| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 1706018910137 |
| Дугаар | 2017/ДШМ/903 |
| Огноо | 2017-12-14 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | С.Солонго |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2017/ДШМ/903
Э.Б, С.М нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор С.Солонго,
Шүүгдэгч Э.Б, С.М нарын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ,
Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Чингис даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 632 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор С.Солонгын бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 43 дугаартай эсэргүүцлээр Э.Б, С.М нарт холбогдох эрүүгийн 1706018910137 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. ...... овогт Э.Б, .............................. өдөр ................................ төрсөн, .... настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ах, эгчийн хамт .................................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......../;
2. ....... овогт С.М, ....................................... өдөр .............................. төрсөн, ..... настай, эрэгтэй, дээд боловсролтой, эмнэлгийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжилтэй, “................... ажилтай, ам бүл 5, эцэг, эх, дүү, хүүхдийн хамт ........................... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: ......../.
Э.Б, С.М нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн ......дүгээр хороо, Газарчингийн .... тоот нийтийн байрны гадаа иргэн Б.Өын “Самсунг галакси эс-5” загварын гар утас, савхин куртик зэргийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Б, С.М нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Харчин овогт Сосорбарамын Мөнх-Эрдэнэ, Чадраа овогт Энхтогтохын Билгүүн нарыг бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч Э.Б, С.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус бүрийг 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Э.Б, С.М нарт тус бүр оногдуулсан 1 жилийн хорих ялыг тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар Э.Б, С.М нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд тодорхой ажил, үүрэг гүйцэтгэх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж, Э.Б, С.М нар нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулахыг дурьдаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Э.Б, С.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Прокурор С.Солонго бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан. Мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг 5 жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан. 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 632 дугаартай шийтгэх тогтоолоор Э.Б, С.М нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөнгөн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон атлаа 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна. Иймд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 632 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан учраас хэвээр үлдээх саналтай байна. Гэхдээ улсын яллагчаас, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын хувьд хууль хэрэглээнд нэгдсэн ойлголт төрүүлэхээр жишиг тогтоох зорилгоор эсэргүүцэл бичээд байх шиг байна. Тиймээс хэрвээ прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэлтэй гэж үзвэл хэргийг шүүхэд буцаахгүйгээр өөрчлөлт оруулж өгнө үү. ...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх С.М, Э.Б нарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын бичсэн эсэргүүцэлд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болж чадаагүй байна гэж үзэв.
Хохирогч Б.Ө “...үл таних 2 залуу ахын дүү утсаараа ганц яриулчих гэхээр нь утасаа өгтөл миний утсаар ярингаа доошоогоо алхаад яваад өгсөн. Тэгэхэд надтай хамт үлдсэн нь намайг дагуулж араас нь алхаж байснаа “ах нь даараад байна. Куртикээ өгчих” гэхээр нь би “үгүй” гэтэл “би даараад байна, наадахаа тайл” гэж зандрахаар нь би айгаад өмсөж явсан савхин куртикээ өгсөн. ...Намайг цохиж зодоогүй. Хэл амаараа намайг “би чамайг яавал ч яана, би эндэхийн атаман нь” гэх зэргээр айлган сүрдүүлсэн. ...” /Хавтаст хэргийн 9-10 дугаар хуудас/,
С.М-ийн яллагдагчаар “...Хохирогч Өсөхжаргал замаар дээш өгсөж байхаар нь Билгүүнээ бид 2 очоод би эхлээд “гар утсаар чинь нэг ярьчихъя” гэтэл Өсөхжаргал “тэг тэг” гээд утсаа өгсөн. Гэтэл Билгүүнээ хажуугаас “даараад байна. Түр өмсөөд өгье, куртикээ өгчих” гэтэл Өсөхжаргал Билгүүнээд куртикээ өгсөн. Билгүүнээ куртикийг нь өмсөөд дээш өгсөөд яваад өгсөн. ...” /Хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас/,
Э.Бийн яллагдагчаар “...Би куртикыг нь авахдаа “чи наад куртикээ өгөөтөхөө” гэж жаахан дарамтлах маягаар хэлээд авсан. Намайг куртикийг нь авахад С.М хажууд нь байсан. Гэхдээ ямар нэг зүйл яриагүй. ...” /Хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/ гэсэн мэдүүлэг тус тус өгчээ.
Дээрх мэдүүлгүүдээс үзэхэд, С.М, Э.Б нар нь Б.Өын гар утасыг авахдаа айлган сүрдүүлээгүй боловч куртикийг авахдаа болон түр хэрэглээд өгөхөөр авсан гар утасыг буцаан өгөхгүйгээр авч яавахдаа айлган сүрдүүлсэн нөхцөл байдал байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан бол ...” гэж, 2 дахь хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон ...” гэж тус тус заажээ.
Эрүүгийн хуулийн дээрх зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан” гэдэгт ямар ойлголтыг, 2 дахь хэсэгт заасан “хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон” гэдэгт ямар ойлголтыг тус тус хамааруулан авч үзэж, тайлбарлахаас хэргийн зүйлчлэл хамаарч байна.
Иймд С.М, Э.Б нарын дээрх үйлдэл нь хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авах, эсхүл хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж довтолсон байдалд хамаарах уу гэдэгт бодитой дүгнэлт хийх нь зүйтэй.
Яллах дүгнэлтэд, “Э.Б, С.М нар нь бүлэглэн 2017 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн .... дүгээр хороо, ........ тоот нийтийн байрны гадаа иргэн Б.Өын “Самсунг галакси эс-5” загварын гар утас, савхин куртик зэргийг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогдсон” гэжээ.
Яллах дүгнэлтэд хэргийн үйл баримтыг тогтоосон байдлаас үзэхэд, хэн нь хэрхэн, яаж, хэний ямар эд зүйлийг авсан, ямар байдлаар бүлэглэсэн зэрэг нөхцөл байдал тодорхой биш байх бөгөөд хохирогч, яллагдагч нарын мэдүүлгийг хэрхэн дүгнэж яллах дүгнэлтэд тусгасан нь тодорхой биш байна.
С.М, Э.Б нарыг яллагдагчаар татахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлд заасан “ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх”, 7.6 дугаар зүйлд заасан “өмгөөлөгчтэй харилцах”, 7.7 дугаар зүйлд заасан “гомдол, хүсэлт гаргах” эрхүүдийг тус тус тайлбарлан өгч, эдгээр эрхийг нь эдлүүлсэн эсэх талаар нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн эсэхэд дүгнэлт өгөх нь зүйтэй.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 1.3 дахь хэсэгт заасныг үндэслэн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 632 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.М, Э.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг мөн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Прокурорын эсэргүүцэлд заагаагүй үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан тул прокурор С.Солонгын бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 43 дугаартай эсэргүүцэлд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Анхан шатны шүүх С.М, Э.Б нарт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үндэслэл, журмын дагуу шүүхийн урьдчилан хэлэлцүүлгээр хэлэлцэж, хэргийг прокурорт буцаах эсэхийг хянан шийдвэрлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ял оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгч нарт хорих ял оногдуулж, улмаар тэнссэн нь хууль хэрэглээний хувьд буруу болсныг дурдаж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 632 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.М, Э.Б нарт холбогдох эрүүгийн хэрэгт шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулахаар мөн шүүхэд буцаасугай.
2. Хэрэг шүүхэд очтол С.М, Э.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Т.ӨСӨХБАЯР