Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 09 сарын 13 өдөр

Дугаар 2022/ДШМ/897

 

   2022             9              13                                      2022/ДШМ/897                      

 

С.Бхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Б.С.Б, Б.Ариунхишиг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Т.Ихтамир,

нарийн бичгийн дарга Т.Цэрэнсоном нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дашдондов даргалж, шүүгч Г.Алтанцэцэг, Г.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 27-ний өдрийн 2022/ШЦТ/972 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Т.Ихтамир нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн түүнд холбогдох эрүүгийн 2208000 дугаартай хэргийг 2022 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Ариунхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

С.Б

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо  дүгээр гудамжны 1 тоотод оршин суух иргэн Б.Алтанхуягийн гэрт болон хашааны гадна тодорхой шалтаг, шалтгаангүйгээр А.Нтолгойд заазуураар цохих, улмаар түүний цээж, гуянд хутгалж биед нь цээжний хөндийн нэвтэрсэн шарх, зүүн уушгины зүсэгдэж хатгагдсан шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт, толгой, зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: С.Бийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Цоохор овгийн Сарангэрэлийн С.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар С.Б6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар С.Боногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар С.Боос 2.551.700 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт (Төрийн сан 10090020080 дансанд) олгуулж, хохирогч А.Н цаашид гарах эрүүл мэндийн зардлын нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг хутга, 1 ширхэг заазуурыг тус тус тогтоол хүчин төгөлдөр болмогц устгуулахаар тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст шилжүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд С.Бурьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч С.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч А.Нд болон төрд учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн. Иймд анхан шатны шүүхээс надад оногдуулсан хорих ялыг хуульд заасны дагуу багасгаж өгнө үү.” гэв.

Шүүгдэгч С.Бийн өмгөөлөгч Т.Ихтамир давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 5245 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Хохирогч А.Нбиед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, зүүн уушигны зүсэгдэж хатгагдсан шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт /220-250 мл/, толгой, зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо, ... гэмтлийн хүнд зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” /хх28-29/ гэжээ. Мөн Гэмтлийн эмнэлзүйн төвийн захирал, тасгийн эрхлэгч, эмч нарын хамтарсан тойрог үзлэгийн 2022 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн тэмдэглэлд дурдсанаар эмчлүүлэгч А.Нд “...цаашид эмийн болон боолт эмчилгээг үргэлжлүүлэх”-ээр /хх78/ шийдвэрлэсэн байх бөгөөд үүнээс хойш хохирогчийн эрүүл мэндийн байдал ямар байгааг тодорхойлох мэргэжлийн байгууллагын дүгнэлт, лавлагаа, магадлагааг шүүхэд ирүүлээгүй, хавтаст хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй байна. Гэтэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хохирол, хор уршиг-төлбөрийн тухай хэсэгт “...хохирогчийн биеийн эрүүл мэндийн байдал бүрэн сэргээгүй тул...” гэж, мөн шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага хэсэгт “...хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол, хор уршиг бүрэн арилаагуй, цаашид эмчилгээ, сувилгаа шаардлагатай байгаа” гэж дүгнэлт хийсэн нь хэт нэг талыг барьсан, нотлох баримтад үндэслээгүй байна.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж, иргэний нэхэмжлэгчээр тогтооно.” гэж заасан бөгөөд эрүүгийн хэргийн материалаас үзэхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байна. Прокурор шүүхийн хэлэлцүүлгийн явцад шүүгдэгчээс хохирогчийн эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 2.551.700 төгрөг нэхэмжилснийг шүүх хүлээн авч, улмаар шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага хэсэгт “...иргэний нэхэмжлэгчээс гаргасан зардал төлөгдөөгүй тул хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжгүй.” гэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулжээ.

3. С.Б нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, мөн цаашид гарах эмчилгээ, сувилгааны зардлыг хохирогчид төлөхөө илэрхийлсэн, хохирогч гомдолгүй гэж шүүхэд мэдүүлсэн болох нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл /хх114-117/ болон 2022/ШЦТ/972 дугаартай шийтгэх тогтоол, хохирол төлбөр төлсөн тухай баримт /хх110/ зэргээр нотлогдож байна. С.Боос хохирогч А.Нэмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зарцуулсан зардал 2.551.700 төгрөгийг 2022 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын сангийн Төрийн сан 100900020080 дансанд тушаасан бөгөөд тэрээр гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн болно. Иймд С.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн тул Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/972 дугаартай шийтгэх тогтоолоор түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг үндэслэн хөнгөрүүлж өгнө үү.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Т.Ихтамир нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч С.Б нь 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо Хилчний 1 дүгээр гудамжны 1 тоотод оршин суух иргэн Б.Алтанхуягийн гэрт болон хашааны гадна тодорхой шалтаг, шалтгаангүйгээр А.Н толгойд заазуураар цохих, улмаар түүний цээж, гуянд хутгалж биед нь цээжний хөндийн нэвтэрсэн шарх, зүүн уушгины зүсэгдэж хатгагдсан шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт, толгой, зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд бүхий хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч А.Н“...С.Б над руу “зайл” гэх юм ярьж над руу дайраад байхад Оогий намайг өмөөрөөд С.Бийг 2 удаа алгадсан санагдаж байна. Тэгээд Оогий явъя гэж хэлээд түрүүлээд гарсан ба би хойноос нь гараад гудамжаар алхаад явж байхад С.Б миний араас ирээд зүүн талын уушги, хавирга хэсэгт 1 удаа, зүүн хөлийн гуя хэсэгт 1 удаа хутгалчихаад намайг чирээд буцаад Алтанхуягийн гэр рүү авч орох гээд хашаан дотор зогсоод намайг газар хэвтчихсэн байхад айлаас заазуур гаргаж ирээд толгойд 3 удаа заазуураар зүссэн. Тэгэхэд хажуу талын айлын эмэгтэй дуудлага өгсөн.” /хх14-17/,

гэрч Б.М “...Зоригоо гэрээс заазуур аваад гараад явсан. Би араас гараад очсон чинь Зоригоо Жанцан гэдэг хүнийг бариад авчихсан, толгой руу нь заазуураар цохисон толгойноос нь цус гарсан зууралдаад ахиж цохих гээд зогсож байсан. Тэгээд Ганаа эгч бид хоёр тэр хоёрыг салгаад Зоригоо, Жанцан хоёрыг дагуулаад Хуягаа ахын гэрт орж ирсэн. Зоригоо орж ирээд Жанцан ахтай муудалцаад ахиж цохих гээд байхаар нь би заазуурыг булааж аваад хоолны шүүгээний хажуу талаар шидсэн чинь Зоригоо гэрээс гараад явсан, гарч яваад нээх удаагүй хойд талд байх манай гэрээс ногоо арилгадаг жижиг хутга барьчихсан орж ирсэн. Тэгээд нөгөө хутгаа бариад Жанцан ах руу дайраад байсан. Тэр үед гэрт байсан хүүхэд шалдан гадаа гарчихсан явж байхаар гэр рүү оруулчихаад буцаад Хуягаагийн гэрт орж ирэхэд Зоригоо Жанцан ахын нуруу, гэдэс, гуя, толгой хэсэгт нь хутгалчихлаа гэж Ганаа эгч надад хэлсэн. Тэгээд би гэрт нь орж Зоригоогоос хутгыг булааж аваад тэр хоёрыг эвлэрүүлж тайвшруулаад гэртээ орсон.” /хх 18-20/,

гэрч А.Д “... 2022 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр гэртээ байж байхад 15 цаг 30 минутын орчим ах Нацагдорж залгаж “А.Н ах хутгалуулчихсан гээд цэргийн төв эмнэлэгт ирчихсэн байна гэнэ, яаралтай хагалгаанд орох гэж байна гэж эмч ярьж байна” гэж хэлэхээр нь би ах дүү нарын хамт Цэргийн төв эмнэлэгт очиход хагалгаанд орчихсон байсан. Тэгээд хагалгааг хүлээж байгаад хагалгааг нь дууссаны дараа эмчтэй нь уулзахад “За танай ах толгойндоо 2 удаа заазуурдуулсан, уушгиндаа 2 удаа хутгалуулсан, гуяндаа хутгалуулсан байдалтай ирсэн, анх ирэхдээ өөрийн ухаантай байсан ба өөрийгөө хүнд хутгалуулж, заазуурдуулсан талаар хэлсэн. Эмчийн үзлэгийн явцад амаар орсон амьсгал нь уушгиар нэвт гарч дотор нь хий хуралдсан байсан учир яаралтай уушгины хагалгаанд орох шаардлагатай болсон, уушгины хагалгаанд ороход дотуур цус алдалт, шингэн их хурсан байсан. Бид нарын зүгээс шаардлагатай бүх арга хэмжээг авсан. Хагалгаанд ороод амь наснаас нь холуур болсон, биеийн байдал хүндрэх эсэх нь маргааш, нөгөөдөр ямар байхаас шалтгаална гэж хэлсэн.” /хх 21-22/,

яллагдагчаар С.Бийн “...би хэсэг муудчихаад жоохон сэргээд Алтанхуяг ахын гэрт орсон чинь Алтанхуяг ганцаараа, байсан хүмүүс бүгдээрээ явчихсан байхаар нь би гал тогооны шүүгээнээс нь заазуур аваад гудамжаар хойноос нь явсан. Жанцан ах явж байхаар нь Жанцан ахын толгой руу нь 2 удаа заазуураар зүссэн. ...Тэгэхэд Мөөгий /Мөнхдэлгэр/ бид хоёрыг салгаад заазуур булааж аваад Алтанхуяг ахын гэр рүү буцаад орсон. Тэгээд би Алтанхуяг ахынд сууж байгаад согтуудаа Мөөгийгийн гэр рүү ороод тавиур дээр хутгыг нь аваад Жанцангийн суганых нь дор 2-3 удаа хутгалсан.” /хх 42-43/ гэх мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2022 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 5245 дугаартай шинжээчийн “...А.Нбиед цээжний хөндийн нэвтэрсэн шарх, зүүн уушгины зүсэгдэж хатгагдсан шарх, цээжний хөндий дэх цус хуралдалт /220-250мл/, толгой, зүүн гуяны хатгагдаж зүсэгдсэн шарх гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ...” гэх дүгнэлт /хх 28-29/,

гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 1/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 4-8/ зэрэг анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч С.Бийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэргийг онц харгис хэрцгийгээр, зэвсэг хэрэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

Шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэсэн Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцэхээс гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ...гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх ёстой ба анхан шатны шүүхээс шүүгдэгч С.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 6 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, хувийн байдалд тохирсон байна.

Шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Т.Ихтамир нар “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй байж хохирогчийн эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 2.551.700 төгрөг нэхэмжилснийг шүүх хүлээн авч, улмаар шийтгэх тогтоолын эрүүгийн хариуцлага хэсэгт “...иргэний нэхэмжлэгчээс гаргасан зардал төлөгдөөгүй тул хорих ялыг хөнгөрүүлэн оногдуулах боломжгүй.” гэж хууль зүйн дүгнэлт хийсэн нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн хийсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд хохирогч А.Нд болон төрд учруулсан хохирлоо бүрэн нөхөн төлсөн. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.”, 1.4 дэх заалтад “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах;” гэж тус тус  хуульчилсан хэдий ч энэ нь шүүхээс заавал хэрэглэхээр үүрэг болгосон заалт биш юм.

Хэдийгээр шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, мөн хохирогчид учруулсан хохирлоо төлж барагдуулсан хэдий ч шүүхээс С.Боногдуулсан 6 жилийн хугацаагаар хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтыг хэрэглэж ял шийтгэлийг хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй тогтоогдохгүй байна гэж үзлээ.   

Харин анхан шатны шүүх хохирогчийн эмчилгээнд Эрүүл мэндийн даатгалын сангаас гаргасан 2.551.700 төгрөг зарцуулсаныг шүүгдэгч С.Боос гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэргийн улмаас учирсан эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус хохирлыг нөхөн төлүүлэх, сэргээлгэхээр шаардлага тавьж байгаа хүн, хуулийн этгээдийг иргэний нэхэмжлэгч гэнэ.”, 3 дахь хэсэгт “Мөрдөгч, прокурор, шүүх тогтоол, шүүгч захирамж гаргаж иргэний нэхэмжлэгчээр тогтооно.” гэж тус тус зааснаар С.Бхолбогдох эрүүгийн хэрэгт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрыг эсхүл прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон мөрдөгч, прокурорын тогтоол, шүүхийн тогтоол, шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй, зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах талаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан баримт байхгүй байхад шүүгдэгчээс 2.551.700 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Иймд шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “...шүүгдэгч С.Боос 2.551.700 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгуулж” гэсэн хэсгийг хүчингүй болгож, хохирогч нь өөрт учирсан хохиролтой холбогдох цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч С.Боос Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/972 дугаартай шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтийг оруулж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ихтамирын гаргасан давж заалдах гомдлын “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй...” гэсэн хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С.Б нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/972 дугаартай шийтгэх тогтоол гарснаас хойш буюу давж заалдах шатны шүүхээр хэргийг хянан хэлэлцсэн 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 47 /дөчин долоо/ хоног цагдан хоригдсоныг түүний эдлэх ялын хугацаанд оруулж тооцох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 2022/ШЦТ/972 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтын “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-д зааснаар С.Боос 2.551.700 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт (Төрийн сан 10090020080 дансанд) олгуулж...” гэсэн хэсгийг хүчингүй болгосугай.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Ихтамирын гаргасан давж заалдах гомдлын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорыг иргэний нэхэмжлэгчээр тогтоогоогүй...” гэсэн хэсгийг хүлээн авч, шүүгдэгч С.Б, түүний өмгөөлөгч Т.Ихтамирын нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бийн 2022 оны 7 дугаар сарын 27-ны өдрөөс 2022 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 47 /дөчин долоо/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

4. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.ОЧ              

           

 

                        ШҮҮГЧ                                                            Б.С.Б

 

 

                        ШҮҮГЧ                                                            Б.АРИУНХИШИГ