Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2017/0795

 

С.Б-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч  Ц.Сайхантуяа даргалж, шүүгч Д.Баатархүү, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Гангэрэл, нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э нарыг оролцуулан, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлоор, С.Б-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Б-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” А/10 тоот тушаалын хоёрдугаар хавсралт “Бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан албан тушаалд томилогдож буй албан хаагчдын жагсаалт”-ын 1 дүгээрт Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргаар Г.С-ыг томилсон хэсэг, мөн аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын 1 дэх заалтын Г.С-ыг Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон хэсгийг тус тус хүчингүй болгож, С.Б-ийг өмнө хариуцан гүйцэтгэж байсан ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийг дуустал нэхэмжлэгчийн ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх нөхөн олговорт 9.171.351 төгрөг олгохоос, урьд олгосон бүтцийн өөрчлөлтөөр чөлөөлөгдсөний тэтгэмж 2.465.337 төгрөгийг хасч, үлдэх 6.706.014 /зургаан сая долоон зуун зургаан мянга арван дөрөв/ төгрөгийг Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж нэхэмжлэгчид олгон, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг хариуцагч аймгийн Засаг даргын Тамгын газарт даалгаж шийдвэрлэжээ. 

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гомдлоо гаргасан эсэх, гомдлыг нь хянан шийдвэрлэсэн эсэх талаарх бичгийн нотлох баримт хэргийн материалд байхгүй.  Гэтэл шүүх нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасан “Захиргааны ерөнхий хуулийн 92-94 дүгээр зүйлд заасан гомдол гаргах журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана” гэснийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Ийнхүү урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй, аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны A/14, А/25 дугаар эрх зүйн актын холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар ирүүлсэн нэхэмжлэлийг шүүх хууль зөрчин хүлээн авч, улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т заасан “шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдах...” хууль ёсны зарчмыг, мөн хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т заасан “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэснийг тус тус зөрчжээ. Шүүх хуралдааны явцад гуравдагч этгээдэд гаргах хүсэлт байсан боловч энэ талаар гуравдагч этгээдээс дэгийнхээ дагуу хүсэлт, нотлох баримт байгаа эсэх талаар асуулгүй шүүх хуралдааныг цааш үргэлжлүүлсэн. Мөн нэхэмжлэгчтэй эвлэрэх талаар хариуцагчаас санал гаргасаар байтал нэхэмжлэгчийг хуралд оролцуулах, улмаар эвлэрэн хэлэлцэх боломжийг шүүхээс олгосонгүй. Нөгөө талаар нэхэмжлэгч хуралд ирэлгүй итгэмжлэгдсэн төлөөлөгчөө ирүүлсэн гэх боловч түүний итгэмжлэлийг гуравдагч этгээдэд танилцуулахгүйгээр хурлыг үргэлжлүүлсэн зэргээр шүүгч тогтоосон хурлын дэгийг зөрчсөн. Ийнхүү шүүх оролцогчийн эрхийг зөрчсөн бөгөөд шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангахгүй байх тул уг хэргийг бүхэлд нь хянаж, шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ. 

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянан үзэхэд гомдлыг хангах үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч С.Б нь Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, ажилд томилох тухай” А/10 тоот тушаалын хоёрдугаар хавсралтын Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Г.С-т холбогдох хэсгийг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн “Түр орлон гүйцэтгэгч томилох тухай” А/25 тоот тушаалын Г.С-ыг Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон хэсгийг тус тус хүчингүй болгож, Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын үүрэгт ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийхийг даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Маргаан бүхий Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/10 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц шинэчлэн батлагдсантай холбогдуулан тус газрын нийт албан хаагчдыг ажлаас нь чөлөөлсөн байх бөгөөд 2 дугаар хавсралтаар орон тоо, чиг үүргийн хуваарийн дагуу албан хаагчдыг томилохдоо нэхэмжлэгч С.Б-ийг томилоогүй, түүний урьд эрхэлж байсан Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн даргын албан тушаалд Г.С-ыг томилсон нь Төрийн албаны тухай хуульд нийцээгүй, нэхэмжлэгчийн төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдах эрхийг зөрчсөн талаар анхан 

шатны шүүх үндэслэлтэй дүгнэсэн байна. Тодруулбал,

Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн даргын ажлын байр, албан тушаалын чиг үүрэг нь маргаан бүхий акт гарах үед өөрчлөгдөөгүй байсан, 2017 оны 2 дугаар сарын 13-ны өдөр батлагдсан ажлын байрны тодорхойлолтыг харьцуулан үзэхэд үндсэн зорилго, зорилт, ажлын байрны чиг үүрэг өөрчлөгдөөгүй хэвээр хадгалагдан үлдсэн байхад нэхэмжлэгч С.Б-ийг уг албан тушаалд үргэлжлүүлэн ажиллуулаагүй нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-т заасантай нийцээгүй талаар шүүх зөв дүгнэсэн, энэ талаар хариуцагч давж заалдах гомдол гаргаагүй.

Харин хариуцагчаас гаргасан “урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангаагүй нэхэмжлэлийг шүүх хууль зөрчин хүлээн авч, улмаар хэргийг хянан шийдвэрлэсэн” гэх гомдлыг хянаж үзвэл гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана” гэж зааснаар нэхэмжлэгч С.Б нь Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх ба Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 225 дугаар албан бичгээр хариу өгсөн байх тул урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж үзнэ.

Иймд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн үндсэн шаардлагатай холбоотойгоор гаргасан нэмэгдүүлсэн шаардлагын тухайд  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-т заасан урьдчилан шийдвэрлүүлэх журмыг дахин хэрэглэх боломжтой гэж үзэхгүй.

Мөн анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам, дэгийн дагуу шүүх хуралдааныг явуулсан, хэргийн оролцогчдын эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул “хариуцагчийг нэхэмжлэгчтэй эвлэрэх боломжийг хангаж, нэхэмжлэгчийг шүүх хуралдаанд оролцуулаагүй” гэх гомдлыг хангах үндэслэлгүй бөгөөд гуравдагч этгээдийн эрхийг зөрчсөнтэй холбоотой хариуцагчийн гаргасан гомдолд тус шүүх дүгнэлт өгөх боломжгүй.

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 31 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

                                                      

                                                       ШҮҮГЧ                                Ц.САЙХАНТУЯА 

                                                       ШҮҮГЧ                                Д.БААТАРХҮҮ                           

                                                       ШҮҮГЧ                                О.НОМУУЛИН