Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 129/ШШ2024/00442

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 129/ШШ2024/00442

Архангай аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

                                                                                                              

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

Хүсэлт гаргагч: Ж овгийн Б.Н

Нэхэмжлэлийн шаардлага: Мал маллаж байснаа тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч Б.Н /цахимаар/

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

                                                                                                                                                                                                                                                                                                 

ТОДОРХОЙЛОХ нь:

                                        

1. Хүсэлт гаргагч Б.Н нь мал маллаж байснаа тогтоолгох нэхэмжлэл гаргасан.

 

 Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: 

 

Би нөхөр Т.Бтай 1993 онд гэр бүл болсон.  Би малчнаар тэтгэвэрт орох гэсэн боловч малын А данс гарч ирэхгүйгээс болж Нийгмийн даатгалын газраас мал маллаж байснаа шүүхээр тогтоолго гэсэн учир шүүхэд хандаж байна. Би өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах зорилгоор шүүхэд хандаж мал маллаж байсан байдлаа тогтоолгох хүсэлт гаргасан. Манайх Д аймаг руу шилжиж ирээд 6 жил болж байна. Иймд миний А аймгийн Х сумын Х багт 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд мал маллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

2. Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Хүсэлт гаргагч Б.Н 1995-2000 онд мал маллаж байснаа тогтоолгохоор А аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлд хандсан. Б.Нын 1995-2000 онд мал маллаж байсныг нотлох баримт байгаагүй учраас мал маллаж байсныг тогтоох боломжгүй гэж шийдвэрлэсэн. Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөл шийдвэрийг хэвээр үлдээсэн гэв.

 

3. Хүсэлт гаргагчаас:

- А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 4 сарын 22-ны өдрийн 03/02 дугаар тогтоол

- Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 6 сарын 13-ны өдрийн 32/27 дүгээр шийдвэр

- Хүн ам, орон сууцны 1989 оны тооллогын баримт /Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 09-ний өдрийн 03-06/3960 дугаар лавлагаа/

- Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын баримт /Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 09-ний өдрийн 03-06/3959 дугаар лавлагаа/

- Хүн ам, орон сууцны 2010 оны тооллогын баримт /Үндэсний төв архивын 2024 оны 7 сарын 16-ны өдрийн 03-10/3972 дугаар лавлагаа/

- А аймгийн Х сумын Х багийн Засаг даргын а/150 тоот тодорхойлолт,

- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 1 сарын 31-ний өдрийн 84 тоот тодорхойлолт,

- Б.Нын Малчин мэргэжлийн үнэмлэх,

- Т.Б, Б.Н нарын Гэрлэлтийн гэрчилгээ

- Б.Г, Б.М, Б.С нарын Төрсний бүртгэлийн лавлагаазэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

 

4. Хүсэлт гаргагч Б.Н-ын хүсэлтээр Ц.Э, Г.Г нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.

 

5. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу

- Б.Г, Б.М төрсний ХААТР-1 маягт /А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/

- Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын баримт /Үндэсний төв архивын 2024 оны 8 сарын 20-ны өдрийн 03-05/4543 дугаар лавлагаа/

- Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, шимтгэл төлсөн, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 сарын 26-ны өдрийн 01/651 дугаар лавлагаа

- А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 9 сарын 02-ны өдрийн 01/672 тоот тодорхойлолт зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.

 

Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

1. Хүсэлт гаргагч Б.Н нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор А аймгийн Х суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний хугацаанд мал маллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан А аймгийн Нийгмийн даатгалын газрын маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөлийн 2024 оны 4 сарын 22-ны өдрийн 03/02 дугаар тогтоол, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлийн 2024 оны 6 сарын 13-ны өдрийн 32/27 дүгээр шийдвэр, А аймгийн Х сумын Х багийн Засаг даргын а/150 тоот тодорхойлолт, А аймгийн Архивын тасгийн 2024 оны 1 сарын 31-ний өдрийн 84 тоот тодорхойлолт, Б.Нын Малчин мэргэжлийн үнэмлэх,  Т.Б, Б.Н нарын Гэрлэлтийн гэрчилгээ,  Б.Г, Б.М, Б.С нарын Төрсний бүртгэлийн лавлагаа, Б.Г, Б.М төрсний ХААТР-1 маягт /А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, Хүн ам, орон сууцны 2000 оны тооллогын баримт /Үндэсний төв архивын 2024 оны 8 сарын 20-ны өдрийн 03-05/4543 дугаар лавлагаа/, Нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, шимтгэл төлсөн, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 сарын 26-ны өдрийн 01/651 дугаар лавлагаа, А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 9 сарын 02-ны өдрийн 01/672 тоот тодорхойлолт, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Ц.Э, Г.Г нарын мэдүүлгээр тус тус дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагч Б.Н нь 1995-2000 онд мал маллаж байснаа тогтоолгохоор А аймгийн Нийгмийн даатгалын газрын Маргаан хянан шийдвэрлэх салбар зөвлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газрын Маргаан хянан шийдвэрлэх төв зөвлөлд тус тус хандаж шийдвэрлүүлсэнийг шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх талаар хуульд заасан журмыг хэрэглэсэн гэж үзнэ.

 

Хүсэлт гаргагчийн 1995 оноос 2000 онд мал маллаж байсан талаарх нотлох баримт төрийн байгууллагад хадгалагдаагүй болох нь “тус Архивын сан хөмрөгт Х сумын Х багийн 1995-2000 онуудынг малын А данс шилжиж ирээгүй” гэсэн А аймгийн Архивын тасгийн  2024 оны 01 сарын 31-ний өдрийн 84 тоот, “1995-2000 оны архивын бүртгэл шатсан нь үнэн болохыг тодорхойлов” гэсэн А аймгийн Х сумын Х багийн Засаг даргын а/150 тоот тодорхойлолт зэргээр тогтоогддог бөгөөд хүсэдлт гаргагч 1995 оноос 2000 онд мал маллаж байснаа шүүхээр тогтоолгохоор хүсэлт гаргасан нь эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг сэргээн тогтоолгох хүсэлт юм.

 

5. Хүсэлт гаргагч Б.Нын мал маллаж байсан талаар тодорхойлсон “хүн ам, орон сууцны 2000 оны тооллогоор А аймгийн Х сумын Х багийн хөдөөд оршин суугч Б.Н, эхнэр, 1974 оны 06 сард төрсөн, нас-25, эмэгтэй, эрхэлдэг ажил-малчин” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 8 сарын 20-ны өдрийн 03-05/4543 дугаар лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, шимтгэл төлсөн, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 сарын 26-ны өдрийн 01/651 дугаар лавлагаа, эхийн нэр Б.Н, эрхэлдэг ажил-малчин, байнга оршин суугаа хаяг-А аймгийн Х сум гэсэн 2000 оны 09 сарын 21-нд төрсөн Б.Г-ын, 1997 оны 03 сарын 03-нд төрсөн  Б.М нарын төрснийг бүртгэсэн ХААТР-1 маягт /А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, гэрч Ц.Э-ийн “Би 5 дугаар ангид сурч байгаад сургуулиасаа гараад 1994, 1995 оноос одоог хүртэл А аймгийн Х сумын Х багт хувийн малаа маллаж байна. Б.Н, түүний нөхөр Т.Б нартай манайх 1994, 1995 оноос 2020 оныг хүртэл А аймгийн Х сумын Х багт айл саахалт нутаглаж байсан. Б.Н, Т.Б нар отроор 2020 онд Д аймаг руу яваад тэндээ суурьшаад мөн малаа маллаж байгаа. Н нь нөхрийнхөө хамт Д аймаг руу явтлаа нутагтаа хувийн малаа маллаж байсан. Өөр ажил төрөл хийж байгаагүй. Хүүхдүүд нь сургуульд орохдоо өвөө, эмээ дээрээ байчихдаг байсан болохоор сумын төв рүү ордоггүй байсан” гэх мэдүүлэг, гэрч Г.Г-ын “Би 1990 оноос одоог хүртэл А аймгийн Х сумын Х багт хувийн малаа маллаж байна. Б.Н, түүний нөхөр Т.Б нартай би үе тэнгийн улсууд юм. Б.Н, Т.Б нар одоогоос 3, 4 жилийн өмнө Д аймаг руу отроор явсан. Одоо тэндээ хувийн малаа малладаг. Б.Н, Т.Б нар отроор явахаасаа өмнө А аймгийн Х сумын Х багт Х гэх газар нутаглаж хувийн малаа маллаж байсан. Б.Н, Т.Б нар 1993 онд А аймгийн Х сумын Х багт гэр бүл болж, 1993 оноос 2020, 2021 он хүртэлх хугацаанд тасралтгүй хувийн малаа малласан хүмүүс. Манайх А аймгийн Х сумын Х багт Т.Бынхаас 1,2 км-ийн зайтай нутаглаж байсан” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр Б.Нын А аймгийн Х суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний хугацаанд мал маллаж байсан нь тогтоогдож байна.

 

Иймд Б.Нын А аймгийн Х суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 01 сарын 31-ний хугацаанд мал маллаж байснаа тогтоолгох хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

                                                                                                     

                                                                        ТОГТООХ нь:                                   

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.14-т зааснаар Ж овгийн Б.Нын А аймгийн Х суманд 1995 оны 01 сарын 01-ний өдрөөс 2000 оны 12 сарын 31-ний хугацаанд мал маллаж байсныг тогтоосугай.  

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

           3. Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Д.БАЙГАЛМАА