Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 1229

 

 

 

 

 

 

 

 

 

 

“Б А-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/01395 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “Б А-” ХХК-ийн хариуцагч Ш.О-д холбогдуулан гаргасан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10.621.500 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 5 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б А- ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Н.Э-ийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ш.О- нь манай байгууллагатай 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр бүтээгдэхүүн нийлүүлэх тухай гэрээ байгуулж нийт 27 556 000 төгрөгийн барилгын өнгөлгөө, дулаалгын материал авахаар тохиролцсон. Мөн өдөр бүтээгдэхүүний урьдчилгаа төлбөрт 7 000 000 төгрөг төлсөн. Төлбөрийг 2014 оны 6 дугаар сарын 30-ны дотор төлнө гэж анх гэрээгээр тохирсон боловч дараа нь харилцан ярьж Ш.О-гийн санхүүгийн байдлаас шалтгаалан хэсэгчлэх байдлаар төлж дуусгана гэж тохирсон бөгөөд бид үүгээрээ гэрээний төлбөр төлж дуусгах хугацааг 2 тал аман байдлаар харилцан тохирч хойшлуулахаар тохирсон. Бид өр төлбөрөө барагдуулах тухай олон удаа уулзаж ярилцсан бөгөөд төлбөрөө төлнө хэмээн тухай бүр амлалт өгч бичгээр баталгаажуулж байсан. Ш.О- нь 2017 оны 10 дугаар сарын 31, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрүүдэд үлдэгдэл төлбөр төлж барагдуулах гэсэн хүсэлтийг өөрийн гараар бичиж өгч байсан, үүнийг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Ингээд 2017 онд төлбөрөө төлж дуусгана гэж тохирсон боловч төлж дуусгаагүй, бараа материал үнэнд тооцож нийлүүлье гэсэн тул 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Ш.О-гийн таньдаг барилгын материал зардаг хүнээс 1 773 000 төгрөгийн паркетан шал, дотор хаалгыг өрөндөө суутгаж авсан. Үүнээс хойш үлдсэн өр төлбөрөө төлөх хугацаа тогтоосон амлалт өгсөн боловч биелүүлсэнгүй тул бид өөрсдөө төлбөр төлүүлж авах асуудлыг шийдвэрлэх боломжгүй болж эрх ашиг маань хохирч, зөрчигдөж байна гэж ойлгон шүүхэд хандахаар шийдсэн болно. Гэрээг 27 556 000 төгрөгийн бараа нийлүүлэхээр барилгын ажил эхлэхээс өмнө байгуулсан боловч бодит байдал дээр 25 854 000 төгрөгийн бараа нийлүүлсэн. Гэрээний 2.1-т захиалагч нь фасадны хэсгийн талбайг үнэн зөв гаргах үүрэгтэй гэж заасны дагуу Ш.О-гийн захиалсан талбайн хэмжээгээр тооцож бүтээгдэхүүн нийлүүлэхээр тохиролцсон юм. Ш.О- нь барааны үнэнд 2014 оны 6 дугаар сарын 02-ны өдөр урьдчилгаа төлбөрт 7 000 000 төгрөг, 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр 10 000 000 төгрөг, 2018 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 1 773 000 төгрөгийн барилгын материал Ш.О-гийн таньдаг хүнээс авсан, нийт 18 773 000 төгрөг авсан, үлдэгдэл 7 081 000 төгрөгийг төлөөгүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т алданги төлөх талаар тохиролцсон. Иймд иргэн Ш. Одхүүгээс түүний авсан барааны үнийн төлөөгүй үлдэгдэл 7 081 000 төгрөг, хугацаандаа төлбөр төлөөгүй тул хугацаа хэтрүүлсний алдангийг гэрээний 4.3-т зааснаар хоног тутамд 0,5 хувиар тооцох тухай тохиролцсоны дагуу 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс шүүхэд хандсан өдөр хүртэлх хугацааны гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиар тооцон 3 540 500 төгрөг, нийт 10 621 500 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.О- шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Ш.О- миний бие 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр гэрээ хийж барилгын гадна өнгөлгөөний чулуун замаск авсан. Мөн Э.Г- менежертэй гэрээ хийж Б А- ХХК-ийн ажилчдаар гадна фасадны ажлыг 100% гүйцэтгүүлэхээр гэрээ хийж ажилчдаа авчирч барилгын фасадны ажлыг гүйцэтгүүлсэн. Ажлын гүйцэтгэлийн явцад ажилчид гадна фасадны шаврыг маш нимгэн татаж, цаад суурь өнгө гэрэлтэж харагдаж байсан тул шаардлага тавьсан. Шавар нимгэн байна материал хангалттай байгаа зузаан шавардах талаар шаардлага тавихад шаардлагыг хүлээн аваагүй. Хоёр барилгын найруулсан замаск шавар нь хоёр өөр өнгөтэй болж харагдаж байгаа эдгээр асуудлыг менежер Э.Г-од маш олон хэлсэн боловч 5-6 жилийн дараа өнгө сэргээх замаск хийнэ гэж худлаа ярьсан. Мөн нилээд их чулуун замаска илүү гарсан. Одоо хүртэл манай гражинд байгаа. Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний тухайд болон үлдэгдэл төлбөр 7 081 000 төгрөг гэдэгтэй маргах зүйлгүй. Гагцхүү хийсэн замаск нимгэн байна, шаардлага хангаагүй ажил гүйцэтгэсэн байгааг 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хэлж улмаар маргаан үүссэн учраас барааны үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Анх энэ компанийг чадвартай найдвартай гэж сонгосон боловч ажлаа дутуу, чанаргүй хийж гүйцэтгэсэн учраас маргаж, бүтээгдэхүүний үлдэгдэл мөнгийг өгөөгүй учир алдангийг зөвшөөрөхгүй. Хэрэгт байгаа үнэ төлөх талаар миний бичиж өгсөн баталгаа мөн байна. Гэрээ байгуулахдаа барилгын талбайн хэмжээг хэлсэн, эднийх мэргэжлийн газар учир өөрсдөө бодож гаргасан талбайн хэмжээгээр бүтээгдэхүүний үнийг тооцож гаргасан. Иймд “Б А-” ХХК-ийн нэхэмжилсэн барааны үлдэгдэл үнэ 7 081 000 төгрөгийг зөвшөөрч байна, алданги 3 540 000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Ш.О-гээс гэрээний үүрэгт 7 081 000 төгрөг, алданги 3 540 500 төгрөг, нийт 10 621 500 гаргуулан нэхэмжлэгч “Б А-” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Ш.О-гээс улсын тэмдэгтийн хураамжид 184 894 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “Б А-” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 184 894 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Хариуцагч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Ш.О- миний бие нэхэмжлэгч “Б А-” ХХК-тай 2014 оны 06 дугаар сарын 05-ны өдөр очиж уулзан, Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо Улаанхуарангийн 1 дүгээр хэсэг, 11-191 тоот хаягт баригдаж байгаа барилгын гадна өнгөлгөөний чулуун замаск хийхэд орох материалын тооцоог гаргуулан, уг материалыг худалдан авч, тус компанийн ажилчдаар хийлгэхээр харилцан тохиролцсон. Ингээд миний бие тэдний гаргасан тооцооны дагуу нэхэмжлэгч талаас 27 556 000 төгрөгийг материалыг хүлээн авч, уг өнгөлгөөний ажлыг "Б А-” ХХК-ийн ажилчдаар хийлгүүлж, ажлын хөлсөнд 10 000 000 төгрөгийг төлсөн. Гадна өнгөлгөөний ажлыг нэхэмжлэгч байгууллагын ажилчид 7 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн. Ийнхүү уг ажлыг хийж дуусгахад уг өнгөлгөөний ажилд зориулан худалдан авсан материалаас 6 сав чулуун замаск илүү гарснаас гадна, уг барилгад хийсэн өнгөлгөөний ажил нь өөр өөр өнгөтэй, нимгэн хийгдсэн байсан. Энэ талаар менежер гэх н.Гэрэл-Одод хэлэхэд 5-6 жилийн дараа энэ татсан замаскны өнгө нь ганддаг бөгөөд тэр үед бид ирж, үнэ төлбөргүйгээр өнгөлгөө хийж өгнө гэж хэлээд явсан. Миний бие нэхэмжлэгчээс худалдан авсан материалын төлбөрийн үлдэгдэлд 7 081 000 төгрөгийг өгөөгүйн үнэн бөгөөд тухайн үед н.Г-той ярилцахад 5 жилийн дараа ирж, дахин өнгөлгөөний ажлыг үнэ төлбөргүйгээр хийж өгнө гэсэн учраас миний бие уг үлдэгдэл төлбөрийг барьцаа байдпаар өөр дээрээ байлгаж байсан. Энэ талаар тус компанийн н.Г-той уулзах бүрдээ ярьдаг байсан бөгөөд одоо манай барилгын гадна хананы өнгөлгөө ус нэвчсэн байдалтай, өөр өнгөтэй, дахин өнгөлгөө хийхээс өөр аргагүй байдалтай болсон. Энэ талаарх зургийг хавтаст хэрэгт өгсөн. Иймд “Б А-” ХХК-тай худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэнээс гадна ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн байхад шүүх зөвхөн худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хариуцагч миний эрхийг ноцтой зөрчиж байна. Өөрөөр хэлбэл ажил гүйцэтгэх гэрээний доголдолтой холбоотойгоор надад учирсан хохирлын талаар миний бие шүүх хуралдаан дээр тайлбарласаар байхад анхан шатны шүүх энэ талаар анхаарч үзэлгүй, дүгнэлт хийлгүй нэхэмжлэлийн шаардпагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардпагыг хангаагүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

            Нэхэмжлэгч “Б А-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г- нь хариуцагч Ш.О-д холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 10 621 500 төгрөг гаргуулахаар шаардсанаас хариуцагч 7 081 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, алданги төлөхөөс татгалзжээ.

 

            Талуудын хооронд 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр Бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээ байгуулагдаж, “Б А-” ХХК нь 27 556 000 төгрөгийн үнэ бүхий барилгын өнгөлгөө, дулаалгын материал нийлүүлэх, захиалагч Ш.О- нь барилгын материалын төлбөрийн 7 000 000 төгрөгийг урьдчилж төлөх, үлдэгдэл төлбөрийг 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр төлөхөөр харилцан тохиролцсон болох нь хэрэгт авагдсан гэрээ, тэдний тайлбараар тогтоогдож байна. /хэргийн 8-10 дугаар тал/

 

            Зохигчдын хооронд байгуулагдсан гэрээний агуулга, шинж байдал, хүлээсэн үүргийн шинж чанараас үзэх юм бол нэг тал нь барилгын өнгөлгөө, дулаалгын материал нийлүүлэх, нөгөө тал төлбөр төлөх үүрэг хүлээсэн байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

            Нэхэмжлэгч 25 854 000 төгрөгийн бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн болон Ш.О- нь 18 773 000 төгрөг төлсөн, үлдэгдэл 7 081 000 төгрөгийг төлөөгүй үйл баримтын талаар зохигч маргаагүй байна.

 

            Хариуцагч Ш.О- нь ажлын доголдолтой холбогдуулан маргасан учраас үлдэгдэл төлбөрийг төлөөгүй тул алдангийг зөвшөөрөхгүй гэх тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

            Тодруулбал, хариуцагчаас нэхэмжлэгчийн нийлүүлсэн барилгын материал доголдолтой байсан талаар мэдэгдсэн гэх баримтгүй байх бөгөөд нэхэмжлэгчид 2 удаа буюу 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, 2018 оны 9 дүгээр сарын 12-ны өдрүүдэд төлбөр төлөх талаар бичиж өгсөн баримт хэрэгт авагджээ. /хэргийн 6-7 дугаар тал/ Үүгээр нэхэмжлэгч чанаргүй барилгын өнгөлгөө, дулаалгын материал нийлүүлсэн гэх хариуцагчийн тайлбар үгүйсгэгдэж байна. Түүнчлэн, тэдгээрийн хооронд ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн талаарх баримт хэрэгт авагдаагүй, энэ талаар шаардлага гаргаагүй тул дүгнэлт хийх боломжгүй.

 

            Дээрх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.3-т “Төлбөрийг хугацаандаа хийгээгүй бол хоног тутамд 0.5 хувийн алданги тооцно” гэж тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дах хэсэгт заасанд нийцсэн талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

 

            Иймд анхан шатны шүүх хариуцагч Ш.О-гээс нийлүүлсэн бараа, бүтээгдэхүүний үлдэгдэл төлбөр 7 081 000 төгрөг, алданги 3 540 500 төгрөг, нийт 10 621 500 төгрөгийг гаргуулж, “Б А-” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 101/ШШ2020/01395 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 184 891 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ИЧИНХОРЛОО

 

                                    ШҮҮГЧИД                                Ч.ЦЭНД

 

                                               С.ЭНХТӨР