Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 129/ШШ2024/00441

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 129/ШШ2024/00441

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Х овгийн А.Б

Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Ө.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Ө.Б нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

            Миний бие нь 1977 оны 9 сарын 01-ний өдрөөс эхлэн А аймгийн Ц сумын сургуульд үйлчилгээний ажилтнаар анх ажилд орж 1995 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд тасралтгүй ажилласан. Тэтгэвэр орох хангалттай ажилласан жилтэй гэж бодож явтал зарим нотлох баримт архиваас гарч ирэхгүй байгаа учир Нийгмийн даатгалын байгууллага нь улсад ажиллаж байсан байдлаа шүүхээр тогтоолгохыг зөвлөсөн учир миний бие өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилготой улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргаж байна. Миний бие эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн алба хаагаагүй. 1977 оны 9 сарын 01-ний өдрөөс 2005 оныг хүртэл ажилласан. Иймд Ө.Б миний А аймгийн Ц сумын дунд сургуульд 1977 оны 9 сарын 01-ний өдрөөс 1995 оны 1 сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд үйлчилгээний ажилтнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагчаас:

- Ө.Э /Б/ гэсэн 405447 дугаар хөдөлмөрийн дэвтэр

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 04-ний өдрийн 620 тоот тодорхойлолт

- А аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Ц сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1980 оны 2 сарын 16-ны өдрийн Сургууль дээр ажиллах сахиул, эргүүлийг батлах тухай 2 тоот тушаал, 8 жилийн сургуулийн захирлын 1983 оны 11 сарын 09-ний өдрийн Байрын манаач авах тухай 37 тоот тушаал, Ц сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 4 сарын 02-ны өдрийн Манаач авч ажиллуулах тухай 18 тоот тушаал зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

3. Хүсэлт гаргагч Ө.Бын хүсэлтээр Н.П, Д.Т нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- 1989 оны хүн ам, орон сууцны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 8 сарын 14-ний өдрийн 03-05/4456 тоот лавлагаа/

- Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 8 сарын 16-ны өдрийн 412 тоот албан бичиг

- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 орны 8 сарын 20-ны өдрийн 01/639 тоот албан бичиг

- 1989 оны 01 сарын 06-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа

- А аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2024 оны 8 сарын 30-ны өдрийн 10/65 тоот албан бичиг

- 1981 оны 1 сарын 18-ны өдрийн хүсэлт гаргагчийн анх иргэний паспорт авсан маягт-1, 1989 оны 1 сарын 06-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21А маягт /Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.  

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            1. Хүсэлт гаргагч Ө.Б нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр авах зорилгоор ажиллаж байсан байдал тогтоолгох хүсэлт гаргасан бөгөөд түүний А аймгийн Ц сумын 8 жилийн дунд сургуульд  ажилчнаар 1980 оноос 1995 оны 1 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, А аймгийн Ц сумын 8 жилийн дунд сургуульд ажилчнаар 1977 оны 9 сарын 01-ний өдрөөс 1980 он хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан 405447 дугаар хөдөлмөрийн дэвтэр, А аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 04-ний өдрийн 620 тоот тодорхойлолт, А аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Ц сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1980 оны 2 сарын 16-ны өдрийн Сургууль дээр ажиллах сахиул, эргүүлийг батлах тухай 2 тоот тушаал, 8 жилийн сургуулийн захирлын 1983 оны 11 сарын 09-ний өдрийн Байрын манаач авах тухай 37 тоот тушаал, Ц сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 4 сарын 02-ны өдрийн Манаач авч ажиллуулах тухай 18 тоот тушаал, 1989 оны хүн ам, орон сууцны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 8 сарын 14-ний өдрийн 03-05/4456 тоот лавлагаа/, Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 8 сарын 16-ны өдрийн 412 тоот албан бичиг, А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 орны 8 сарын 20-ны өдрийн 01/639 тоот албан бичиг, 1989 оны 1 сарын 06-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт /А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, А аймгийн Засаг даргын тамгын газрын цэргийн штабын 2024 оны 8 сарын 30-ны өдрийн 10/65 тоот албан бичиг, 1981 оны 1 сарын 18-ны өдрийн хүсэлт гаргагчийн анх иргэний паспорт авсан маягт-1, 1989 оны 1 сарын 06-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, иргэний үнэмлэх авах өргөдөл ХААТР-21А маягт /Улсын бүртгэлийн ерөнхий газрын лавлагаа/, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Н.П, Д.Т нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.

 

3. “Тус архивын сан хөмрөгт хадгалагдаж байгаа Ц сумын 8 жилийн сургуулийн 1977-1979, 1981-1982, 1985-1995 оны материалыг шүүн үзэхэд Ө.Б-д холбогдох материал гараагүй тул лавлагаа гаргах боломжгүй байна” гэсэн А аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 04-ний өдрийн 620 тоот тодорхойлолт, А аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Малчдын сайн өдрөөр сургууль дээр ажиллах сахиул эргүүлийг дээрх хуваариар баталсугай, ... 2. Сахиул нь Ө, эргүүл хийх хүмүүс нь ... 24-8 цаг хүртэл Б, Б гэсэн Ц сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1980 оны 2 сарын 16-ны өдрийн Сургууль дээр ажиллах сахиул, эргүүлийг батлах тухай 2 тоот тушаал, Тус сургуулийн байрны манаач Д.Д-ийг манаачийн үүрэгт ажлаас чөлөөлж 1983 оны 11 сарын 09-ний өдрөөс байрны манаачаар Б-ыг авч ажиллуулсугай гэсэн 8 жилийн сургуулийн захирлын 1983 оны 11 сарын 09-ний өдрийн 37 тоот тушаал, 8 жилийн сургуулийн сурагчийн байрны манаач Б өөр ажилд шилжсэн тул ажлаас чөлөөлж Л-ыг 1984 оны 4 сарын 01-ний өдрөөс эхлэн манаачаар авч ажиллуулсугай гэсэн Ц сумын 8 жилийн дунд сургуулийн захирлын 1984 оны 4 сарын 02-ны өдрийн “Манаач авч ажиллуулах тухай” 18 тоот тушаал, гэрч Д.Т-ийн “Б-ын аав Ө нь А аймгийн Ц сумын 8 жилийн дунд сургуульд манаачаар ажилладаг байсан. Намайг А аймгийн Ц сумын 8 жилийн дунд сургуульд 1986 онд ажилд ороход Ө.Б тус сумын сургуульд ус зөөдөг байсан, харин аав нь ажиллахаа больсон байсан. Ө.Б сургуулийн гал тогооны ус зөөдөг, галч манаач ч бас хийдэг байсан. Миний ажиллаж байсан гал тогооны усыг л их зөөдөг байсан. Сүүлдээ бие нь өвдөөд ажлаасаа гарсан. Б А аймгийн Ц сумын 8 жилийн дунд сургуульд ажилчнаар 2005 он хүртэл ажилласан нь үнэн. Ө.Б эрүүл мэндийн шалтгааны улмаас цэргийн алба хаагаагүй” гэх мэдүүлэг, гэрч Н.П-ийн Б-ын Ө А аймгийн Ц сумын Ерөнхий боловсролын дунд сургуульд галч, манаачаар ажиллаж байсан юм. Ө тэтгэвэрт гарсны дараагаар түүний хүү Б А аймгийн Ц сумын дунд сургуульд галч, манаачаар залгаад л ажилд орсон юм. Б 2005 он хүртэл тасралтгүй уг ажлаа хийсэн нь үнэн. Ө.Б-ыг А аймгийн Ц сумын дунд сургуульд ажиллаж байх үед би тус сургуульд хичээлийн эрхлэгч, нийгмийн ажилтнаар ажиллаж байсан юм. 2005 онд өвчний шалтгаанаар Б ажлаасаа гарч байсан. Ө.Б ажилд сайн хүн гэх мэдүүлэг,  Ө.Б, ажилладаг байгууллага-8 жилийн сургууль, эрхэлдэг ажил-галч, Ц сум” гэж бүртгэгдсэн хүсэлт гаргагчийн регистрийн ХААТР-1 маягт, Х овогт Ө.Б, 1964 оны 3 сарын 20-ны өдөр төрсөн, цэргийн алба хаагаагүй, А аймгийн Ц сум гэсэн хүсэлт гаргагч ХААТР-21 /А/ маягт, “хүн ам, орон сууцны 1989 оны тооллогоор А аймгийн Ц сумын Ц багт оршин суугч, Ө.Б, хүү, нас-25, эрэгтэй, эрхэлдэг ажил-сургуульд галч” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 8 сарын 14-ний өдрийн 03-05/4456 тоот лавлагаа, А аймгаас 1982-1990 онуудад хугацаат цэргийн албанд татагдсан дайчдын нэрийн бүртгэлүүдийг шүүн үзэхэд Ө.Б гэсэн нэр гарахгүй байна гэсэн Батлан хамгаалахын төв архивын 2024 оны 8 сарын 16-ны өдрийн 412 тоот тодорхойлолт, ... Иргэн Ө.Б нь тус аймгийн Ц сумаас ирүүлсэн 1-р зэргийн бэлтгэл үүрэгтний судалгаанд хамрагдсан талаарх судалгаа байхгүй болно гэсэн А аймгийн Засаг даргын тамгын газрын Цэргийн штабын 2024 оны 8 сарын 30-ны өдрийн 10/65 тоот тодорхойлолт болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Ө.Б-ын А аймгийн Ц сумын 8 жилийн дунд сургуульд ажилчнаар ажиллаж байсан нь тогтоогдож байна.

 

4. Хүсэлт гаргагч Ө.Б А аймгийн Ц сумын 8 жилийн дунд сургуульд ажилчнаар 1977 оны 9 сарын 01-ний өдрөөс 1980 он хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасан ба Ө.Б нь 1977 онд 13 настай байсан байна.

 

Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Хөдөлмөрийн хуулийн /1973 оны/ 163 дугаар зүйлд “залуучуудыг нийгмийн тустай хөдөлмөрт өргөнөөр оролцуулах зорилгоор арван зургаан нас хүрсэн хүүхдийг улс ардын аж ахуй, соёлын салбаруудад ажиллуулахыг зөвшөөрнө. Онцгой тохиолдолд арван таван нас хүрсэн хүүхдийг үйлдвэрчний эвлэлийн хорооны зөвшөөрөлтэйгээр ажилд авч болно” гэж заасан ба түүнийг 1977 оноос 1980 онд ажиллуулахаар томилсон баримт хэрэгт авагдаагүй тул Ө.Быг 13-15 настай байхдаа ажил хөдөлмөр эрхэлж байсан гэж үзэх боломжгүй.

 

Иймд Ө.Бын А аймгийн Ц сумын 8 жилийн дунд сургуульд ажилчнаар 1980 оноос 1995 оны 1 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, түүний хүсэлтээс 1977 оны 9 сарын 01-ний өдрөөс 1980 он хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                          ТОГТООХ нь:                                 

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Х овгийн Ө.Б-ын А аймгийн Ц сумын 8 жилийн дунд сургуульд ажилчнаар 1980 оноос 1995 оны 1 сарын 01-ний өдөр хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоож, А аймгийн Ц сумын 8 жилийн дунд сургуульд ажилчнаар 1977 оны 9 сарын 01-ний өдрөөс 1980 он хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА