| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 129/2024/00446/И |
| Дугаар | 129/ШШ2024/00443 |
| Огноо | 2024-10-02 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 02 өдөр
Дугаар 129/ШШ2024/00443
| 2024 оны 10 сарын 02 өдөр | Дугаар 129/ШШ2024/00443 | Архангай аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Б овогт Ц.Ж
Нэхэмжлэлийн шаардлага: Ажиллаж байсан байдал тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Хүсэлт гаргагч Ц.Ж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.Ж нь ажиллаж байсан байдал тогтоолгох нэхэмжлэл гаргасан.
Хүсэлт гаргагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
- Би 1983 оны 6 сарын 13-ны өдрөөс 1986 оны 6 сарын 09-ний өдрийг хүртэлх хугацаанд цэргийн алба хаасан. Цэргээс халагдаж ирээд 1986 оны 10 сарын 15-ны өдрөөс 1993 оны 1 сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд А аймгийн БУК, трест, Г пүүст тасралтгүй ажиллаж байсан ба энэ байдлыг бичсэн хөдөлмөрийн дэвтэр, архивын лавлагаа, нийгмийн даатгал бөглүүлсэн дэвтэр байгаа боловч ажилласан жил орохгүй хохироход хүрээд байна. Миний өндөр насны тэтгэвэрт гарах нас болсон. Тэтгэврээ тогтоолгох гэтэл ажилласан жилийн баримт гарч ирэхгүй байгаа учир Нийгмийн даатгалын газраас ажилласан жилээ шүүхээр тогтоолго гэсний дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгох авах зорилгоор шүүхэд хандаж ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан. Иймд миний А аймгийн БУК, трест, Г пүүс, компанид 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 1991 оны 01 сарын 01 хүртэл, А аймгийн Г пүүс, компанид слесариар 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 сар хүртэл ажилчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.
2. Хүсэлт гаргагчаас:
- 201361 дугаар хөдөлмөрийн дэвтэр
- Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 7 сарын 07-ны өдрийн 08/2693 тоот лавлагаа
- А аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 18-ны өдрийн 645 тоот, 644 тоот тодорхойлолт, лавлагаа
- А аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Улсын барилгын хорооны харъяа МХЗЭ-ийн төв хорооны алтан медальт А аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 8 сарын 24-ний өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 225 тоот тушаал, тушаалын хавсралт, Улсын барилгын хорооны харъяа МХЗЭ-ийн төв хорооны алтан медальт А аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1990 оны 1 сарын 19-ний “ээлжийн амралт олгох тухай” 5 тоот тушаал, тушаалын хавсралт, А аймгийн барилгын Г пүүсийн захирлын 1992 оны 10 сарын 06-ны өдрийн “Орон тоо, цалинг өөрчлөн батлах тухай” 82 тоот тушаал, тушаалын хавсралт зэрэг баримтыг шүүхэд гаргаж өгсөн.
3. Хүсэлт гаргагч Ц.Жы хүсэлтээр Л.Т, Т.Ө нараас авсан гэрчийн мэдүүлгийг шүүх бүрдүүлсэн.
4. Шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.6, 123 дугаар зүйлийн 123.1-д заасны дагуу
- 1988 оны 11 сарын 13-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, 1986 оны 2 сарын 28-ны өдрийн анх иргэний паспорт авсан маягт-1 /А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/
- нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 сарын 01-ний өдрийн 01/630 тоот лавлагаа
- хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 8 сарын 06-ны өдрийн 03-02/4321 тоот лавлагаа/ зэрэг нотлох баримтыг бүрдүүлжээ.
Шүүх зохигчийн тайлбар, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1. Хүсэлт гаргагч Ц.Жы А аймгийн БУК, трестэд слесариар 1986 оны 10 сарын 15-ны өдрөөс 1991 оны 1 сарын 01-ний өдөр хүртэл, А аймгийн Г пүүс, ХК-д ажилчнаар 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарыг хүртэл ажиллаж байснаа тогтоолгох хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэлээ.
2. Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлагыг хангасан 201361 дугаар хөдөлмөрийн дэвтэр, Тагнуулын ерөнхий газрын тусгай архивын 2023 оны 7 сарын 07-ны өдрийн 08/2693 тоот лавлагаа, А аймгийн Архивын тасгийн 2024 оны 7 сарын 18-ны өдрийн 645 тоот, 644 тоот тодорхойлолт, А аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Улсын барилгын хорооны харъяа МХЗЭ-ийн төв хорооны алтан медальт А аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 8 сарын 24-ний өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 225 тоот тушаал, тушаалын хавсралт, Улсын барилгын хорооны харъяа МХЗЭ-ийн төв хорооны алтан медальт А аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1990 оны 1 сарын “ээлжийн амралт олгох тухай” 5 тоот тушаал, тушаалын хавсралт, А аймгийн барилгын Г пүүсийн захирлын 1992 оны 10 сарын 06-ны өдрийн “Орон тоо, цалинг өөрчлөн батлах тухай” 82 тоот тушаал, тушаалын хавсралт, 1988 оны 11 сарын 13-ны өдрийн хүн амын регистрийн ХААТР-1 маягт, 1986 оны 2 сарын 28-ны өдрийн анх иргэний паспорт авсан маягт-1 /А аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн лавлагаа/, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулсан, тэтгэвэр тогтоолгосон эсэх талаарх А аймгийн Нийгмийн даатгалын газрын 2024 оны 8 сарын 01-ний өдрийн 01/630 тоот лавлагаа, хүн ам, орон сууцны 1989 оны тооллого /Үндэсний төв архивын 2024 оны 8 сарын 06-ны өдрийн 03-02/4321 тоот лавлагаа/, худал мэдүүлэг өгвөл хариуцлага хүлээлгэх хуулийн зүйл, заалттай танилцаж, үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж баталгаа гаргасан гэрч Л.Т, Т.Ө нарын мэдүүлгээр дараах үйл баримт тогтоогдож байна.
3. Хүсэлт гаргагч А аймгийн БУК, трестэд слесариар 1986 оны 10 сарын 15-ны өдрөөс 1991 оны 1 сарын 01-ний өдөр хүртэл, А аймгийн Г пүүс, ХК-д ажилчнаар 1991 оны 1 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарыг хүртэл ажиллаж байсан нь ажиллаж байсан нь: А аймгийн Архивын тасгийн лавлагаа болох Ц.Ж-ны Барилга угсралт конторын будагчнаар ажиллаж байсан үеийн цалингийн тодорхойлолтод 1988 оны 2, 3 сарын ажилласан хоног, авсан цалин бичилттэй, “1. Ажилчдын 9 сарын амралтыг хавсралт хуваарилсан дагуу 9 сарын 01-ний өдрөөс эхлэн олгосугай, ... хавсралт нэрсийн жагсаалтад Э-ын бригад Ж, ш/будагчин” гэсэн Улсын барилгын хорооны харъяа МХЗЭ-ийн төв хорооны алтан медальт А аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 8 сарын 24-ний өдрийн “ээлжийн амралт олгох тухай” 225 тоот тушаал, “1. Трестийн ИТА-н ажилчин албан хаагчдын 1-р сарын ээлжийн амралтыг 1 сарын 15-ны өдрөөс эхлэн хавсралтын дагуу олгосугай, хавсралт нэрсийн жагсаалтад Х-ын бригадаас ... 4.Ц.Ж, амрах хоног 26” гэсэн Улсын барилгын хорооны харъяа МХЗЭ-ийн төв хорооны алтан медальт А аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1990 оны 1 сарын 19-ний “ээлжийн амралт олгох тухай” 5 тоот тушаал, 1. Барилгын Гурван тамир хувьцаат компанийн захиргааны аппаратын орон тоо, сарын цалинг 1 хавсралтаар, бригадуудын ИТА, ажилчдыг II хавсралтаар, 1992 оны 10 сарын 10-ны өдрөөс эхлэн ажлаас чөлөөлөгдөж байгаа ИТА, ажилчдыг III хавсралтаар, захиргааны болон ИТА-ыг ажлын үр дүнгээр нь цалинжуулах хувийн IV хавсралтаар тус тус баталсугай, хавсралт нэрсийн жагсаалт Л.Х-ын бригад 11-т Ц.Ж, слесарь” гэсэн А аймгийн барилгын Г пүүсийн захирлын 1992 оны 10 сарын 06-ны өдрийн “Орон тоо, цалинг өөрчлөн батлах тухай” 82 тоот тушаал, “Барилга угсралтын конторын даргын 1986 оны 10 сарын 24-ний өдрийн 280 тоот тушаалаар, 1986 оны 10 дугаар сарын 15-ны өдөр барилга угсралтын бригадад туслах ажилчнаар ажиллуулав, А аймгийн Барилга угсралтын Г пүүсийн захирлын 1991 оны 1 сарын 16-ны өдрийн 15 тоот тушаалаар, 1991 оны 01 сарын 01-ний өдөр Байгууллагын зохион байгуулалтыг өөрчилсөн тул пүүсийн харъяа цахилгаан сантехник засварын ангид сантехникчийн слесариар шилжүүлэн ажиллуулав, А аймгийн Барилга угсралтын Г пүүсийн захирлын 1992 оны 10 сарын 06-ны өдрийн 82 тоот тушаалаар 1992 оны 10 сарын 30-ны өдөр байгууллагын бүтцийг өөрчилж пүүсийн харъяа цахилгаан сантехник засварын ангийг татан буулгаж, пүүсийн сантехникийн слесариар шилжүүлэн ажиллуулав” гэсэн бичилттэй хүсэлт гаргагчийн 201361 дугаар хөдөлмөрийн дэвтэр, “Ц.Ж, ажилладаг байгууллага-барилга угсралтын трест, ажилд орсон он-1986, эрхэлдэг ажил-нормчин, эрхэлж эхэлсэн он-1986, Ц хот” гэж бүртгэгдсэн хүсэлт гаргагчийн 1988 оны 11 сарын 13-ны өдрийн регистрийн ХААТР-1 маягт, “хүн ам, орон сууцны 1989 оны тооллогоор А, Ц хотод оршин суугч Ц.Ж, эгч/ах/дүү, нас-24, эрэгтэй, эрхэлдэг ажил-барилгад нормчин” гэж тоологдсон Үндэсний төв архивын 2024 оны 8 сарын 06-ны өдрийн 03-02/4321 тоот лавлагаа, гэрч Л.Т-гийн “Намайг А аймгийн БУК, трестэд 1988 онд ажилд ороход Ц.Ж тус байгууллагад сантехникчээр ажиллаж байсан. Би ажилд орсон үеэсээ Ц.Ж-тай хамт А аймгийн БУК, трестэд сантехникийн бригадад слесариар 1991 он хүртэл ажилласан. Барилга угсралтын трест 1991 он хувьчлагдаж Г пүүс, компани болоход бид хоёр Г пүүс, компанид слесариар үргэлжүүлэн ажиллаж 1995 он хүртэлх хугацаанд тасралтгүй хамт ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Т.Ө-ын “Намайг А аймгийн БУК, трестэд слесариар ажиллаж байх үед Ц.Ж тус байгууллагад слесариар 1987 онд орж байсан юм. Барилга угсралтын трест хувьчлагдаад Г пүүс, компани болж байсан. Барилга угсралтын трест хувьчлагдаад Г пүүс, компани болж байсан. Тэгэхэд Ц.Ж бид хоёр үргэлжлүүлээд Г пүүс, компанид ажилласан. Би Ц.Ж-тай хамт А аймгийн БУК, трестэд сантехникийн бригадад слесариар 1987-1991 он хүртэл, А аймгийн Г пүүс, компанид слесариар 1991-1995 он хүртэлх хугацаанд тасралтгүй хамт ажиллаж байсан” гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбараар тогтоогдож байна.
Иймд Ц.Жы А аймгийн БУК, трестэд слесариар 1986 оны 10 сарын 15-ны өдрөөс 1991 оны 1 сарын 01-ний өдөр хүртэл, А аймгийн Г пүүс, ХК-д ажилчнаар 1991 оны 1 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сарыг хүртэл тус тус ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Б овгийн Ц.Ж-ны
- А аймгийн БУК, трестэд слесариар 1986 оны 10 сарын 15-ны өдрөөс 1991 оны 1 сарын 01-ний өдөр хүртэл,
- А аймгийн Г пүүс, ХК-д ажилчнаар 1991 оны 01 сарын 01-ний өдрөөс 1992 оны 10 дугаар сар хүртэл ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
3. Зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАЙГАЛМАА