Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2016/00964

 

Спо инженеринг ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01146 дугаар шийдвэртэй,                                                                                   

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 815 дугаар магадлалтай,

Нэхэмжлэгч Спо инженеринг ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдох,

Хариуцагчийн  2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 103,  2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11/248 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандалын гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Азбаяр, нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Спо инженеринг ХХК нь 2013 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын захирамжаар тус дүүргийн 27 дугаар хороонд 700 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшиж байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь газар эзэмших эрхийг нэр бүхий 8 хүний өр төлбөрт хурааж аван битүүмжилсэн нь хууль зөрчсөн үйлдэл. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг нэг хүний нэр дээр гүйцэтгэх хуудасны дагуу эхлүүлсэн боловч өөр бусад хүмүүстэй нийлүүлж 8 хүний төлбөрт хураан авсан байна. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Спо инженеринг ХХК-иас шүүхийн шийдвэрийн дагуу төлбөр гаргуулах ажиллагаа явуулахдаа шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг ноцтой зөрчин Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Агар 4 гудамжинд байрлах 700 м.кв газрыг үнэлэх, албадан дуудлага худалдаа явуулах зэрэг ажиллагаагаа компанийн гишүүдэд албан ёсоор мэдэгдээгүй. Шийдвэр гүйцэтгэгч Р.Азбаяр, ахлах шийдвэр гүйцэтгэгч П.Хадбаатар нартай уулзахад “гомдлоо гарга” гэсний дагуу 2015.11.11-нд гомдол гаргасан. Гэтэл уг гомдлыг шийдвэрлэж хариу өгөөгүй байхдаа 2015.11.24-нд шуудангаар Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас 2015.11.19-ний өдрийн 3/40110 дугаартай 2015.11.26-ны өдөр албадан дуудлага худалдаа явуулах мэдэгдэл ирсэн. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3, 37.1, 37.3, 45.2, 47.1-г зөрчсөн юм. Түүнчлэн 17 давхар барилга барих зориулалттай барилгын суурийн ажил хийгдэж, бетон цутгагдсан, их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн  газрыг үзэж хараагүй байж үнэлж, хуулийн хугацаа мэдэгдэх, хуулиар олгогдсон эрхийг нь эдлүүлэхгүй зарж борлуулах гэж буйг хууль бус үйлдэл гэж үзэж байна. Иймд  шийдвэр гүйцэтгэгчийн 2015.10.21-ний өдрийн103 дугаар тогтоол, 2015.11.13-ны өдрийн 11/248 дугаар тогтоолуудыг хүчингүй болгож  өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн шүүгчийн 2014 оны 207 дугаар захирамжаар Спо инженеринг ХХК-иас 13.378.400 төгрөгийг гаргуулж О.Анх-Эрдэнэд, мөн шүүхийн 2015 оны 1174 дүгээр шийдвэрээр Д.Баярт 8.245.363 төгрөг, мөн шүүхийн 2015 оны 31450 дугаар захирамжаар Д.Батхишигт 17.246.970 төгрөг, мөн шүүхийн 2015 оны 2960 дугаар шийдвэрээр Г.Баасанхүүд 32.281.426 төгрөг, мөн шүүхийн 2015 оны 3154 дүгээр шийдвэрээр Д.Шинэжилд 23.895.779 төгрөг, мөн шүүхийн шүүгчийн 2015 оны 3863 дугаар захирамжаар Л.Бааварт 7.107.965 төгрөг, мөн шүүхийн шүүгчийн 2015оны 4708 дугаар захирамжаар Л.Дүгэржавд 31.291.812 төгрөг,мөн шүүхийн 2015 оны 3318 дугаар шийдвэрээр Б.Эрдэнэжаргалд 25.378.126 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэсэн. Нийт 8 гүйцэтгэх баримт бичгийн 153.685.841 төгрөгийн төлбөртэй байна. Дээрх шийдвэрийн дагуу сайн дураар биелүүлэх мэдэгдлийг удаа дараа өгсөн боловч биелүүлээгүй тул Спо инженеринг ХХК-ийн эзэмшлийн Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Агар 4 дүгээр гудамжид байрлах 700 м.кв газрыг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авахад харилцан тохиролцоогүй. Спо инженеринг ХХК-ийн хувьцаа эзэмшигч нар үнийн зөрүүтэй санал гаргасан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37.2.2-д заасны дагуу хөндлөнгийн шинжээч томилоход хөрөнгийн үнэлгээний Бэсгэ ХХК нь газрыг 139.500.000 төгрөгөөр үнэлсэн. Тус 700 м.кв газрыг Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу үнэлсэн үнэ 139.500.000 төгрөгийн 70 хувь буюу 97.650.000 төгрөгөөр тус албанаас 2015.11.26-ны өдөр анхны албадан дуудлага худалдаанд оруулсан боловч үнийн санал ирээгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.Баасанхүү шүүхэд гаргасан тайлбартаа: Шүүхийн шийдвэрээр 32.281.426 төгрөгийг Спо инженеринг ХХК-иас гаргуулах 2690 тоот шийдвэр гарсан байгаа. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу Спо инженеринг ХХК-ийн мэдэл гэх 0,07 га газрыг дуудлага худалдаанд оруулах болсон боловч Спо инженеринг ХХК нь шүүхэд гомдол гаргаж ажиллагааг түдгэлзүүлсэн. Спо инженеринг ХХК нь төлбөр төлөхөөс санаатайгаар зайлсхийж шүүхэд үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байх тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр 101/ШШ2016/01146 дугаартай шийдвэр гаргаж  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3, 45 дугаар зүйлийн 45.2-т заасныг баримтлан Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд холбогдуулан гаргасан “...хууль бусаар шинжээч томилж хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн тогтоол, үл хөдлөх эд хөрөнгийг анхны дуудлага худалдаанд оруулах тухай” тогтоолуудыг хүчингүй болгуулах Спо инженеринг ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон байна.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 815 дугаар магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Тэгшмандал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Эд хөрөнгө битүүмжлэх ажиллагаа нь зөвхөн О.Анх-Эрдэнийн гүйцэтгэх хуудасны дагуу явагдсан бөгөөд бусад 7 нь төлбөр авагчийн гүйцэтгэх хуудасны дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаагүй байна. Түүнээс гадна, эд хөрөнгө битүүмжлэх, хураан авах ажиллагаанд компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд, газрын эзэмшигч, компанийг үүсгэн байгуулагч өмчлөгчдийг оролцуулаагүй нь хөрөнгөрөө хохирох үндэс болжээ. Мөн хөрөнгийн үнэлгээ тогтоохоор Бэсгэ ХХК-ийг томилсон бөгөөд хувьцаа эзэмшигч, хөрөнгийн эздэд мэдэгдээгүй нь шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчсөн. Гэтэл 2015.11.30-ны өдрийн тайланг Спо инженеринг ХХК-ийн захирал шуудангаар ирсэн мэдэгдлийг 2015.11.10-нд авч, үнэлгээ гаргасанаас 11 хоног өнгөрсөн байсан тул 11-ний өдөр буюу 1 дэх өдөр ахлах гүйцэтгэгч шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34.3 дахь хэсэгт зааснаар 11-ний өдөр гомдлоо өгчих гэсний дагуу өгсөн. Тэгэхээр үнэлгээний талаарх гомдлыг хугацаандаа өгсөн. Тухайн үед биечлэн уулзаж гомдлоо бичгээр өгсөн ба шинжилгээ хийсэн газар түүний дээр орсон хөрөнгө  оруулсан зэргийг оруулж бодож байтал ахлах гүйцэтгэгч нь 2 хоногийн дараа гомдолд хариу өгөөгүй байж албадан дуудлага худалдаа явуулах тогтоол гаргасаныг хожим мөн шуудангаар хүлээн авсан болно. Мөн 2015.11.13-ны өдөр 11/248 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол гаргаж 2015.11.19-ний өдөр 3/4040 мэдэгдэл үйлдэж Спо инженеринг ХХК-ийн захирал В.Болдын хаягаар шуудангаар явуулсаныг 2015.11.24-ны өдөр авч 2015.11.26-ны өдөр дуудлага хугацаа явагдсан үед шүүхэд хандаж гомдол гаргаж, дуудлага худалдаа явагдсанаас хойш 2015.11.30-ны өдөр шийдвэр гүйцэтгэлээс гомдлын хариу авсанаас хойш иргэний хэрэг үүсгэсэн ба албадан дуудлага худалдаа, үнэлгээний талаархи гомдол нь шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 51.1-д заасан хугацаанд хамаарах юм. Энэ асуудалд шүүх буруу дүгнэлт өглөө. Түүнчлэн албадан дуудлага худалдаа явуулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарсанаас хойш 30 хоног, албадан дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч уг худалдааг ч эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр энэ тухай нийтэд мэдээлнэ гэсэн хуулийн 45.2, 47.1 дэх заалт зөрчигдсөнийг шүүх анхаарч бодит дүгнэлт хийгээгүй. Ялангуяа 2015.11.13-ны өдөр тогтоол гарч эрхлэн хөтлөгчийн томилсон байхад 13 хоногийн дараа хэвлэл, мэдээллийн хэрэгсэлээр энэ тухай нийтэд мэдээлээгүй хууль зөрчсөн 2015.11.26-нд дуудлага худалдааг явуулсан энэ талаар баримт хэрэгт байхгүй. Түүнчлэн, Иргэний хуулийн 84.3-д газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэсэн заалттай нийцэхгүй байна. Мөн барилгын газар шорооны ажил хийж, бетон цутгалт, дүүргэлт хийгдсэн ажлыг газраас салгавал зориулалтын дагуу ашиглах боломжгүй болж, үнэгүй зүйл болж хувирах нөхцөл байдал байгааг шүүх анхаарч үзээгүй. Магадлалд дурдсанаар ...нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч газарт цутгалт барилгын ажил хийгдсэнийг үнэлгээнд оруулаагүй гэх боловч шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад зөвхөн газар битүүмжлэгдсэн, нэхэмжлэгчээс барилгын ажил хийгдсэнийг хариуцагчид мэдэгдсэн, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэ талаар хүсэлт гаргасан баримтгүй байх тул давж заалдах гомдлыг энэ үндэслэлээр хангах боломжгүй гэсэн дүгнэлт нь хэт нэг талыг барьсан, хэрэгт цугларсан баримтуудыг буруу үнэлсэн дүгнэлт болжээ. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Спо инженеринг ХХК нь Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэр гүйцэтгэгчийн “Шинжээч томилох тухай” 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 103 дугаар тогтоол, “Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан  дуудлага худалдаанд оруулах” тухай 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11/248 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд үүнийг хариуцагч зөвшөөрөхгүй маргасан байна.                  

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосоныг нэхэмжлэгч эс зөвшөөрч хяналтын шатны шүүхэд гомдол гаргажээ.

Анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь Спо инженеринг ХХК-иас 13.108.400 төгрөг гаргуулж О.Анх-Эрдэнэд олгох тухай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн  2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 207 дугаар захирамжийн дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа Сонгинохайрхан дүүргийн 27-р хороо, Агарын 4-р гудамж-д байрлах 700 кв.м бүхий талбайтай Спо инженеринг ХХК-ийн эзэмшлийн газрыг битүүмжилж хураасан /хх 37-38/ бөгөөд шийдвэр гүйцэтгэгчийн 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 146/23,  2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 146/21 дугаар тогтоолд гомдол гараагүй тул ажиллагааг үргэлжлүүлсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй  гэж үзнэ.   

Хариуцагч  2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 103, 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11/248 дугаар тогтоол гаргаж Үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэхдээ хууль зөрчсөн тухай Спо инженеринг ХХК-ийн нэхэмжлэлийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба баримтаар үгүйсгээгүй байхад шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйлд  нийцээгүй байна. Сонгино-хайрхан дүүргийн 27-р хороо, Агарын 4-т байрлах 700 кв.м талбай бүхий газар эзэмших эрхийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлд заасан журмын дагуу үнэлэсэн нотлох баримт хэрэгт байхгүй тул хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны  2015 оны  103,  11/248 дугаар тогтоолд нэхэмжлэгч  2015 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд гомдол гаргасны дагуу хариуцагч 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2/41769 дугаар албан бичгээр хариу өгсөн байна. /хх 12,13/  Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрч шүүхэд 2015 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан, төлбөр төлөгч нь үнэлгээний талаар бус, харин дуудлага худалдаа зарлах, үнэлгээ тогтоох шийдвэр гүйцэтгэгчийн үйл ажиллагаанд буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.3-т заасан үндэслэлээр гомдол гаргасан бөгөөд гомдол гаргах хугацааг хэтрүүлээгүй байна.

Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд заасан журмыг зөрчөөгүй боловч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнийг хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулан хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Дээр дурдсан үндэслэлээр Спо инженеринг ХХК-ийн нэхэмжлэлийг хангаж,   “Шинжээч томилох тухай” 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 103 дугаар тогтоол, “Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан  дуудлага худалдаанд оруулах” тухай 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11/248 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба нь 2015 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 146/23, 2015 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 146/21 дугаар тогтоолоор битүүмжилж, хураасан хөрөнгөөс төлбөр барагдуулах ажиллагааг хуульд заасан журмын дагуу  явуулахад энэ тогтоол саад болохгүй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 815 дугаар магадлал, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 101/ШШ2016/01146 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтыг “Шүүхийн шийдвэр  гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2.2, 37.2.4, 37.2.5 дахь хэсгийг баримтлан “Шинжээч томилох тухай” 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 103 дугаар тогтоол, “Үл хөдлөх эд хөрөнгийг анхны албадан  дуудлага худалдаанд оруулах” тухай 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 11/248 дугаар тогтоолыг тус тус хүчингүй  болгосугай” гэж өөрчлөн, шийдвэр, магадлалыг бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Нэхэмжлэгч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 6 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг Спо инженеринг ХХК-д олгох захирамж гаргасугай.

                                     ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ