Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2017/ДШМ/901

 

 

 

 

 

 

 

 

 

 

Г.Дд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор Н.Анхбаяр,

Цагаатгагдсан этгээд Г.Д, түүний өмгөөлөгч Б.Адилбек,

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сгийн өмгөөлөгч Ц.Энхболд,

            Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

                                         

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 409 дүгээр цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор Н.Анхбаярын бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.С, түүний өмгөөлөгч Ц.Энхболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор Г.Дд холбогдох эрүүгийн 201724000325 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20ы өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

.......... овогт Г.Д, ......................................... өдөр ......................................... төрсөн, ...настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ..................... сурдаг, ам бүл 5, эцэг, эх, эгч, дүү нарын хамт ................................... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:................................./.

 

Г.Д нь 2017 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын 3 дугаар эмнэлгийн урд талын замд 48-59 УБЦ улсын дугаартай “Тоёота Чейзер” загварын автомашин жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д “...жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, 5.2-т “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан...” гэж заасныг тус тус зөрчин, бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодож явсны улмаас явган зорчигч Э.Уыг мөргөн амь насыг нь хохироож, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Тээврийн прокурорын газраас: Г.Дгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Боржигон овогт Г.Дг гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй үндэслэлээр цагаатгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Дд холбогдуулан үйлдсэн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 156 дугаар яллах дүгнэлтийг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж, энэ хэрэгт гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдаж, энэ хэрэгт иргэний нэхэмжлэл хангах зорилгоор Г.Дгийн эд хөрөнгийг битүүмжилсэн арга хэмжээ авагдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг компакт диск, Г.Дгийн №1031638 дугаартай жолоочийн үнэмлэхийг тус тус хэргийн хамт прокурорт хүргүүлэхээр шийдвэрлэжээ.  

 

Прокурор Н.Анхбаяр бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Г.Дгийн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сувдаагийн мэдүүлэг, Авто тээврийн үндэсний төвийн “хойд дугуйн тормоз зогсохгүй байгаа нь автомашины бүрэн зогсолтын зам уртасхад нөлөөлөх боломжтой, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдахад дугуй жигд бус элэгдэлтэнд нөлөөлдөг, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 00000cd , тусгалын тохиргоо хэвийн бус байгаа үзэгдэх орчинд нөлөөлдөг. Харин автомашины дээрх гэмтлүүд нь тухайн зам тээврийн осол гарахад хэрхэн яаж нөлөөлснийг тогтоох боломжгүй гэх шинжээчийн дүгнэлт, Г.Дгийн жолоодож явсан автомашины гэмтэл, эвдрэлүүд нь зам тээврийн осол гарахад хэрхэн нөлөөлсөн эсэх нь тодорхойгүй, энэ талаар тогтоох боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Замын цагдаагийн албаны шинжээчийн 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн дүгнэлтэнд Тоёота Чейзер загварын 48-59 УБЦ улсын дугаартай автомашины жолооч Г.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 ““Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно”; дүрмийн 2 дугаар хавсралт 5.2 “Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан" гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна”” гэжээ. Энэ дүгнэлтээс харахад Г.Д замын хөдөлгөөний дүрмийн дээрх заалтыг зөрчсөн нь зам тээврийн осол гарах шалтгаан болсон эсэх нь тодорхойгүй байна. Иймд энэ хэргийн үндсэн шинж болох замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн эсэх, уг дүрмийг зөрчсөн бол уг зөрчлийн улмаас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн эсэхийг нотолж чадаагүй байна. Иймд шүүгдэгч Г.Дд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүхэд ирүүлсэн хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдоогүй гэж дүгнэж, энэ үндэслэлээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол гаргах нь зүйтэй байна гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн цагаатгах тогтоол нь дараах нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

Үүнд: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Баатарын "ахтайгаа уулзалгүй нилээн удаж байсан. 1 cap гаруй болж байсан, утсаар бол осолд орохоос нь хоёр хоногийн өмнө холбогдсон. Талийгаачийн ажил явдалд 6.505.089 төгрөг зарцуулсан"... гэсэн мэдүүлэг, гэрч Ш.Ширнэнжавын "2017 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Тоёота Ист загварын 89-94 УНИ улсын дугаартай автомашиндаа ганцаараа 10 дугаар хорооллоос саппоро явах замд замын гуравдугаар эгнээгээр ойролцоогоор 20 км цагийн хурдтай машинууд удааширалтай явж байсан ба би тухайн үед цагдаа нар үлээлгэж шалгаж байгаа юм байх гэж бодоод явж байтал замын голд цайвар өнгийн цамцтай эрэгтэй хүн толгой нь цус болчихсон хэвтэж байсан. Тэгээд хальт хараад хажуугаар нь өнгөрөөд явсан. Явж байхдаа цагдаад дуудлага өгсөн чинь “өмнө нь наад дуудлагыг чинь хүлээж авсан гэж байсан" гэсэн мэдүүлэг, гэрч Э.Мөнхнасангийн "2017 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө өөрийн эзэмшлийн Тоёота Приус 20 загварын 06-76 УБХ дугаартай автомашинаар 3 дугаар эмнэлгийн автобусны буудлын орчим зүүнээс баруун зүгт буюу саппоро тал руугаа замын 1 дүгээр эгнээгээр явж байтал замын голд нэг хүн хэвтэж байсан. Тэгэхээр нь шууд 102 луу залгаж “замын голд хүн хэвтэж байна, машинд дайруулсан байж магадгүй байна гэж дуудлага өгсөн" гэсэн мэдүүлэг, гэрч С.Ануужингийн "хохирогчийг би ерөөсөө хараагүй, гэнэт тас гээд урд салхины шил хагарсан, тэр үед би надруу шил үсрээд би гайхаж балмагдаад зүүд л юм шиг санагдаад, хүн шиг л харагдсан, тэгээд би хүн мөргөчихсөн юм шиг байна гэсэн чинь Г.Д хүн бишээ гэсэн. Тэгээд л нэг мэдэхэд 21 дүгээр хороололд манай эгчийн гэрийн гадаа очсон байсан" гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Ням-Осорын "2017 оны 5 дугаар сарын 14-ний орой 3 дугаар эмнэлэг дээр хүүхдээ сахиж байгаад гарч автомашины зогсоол дээр тамхи татаад зогсож байтал тас хийх чимээ гарсан. Тэгэхээр нь машин мөргөлдчихлөө гэж бодоод саадруу алхсан чинь чейзер загварын бололтой автомашин зогсчихоод хөдлөөд явж байсан ба замын голд алаг юм хэвтэж байгаа харагдахаар нь нохой мөргөчихлөө дөө гэж бодоод эргээд явсан. Тэгсэн машинууд их удаан яваад байсан ба ачлагын машин ирж зогсоод жолооч нь буугаад ирэхээр нь сонирхоод яваад очиход хүн байна, хүн хэвтэж байна гэж нөгөө ачлагын машины жолооч хэлсэн" гэсэн мэдүүлэг, 2017 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн 1009 дугаартай шинжээч эмчийн "талийгаач Э.Уын цогцост хүзүүний 1 дүгээр нугаламын шахагдсан хугарал, 6,7 дугаар нугалмын завсрын хагас салсан хугарал, нугасны эдийн няцрал, цус харвалт, дотор эрхтэнүүдийн доргилт цус хуралт, баруун дунд чөмөгний далд хугарал, толгойн хуйхны дотор гадаргуудах цус хуралт, дух, баруун нүдний гадна булан, зүүн өвдөгний дотор доод хэсэг, шарх духны баруун хэсэг, баруун хөмсөг орчмын зөөлөн эдийн няцрал, дух, баруун шанаа, хацар, баруун тохой, шуу, хоёр гарын сарвуу, бүсэлхийд зулгарал гэмтэл тогтоогдлоо. Талийгаач нь цосцост хүзүүний нугалмын хугарал, нугасны эдийн няцрал, цус харвалт гэмтлийн улмаас нас баржээ" гэх дүгнэлт, 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 5545 дугаартай шинжээчийн "шинжилгээнд ирүүлсэн хэргийн газрын үзлэгээр хураан авсан будагны хэлтэрхийнүүд нь шинжилгээнд ирүүлсэн Tоёота Чейзер” загварын 48-59 УБЦ улсын дугаартай автомашинаас авсан будагны дээжтэй агууламж найрлага таарч тохирч байна" дүгнэлт, 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн шинжээчийн /Баянгол техникийн хяналтын үзлэгийн төв/ дүгнэлт, 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 256 дугаартай "Тоёота Чейзер загварын 48-59 УБЦ улсын дугаартай автомашины жолооч Г.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно”; дүрмийн 2 дугаар хавсралт 5.2-т “Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан”; 2.5-т “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ а/тээврийн хэрэгслээ нэн даруй зогсоож, ослын дохионы гэрлээ асаах ба ослын зогсолтын тэмдгийг энэ дүрмийн 6.3-т заасан шаардлагын дагуу тавьж, тээврийн хэрэгсэл болон осолд холбогдол бүхий эд юмсыг байрнаас нь хөдөлгөхгүй байх; б/ зам тээврийн осолд нэрвэгдсэн хүнд эмнэлгийн анхны тусламж үзүүлж, түргэн тусламж дуудах, хэрэв бололцоогүй бол уг хүнийг ойр байгаа эмнэлгийн байгууллагад аль тааралдсан тээврийн хэрэгслээр хүргүүлэх буюу зайлшгүй тохиолдолд өөрийн жолоодож яваа тээврийн хэрэгслээр хүргэж, эмнэлгийн ажилтанд өөрийн овог нэр, тээврийн хэрэгслийн загвар, улсын дугаар, гэрчилгээг үзүүлж тэмдэглүүлээд уг газартаа буцаж ирэх; в/ зам тээврийн ослын тухай цагдаагийн байгууллага (ажилтан)-д мэдэгдэж, түүнийг үзсэн хүмүүсийн овог нэр, хаягийг мэдэж аваад осолд холбогдол бүхий эд мөрийн баримтын зүйлийг хамгаалан цагдаагийн байгууллагын ажилтанг иртэл хүлээх; г/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд нэрвэгдсэн хүнийг эмнэлгийн байгууллагад уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан осолд холбогдол бүхий эд мөрийн баримт, тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэсний дараа байрнаас нь хөдөлгөж болно гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна" гэх дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Д нь 2017 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр, Улсын 3 дугаар эмнэлгийн урд талын замд 48-59 УБЦ улсын дугаартай “Тоёота Чейзер” загварын автомашиныг жолоодож яваад явган зорчигч Э.Уыг мөргөн амь насыг хохироогоод, хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна. Замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлтээр жолооч Г.Д нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралт "энэ хавсралтад заагдсан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин ашиглахыг хориглоно, 5.2 "хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан" гэсэн заалтыг зөрчсөн гэжээ. Иймд хол, ойрын гэрлийн тохиргоо алдагдсан тээврийн хэрэгслийг ашиглахыг хориглосон байхад Г.Д нь тухайн автомашиныг жолоодож зам тээврийн осол гаргаад, ослын газрыг зориуд орхиж зугтаасан байна. Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтанд заагдсан эвдрэл гэмтэл, техникийн зөрчилтэй автомашин мехнизмыг ашиглахыг хориглоно гэж заасан. Гэмт этгээдийн хууль, дүрэм зөрчсөн үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон хор уршиг үүссэн байна. Өөрөөр хэлбэл явган зорчигч Э.У нь замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн хэдий боловч шүүгдэгч Г.Ды тээврийн хэрэгслийн бүрэн бус техникийн байдал, мөн жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авахаар заасан байхад дээрх арга хэмжээг авч чадалгүйгээр бусдыг мөргөсөн үйлдэл нь осол гарахад шууд нөлөөлсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Шүүгдэгч Г.Д нь шөнө 00 цагийн үед гэрэлтүүлэх хэрэгслийн хол, ойрын гэрлийн тохиргоо алдагдсан техникийн зөрчилтэй тээврийн хэрэгсэл жолоодож, харанхуйд тухайн гэрэлтүүлгээс хамаарч замын хөдөлгөөний чиг баримжаа алдагдах, орон зайн болон бусад гадны нөхцөл байдлаас шалтгаалж хөдөлгөөний аюулгүй байдалд шууд нөлөөлөх техникийн зөрчилтэй тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцсон, дээрх техникийн зөрчил гэмтлийг жолооч мэдэх бүрэн боломжтой, засварлаж тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах үүргээ биелүүлээгүй улмаас зам тээврийн осол гаргасан нь осол гарах үндсэн шалтгаан болсон гэж үзэж байна. Хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан яллах талын хэрэгт хамааралтай, ач холбогдолтой хууль ёсны нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримтыг дурдалгүйгээр өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар улсын яллагчийн дүгнэлтийг... няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тодорхой тусгаагүй байна. Хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудыг анхан шатны шүүхийн дүгнэснээр үзэхэд Г.Дд холбогдох хэргийг гэмт хэрэг үйлдсэн нь хангалттай нотлогдоогүй гэж үзэж цагаатгах хууль зүйн үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ уг хэрэгт ач холбогдолтой нотлох баримт болон болсон үйл баримтанд бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүйн дээр хэрэгт цугларсан яллах нотлох баримтуудыг няцаан үгүйсгэсэн үндэслэлээ нэг бүрчлэн тодорхойлж дүгнээгүй байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Дд холбогдуулан үйлдсэн 2017 оны 9 дүгээр сарын 4-ний өдрийн 156 дугаартай яллах дүгнэлтийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцаасан нь хуульд нийцээгүй. Г.Дд холбогдох үйлдлийг цагаатгаж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэх боломжгүй юм. Учир нь шүүгдэгч Г.Д нь 2017 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 00 цагийн үед Нийслэлийн Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэр Улсын 3 дугаар эмнэлгийн урд талын замд, зам тээврийн осол гаргахад явган зорчигч Э.Уыг мөргөж, амь насыг хохироогоод зугтаасан 48-59 УБЦ улсын дугаартай “Тоёота Чейзер” загварын автомашин жолоодож явсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Тэрээр дээрх хэрэгт хамааралтай, түүнээс өөр этгээдийг хэрэгт холбогдуулан шалгах ямар ч боломжгүй байхад түүнийг үйлдлийг цагаатгаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүхээс дүгнэхдээ "иймд энэ хэргийн үндсэн шинж болох замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтыг зөрчсөн эсэх, уг дүрмийг зөрчсөн бол уг зөрчлийн улмаас гэмт хэрэг гарахад нөлөөлсөн эсэхийг нотолж чадаагүй байна" гэсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудад бодитой дүгнэлт өгөөгүй байна. ... Иймд Г.Дд холбогдох Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 409 дугаартай цагаатгах тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эсэргүүцэл бичсэн. Шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлж өгнө үү” гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.С, түүний өмгөөлөгч Ц.Энхболд нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Шүүхийн цагаатгах тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт ноцтой нөлөөлж болохоор нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Тодруулбал, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сгийн “хохирогч нийт 9.500.000 төгрөг нэхэмжилж байна. Шүүгдэгчийн зүгээс 4.200.000 төгрөг төлсөн” гэх мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Д “...буцаад осол болсон газарт очоод хүн мөргөсөн гэдгээ цагдаагийн ажилтанд хэлээд хэмжилт хийхэд нь хамт байж болсон үйл явдлыг тайлбарлаж өгсөн” гэснээс тус тус харахад шүүгдэгч нь гэм буруугаа үгүйсгээгүй, харин гэмшиж хүлээн зөвшөөрсөн. Энэ мэдүүлгийг үгүйсгэсэн үндэслэлийг шүүхийн тогтоолд заагаагүй. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах аргаар нотлох баримтыг шалгана гэж заасан бөгөөд анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт авагдсан зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлийг шинжээчийн дүгнэлт, гэрчийн мэдүүлэгт харьцуулаагүй нь буруу байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Тодруулбал, Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл буюу Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн зохицуулалтыг буруу хэрэглэсэн байна. Учир нь, прокуророос 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 27.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн талаар яллах дүгнэлт үйлдсэн байхад шүүхээс 27.10  дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тайлбарлаж дүгнэлт гаргасан бөгөөд 3 дахь хэсэгт заасан “Энэ хэргийн улмаас хүний амь нас хохирсон” гэх зохицуулалтыг тайлбарлаагүй буюу 1 дэх хэсэгтэй адилтгаж тайлбарласан нь буруу байна.

Анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нь шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлгүй болохыг харуулж байна. Тодруулбал шүүхийн цагаатгах тогтоолд шүүгдэгч энэ хуульд заасны дагуу хохирлоо арилгуулахаар гомдол гаргах эрхтэй, шүүхэд хандах хугацаа болон шүүхийн харъяаллын талаар тусгаагүй нь цагаатгах үндэслэл хангалтгүй байсныг харуулж байна. Мөн анхан шатны шүүх цагаатгах тогтоол гаргахдаа шүүгдэгчийн автотээврийн осол болсон газраа орхин зугтааж осол болсон бодит байдлыг тогтооход шууд нөлөөлж Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар заалтуудыг зөрчсөн болохыг тогтооход хүндрүүлсэн байдлуудыг огт авч үзэлгүй хэт нэг талыг барьж цагаатгах тогтоол гаргасан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцааж өгнө үү” гэжээ.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Сгийн өмгөөлөгч Ц.Энхболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч гомдол гаргасан. 2017 оны 5 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө ийм осол болсон. Хамгийн гол нь автомашиныг зогсоох арга хэмжээ аваагүй. Энэ нь бичлэгээс харагддаг. Шинжээчийн дүгнэлт дээр маргаад байдаг. Давж заалдах гомдлоо дэмжиж байна. Цагаатгах тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Өнөөдрийг хүртэл хохирлоо төлж барагдуулаагүй” гэв.

 

Шүүгдэгч Г.Д Шүүх хуралдаанд гаргах тайлбар байхгүй” гэв.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Адилбек шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугийн талаар маргаагүй. Анхан шатны шүүх хохирогчийг мөргөснөөс болж автомашинд гэмтэл үүссэн үү, эсхүл автомашин өмнө нь гэмтэлтэй байж байгаад хохирогчийг мөргөсөн үү гэдгийг тодруулах ёстой гэж үзэж байна. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Г.Дд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.

 

Автотээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2017 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “...БНСУ-д үйлдвэрлэгдсэн MQD-3C загварын Headkighter tester багажаар шалгаж үзэхэд зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 00000 cd, тусгалын тохиргоо хэвийн бус (стандарт 10.000-250.000 cd) байна. ...зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 00000 cd, тусгалын тохиргоо хэвийн бус. ...зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 00000 cd, тусгалын тохиргоо хэвийн бус байгаа үзэгдэх орчинд нөлөөлдөг. ...” гэж,

 

2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн 256 дугаартай дүгнэлтэд оёота Чейзер загварын 48-59 УБЦ улсын дугаартай автомашины жолооч Г.Д нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3 “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: а/хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (гарааш) буюу засварын газарт очно”; дүрмийн 2 дугаар хавсралт 5.2-т “Хол, ойрын гэрлийн тусгалын тохироо алдагдсан”; ... гэж тус тус заажээ.

 

Дээрх шинжээчийн дүгнэлтүүдээс үзэхэд, жолооч Г.Д нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтууд зөрчсөн байх бөгөөд харин дүрмийн ямар заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гаргасан нь тодорхой биш байна.

 

Иймд, дүрмийн дээрх заалтуудыг зөрчсөн байдал нь зам тээврийн осолтой шалтгаант холбоотой эсэх талаар тодорхой дүгнэлт гаргуулах.

 

Түүнчлэн хавтас хэрэгт, зам тээврийн ослын талаарх бичлэг авагджээ. Уг бичлэгт үзлэг хийж, бэхжүүлэх ажиллагаа хийх.

 

Зам тээврийн ослын талаарх бичлэг, зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг зэрэг баримтад үндэслэн шинжээчийн дүгнэлт гаргах боломжтой байх бөгөөд ингэхдээ, жолооч зогсоох арга хэмжээ авсан эсэх, хурд хэтэрүүлсэн эсэх талаар болон бусад нөхцөл байдлын талаар дүгнэлт хийх нь зүйтэй. 

 

Дээрх нөхцөл байдлаас үзэхэд, Г.Дд холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт хийгээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэрэг гарсан байдал ...”, “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан нөхцөл”-ийг тогтоогоогүй гэж үзнэ.

 

Г.Дд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шүүхэд ирүүлсэн хавтаст хэрэгт цуглуулсан нотлох баримтуудаар Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдоогүй гэж дүгнэж, энэ үндэслэлээр буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар цагаатгах тогтоол гаргах үндэслэлтэй байна. ...” гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.

 

Учир нь, гэмт хэрэг үйлдсэн болох нь хангалттай нотлогдоогүй гэж үзэх тохиолдолд тухайн хэрэгтэй холбоотой мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэт хийгдсэн байх ёстой бөгөөд ийм тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж заасан зарчим үйлчлэхээр байна.

 

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 409 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Г.Дд холбогдох эрүүгийн хэргийг мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Анхан шатны шүүх Г.Дд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэргийг прокурорт буцаах эсэхийг хянан шийдвэрлэх эрхтэй болохыг дурдаж байна.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.С, түүний өмгөөлөгч Ц.Энхболд нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, прокурор Н.Анхбаярын хэргийг шүүх хурааладаанаар дахин хэлэлцүүлэхээр бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 8-ны өдрийн 11 дугаартай эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгов.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 409 дүгээр цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Г.Дд холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Г.Дд анхан шатны шүүхээс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                                     

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ш.БАТ-ЭРДЭНЭ

 

ШҮҮГЧИД                                                       Н.БАТСАЙХАН

 

                                                                                    Т.ӨСӨХБАЯР