө кино театрын талбайд попкорн оруулахгүй, Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.7 дахь хэсэгт  заасныг зөрчсөн байж болзошгүй гэх үндэслэлээр торгууль оногдуулсан. Гэвч хариуцагчаас шийтгэлийн хуудаст баримталсан Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.4 дэх хэсэгт заасан өөрийн бараа бүтээгдэхүүн борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгах гэж заасан. Үүнд 20 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалт огт байхгүй байхад 20 сая төгрөгөөр торгосон нь хуульд нийцэхгүй байна гэж үзсэн. 

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулахдаа зөрчлийг шалган шийдвэрлэх он, сар, өдөр, шийдвэр гаргасан эрх бүхий албан тушаалтны нэр, албан тушаал, зөрчлийн талаар тогтоосон нөхцөл байдал, шийтгэл ногдуулах албадлагын арга хэмжээ авах үндэслэл хуулийн зүйл, заалт, хэсгийг маш сайн тодорхой бичих ёстой. Түүнчлэн зөрчлийн хэргийг нотлохын тулд Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7 дахь хэсэгт өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгах гэсэн нөхцөл шаардлагыг тодруулах ёстой байсан гэж үзэж байгаа. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4 дэх хэсэгт өрсөлдөгч гэж тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт борлуулалт хийж байгаа аж ахуй эрхлэгчийг хэлэхээр заасан. Гэтэл Н******* ХХК болон Өргөө кино театрын хувьд бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг Тэнгис, Гэгээнтэн, Соёмбо зэрэг кино театруудтай өрсөлдөгч аж ахуйн нэгж юм. Түүнээс биш жижиглэнгийн худалдаа эрхэлдэг ******* ХХК нь өрсөлдөгч биш. Улсын бүртгэлийн гэрчилгээ болон түрээсийн гэрээгээр нотлогдоно.

******* ХХК нь 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 0523 дугаар албан бичгээр анх Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасан. Гэтэл Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр гомдлыг хүлээн авч 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр буюу 12 хоногийн дараа зөрчлийн хэргийг нээж байгаа нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.1 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 5 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг буюу эрх бүхий албан тушаалтан шийтгэл ногдуулахдаа дараах нөхцөл байдлыг заавал тогтоосон байна гэж заасныг зөрчсөн, 7.1 дүгээр зүйлийн 1-д тухайн хүн хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх, 2-т Зөрчлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 3.2.5 дахь хэсэгт заасны дагуу зөрчил үйлдсэн хуулийн этгээдийн хариуцлагын нөхөн хүлээлгэх этгээд байгаа эсэх, 3-т тухайн үйлдэл, эс үйлдэхүй нь Зөрчлийн тухай хуульд заасан шийтгэл ногдуулах зүйл, хэсэг, заалтад нийцэж байгаа эсэх зэргийг тогтоох шаардлагатай байсан. 

Анх 2020 онд Монгол Улсад БНХАУ-аас Ковид 19 цар тахал орж ирснээр бүх нийтээр гаднаас ууж, идэх зүйл оруулахгүй хүнсний аюулгүй байдлыг хангахыг Засгийн газар болон Эрүүл мэндийн яамнаас зөвлөсний дагуу дотоод журамдаа өөрчлөлт оруулж түүнээс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд иргэдийн эрүүл мэндийн төлөө Америкийн нэгдсэн улсаас албан ёсны дагуу импортоор оруулж ирсэн попкорн, ус, ундаа зэргээр үйлчилж байгаа. ******* ХХК-ийг попкорны чиглэлээр үйл ажиллагаа явуулах гэж байгааг кино театрын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Н******* ХХК огт мэдээгүй. Мөн 2023 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Ш компанитай түрээсийн гэрээ байгуулсныг мэдээгүй. 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс попкорн зарж эхэлснийг ч мэдэхгүй. 2020 онд баталсан гаднаас уух, идэх зүйл оруулахгүй тухай дотоод журмынхаа дагуу хэрэглэгчдэд шаардлагаа тавьсан болохоос ******* ХХК-тай огт харилцаагүй. Үүгээр болзол тулгасан гэдэг нь үгүйсгэгдэж байгаа гэж ойлгогдож байна. Ш хотел компанитай байгуулсан түрээсийн гэрээний чиглэл, үйл ажиллагаанууд нь хүртэл ондоо байгааг анхаарч үзнэ үү. Ш худалдааны төвд ******* ХХК ус, ундаагаа зарна уу, попкорн зарна уу, архи пиво зарна уу бидэнд ямар ч хамааралгүй. Гэтэл Н******* ХХК нь бүхэл бүтэн кино театр, синемагийн үйл ажиллагаа явуулж, дотогшоо зориулсан журмынхаа дагуу үйлчилж байхад ийнхүү  ******* ХХК-д  болзол тулгалаа гэдэг байдлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас шууд шийтгэл ногдуулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Харин Н******* ХХК-ийн кино театрт гаднаас попкорн оруулахгүй болохыг анхааруулсан санамж, дотоод журам нь гадагшаа бус дотогшоо, бусад аж ахуйн нэгжүүдэд бус иргэдэд чиглэсэн Иргэний хуулийн дагуу зохицуулагдаж байгаа харилцаа юм.

Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт нэг этгээд өөрийн хүсэл зоригийг хүлээн зөвшөөрсөн этгээдийн эрх үүргийн хувьд холбогдохоор нэг буюу хэд хэдэн тодорхой этгээдэд хандан хүсэл зоригоо бодитоор хангалттай тодорхой илэрхийлсэн илэрхийллийг гэрээ байгуулах санал гэж ойлгохоор Иргэний хуульд заасан. Тус саналыг хүлээн зөвшөөрч байгаа иргэд, үйлчлүүлэгчид нь манай кино театр руу орж киногоо үзэж болно гэсэн агуулгатай зохицуулалт. юм. Бид самбар байршуулснаараа бусад аж ахуйн нэгжид хандаж байгаа зүйл биш зөвхөн хэрэглэгчдэд хандсан зохицуулалт. ******* ХХК нь өөрийн попкорныг Ш худалдааны төвөөр үйлчлүүлж буй иргэдэд зарж борлуулах бүрэн боломжтой. Гэтэл яагаад манай кино театраас шалтгаалан үйл ажиллагаагаа нээж, хааж байгааг ойлгохгүй байна. Нээж, хаасныг ч бид мэдээгүй. 

Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7 дахь хэсэгт өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгасан гэх заалтаар буруутгаж байгаа.

1/ Манай бараа бүтээгдэхүүний гол концепци нь кино борлуулдаг. Бусад аж ахуйн нэгжүүд буюу Өргөө синема, Тэнгис кино театр, Гэгээнтэн зэрэг кино театруудад гарч байгаа киног гаргах эсэх талаар хориг тавиагүй. 

2/ Өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй гэхээр өрсөлдөгч болох Тэнгис кино театр, Гэгээнтэн кино театрын борлуулж байгаа кино үзвэрийг худалдан авахуулахгүй байх ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Тиймээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын шийтгэл оногдуулсан зөрчлийг бид гаргаагүй. 

3/ Монгол хэлний тайлбарт урьдчилсан нөхцөлийг аливаа ажил үйлсийг бүтээх, болзол тавих гэж тайлбарласан байдаг. Гэтэл Н******* ХХК-ийн үйл ажиллагаа нь ******* ХХК-ийн үйл ажиллагааны чиглэлтэй тохирохгүй байгаа нь дараах байдлаар нотлогдож байгаа. Н******* ХХК нь кино театрын үйл ажиллагаа эрхэлдэг ******* ХХК нь онлайн худалдаа, бууз, банш, жимс, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Иймд хуулийн урьдчилсан нөхцөл бүрдэхгүй байгаа гэдгийг харуулж байна. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас ямар ч өрсөлдөгч биш аж ахуйн нэгжүүд буюу кино нийлүүлэгч нартай байгуулсан гэрээ болон дотооддоо хэрэгжүүлдэг төрсөн өдрийн урамшуулал зэрэг огт хамааралгүй заалтуудыг баримтлан шийтгэл ногдуулж байгаа нь үндэслэлгүй байна.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт холбогдогч нь ямар зөрчилд холбогдон шалгагдаж байгаагаа мэдэх мөн өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, эх хэлээрээ эсхүл сайн мэдэх хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч, хэлмэрч авах, хохирогчийн гомдолтой танилцаж тайлбар гаргах, зөрчил шалган тодорхой ажиллагаа явуулах хүсэлт гаргах, эрх бүхий албан тушаалтан, хэрэг бүртгэлтийн удирдах албан тушаалтан, прокурорын үйл ажиллагаа шийдвэр, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, өөрийн эсхүл хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийн хүсэлтийн дагуу хийгдэж байгаа зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд биечлэн оролцох, уг үйл ажиллагааны тэмдэглэлтэй танилцах, түүнд засвар оруулах, нотлох баримт шалгуулах тухай хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх, зөрчлийн хэрэгтэй танилцах зэрэг олон эрхүүдээр хангаагүй. Холбогдогч энэ хуулийн 3 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь түүнд эрх хязгаарлах арга хэмжээ авах, хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй гэж заасан. 

2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр зөрчлийн хэргийг нээж, 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдөр зөрчлийн хэрэг нээсэн талаарх мэдээллийг 0302801 дугаар албан бичгээр Н******* ХХК-д мэдэгдсэн. Мэдэгдсэн даруйд манайхаас н.Б******* гэх хүнийг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон. Гэтэл тухайн үед Дархан хотын Өргөө кино театр галд автсан тул маргааш нь буюу 2023 оны 05 дугаар сарын 24-ний өдөр томилолтоор явсан бөгөөд энэ тухай Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт албан ёсоор хүргүүлсэн. Улмаар итгэмжлэгдсэн төлөөлөгч өвчтэй байсан учраас ажилдаа ирэх боломжгүй талаарх хүсэлтээ компанидаа гаргасан. Үүний дагуу 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс 14 хоногийн чөлөө авсан. Итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс өвчтэй болохоо Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт хүргүүлтэл хүсэлтийг хүлээн авч хугацааг сунгасан. Энэ  хугацаанд санамсаргүй эсхүл санаатайг нь мэдэхгүй ч хэд хэдэн удаа  утсаар ярьж ирж мэдүүлэг өгнө үү гэж албан бичиг хүргүүлсэн, үүнийг гайхаж байна. Гомдол гаргагч талыг оролцуулахгүй байх санаатай байсан гэж харж байгаа. Н******* ХХК-ийн зүгээс 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 2348 дугаартай албан бичгээр хариу тайлбар өгсөн. Ингэхдээ зөрчлийн шинжтэй үйлдэл огт хийгээгүй, та бүхэн дахин харна уу гэж хандахад огт авч хэлэлцэхгүйгээр  шийтгэлийн хуудас бичсэнд гомдолтой байгаа. 

Дээрх хугацаанд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь  зөвхөн нэг талыг барьж холбогдогчийг байлцуулахгүйгээр Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан орон байранд прокурорын зөвшөөрлөөр үзлэг хийнэ гэж заасныг зөрчиж прокурорын зөвшөөрөлгүйгээр үзлэг хийсэн. С.Д******* байцаагч хөндлөнгийн гэрч байлцуулалгүйгээр ганцаар очиж үзлэг хийсэн. 

Гомдол гаргагч иргэдийн гомдолтой танилцахад ******* ХХК нь  2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гомдол гаргахдаа бид 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдөр үйл ажиллагаагаа явуулж 2 хоноод 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр үйл ажиллагаагаа зогсоосон. Энэ тухайгаа Ш худалдааны төвд бидний түрээсийн гэрээг өнөөдрөөс эхлэн царцааж өгнө үү цаашид үйл ажиллагаагаа явуулахгүй болсон гэдгээ хэлсэн. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагчийн үндэслэл болгож байгаа нотлох баримтуудыг харахаар 05 дугаар сарын 16-ны өдрөөс 05 дугаар сарын 18-ны өдрийн хооронд иргэд  гаднаас попкорн худалдаж аваад орох гэтэл Н******* ХХК оруулахгүй байна гэдэг зүйлийг гаргаж ирж байгаа юм. ******* ХХК үйл ажиллагаагаа зогсоосон байх хугацаанд яагаад иргэд гомдол гаргаж байгаа вэ. Иргэдийн үндэслэлгүй гомдлыг үндэслэн Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч шийтгэл оногдуулж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн 2 гэрчээс мэдүүлэг авах гэсэн боловч хууль зүйн үндэслэлгүй учраас гэрч огт байхгүй. Зөвхөн хавтаст хэрэгт авагдсан ******* ХХК-ийн гомдол байсан.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт шийтгэлийн хуудасны маягтыг Засгийн газраас батлахаар заасан ба Засгийн газрын 2021 оны 135 дугаар тогтоолын хавсралтаар шийтгэлийн хуудас болон шийтгэлээс чөлөөлөх хуудасны маягт хэрэглэх журмыг баталсан бөгөөд шийтгэлийн хуудсанд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.4 дэх хэсэгт  заасан мэдээллийг бичих ёстой байтал эрх бүхий албан тушаалтны 0002366 дугаартай шийтгэлийн хуудасны олсон нь хэсэгт шийтгэл ногдуулж буй хуулийн зүйл, заалтыг ...дугаар зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар гэж хоосон бичсэн нь Зөрчлийн тухай хуулийн 4.4 дүгээр зүйл буюу албадан эмчлэх тухай заалт гэж ойлгогдохоор байгаа. 

Олон улсад нийт 20 гаруй сүлжээ кино театрын стандартыг хавсаргаж хийсэн бөгөөд гаднаас уух, идэх зүйл оруулахгүй гэдэг шаардлагыг ганцхан Өргөө кино театр тавьж байгаа зүйл биш. Бид олон улсын стандартыг дагаж мөрдөж, олон улсын жишигт тааруулсан кино театрыг Монгол Улсад нэвтрүүлэхээр зорьж ажиллаж байгаа. Монгол улсад ижил төрлийн үйл ажиллагаа явуулж байгаа Прайм, Гэгээнтэн, Тэнгис, Некст гэх мэт кино театрууд гаднаас идэх, уух зүйлс оруулахгүй гэсэн стандарттай байхад яагаад зөвхөн манай кино театрыг онцолж  шийтгэл оногдуулж байгаа вэ. иймд шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож өгнө үү гэв.

3.1.2. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч тайлбартаа: Өрсөлдөөний тухай хуульд заасан зөрчлийг гаргасан гэж эрх бүхий албан тушаалтнаас үзэж, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дүгээр зүйлд заасан үндэслэлээр шийтгэл оногдуулсан. Энэ тохиолдолд манай үйлчлүүлэгч нь энэ зөрчлийг гаргаагүй гэж үзэж байгаа. Гуравдагч этгээдийн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авсан тохиолдолд кино үзүүлэх зэргээр тулган шаардсан зүйл огт байхгүй. Манайхаас худалдан авсан бараа бүтээгдэхүүнийг оруулан гаднаас авсан бараа бүтээгдэхүүнийг оруулахгүй гэсэн шаардлагыг тавьсан. 

Зөвхөн кино театрын үйл ажиллагаа явуулдаг биш бусад үзвэр үйлчилгээ, караоке, ресторан зэрэг маш олон салбарт энэ шаардлага тавигддаг. Тухайн үйлчилгээний салбар стандарт нөхцөлөө маш ойлгомжтой тайлбарласан,  байрлуулсан, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нотлогдоно. Хэрвээ хэрэглэгчдэд тавьж байгаа гэрээний стандарт нөхцөл нь хууль тогтоомж зөрчсөн, хүчин төгөлдөр бус гэвэл энэ төрлийн маргааныг шүүх шийдвэрлэдэг журамтай. Иргэний хуулийн 202 дугаар зүйлд стандарт нөхцөл хүчин төгөлдөр бус байх талаар зохицуулсан байдаг. Мөн хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна.

Энэ төрлийн харилцааг Монгол Улсын хууль тогтоомжоор зохицуулаагүй. Монгол Улсын хууль тогтоомжоор үзвэр үйлчилгээний газрууд, ресторан зэрэг нь  ямар стандарт нөхцөлтэй байх, ямар бараа бүтээгдэхүүнийг оруулах эсэхийг зохицуулсан нарийвчилсан зохицуулалт байхгүй. Бусад орны Арилжааны тухай хуульд байдаг. Энэ тохиолдолд Иргэний хуулийн ерөнхий зохицуулалт, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээг мөрдөх ёстой. Тиймээс Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийн хэм хэмжээ байхгүй, тухайн харилцааг иргэний эрх зүйн агуулга, зарчим, нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээгээр зохицуулна гэж заасан. Тэгэхээр хэрэгт авагдсан баримтаар гадаадын улсын кино театрууд гаднаас ямар нэгэн уух, идэх зүйлийг оруулахгүй гэсэн шаардлагыг тавьдаг. Энэ нь нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээ байна. Монгол Улсад нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зан суртахууны хэм хэмжээ, зан заншлын хэм хэмжээнд ямар нэг байдлаар харшлахгүй байгаа. Яагаад гэхээр хэрэглэгч тухайн нөхцөлийг хүлээн зөвшөөрч үйлчилгээ авах эсэхээ шийдвэрлэдэг. Өргөө кино театрын хувьд Монгол Улсад ганцаар үйл ажиллагаа явуулдаг монополь хуулийн этгээд биш. Ашгийн хуваарилалтаа хийж үйл ажиллагаа явуулж байгаа, үүнд ямар нэг байдлаар өрсөлдөөний байгууллага оролцох ёсгүй. Монополь байдалтай байгаа тохиолдолтой өөр хэрэг. Ямар хүмүүст тавигдаж байгаа гэхээр кино театрт кино үзэхээр ирж байгаа хэрэглэгчдэд тавигдах шаардлага юм. Ш худалдааны төв дотор байрлах гуравдагч этгээдээс попкорн худалдаж авч идэх нь нээлттэй, ямар нэг байдлаар хязгаарлаагүй. 

Гомдол гаргагч байгууллага өөрийн эзэмшлийн талбайд энэ шаардлагыг тавьж байгаа талаарх төслөө танилцуулсан. Тэгэхээр хуулиар нэгэнт хориглоогүй, дэлхийн хаа нэгтээ ийм зүйл байгаа. Иргэний хуулийн тодорхой зохицуулалт, Өрсөлдөөний тухай хуулийг шууд зөрчиж байгаа юу гэвэл үгүй. Сагсан бөмбөгийн дээд лигийн тэмцээнүүд, хөгжмийн арга хэмжээ зэрэг нь энэ байдлаар явагддаг. Учир нь ашиг орлого, зардлаа тэнцвэржүүлэх зэрэг асуудал байдаг.  Тиймээс хэрэглэгчдийн эрх ашиг хөндөгдөж байгаа зүйл байхгүй, хохироогүй байна. 

Хориглосон, үүрэг болгосон хуулийн хэм хэмжээ байгаа юу гэхээр байхгүй. Хуулийн хориглосон хэм хэмжээ байхгүй байхад хууль зөрчсөн үйл ажиллагаа гэж үзэж болохгүй. Попкорныг заавал оруулах ёстой гэсэн шаардлага тавивал маргааш караокены гадна зогсож байгаад хажуугийн дэлгүүрээс ундаа, пиво авч цагийн мөнгөө төлсөн учраас юу идэх нь миний асуудал, тавьж байгаа шаардлага буруу, өрсөлдөөнийг хязгаарлаж байна гэвэл энэ нь аж ахуй эрхлэгчийн дотоод үйл ажиллагаанд шууд оролцож байгаа хэрэг болно. Гэрээний санал нь хэрэглэгчийг хохироож байвал гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах асуудлыг иргэний хэргийн шүүх шийдвэрлэх ёстой.

Хавтаст хэрэг шинжлэн судлах явцад 8 хүн буцаалт хийсэн асуудал байгаа. Түүнээс биш нийтээр эсэргүүцэж байгаа зүйл байхгүй, хуулиар хориглоогүй байхад үүрэг болгосон албадлагын арга хэмжээ болсон гэж үзэж байна. Тиймээс нийтээр тогтоосон зан суртахууны хэм хэмжээнд харшлах шийдвэр гаргасан. Олон салбарт сөргөөр нөлөөлөх буруу шийдвэр гарсан тул хүчингүй болгож шийдвэрлэх нь үндэслэлтэй. Хэрвээ журамлах ёстой бол хууль тогтоомжид өөрчлөлт оруулах шаардлагатай. гэв.

3.2.1. Хариуцагч хариу тайлбартаа: ******* ХХК нь 2023 оны  05 дугаар сарын 08-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт бичгээр гомдлоо ирүүлсэн бөгөөд бичиг хэргийн бүртгэлд бүртгэгдсэн. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу эрх бүхий албан тушаалтан ажлын 5 хоногийн дотор зөрчлийн хэрэг нээх эсэх, татгалзах, харьяаллын дагуу шилжүүлэх гэсэн 4 шийдвэрийн нэгийг гаргадаг. Тиймээс ажлын 5 өдөрт багтааж 05 дугаар сарын 15-ны өдөр хяналтын прокурорт бүртгүүлэн зөрчлийн хэргийг нээж ажилласан. 

Нэгдүгээрт, Н******* ХХК нь хувь хүн биш аж ахуйн нэгж юм, гэтэл нэг албан тушаалтнаа итгэмжилсэн төлөөлөгчөөр томилчихоод уг албан тушаалтнаа томилолтоор явуулах, явуулсан тохиолдолд дараагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилохгүй байх зэрэг төрийн хяналт, шалгалтын байгууллагыг үл хүндэтгэсэн. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа нь хугацаатай хийгддэг, эрх бүхий албан тушаалтан 14 хоногийн дотор хэргийг шийдвэрлэх боломжтой, шаардлагатай тохиолдолд удирдах албан тушаалтан дахин 14 хоногоор сунгадаг бөгөөд энэ хугацаанд ажиллагаа хийгдэж дуусаагүй нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзвэл 30 хүртэлх хоногоор сунгаж нийт 58 хоногийн дотор зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулдаг. 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн 0З-02/801 дугаартай албан бичгээр 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч эсхүл хууль ёсны төлөөлөгчийг томилж ирүүлж хэргийн материалтай танилцуулан, тайлбар мэдүүлгээ өгөхийг хүссэн. Гэтэл эрх бүхий албан тушаалтны заасан хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлээгүй тул улсын байцаагч 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдөр, 2023 оны 06 дугаар сарын 23-ны өдрүүдэд тус тус дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн. Ингэхдээ шуудангаар хүргүүлсэн, утсаар холбогдсон. Аж ахуйн нэгж байгууллагад нь очиход н.Б******* нь ажлын байран дээр тайлбар мэдүүлэг өгөхөөс татгалзан очиж өгөхөөр болсон ч ирээгүй. Хэрвээ аж ахуйн нэгжийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол дараагийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж ирүүлэн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг үргэлжлүүлэх боломжтой байсан гэж үзсэн. 

Улсын байцаагчийн зүгээс гомдлын дагуу Ш Улаанбаатар хотел компанийн байранд очиж үзлэг хийж тэмдэглэл үйлдсэн байгаа. Энэ нь Эрүүгийн хуульд заасны дагуу орон байр биш, нийтийн эзэмшлийн талбай учраас улсын байцаагч өөрийн эрх хэмжээний хүрээнд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд заасны дагуу үзлэг хийж, тэмдэглэл үйлдэн эхлэхээс дуусах хүртэл хугацаанд дуу дүрсний бичлэг хийж баталгаажуулсан. Гэтэл зөвхөн Ш Улаанбаатар хотел компанийн Өргөө 3 салбар дээр гаднаас попкорн оруулахыг хориглоно гэсэн самбар байршуулсан байсан, Өргөө 1, 2 салбаруудад ийм самбарыг байршуулаагүй байсан. ******* ХХК нь Ш Улаанбаатар хотел компаниас талбай түрээсэлж, тухайн түрээсийн талбайдаа хүнсний бүтээгдэхүүн, уух зүйлс худалдаалах үйл ажиллагаа явуулдаг.

Н******* ХХК нь  2023 оны 07 дугаар сарын 07-ны өдөр 23/48 дугаартай албан бичгээр тайлбар ирүүлсэн. Ингэхдээ гаднаас уух зүйл оруулахаар хог их тарьдаг, үйлчилгээний ажилтны ачаалал их нэмэгддэг учраас бид оруулдаггүй гэдгээ албан бичгээр мэдэгдсэн. Гэтэл өөрсдийн худалдаалж байгаа попкорн болон бусад зүйлс нь хог тарьдаггүй мэтээр, төрийн хяналт шалгалтыг үл хүндэтгэсэн, басамжилсан агуулгатай албан бичгийг манайд бичгээр ирүүлсэн байгаа. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг улсын байцаагч сайн дураараа очиж хийдэг ажиллагаа биш, хууль тогтоомжийн хүрээнд хийгдэж байгаа эсэхийг прокуророос хянаж байдаг. 

Зөрчлийн тухай хуульд заагаагүй үндэслэлээр торгосон гэж хэллээ. Хэрвээ Зөрчлийн тухай хуульд заагаагүй санкцаар торгосон тохиолдолд үүнийг нь хяналтын прокурор баталгаажуулахгүй. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.4 дэх хэсэгт заасны дагуу зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдийг 2 болон 20 сая төгрөгөөр торгох хуулийн зохицуулалттай. Мөн хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.4 дэх хэсэгт өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулахад өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх болзол тулгасан бол гээд торгуулийн хэмжээг заасан байдаг. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7 дахь заалтыг зөрчсөн зөрчил. Тийм учраас тухайн зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг хуулийн хүрээнд хийсэн гэж үзэж байна. 

Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч томилж ирүүлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, тайлбар мэдүүлэг өгөх 58 хоногийн хугацааг эрх бүхий албан тушаалтнаас олгож байхад нэг ч эрхээр хангаагүй гэж өнөөдөр тайлбарлаж байгаа нь учир дутагдалтай байна. Тиймээс Н******* ХХК-ийн гомдлын шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх заалтаар бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Гомдол гаргагч талаас хэлсэн олон улсын стандартад кино, үзвэр үйлчилгээний хажуугаар ундаа, идэх зүйл их хэмжээний орлогыг авчирдаг гэдэг. Үүнийг бидний зүгээс огт үгүйсгээгүй. Гагцхүү Ш төвийн 3 давхарт түрээсийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийг Өрсөлдөөний тухай хуульд заасны дагуу попкорны зах зээлд өрсөлдөгч гэж харж байгаа. Түүний дагуу хяналт шалгалт хийж зөрчилд шийтгэл ногдуулсан. Жижиг төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг компанийг том компаниуд нь нухчин дарж дампууруулж байгаад харамсалтай байна. Жижиг аж ахуй эрхлэгчийг дэмжих нь Өрсөлдөөний тухай хуулийн гол үзэл баримтлал гэж харж байгаа. гэв.

3.2.2. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбартаа: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Өрсөлдөөний тухай хуулийг хэрэгжүүлж байгаа. Бид хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд чиг үүргийн дагуу үйл ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтан хуульд нийцсэн шийдвэрийг гаргасан. Хүчин төгөлдөр батлагдаагүй ч гэсэн Стандартчилал, хэмжил зүйн газраас үйлчилгээтэй орчин гэх төсөл хэрэгжиж байгаа. Соёлын тухай хуульд соёлын төлбөрт үйлчилгээ болон энтертаймент үйлчилгээ гэж заасан. Спортын арга хэмжээ нь энтертаймент үйлчилгээнд орж байгаа. Оюуны өмчтэй холбоотой үзвэр үйлчилгээний танхим нь соёлын төлбөрт үйлчилгээ-нд орж байгаа. Үйлчилгээний чиглэл нь өөр танхимуудыг хооронд нь харьцуулах боломжгүй. Улсын байцаагчийн гаргасан шийдвэрийг бүрэн дэмжиж байна. Шүүх хуралдаанд бичгээр гаргасан тайлбар болон мэтгэлцээний үед гаргасан үндэслэлүүдээ бүрэн дэмжиж байна. гэв. 

3.3. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн зүгээс хариуцагчийн тайлбарыг дэмжиж байна. Н******* ХХК-ийн үндсэн үйл ажиллагаа нь кино театрын үйл ажиллагааг явуулдаг байгаа. Гомдол гаргагч гомдлын шаардлагадаа хэлэхдээ дагалдах үйлчилгээг булааж авсан мэтээр ярьж байна. Гэхдээ энэ нь ямар ч үндэслэлгүй. ******* ХХК нь Өргөө кино театрын ойролцоо жижигхэн буланд хэдэн төрлийн попкорн зардаг. Зарж байгаа попкорн нь Өргөө кино театрын зарж байгаа шиг попкорн биш. Өргөө кино театр нь давстай, чихэртэй гэсэн хоёр төрлийн попкорн зардаг бол ******* ХХК нь жимстэй, өөр төрлийн бүтээгдэхүүн гаргадаг тул дагалдах үйлчилгээг нь булаан авсан зүйл огт байхгүй. 

2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс Түрээсийн гэрээ байгуулж үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Гэтэл Өргөө кино театр 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаднаас попкорн, уух зүйл оруулахгүй гэсэн самбарыг байршуулсан. Энэ нь гуравдагч этгээд болох ******* ХХК-ийн эрх ашиг сонирхолд шууд халдсан үйлдэл болсон. Мөн ******* ХХК-ийн эрх ашгаас  гадна хэрэглэгчийн эрх ашгийг шууд хөндөж нөлөөлж байгаа. Яагаад гэвэл тухайн хэрэглэгч заавал Өргөө кино театрын зарж байгаа шар, цагаан өнгийн попкорноос авч орохоос өөр аргагүйд хүрч байгаа юм. Гэтэл ойрхон хажууханд нь байгаа олон төрлийн жимстэй, илүү гоё амттай, чанартай, хямдхан бүтээгдэхүүнийг авах хэрэглэгчийн эрх ашгийг шууд хохироож байна. Тухайлбал, зарж байгаа бүтээгдэхүүнээс нь харшилтай хүн хэзээ ч кино театрт попкорн идэх эрхээ эдэлж чадахгүй байх нөхцөл байдалд хүрч байна. Кино театр гэдэг нь олон улсын стандартад зааснаар попкорнтой байдаг гэсэн. Үүнээс юу харагдаж байна гэхээр кино театрыг бусад караоке зэрэгтэй адилтгах боломжгүй. Учир нь кино театр гэж бодоход л попкорн авах ёстой гэсэн бодол төрнө. Гэхдээ ямар попкорн авах нь хэрэглэгчийн сонголт байх ёстой. Гэтэл заавал манай попкорныг авах ёстой гэж хэрэглэгчийг хязгаарлаж байгаа юм. ******* ХХК нь 2023 оны 04 дүгээр сарын 08-ны өдрөөс эхэлж үйл ажиллагаагаа явуулсан 2023 оны 04 дүгээр сарын 10-ны өдрөөс үйл ажиллагааг зогсоолгосон. ******* ХХК-д шууд чиглэн Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7 дахь хэсгийг зөрчсөн үйл ажиллагаа болсон гэж дүгнэж байна. Тэгэхээр гомдол гаргагчийн  гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Н******* ХХК-д өөрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгасан гэх зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.4 дэх заалтаар 20,000,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0002366 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тус компанийн гомдлын үндэслэлд дүгнэлт хийж, хуульд заасан журмаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанд судлагдсан нотлох баримтуудыг үнэлж, дараах үндэслэлээр гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1. Н******* ХХК нь ******* ХХК-тай өрсөлдөгч биш гэх үндэслэлийн тухайд.

1.1. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч тус газарт гаргасан ******* ХХК-ийн Ш худалдааны төвд түрээсийн гэрээгээр попкорны худалдаа эрхэлснээс 2 хоногийн дараа Өргөө кино театр өөрийн худалдаалж буй попкорноос бусад газраас худалдан авсан попкорныг кино театр руу оруулахгүй гэх дотоод журам мөрдүүлж Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.7 өөрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгах, 12.1.10 хууль ёсны ашиг сонирхолд харшлах болон хэрэглэгчийг хууль бусаар хохироох худалдааны арга хэрэглэх заалтуудыг зөрчсөн нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.4, 4.7 дахь хэсэгт заасан зөрчлийн шинжтэй гэх гомдлоор шалгаж, Н******* ХХК-ийг Өрсөлдөөний тухай хуулийн 12.1.7 өөрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгах-ыг хориглоно гэж заасныг зөрчсөн гэж үзээд Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.4 дэх заалтаар торгох шийтгэл ногдуулжээ.

1.2. Н******* ХХК нь 2016 оноос Ш худалдааны төвийн 4 дүгээр давхарт IMAX кино театрын үйлчилгээ эрхэлсэн, попкорн борлуулах үйлчилгээ нь кино үзвэрийн үйлчилгээний дагалдах үйлчилгээ байна. Харин ******* ХХК 2023 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн түрээсийн гэрээгээр Ш худалдааны төвийн 4 дүгээр давхарт попкорны худалдааг 4 дүгээр сарын 8-ны өдрөөс эрхэлсэн.

1.3. Аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах зорилго бүхий Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-т "өрсөлдөгч" гэж тухайн төрлийн бараа бүтээгдэхүүний зах зээлд нийлүүлэлт, борлуулалт хийж байгаа аж ахуй эрхлэгчийг ойлгох-оор тодорхойлсон тул хариуцагч нь Ш худалдааны төвийн 4 дүгээр давхарт попкорн худалдаалж буй үйл ажиллагаагаараа гомдол гаргагч Н******* ХХК болон гуравдагч этгээд ******* ХХК-ийг өрсөлдөгч гэж үзсэн нь үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл тухайн байршилд, эрхэлж буй үйл ажиллагааны тухайн чиглэлээрээ Н******* ХХК, ******* ХХК-иуд өрсөлдөгч гэж үзэхээр байна.

1.4. Гомдол гаргагчийн тайлбарлаж буй кино театрын зах зээлд өрсөлдөгч биш гэх үндэслэл энэ маргааны үндэслэлд хамаарахгүй юм.

2. Өөрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгасан гэх зөрчил гаргаагүй, дотоод журмаар үзвэрийн үйлчилгээний стандартыг хангуулсан гэх үндэслэлийн тухайд.

2.1. Аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах зорилго бүхий Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйл нь аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн үйл ажиллагаа явуулахыг хориглох зохицуулалт бөгөөд, тухайлбал 12.1.7 дахь заалтаар аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэн өөрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгахыг хориглодог байна.

2.2. Н******* ХХК нь Улаанбаатар хотод кино театрын 5 салбартай үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Ш худалдааны төвийн 4 дүгээр давхарт байрлах Ө салбарт кино үзвэрийн 2, 3, 5 дугаартай танхимын гадна болон ойролцоо хэсэгт, мөн тасалбар борлуулах цэгийн ойролцоо гаднаас худалдан авсан попкорн ... оруулахгүй гэсэн анхааруулга бүхий самбаруудыг байрлуулсан, мөн тус давхрын хананд байрлуулсан Өргөө 3 кино театраар үйлчлүүлэх журмын 1.12-т гаднаас худалдан авсан попкорн ... оруулахгүй гэсэн заалт оруулсан байх ч бусад салбарт буюу Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо Мэдээлэл технологийн үндэсний паркт байрлах Өргөө 2 салбарт, Баянгол дүүрэг 13 дугаар хороонд байрлах Өргөө 1, 5 Хороолол салбарт ийм агуулга бүхий анхааруулга самбар байршуулаагүй болох нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад улсын байцаагчийн 2023 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хийсэн тухайн салбаруудад хийсэн үзлэгийн тэмдэглэл, үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг бэхжүүлсэн фото зургуудаар тогтоогдож байна.

Энэ үйл баримтаар гомдол гаргагчийн дотоод журмаар үзвэрийн үйлчилгээний стандартыг хангуулсан, ковид 19 цар тахлын үеийн халдвар хамгааллын дэглэм хангуулсан, хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлыг хангуулсан гэх нийтлэг үндэслэлүүд үгүйсгэгдэж байна. Өөрөөр хэлбэл цаг хугацаа болон орон зайн хувьд зөвхөн маргаанд хамаарах Өргөө3 салбарт ******* ХХК тухайн байршилд попкорны үйлчилгээ эрхэлсэнтэй холбоотойгоор бусдын бараа бүтээгдэхүүнийг худалдан авахгүй байх болзол тулгах замаар өөрийн бараа бүтээгдэхүүнийг борлуулсан нөхцөл байдал үүсгэсэн гэж үзнэ. Энэ нь Өрсөлдөөний тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.7 дахь заалтаар хориглосон аж ахуй эрхлэгч өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэн өөрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгасан үйлдэл болжээ.

2.3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад эрх бүхий албан тушаалтан хохирогчоос 5 дугаар сарын 24-ний өдөр авсан мэдүүлэгт дурдсанаар ******* ХХК нь Ш Хонконг дахь оффисоор попкорны мухлагийн зураг, санхүү, бизнес төлөвлөгөөг батлуулж 2023 оны 4 дүгээр сарын 05-нд түрээсийн гэрээ байгуулж, 4 дүгээр сарын 08-нд Ш худалдааны төвийн 4 дүгээр давхарт попкорн үйлдвэрлэн худалдаалж эхэлсэн. Өргөө кино театр давстай, карамелтай 2 төрлийн сонголттой попкорн гаргадаг бол ******* ХХК өөр олон төрлийн амттайгаар бүтээгдэхүүн үйлдвэрлэж гаргасан, Өргөө кино театр 4 дүгээр сарын 11-нд гаднаас худалдаж авсан попкорн оруулахгүй гэсэн анхааруулга самбарыг тасалбар болон попкорн борлуулдаг цэг, үзвэрийн танхимын гадна байрлуулж, тасалбар болон попкорн зардаг хэсэг хооронд хаалт тавьж, хамгаалалтын ажилтан гаргаж, гадны попкорн оруулж буй эсэхийг шалгуулж байсан байна. Энэ үйл баримтыг гомдол гаргагч Н******* ХХК үгүйсгэж няцаагаагүй болно.

2.4. Ийнхүү нэг байршилд ижил төрлийн бүтээгдэхүүнээр өөр түрээслэгч үйлчилж эхэлснээр гомдол гаргагч Н******* ХХК гаднаас худалдаж авсан попкорн оруулахгүй гэсэн анхааруулга самбарыг тасалбар болон попкорн борлуулдаг цэг, үзвэрийн танхимын гадна байрлуулж, тасалбар болон попкорн зардаг хэсэг хооронд хаалт тавьж, хамгаалалтын ажилтан гаргаж, гадны попкорн оруулж буй эсэхийг шалгуулж эхэлсэн нь Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.4 дэх заалтаар өөрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгасан зөрчил гэж үзэж шийдвэрлэсэн нь Өрсөлдөөний тухай хуулийн аж ахуй эрхлэгчийн зах зээлд шударгаар өрсөлдөх нөхцөлийг бүрдүүлэх, зах зээлд ноёлох болон өрсөлдөөнд харш аливаа үйл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, хориглон хязгаарлах зорилгод нийцсэн гэж шүүх дүгнэлээ.

3. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн эрхийг хангаагүй, зөрчлийг шалгаж тогтоогоогүй гэх үндэслэлд.

3.1. ******* ХХК нь 2023 оны  05 дугаар сарын 03-ны өдрөөр огноолсон өргөдлийг 05 дугаар сарын 08-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хүлээн авч, шалгаад зөрчлийн шинжтэй үйлдэлд цаашид зөрчлийн хэрэг бүртгэлт явуулах шаардлагатай гэж үзээд 05 дугаар сарын 15-ны өдөр прокурорт танилцуулж зөрчлийн хэрэг нээж, 5 дугаар сарын 15-нд зөрчлийн хэрэг бүртгэлтийг удирдах албан тушаалтны тогтоолоор, 6 дугаар сарын 12, 6 дугаар сарын 30-нд тус тус прокурорын тогтоолоор зөрчлийн хэрэг бүртгэлийн хугацааг сунгаж, сунгасан хугацаанд багтаан шийдвэрлэсэн нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна. 

3.2. Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад Өргөө кино театрын салбаруудад кино үзвэрийн танхимын үүдний хэсэг, тасалбар борлуулах цэгийн орчимд буюу нийтийн эзэмшлийн талбайд үзлэг хийсэн байх бөгөөд энэ Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан прокурорын зөвшөөрөл шаардах ажиллагаа биш тул зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдөөгүй, энэ ажиллагаагаар цуглуулсан нотлох баримтыг шүүх хуралдаанд судалж үнэлсэн болно.

3.3. Эрх бүхий албан тушаалтан холбогдогчид зөрчлийн хэрэг нээсэн талаар, итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилон ирүүлэхийг 2023 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 03-02/801 тоотоор мэдэгдэж, Н******* ХХК мөн өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ч.Б*******ийг томилсон итгэмжлэл хүргүүлсэн, улмаар эрх бүхий албан тушаалтан холбогдогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид 2023 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн дуудах хуудас хүргүүлснийг тус компанийн холбогдох этгээд 5 дугаар сарын 29-нд гардан авсан, 6 дугаар сарын 12-ны дуудах хуудсыг итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б*******т 6 дугаар сарын 16-нд гардуулсан, 6 дугаар сарын 31-ний өдрийн дуудах хуудсыг шуудангаар хүргүүлснийг 6 дугаар сарын 23-нд компанийн холбогдох этгээдэд гардуулсан, 6 дугаар сарын 23-ны дуудах хуудсыг шуудангаар хүргүүлснийг 6 дугаар сарын 29-нд гардуулсан, 6 дугаар сарын 15-нд холбогдогчийн төлөөлөгч Ч.Б*******ийг, 6 дугаар сарын 19-нд холбогдогчийн төлөөлөгч Ч.Б*******, Н.О******* нарыг, 6 дугаар сарын 20-нд холбогдогчийн төлөөлөгч Ч.Б*******, Н.О******* нарыг, 6 дугаар сарын 21-нд холбогдогчийн төлөөлөгч Ч.Б*******, Н.О******* нарыг, 7 дугаар сарын 06-нд холбогдогчийн төлөөлөгч Ч.Б*******, Н.О*******, тус компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээдийг тус тус харилцаа холбооны хэрэгсэл ашиглан дуудсан нь тэмдэглэлээр тогтоогдож байх бөгөөд ийнхүү холбогдогчийг дуудаж зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах ажиллагааг хариуцагчаас хангалттай гүйцэтгэсэн, үүнийг гомдол гаргагч тал үгүйсгээгүй ч энэ хугацаанд итгэмжлэгдсэн төлөөлөгч нар ирж мэдүүлэг өгөөгүй байх тул холбогдогчийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхээр хангаагүй гэх зөрчил тогтоогдсонгүй, энэ талаарх гомдол үндэслэлгүй байна.

Зөрчилд холбогдогч компани 5 дугаар сарын 23-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон ажилтнаа 5 дугаар сарын 24-нөөс 15 хоногоор томилолтоор орон нутагт ажиллуулж, 14 хоног ажлаас чөлөөлж, үргэлжлүүлэн 7 дугаар сарын 04-ний өдрөөс ээлжийн амралт олгож, эрх бүхий албан тушаалтны дуудах хуудсыг авсан итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хүрэлцэн очиж мэдүүлэг өгөхөөс татгалзах зэргээр мэдүүлэг өгөөгүй нөхцөл байдлыг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд эдлэх холбогдогчийн эрхийг эдлүүлээгүй зөрчил гэж тайлбарлах боломжгүй.

3.4. Эрх бүхий албан тушаалтан болон түүнийг харьяалах байгууллагаас зөрчилд холбогдогч компаниас тайлбар нотлох баримт шаардаж гаргуулах, прокурорын 5 дугаар сарын 29-ний өдрийн 21 тоот зөвшөөрлөөр мэдээлэл баримт бичиг гаргуулах, мөн маргаанд хамаарах анхааруулга самбар байгаа талбайд болон бусад салбарт ижил агуулгатай анхааруулга самбар бий эсэхэд үзлэг хийж, үзлэгээр илэрсэн нөхцөл байдлыг хуульд зааснаар бэхжүүлэх зэрэг зөрчил шалган шийдвэрлэх хуулиар тогтоосон ажиллагааг явуулсан байх тул зөрчлийг шалгаж тогтоох ажиллагаа хийгээгүй гэх гомдол үндэслэлгүй.

3.5. Н******* ХХК нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорт гомдол гаргаж, прокурорын 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн 881 дүгээр тогтоолоор гомдлыг үндэслэлгүй хэмээн хүлээн авахаас татгалзаж, хариу мэдэгдэх хуудсаар 5 дугаар сарын 24-нд хариу өгсөн байгаагаас үзэхэд зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хуулиар тогтоосон журмын дагуу явагдаж буй эсэх нь прокурорын хяналтын хүрээнд байсныг харуулж байна.

4. Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.4 дэх заалтыг буруу хэрэглэсэн гэх үндэслэлийн тухайд.

Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.4 дэх заалт нь өөрийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулахдаа өрсөлдөгчийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахуулахгүй байх болзол тулгасан бол ... хуулийн этгээдийг 20 мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох агуулгатай бөгөөд эрх бүхий албан тушаалтан шийтгэлийн хуудсын олсон нь болон шийдвэрлэсэн нь хэсэгт Зөрчлийн тухай хуулийн зүйл, хэсэг, заалтыг алдаагүй бичсэн байх тул Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Тодруулбал Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.4 дэх заалтыг буруу хэрэглэсэн гэх гомдол үндэслэлгүй.

5. Зөрчилд холбогдогч нь эрх бүхий албан тушаалтны 2023 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн Ш худалдааны төвд байрлах Өргөө 3 IMAX кино театрын үйлчилгээний талбайд кино театрт гаднаас попкорн оруулахгүй гэх анхааруулга, санамж, фэйсбүүк, олон нийтийн сүлжээнд Urguu cinema гэх цахим хуудсанд 2023 оны 7 дугаар сарын 06-ны өдөр нийтэлсэн Өргөө кино театр нь гаднаас попкорн ... оруулахгүй болохыг анхааруулсан нийтлэл зэргийг арилгаж, дотоод журам болон Өргөө кино театраар үйлчлүүлэх журамд холбогдох өөрчлөлтүүдийг оруулж, үйлчлүүлэгчдэд кино үзвэр үзэхээс гадна ... попкорныг чөлөөтэй сонгож үйлчлүүлэх боломжийг бүрдүүлэх арга хэмжээ авч, зөрчлийг арилгахыг даалгасан даалгаварт гомдол гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иймд дээрх үндэслэлүүдээр гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өрсөлдөөний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, 12 дугаар зүйлийн 12.1.7, Зөрчлийн тухай хуулийн 10.7 дугаар зүйлийн 4.4 дэх заалтыг баримтлан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагчийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 0002366 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах тухай Н******* ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт заасны дагуу гомдол гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ХАЛИУНА