| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Банзрагчийн Дашдондов |
| Хэргийн индекс | 188/2017/0590/Э |
| Дугаар | 515 |
| Огноо | 2017-12-22 |
| Зүйл хэсэг | 17.7.1., |
| Улсын яллагч | Б.Уранцэцэг |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 12 сарын 22 өдөр
Дугаар 515
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,
улсын яллагч Б.Уранцэцэг,
хохирогч З.Ж,
шүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Шүүх хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н овогт Бгийн Чд холбогдох 1703001270062 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт суманд төрсөн, 24 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, ах, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Н овогт Бгийн Ч /РД:.../ 18
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:
Нэг:Яллах талын нотлох баримтууд.
- Хохирогч З.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Уг машиныг 2014 оны 10 дугаар сард гаалийн бичигтэй нь вокзалын хажуу талын 1000 машины зогсоол дээрээс 13,7 сая төгрөгөөр худалдаж авч байсан. 2014 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр Үлэмж мэлмий ББСБ-д 2,3 сая төгрөгөнд барьцаанд тавиад зээлээ төлөөд явж байхад ийм асуудал болсон. Би 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр нэг ченж Тайван гэх эмэгтэйд онхолдсон чигээр нь 2.8 сая төгрөгөөр зарчихсан юм. Надад мэдэгдэлгүй авч явсан байсан. Би түлхүүрээ, бичиг баримтын хамт буудлын бор өнгийн шүүгэнд хийсэн байхад аваад явсан байсан. Би одоо үнэлгээгээр гарсан хохирол болох 6.084.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 х/,
- Хохирогч З.Жийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Манай 10 жилийн найз Төв аймгаас, ажлын газрын найз Дархан хотоос ирсэн байсан. Манай найзууд болон Ч бид нар “...” зочид буудалд орсон. Төрөө бид хоёр түрүүлж унтаад Д, Ч нар үлдээд юм ярьж байсан. Өглөө 11-12 цагийн хооронд миний утас дуугараад авахад машиныг чинь унагаачихлаа гэж хэлсэн. Би үнэлгээгээр гарсан зардлыг нэхэмжилж байна. Ачилтын мөнгийг би өөрөө төлсөн. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
- Шүүгдэгч Б.Чгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2017 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн орой 23 цагийн үед би өөрийн найз нарын хамт гадуур явж байтал Ж манай найзаар дамжуулан надтай утсаар яриад хоёулаа уулзъя, би арван жилийн ангийнхаа найзуудтайгаа сууж байна гэхээр нь би чадахгүй ажилтай байна гэхэд над руу залгаад байсан. Би шөнийн 00 цаг өнгөрөөгөөд ажлаа дуусгаад Ж руу залгатал Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд Содон хорооллын машины зогсоол дээр байна гэхээр нь ганцаараа очиход Ж өөрийн саарал өнгийн приус-20 маркийн машинтайгаа найз Төрөөгийнхөө хамт байж байсан. Тэгээд бид хоёр уучихсан байна гээд надаар машинаа бариулаад Баянхошууны Жанцангийн гудамж гэх газар би өөрийн найз Н дээр очоод гараад ирээч гэхэд чадахгүй гэхээр нь буцаад Баянхошууны тойрог дээр ирээд тэнд байсан нэг караоке ороод 1 цаг гаран дуулж байгаад Жийн найз Д ирнэ гэхэд хүлээж байя гээд Ж, Төрөө бид 3 тэр хавьдаа зочид буудалд орж тэндээ хоносон. Маргааш нь 2017 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Д Дархан-уул аймгаас ирээд бид 4 хоносон газраасаа гараад ... гээд 5 шарын тэнд байдаг буудалд орсон. Тэр үед тэнд Ц хальт ирчихээд Д, Төрөө хоёртой уулзаад явсан. Тэгээд Төрөө, Д, Ж бид 4 тэр өдрөө ... гэх буудалдаа хоносон. Тэгээд 2017 оны 07 дугаар сарын 27-ны өглөө 08 цагийн үед Дын ажлын газрын залуу Гарваа гэх хүн ирж байж байгаад 11 цагийн болж байхад Д тэр хоёр гараад явсан. Тэр хоёрыг гарсны дараа би араас нь ганцаараа гарсан, тухайн үед Ж, Төрөө хоёр унтаж байсан, би Жид машиныг чинь авлаа гэж хэлэлгүй түлхүүрийг нь буудлын өрөөний бор өнгийн шургуулганаас авч гараад зогсоол дээр тавьсан байсан саарал өнгийн приус-20 маркийн машиныг нь унаад Цийн гэрт нь очиж тэрэнтэй уулзсан. Тэгээд Баянхошуу руу Нгийнд очих гэж байгаад болиод тойргоос буцаад явж байтал Ц руу нэг найз нь залгаад би 22-ын товчооны тэр хавьд байна хүрээд ирээч гэхээр нь бид хоёр Жийн машинтай явсан. Тухайн үед Ц урд нь суугаад би машинаа бариад явж байсан. Тэгээд Толгойтоор явж байхад машины хойно нэг юм дуугараад байна, сонин байх юм зүгээрүү гэхээр нь нефтийн буудал дээр буугаад харахад машины дугуй нь зүгээр байсан. Тэгээд цаашаа Эмээлт рүү явж байгаад төв замаасаа салаад шороон замаар ороод жоохон явж байтал гэнэт машин дайвалзаад руль зүүн тал руугаа булаагаад хариулах гэтэл дийлдэхгүй хажуу талын жалга руу урд хамраараа ороод баруун тал руугаа 2 удаа бүтэн эргээд доошоо хараад зогссон. Тэгээд миний цонх онгорхой байсан учраас бид хоёр цонхоор мөлхөж буугаад машины эзэн Ж руу залгаад дуудсан. Би гэмтлийн эмнэлэг рүү яваад, Ж сүүлд нь цагдаа дуудсан гэсэн. Ийм л асуудал болсон. … автомашинд учирсан хохирлыг төлнө” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
- Гэрч Б.Цийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн үед найз Ч гэрт Тоёото приус маркын ... УБҮ улсын дугаартай автомашиныг жолоодоод Сонгинохайрхан дүүргийн арын замын хойд гэр хороололд байрлах хамтаатны Гийнд ирсэн. Чг гадуур хамт явъя гэхээр нь би амарч байсан учраас тэгье гээд цуг явсан. ...Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Эмээлтийн замд явж байтал хойд дугуй нь хагарч руль булаагдаж 4 дугуй дээшээ харж онхолдсон. Ч бид хоёр цонхоороо гарсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 х/
- Гэрч Ц.Ганболдын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тэгээд буудалд орохдоо машиныг буудлын гадаа цоожлоод тавьсан байсан. Машины түлхүүрийг буудалд байсан түмбүүчикний шургуулаганд хийж байсан. Ч архи уусан. ...Ж бид хоёрыг унтах үед Ч Д хоёр юм яриад сууж байсан. Ж машины түлхүүрийг Чд өгөөгүй. Жийг унтаж байхад Ч машины түлхүүрийг нь зөвшөөрөлгүй авч машиныг нь жолоодож яваад онхолдуулж, эвдрэл гэмтэл учруулсан. ...” гэсэн мэдүүлэг /хх 17-18 х/
- Гэрч Б.Буянхишигийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Эмээлтийн чиглэлээс улсын дугаарыг нь санахгүй байна. Тоёото приус-20 маркийн автомашин ирж явахаар нь зам тавьж өгөхөд уг машин миний орох гэж байсан зам руу салахаар нь би араас нь уг зам руу орсон. Уг машин миний урд талд 1 км хиртэй явж байгаад буруу талын хойд дугуй нь хагарч, шарваж улмаар бүтэн эргэлдэн зүүн талын далан дээр 4 дугуй нь дээшээ харж унасан. ...машин руу очиход дотор нь зорчиж байсан 20, 25 орчим насны хоёр эмэгтэй хүн хагарсан салхины шилээр мөлхөөд гараад ирсэн. ...тухайн үед би 50 орчим км цагийн хурдтай явахад, уг онхолддог тээврийн хэрэгсэл холдоод байсан, би бодохдоо 60-70 км цагийн хурдтай явж байна гэж бодсон. ...” гэсэн мэдүүлэг /хх 26-27 х/,
Хоёр:Хохирлын талаарх нотлох баримтууд.
- Шинжээчийн 4187 дугаар дүгнэлт
1.Шинжилгээнд ирүүлсэн обудтай дугуйн хаймранд цооролт гарсан байна.
2.Дугуйн хаймрын цооролт нь хатуу үзүүртэй зүйлийн харилцан үйлчлэлээр гарсан байна.
3.Дугуйн обуданд хонхойлт зураасан мөрүүд гарсан байна.
4.Обуданд гарсан хонхойлт, зураасан мөрүүд хатуу гадаргуутай зүйлийн харилцан үйлчлэлээр /үрэлтийн хүчээр/ гарсан байна. гэх дүгнэлт /хх 37 х/,
- Хохирлын үнэлгээ /хх 45-46 х/,
- Хохирлын баримтууд /хх 69-72 х/,
Гурав:Хувийн байдлын талаарх баримтууд.
- Б.Чгийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 84 х/,
- Б.Чгийн оршин суугаа газрын хаягын тодорхойлолт /хх 85 х/,
- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 88 х/,
- Шийтгэлийн хуудас /хх 101 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн тул дээрх нотлох баримтуудын хүрээнд үнэлэлт дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгчийн хэрэг гарсан нөхцөл байдлын талаар өгсөн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтанд тооцож үнэлсэн.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Ч нь 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 11 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг “...” зочид буудлын гадна зогсоолд байсан З.Жийн өмчлөлийн ... УБҮ улсын дугаартай “Тоёота приус-20” маркийн тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч З.Жийн “... Надад мэдэгдэлгүй авч явсан байсан. Би түлхүүрээ, бичиг баримтын хамт буудлын бор өнгийн шүүгэнд хийсэн байхад аваад явсан байсан. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Шүүгдэгч Б.Чгийн “… би Жид машиныг чинь авлаа гэж хэлэлгүй түлхүүрийг нь буудлын өрөөний бор өнгийн шургуулганаас авч гараад зогсоол дээр тавьсан байсан саарал өнгийн приус-20 маркийн машиныг нь унаад явсан …” гэсэн мэдүүлэг /хх-ийн 61-62 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,
Гэрч Б.Цийн “...2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 12 цагийн үед найз Ч Тоёото приус маркын ... УБҮ улсын дугаартай автомашиныг жолоодоод Сонгинохайрхан дүүргийн арын замын хойд гэр хороололд байрлах хамаатны Гийнд ирсэн. ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 х/,
Гэрч Ц.Ганболдын “...Тэгээд буудалд орохдоо машиныг буудлын гадаа цоожлоод тавьсан байсан. Машины түлхүүрийг буудалд байсан түмбүүчикний шургуулаганд хийж байсан. ... Ж машины түлхүүрийг Чд өгөөгүй. Жийг унтаж байхад Ч машины түлхүүрийг нь зөвшөөрөлгүй авч машиныг нь жолоодож яваад онхолдуулж, эвдрэл гэмтэл учруулсан. ...” гэсэн мэдүүлэг /хх 17-18 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдсон.
Б.Ч нь уг тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан болох нь тогтоогдсон, түүний үйлдэлд хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжүүд тогтоогдоогүй тул түүнд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон, хуульд заасан ял онгдуулах үндэслэлтэй.
Хохирлын талаар.
Шинжээчийн 4187 дугаар дүгнэлт /хх 37 х/, хохирлын үнэлгээ /хх 45-46 х/ зэрэг баримтуудаар З.Жийн эзэмшлийн автомашинд 6,084,000 төгрөгийн шууд хохирол учирсан, хавтаст хэргийн 69-72 дугаар хуудсан авагдсан баримтуудаар машин тээвэрлэх, журмын хашааны төлбөр, оношлогоо болон бусад зардалд нийт 805,600 төгрөгийн зардал гарсан болох нь тус тус нотлогдон тогтоогдож байгаа тул нийт 6,889,600 төгрөгийг Б.Чгаас гаргуулж З.Ж-д олгож, уг хохирлыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг түүнд үүрэг болгох нь зүйтэй гэж үзсэн.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.
Б.Чгийн үйлдэлд эрүүгийн хуульд заасан түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудын аль аль нь тогтоогдоогүй болно.
Ял шийтгэлийн талаар.
Б.Чингтуяагийн үйлдэлд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэггүй, уг гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй хэдий ч иргэний нэхэмжлэгчид гэмт хэргийн улмаас шууд болон шууд бусаар нийт 6,889,600 төгрөгийн хохирол учруулсан, төлж барагдуулаагүй байгаа зэргийг харгалзан түүнд 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн.
Бусад асуудлын талаар:
Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тогтоолд дурьдаж шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсгүүд, 36.3 дугаар зүйлийн 1, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Н овогт Бгийн Чг авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Чг 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг Б.Чд мэдэгдсүгэй.
4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар Б.Чгаас 6,889,600 төгрөгийг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 7-р хороо ... тоотод оршин суух З.Жид /РД:.../-д олгож, уг хохирлыг 01 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг Б.Ч-д үүрэг болгосугай.
5.Б.Чгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Чд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ДАШДОНДОВ