Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 2017/ДШМ/902

 

 

 

 

 

 

 

 

 

 

Б.Бт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

Прокурор И.Ариунсанаа,

Шүүгдэгч Б.Бын өмгөөлөгч Б.Мянган,

            Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

                                         

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1163 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор С.Солонгын бичсэн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 38 дугаартай эсэргүүцлээр Б.Бт холбогдох эрүүгийн 201625013732 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

.......................... овогт Б.Б, .................................... өдөр ................... төрсөн, ..... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт .......................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:................../.

 

Б.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, 2016 оны 10 дугаар сарын 14-ний шөнө Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, Хужирбулангийн ....дугаар хэсгийн .... тоотод буюу гэртээ Н.Дтай хамт архи ууж, улмаар хохирогч Н.Дыг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, түүний бие махбодид хярзангийн бэлэг эрхтэн шулуун гэдсийг гэмтээсэн 3 дугаар зэргийн урагдал, бэлэг эрхтэн, хошного орчмын зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Б.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96.2 дугаар зүйлийн 96.2.8, 96.2.9 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу нотолбол зохих байдал болох мөн хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт “...гэмт хэргийг яаж үйлдсэн”, 1.3 дахь хэсэгт “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.5 дахь хэсэгт “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ” зэргийг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад нотолно гэж тус тус заасны дагуу Б.Бын үйлдлийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан уу, эсхүл хүчиндэх явцдаа бусдад хүнд хор уршиг учруулсан уу зэрэг хэргийн талаар нотолбол зохих асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гүйцэд тогтоогоогүй байх тул дээрхийг нарийвчлан шалгаж тогтоох шаардлагатай байна гэж үзээд хэргийг прокурорт буцаан шийдвэрлэжээ.  

 

Прокурор С.Солонго бичсэн эсэргүүцэлдээ: “...Урьд энэ хэргийг анхан шатны шүүхээс хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн тогтоосон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулийн дагуу хийсэн байна гэж дүгнээд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.8, 96.2.9 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэр гаргаж байсан. Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянаад эрүүгийн хэргийн шийдвэрлэлтийн талаар зөвхөн “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 125 дугаар зүйлийн 125.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж шийдвэрлэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүх хэрэгт авагдсан ямар баримтуудыг хэрхэн үнэлж, хэргийн зүйлчлэлийг ийнхүү өөрчилсөн нь ойлгомжгүй байна” гэж дүгнэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгон хэргийг цугларсан нотлох баримтын хэмжээнд дахин шийдвэрлүүлэхээр шийдсэн. Өөрөөр хэлбэл, хэргийн талаарх нотолбол зохих асуудлыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гүйцэд тогтоосон байна гэж дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүх хэргийг дахин шийдэхдээ хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн гүйцэд тогтоогоогүй байна гэж дүгнэсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Мянган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Б.Бт холбогдох хэргийг анх прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйл буюу бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэм хэрэг гэж зүйлчилж шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүх хянаж үзээд бэлгийн дур хүслээ ёс бусаар хангасан байна гэж үзэж ял шийтгэл оногдуулсан. Уг шийдвэрт гомдол гаргах үед шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийг хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн. Зүйлчлэлийн талаар маргаантай, эргэлзээтэй асуудал гарсан. Хэргээс харахад хохирогчийн бэлгийн эрх чөлөөнд халдсан мэт үйлдэл харагддаг боловч зөвхөн яллагдагчийн мэдүүлгээр уг хэрэг нотлогдсон гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн. Шүүх урьдчилсан хэлэлцүүлэгт өөрийн санаачилгаар хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэрэг хэрхэн үйлдсэн болохыг нарийн шалгах шаардлагатай гэж үзэж байна. Энэ асуудлыг шалгаснаар зүйлчлэлийг тодорхой болгоно. Бусдын бие махбодид ердийн журмаар хүнд гэмтэл учруулсан уу, эсхүл шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулиар хүчиндэх гэмт хэргээр зүйлчлэх болсон, хохирогчид ёс бусаар хандаж гэмт хэрэг үйлдсэн гэх асуудлыг шалгаж тогтоогоогүй байдаг. Гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн зорилго хэлбэрийг нарийвчлан шалгах ёстой. Энэ асуудлыг нарийвчлан шалгаснаар Б.Бт ямар зүйл хэсгээр ял шийтгэл оногдуулах вэ гэдэг нь ойлгомжтой болно. ...” гэв.

 

Прокурор И.Ариунсанаа шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анх 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.8, 96.2.9 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн. Шүүхээс зүйлчлэлийг өөрчилсөн. Зүйлчлэл өөрчлөх болсон үндэслэл нь шүүх хуралдаанд шүүгдэгч “хохирогчийн анус орчимд хүнд гэмтэл учруулж, гараа хийж цус гаргаад би үүнээс таашаал авсан” гэж хэлсэн. Өмнө мөрдөн байцаалтын шатанд ийм мэдүүлэг огт өгөөгүй. Зөвхөн шүүх хуралдаанд ийм мэдүүлэг өгсөн. Үүнд нь үндэслээд шүүгч тохуурхан даажигнаж, бэлгийн дүр хүслээ ёс бусаар хангасан байна гэж дүгнээд зүйлчлэлийг өөрчилж шийдвэрлэсэн. Хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг нотлож тогтоосон. Учир нь тухайн үед хохирогч, шүүгдэгч нар гэрт хоёулхнаа байсан. Н.Д мөрдөн байцаалтын шатанд “тухайн үед юу болсныг санахгүй байна” гэдэг. Шүүх хуралдаанд мөн адил санахгүй байгаа талаараа хэлсэн. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа гэхэд ямар ч ажиллагаа хийгдэх боломжгүй. Учир нь шүүгдэгч, хохирогч нар юу ч санахгүй байгаа. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр хүчиндсэн үү, үгүй юу гэдгийг тогтоох боломжгүй. Учир нь хохирогч эмнэлэгт маш их хэмжээний цус алдаж ирээд эмчилгээ хийгдсэн. Тиймээс хүчиндсэн эсэхийг тогтоох боломжгүй гэсэн дүгнэлт гарсан. Хохирогч тухайн үед юу болсныг санахгүй байгаа, мөн “намайг хүчиндсэн” гэж мэдүүлэг өгөөгүй. Иймд хэргийн талаар нотолбол зохих асуудлууд мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн гүйцэд нотлогдсон. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Б.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл, давж заалдсан гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн ...”, гэмт хэргийг хэн үйлдсэн, “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ” нөхцөл байдлын хүрээнд мөрдөн шалгаах ажиллагаа явуулсан байх бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд хэргийн үйл баримтыг тогтоож, хууль зүйн дүгнэлт хийн хэргийг шийдвэрлэх боломжтой байна.

 

Ингэхдээ, мөн хуулийн 16.15 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана” гэсэн зохицуулалтын хүрээнд нотлох баримтыг шалгаж үнэлэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана гэж заасан зохицуулалтын хүрээнд анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Бын гэм буруугийн асуудлаар дүгнэлт хийж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх нь зүйтэй байх тул прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, шүүгчийн захирамжийг хүчингүй болгон, Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 26-ны өдрийн 1163 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, Б.Бт холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Б.Бт анхан шатны шүүхээс авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

                                 ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ш.БАТ-ЭРДЭНЭ

                                

                                 ШҮҮГЧИД                                                          Н.БАТСАЙХАН

                                                                                                          

                                                                                                            Т.ӨСӨХБАЯР