| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Түмэндэлгэрийн Батсүх |
| Хэргийн индекс | 182/2024/04724/И |
| Дугаар | 184/ШШ2024/05133 |
| Огноо | 2024-10-15 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 184/ШШ2024/05133
| 2024 оны өдөр | 10 сар 15 р 184/ШШ2024/05133 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: ****
Хариуцагч: ****
Худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцож, гараашийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Хонгорзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга: Миний бие 2017 онд *** тоот авто зогсоолыг өөрийн өмчлөлд авсан. Би өөрийн эд хөрөнгийг хамгаалах зорилгоор 2 талд нь хана босгосон үүнээс болж хажуу зогсоолын эзэн уурлаж бидний дунд маргаан үүсэж тухайн маргаанаас зайлсхийх зорилгоор өөрийн босгосон ханаа нураалгахгүйн тулд би өөрийн өмчлөлийн авто зогсоолыг **** буцаан шилжүүлж авахаар тохиролцож дүр эсгэсэн худалдах, худалдан авах гэрээг байгуулж өөрийн өмчлөлийн авто зогсоолыг түр хугацаанд **** өмчлөлд 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр худалдах худалдан авах гэрээгээр шилжүүлсэн. Шилжүүлэг хийхдээ үнийн дүнг 1,100,000 төгрөг гэж тэмдэглэсэн боловч дүр эсгэсэн гэрээ учир ямар нэгэн төлбөрийн шилжүүлэг хийгдээгүй. Өнөөдрийг хүртэлх хугацаанд би өөрийн авто зогсоолыг эзэмшиж ашиглаж байгаа бөгөөд нэг ч удаа ****ашиглаагүй. Тиймээс гарааш худалдах худалдан авах гэрээг хүчингүйд тооцуулж, эд хөрөнгөө өөрийн нэр дээр шилжүүлэх хүсэлттэй байна.
Хариуцагч ****н шүүхэд болох шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгч гараашийг шилжүүлж өг гэж надад хэлээгүй, залгаагүй. Худалдах, худалдан авах гэрээ байгуулж гараашийг миний нэр дээр шилжүүлсэн. Нэхэмжлэгчид өгөх өр, авлага байхгүй, гараашийг буцааж шилжүүлж өгнө гэж хэлээгүй. Анх шилжүүлж өгөхдөө эхнэрээсээ салж байсан учраас өөрийн эд хөрөнгөө нуух зорилгоор миний нэр дээр шилжүүлсэн, буцааж өгөхөөр бол эхнэрт нь шилжүүлж өгөн.
Хавтаст хэрэгт авагдсан баримтын тухайд: Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдрийн Худалдах, худалдан авах гэрээний хуулбар, 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн Автомашины зогсоол худалдах, худалдан авах гэрээний хуулбар, улсын бүртгэлийн ****дугаарт бүртгэлтэй авто зогсоолын гэрчилгээний хуулбар зэрэг баримтуудыг хавсарган өгчээ.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У****холбогдуулан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гараашийн өмчлөх эрхийг шилжүүлж өгөхийг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагчид худалдах зорилгогүйгээр дүр үзүүлэн хэлцэл хийсэн гэж, хариуцагч төлбөр төлөөгүй, худалдан авах зорилгогүй байсан тухайд маргахгүй, харин гэрлэлтээ цуцлуулахдаа хөрөнгөө нуух зорилгоор шилжүүлсэн тул зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч У****ж нь 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр хариуцагч Э.Гэнэндоржтой худалдах, худалдан авах гэрээ байгуулж, эрхийн улсын бүртгэлийн **** зоорины давхрын 2 тоот авто зогсоолыг 1,100,000 төгрөгөөр худалдахаар тохиролцжээ. /хх-ийн 3/
Нэхэмжлэгч авто зогсоолыг 2018 онд **** ХХК-иас 15,000,000 төгрөгөөр худалдан авсан нь баримтаар тогтоогдох бөгөөд 1,100,000 төгрөгөөр бусдад худалдах шаардлага байгаагүй гэж тайлбарлаж байна.
Гэрээ байгуулсан, үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэн авсан ч худалдан авах хүсэл зориг байгаагүй, зогсоолыг эзэмшиж ашиглаагүй тухайд хариуцагч маргаагүй.
Зохигчид үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах зорилгогүйгээр дүр үзүүлэн хэлцэл хийсэн нь талуудын тайлбараар тогтоогдох бөгөөд тэдний хооронд байгуулсан үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2 дахь хэсэгт заасан хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзнэ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт хүчин төгөлдөр бус байх хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй байхаар заасан.
Иймд талуудын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр байгуулсан 0364 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл байх тул хэлцлээр шилжүүлсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн *****даалгах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.1.2, 56.5 дахь хэсэгт заасныг баримтлан талуудын хооронд 2020 оны 4 дүгээр сарын 9-ний өдөр байгуулсан 0364 дугаартай, үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ нь хүчин төгөлдөр хэлцэл бус байх тул хэлцлээр шилжүүлсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн **** дугаарт бүртгэлтэй, ***огсоолыг нэхэмжлэгч *** өмчлөлд буцаан шилжүүлэхийг хариуцагч ***даалгасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАТСҮХ