Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашравдангийн Халиуна |
Хэргийн индекс | 128/2021/0397/З |
Дугаар | 128/ШШ2023/0997 |
Огноо | 2023-12-20 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2023 оны 12 сарын 20 өдөр
Дугаар 128/ШШ2023/0997
2023 12 20 128/ШШ2023/0997
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Энхмэнд, нэхэмжлэгч Д.Э*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А*******, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч******* нарыг оролцуулан Д.Э*******, Б.Б, Б.Г нарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанд тус тус холбогдох захиргааны хэргийг тус шүүхийн хуралдааны 5 дугаар танхимд нээлттэй хянан хэлэлцээд,
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.А******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...анх захиргааны хэрэг үүсгэсэн шаардлагыг шүүхээр шийдвэрлэх шаардлагагүй болсон. Газрын асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийн ажиллагааны үр дүнд газар зохион байгуулалт нь дахин хийгдчихсэн, орц гарцын асуудал шийдвэрлэгдчихсэн байгаа учраас энэ нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн. энэ нь шаардлагаас татгалзаж байгаа агуулга биш, нөхцөл байдал өөрчлөгдөж, эрх зүйн үр дагаваргүй болсон учир шаардлагаа 2023 оны 10 дугаар сарын 03-нд өөрчилсөн. Газрын тухай хуулийг зөрчиж газар эзэмших эрх олгосон үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, орц гарц гаргуулах гэсэн шаардлага гаргасан. Өөрчилж тодруулсан шаардлагаас шийдвэрлэгдээгүй үлдсэн шаардлага нь зөвхөн Б.Бын газраа баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлүүлэх шаардлага үлдсэн. Бусад шаардлага болох нэхэмжлэгч нарын орц гарц гаргах, Д.Э*******ы газрын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагуудыг хариуцагч зөвшөөрч биелүүлсэн байгаа. Шүүхэд хамгийн сүүлийн байдлаар мэдээллийн сангийн кадастрын зураг ирүүлсэн байна. Нэхэмжлэгч Б.Гын нэхэмжлэл хангагдаж орц гарцыг гаргасан. Нэхэмжлэгч, газар эзэмшигч Д.Э******* Газрын тухай хуульд заасныг зөрчиж орц гарцыг хааж газар эзэмших эрх олгосон үйлдэл нь хууль бус гэдгийг тогтоолгоод газар эзэмших хүсэлтийн дагуу газар эзэмших захирамж гаргаж шийдвэрлүүлэх, газар эзэмших эрхийг баталгаажуулан газар зохион байгуулалтыг хийлгэх, кадастрын мэдээллийн санд мэдээллийг оруулах гэсэн агуулгатай шаардлага байгаа. Үүнээс хавтаст хэрэгт ирсэн баримтаас үзвэл орц гарцын асуудал газар зохион байгуулалт дээр хийгдчихсэн, шийдвэрлэгдчихсэн гэж ойлгож байгаа. Мөн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн захирамжаа бодит байдалтайгаа нийцүүлэн, өмчлөлийн байшингийн доорх газрын хэмжээг нэмэгдүүлэн баталгаажуулах хүсэлт нь шийдвэрлэгдээд дүүргийн Засаг даргын захирамжаар 589 м.кв хэмжээгээр газрыг баталгаажуулж, мэдээллийн санд бүртгэгдсэн, энэ шаардлага биелэгдсэн гэж ойлгож байгаа. Нэхэмжлэгч Б.Бын хувьд шүүхэд анх хандахдаа орц гарцын асуудлыг шийдвэрлүүлэх, улсын бүртгэлийн гэрчилгээтэй үл хөдлөх хөрөнгийг худалдан авахдаа газрын эрхийн асуудлаа баталгаажуулаагүй байсантайгаа холбогдуулаад өмчлөх үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг эзэмших эрхийг баталгаажуулахыг хүссэн. Энэ хүсэлтээр Газрын албанд, дүүргийн Засаг даргадаа хандсан. Шийдвэрлэгдэхгүй нөхцөл байдалтай олон сараар яваад байгаа учраас энэ агуулга нь шаардлага болоод тодруулаад өгсөн. гэжээ.
2. Нэхэмжлэгч Д.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхны Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2001 оны 165 дугаар захирамжаар 9 иргэнд тус бүр 0,4 га газар олгоод 9 байшин барьчихсан. Одоо ч өөрчлөгдөөгүй. Одоо ч 9 байшин байгаа, өөр юу ч байхгүй. Иргэн н.Баттулгад 500 м.кв зуслангийн зориулалтаар 010400970 дугаартай гэрчилгээг 2005 онд олгосон бөгөөд н.Баттулга нь Б.Бд үл хөдлөх хөрөнгөө шилжүүлэх гэрээ хийж, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн дугаартай гэрчилгээг иргэн Б.Бд олгосон ба тус үл хөдлөх хөрөнгийн доор байрлах газар нь улсын кадастрын мэдээллийн сангийн 2008 оны 10 дугаар сарын зурган мэдээлэлд Б.Л*******ын нэр дээр болж, Б.Л*******а 943 метр газар талбайтай болсон байгаа юм. Тэгээд Б.Л*******а дараа нь энэ газраа бусдад шилжүүлсэн байдаг. Сүхбаатар дүүргийн Засаг дарга нь тухайн нэгж талбарын орц гарцыг хааж, хөршүүдийн судалгаа аваагүй. Б.Бын үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхээр баталгаажчихсан газрыг Б.Бын хүсэлт гаргасан кадастрын зургаар эзэмших эрхийг баталгаажуулахыг хүсэж байна. гэжээ.
3. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ч******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Гын орц гарцыг шийдвэрлэхтэй холбогдох асуудал дээр одоогийн газар эзэмшиж байгаа н.Б*******, н.Г, н.Э*******, н.Б******* нарын газрыг дүүргийн Засаг даргын захирамжаар өөрчлөөд, нийтийн эзэмшлийн зам талбай орц гарцыг чөлөөтэй болгосон. Нийслэлийн Газар зохион байгуулалтын албан дээрээ газар эзэмших эрхийн талбайн хэмжээг өөрчлөөд, орц гарц гаргуулаад нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч зөвшөөрч хангасан. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой. Мэдээллийн санд зургууд нь орсон.
Д.Э*******ы нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны А/330 дугаар захирамжаар 400 м.кв газрыг 589 м.кв болгон нэмэгдүүлж бодит байдал дээр эзэмшиж байгаа талбайг баталгаажуулж өгсөн. Дөнгөж сая би мэдээллийн сан egazar.gov.mn цахим сайт руу орж харлаа. Д.Э*******ы эзэмшил газар мэдээллийн санд захирамжийн дагуу нэгж талбарын 14******* дугаартай 2023 оны 06 дугаар сарын 21-нд орсон байгаа. Үүнийг нэхэмжлэгч өөрөө egazar руу өөрийнхөө регистрийн дугаараар нэвтэрч ороод газрын шинэчлэгдсэн 589 м.кв газрын гэрчилгээ, гэрээ, кадастрыг хэвлэж авах боломжтой болсон. Нэхэмжлэгч Д.Э*******ы энэ шаардлагыг мөн адил хариуцагч хүлээн зөвшөөрөөд биелүүлсэн гэдгээр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-д зааснаар хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой.
Б.Бын эзэмшил газраа баталгаажуулах хүсэлт шийдвэрлэгдэхэд Б.Л*******ын газрын эрх хөндөгдөхгүй. Одоо Б.Бын өмчлөлийн байшинтай газарт Б.Л*******ын газар хамаарахгүй. Б.Бын өмчлөх үл хөдлөх хөрөнгийн доорх газрын эрхээ 400 м.кв-аар баталгаажуулж эзэмших хүсэлтийг манайх 2023 оны 03 дугаар сард хүлээн авч бүртгэсэн, шийдвэрлэгдэх шатандаа байгаа. Б.Бын энэ нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн зөвшөөрлийг баталж хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой. Газар эзэмших эрхийг баталгаажуулсан газрын кадастрын зураг байхгүй байж байгаад одоо үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үндэслээд манай Газар зохион байгуулалтын албанаас Б.Бд үл хөдлөх доорх одоо бодит байдал дээр хашаалсан байгаа газрыг 400 м.кв хүсэлт гаргасан хэмжээгээр нь эзэмшүүлэхээр хүсэлтийг нь 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр бүрдлийг хангуулан хүлээн авсан тодорхойлолтыг хэрэгт өгье. Шийдвэрлэх шатандаа явагдаж байгаа. Газрын тухай багц хууль шинэчлэгдэхтэй холбоотой Засгийн газрын тогтоолоор 21 аймагт шинээр газар эзэмшүүлэх асуудлыг түр хугацаанд түдгэлзүүлээд тодорхой шийдвэрт хүрээгүй байгаа. Газар зохион байгуулалт, геологи зураг зүйн газраас ирүүлсэн чиглэлийн дагуу 2023 оны 08 дугаар сараас өмнө иргэдийн өгсөн шинээр эзэмших хүсэлтийг эцсийн байдлаар дүүрэг шийдвэрлэх үү, Нийслэлийн Засаг даргын захирамжаар шийдвэрлэх үү гэдгийг эцэслээд манайд хариу мэдэгдсэний дараа бид нар захирамж гаргаж иргэдийн асуудлыг шийдвэрлэхээр хүлээгдэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлэхээр манайх хүсэлтийг нь аваад, шийдвэрлэх шатандаа ажиллаж байгаа тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой. гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э*******, Б.Б, Б.Г нараас шүүхэд гаргасан Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 295 дугаартай захирамжаар иргэн Б.Э, Б.Д, Т.Г Б.С, Э.Б, Д.С нарт холбогдох хэсэг, 2012 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 331 дүгээр захирамжийн М.Зд холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлээр тус шүүхийн шүүгчийн 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 3971 дүгээр захирамжаар захиргааны хэрэг үүсгэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад анх гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа нэхэмжлэгч Б.Г Сүхбаатар дүүргийн Засаг даргын Газрын тухай хууль зөрчиж газар эзэмших эрх олгосон үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, Б.Гын газар эзэмших орц гарцын асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах, нэхэмжлэгч Д.Э*******, Б.Б нар Сүхбаатар дүүргийн Засаг даргын Газрын тухай хууль зөрчиж газар эзэмших эрх олгосон үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших орц гарцтай болгох, өмчлөлийн барилгын доорх газрын эзэмших эрхийг баталгаажуулан газар зохион байгуулалт хийлгэхийг болон кадастрын мэдээллийн санд мэдээллийг оруулахыг даалгах гэж өөрчлөн тодруулсан бөгөөд шүүх хуралдаанд энэхүү шаардлагыг дэмжиж оролцсон болно.
Тус шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 8835 дугаар захирамжаар нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн өөрчлөн тодруулсан шаардлагыг хүлээн авч, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албыг хамтран хариуцагчаар татан оролцуулсан бөгөөд тус албанаас 2023 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр ирүүлсэн хариу тайлбартаа Д.Э******* нарын иргэдийн гомдлыг шийдвэрлэж газрын нэгж талбарын хэмжээг өөрчилж захиргааны акт гарсан талаар дурдаж, газрын мэдээллийн сангийн кадастрын зураг, дүүргийн Засаг даргын захирамжийг нотлох баримтаар ирүүлсэн.
Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараас үзэхэд, нэхэмжлэгч Б.Гын эзэмшил газрын орц гарцыг гаргаж, мэдээллийн санд оруулсан, нэхэмжлэгч Д.Э*******ы орц гарцыг шийдвэрлэж, түүний эзэмшил гаүрын хэмжээг нэмэгдүүлэх хүсэлтийг шийдвэрлэж, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн А/330 дугаар захирамжаар хэмжээг 589 м.кв болгож нэмэгдүүлж, газар эзэмших талбайн хэмжээ, орц газрыг мэдээллийн санд бүртгэсэн, нэхэмжлэгч Б.Бын орц гарцыг шийдвэрлэж, түүний өмчлөх эрх бүхий үл хөдлөх хөрөнгийн доорх газар эзэмших эрхийг баталгаажуулах өргөдлийг хүлээн авсан, хүсэлт гаргасан хэмжээгээр шийдвэрлэх боломжтой талаар хариу өгсөн зэрэг үйл баримтаас үзвэл хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын алба нь нэхэмжлэгч Б.Г, Д.Э******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч биелүүлсэн, нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэхээр байна.
Тодруулбал, нэхэмжлэгч Б.Бын өмчлөх эрхтэй үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмших эрхээ баталгаажуулах хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба 2023 оны 03 дугаар сарын 24-ний өдөр бүртгэж авсан байх бөгөөд хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч хүсэлт гаргасан хэмжээгээр эзэмшүүлэх боломжтой гэж тайлбарлаж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга болон Газар зохион байгуулалтын алба нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Г, Д.Э******* нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч биелүүлсэн, мөн хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч Б.Бын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч буйгаа, бүртгэгдсэн өргөдлийн дагуу хүсэлт гаргасан хэмжээнд өмчлөх эрхтэй үл хөдлөх хөрөнгийн доорх газрыг эзэмших эрхийг баталгаажуулж шийдвэрлэх шатанд байгаа талаар илэрхийлсэн байх тул хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталснаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасан бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөх, хуульд харшлах нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Тодруулбал хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар нэхэмжлэгч Б.Г, нэхэмжлэгч Д.Э*******, Б.Б нарын орц гарцыг шийдвэрлэсэн захиргааны үйл ажиллагаанд энэ хэрэгт гуравдагч этгээдээр оролцсон Б.Л*******а гомдол гаргаж маргаагүй бөгөөд, нэхэмжлэгч Б.Бын өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг эзэмших эрхийг баталгаажуулах хүсэлтийг шийдвэрлэхэд мөн түүний эрх ашиг сонирхол хөндөгдөхгүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн шүүгчийн энэхүү захирамжид хэргийн оролцогчид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Б.Гын Сүхбаатар дүүргийн Засаг даргын Газрын тухай хууль зөрчиж газар эзэмших эрх олгосон үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, Б.Гын газар эзэмших орц гарцын асуудлыг хуульд нийцүүлэн шийдвэрлэхийг даалгах, нэхэмжлэгч Д.Э*******ы Сүхбаатар дүүргийн Засаг даргын Газрын тухай хууль зөрчиж газар эзэмших эрх олгосон үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших орц гарцтай болгох, Д.Э*******ы өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрын эзэмших эрхийг баталгаажуулан газар зохион байгуулалт хийлгэхийг болон кадастрын мэдээллийн санд мэдээллийг оруулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын алба бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрч биелүүлснийг, нэхэмжлэгч Б.Бын Сүхбаатар дүүргийн Засаг даргын Газрын тухай хууль зөрчиж газар эзэмших эрх олгосон үйлдэл нь хууль бус болохыг тогтоолгох, газар эзэмших орц гарцтай болгох, Б.Бын өмчлөх эрх бүхий үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрын эзэмших эрхийг баталгаажуулан газар зохион байгуулалт хийлгэхийг болон кадастрын мэдээллийн санд мэдээллийг оруулахыг даалгах шаардлагыг хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Газар зохион байгуулалтын алба бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг тус тус баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар шүүгчийн энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь зааснаар хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч захирамжид гомдол гаргах эрхгүй.
ШҮҮГЧ Д.ХАЛИУНА