Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Лхагвадуламын Батбаатар |
Хэргийн индекс | 128/2022/0937/З |
Дугаар | 128/ШШ2023/0722 |
Огноо | 2023-09-27 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 128/ШШ2023/0722
2023 оны 09 сарын 27 өдөр | Дугаар 128/ШШ2023/0722
| Улаанбаатар хот
|
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Батбаатар даргалж, тус шүүхийн хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: В.А,
Хариуцагч: Байгаль орчин аялал жуулчлалын сайд
Гуравдагч этгээд: М ХХК нарын хоорондын маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Х нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага:
1.1. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгуулах тухай ***дугаар тушаалын В.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсон болно.
Хоёр. Маргаан бүхий үйл баримтын талаар дурдвал:
2.1.Анх Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаар тушаалаар иргэн В.Ат Налайх дүүрэг, Горхи тэрэлжийн байгалийн цогцолборт газрын Эрээний эх хэмээх газарт аялал жуулчлалын зориулалтаар 1.0 га талбай бүхий газрыг 5 жилийн хугацаатай эзэмшүүлж,[1][1] тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ олгожээ.[2][2]
2.2.Харин хавтас хэрэгт газар эзэмших эрхийг гэрчилгээний хугацааг сунгасан Байгаль орчин аялал жуулчлалын сайдын тушаал байхгүй боловч нэхэмжлэгч В.Ат олгосон Улсын тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглах *** тоот гэрчилгээний хавсралтад 2012 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргын газар эзэмших хугацааг 5 жилээр сунгасан тухай тэмдэглэгээ тэмдэглэгдсэн.
2.3.Мөн Байгаль орчин аялал жуулчлалын сайд 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар тушаал гарган зөвхөн В.Аийн газар ашиглах эрхийн хугацааг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл 5 жилээр сунгасан үйл баримт байна[3][3].
2.4.Нэхэмжлэгчийн хувьд Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газрын даргатай Улсын тусгай хамгаалалттай газрын нутаг дэвсгэрт газар ашиглах тухай гэрээг[4][4] 5 жилийн хугацаатайгаар 2008 оны 01 дүгээр сарын 17-нд, 2015 оны 10 дугаар сарын 02-нд, 2020 оны 11 дүгээр сарын 10-нд тус тус байгуулсан байна[5][5]
2.5.Гэвч иргэн В.Аийг ...газар ашиглах эрх авсан боловч газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй, ойн сан бүхий газартай давхцалтай... гэж буруутган Байгаль орчин аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн ***дугаар тушаалаар түүний газар ашиглах эрхийг хүчингүй болгожээ[6][6].
2.6.Энэхүү шийдвэрийг иргэн В.А эс зөвшөөрч тус шүүхэд нэхэмжлэл гаргасныг шүүх хүлээн авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан болно.
Гурав. Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгчийн тайлбар, түүний үндэслэл:
3.1. Нэхэмжлэгч В.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие иргэн В.А нь 2007 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн "Монгол Улсын Тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах" *** дүгээр гэрчилгээний үндсэн дээр Горхи-Тэрэлжийн тусгай хамгаалалттай газар нутгийн "" нэртэй байршилд 1,0 га талбай бүхий газрыг ашигласаар ирсэн билээ.
Энэхүү газрыг ашиглаж байх хугацаандаа холбогдох хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд хууль журмын дагуу ашиглаж, жил бүр газар ашиглах гэрээгээ дүгнүүлсний үндсэн дээр газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгуулсаар ирсэн.
Улмаар цаг үеийн нөхцөл байдал буюу Ковид-19 цар тахал болон эдийн засгийн хямралын улмаас миний бие тодорхой хугацаанд газрын төлбөрийг тасалдуулсан ч Байгаль орчин, аялал жуулчлалын яамны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ***дугаар албан бичгээр энэхүү зөрчлийг арилгах талаар сануулсан ба үүний дагуу газрын төлбөрийг төлж, тухайн газар дээрээ аялал жуулчлалын зориулалттай барилгын ажлыг эхлүүлж, дээрх зөрчлийг арилгасан.
...Миний газар ашиглах эрхийг цуцлахдаа бодит нөхцөл шаардлага байсан эсэхийг баримтаар урьдчилж тогтоогоогүй, шийдвэр гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй байхад надад урьдчилан мэдэгдэж, тайлбар гаргах боломжоор хангаагүй.
Өмнө эрх бүхий байгууллагаас миний ашиглаж буй газрыг ямар нэг байдлаар Ойн сан бүхий газартай давхцалтай гэх мэдээллийг өгч байгаагүй ба газрыг цуцлахдаа дээрх үндэслэлийг нэмж оруулсанд гайхаж байна.
Иймд дээрх байдлыг харгалзан үзэж, маргаан бүхий сайдын тушаалыг хүчингүй болгож, иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү..." гэжээ.
3.2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хавтаст хэрэгтэй танилцахад газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлтэй холбоотой 2 фото зургийг хавсарган өгсөн. Тус фото зураг нотлох баримтын шаардлага хангаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Хэрвээ маргаан бүхий газар үзлэг хийсэн бол тухайн зурагтай холбоотой тайлбар, тэмдэглэл хөтлөх байсан.
Хариуцагч хариу тайлбартаа Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-т заасан тайлбарыг иш татан тайлбарласан. Тухайн тайлбарт гэрээ хийгдсэнээс хойш хуанлин бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газартаа гэрээнд заасан нөхцөл болзлын дагуу ашиглаагүй байхыг хэлнэ гэж заасан байдаг.
Нэхэмжлэгч нь захиргаатай 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр газар эзэмших гэрээг шинэчлэн байгуулсан.
Гэтэл хариуцагчийн зүгээс хуанлин бүтэн 2 жилийн хугацаа дуусаагүй байхад нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийг хүчингүй болгосон үндэслэлгүй.
Нэхэмжлэгч уг газраа дулааны улиралд гэр кемп барьж ашигладаг байсан.
...Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан зохицуулалтыг ямар тохиолдолд хэрэглэж байна вэ гэх юм бол газрын төлбөрийг огт төлж байгаагүй эсхүл газрын төлбөрийг урт хугацаанд төлөөгүй тохиолдолд энэ зохицуулалтыг хэрэглэж байна гэж үзэж байна.
Иймд 2022 оны 1, 2 дугаар улиралд газрын төлбөрийг төлөөгүй гэдэг үндэслэлээр нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн эрхийг цуцалж байгаа нь Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.3-д газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга, ёс тэгш байдлыг хангана гэж заасан зарчим хангагдахгүй байна.
...Нэхэмжлэгчийн газар ойн сан бүхий газартай давхцалтай гэдгийг маргаан бүхий сайдын тушаал гарсны дараа мэдсэн. Хэрвээ энэ талаар өмнө нь манайд мэдэгдсэн бол ойн сан бүхий гар давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах эсвэл газрыг шилжүүлэх байдлаар асуудлыг шийдэх бүрэн боломжтой байсан... гэв.
3.3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Нэхэмжлэгч нь газрын төлбөрийг Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасны дагуу хугацаанд нь төлбөрөө төлөөгүй бөгөөд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 15 жил дараалан ашиглаагүй. Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны Газрын тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай 15 дугаар тогтоолын 1.10-д "Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан.... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр..." гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно", "Мөн зүйл, хэсэгт заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэдгийг газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно" гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч энэ талаарх холбогдох нотлох баримтыг Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд ирүүлээгүй байдаг.
Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6 дахь заалтуудыг тус тус үндэслэн Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн *** тоот албан бичиг, 2022 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн *** тоот албан бичгээр ирүүлсэн газар ашиглах эрхийг дуусгавар болгох санал зэргээр нэхэмжлэгчийн газраа ашиглаагүй нь нотлогдож байна.
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 30 дугаар зүйлд заасны дагуу тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх хууль тогтоомж, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын биелэлтийг хангуулах, зөвшөөрөл авсан байгууллагатай гэрээ байгуулах, тухайн газар нутгийн хамгаалалтын горимын хүрээнд явуулж болох үйл ажиллагаанд зөвшөөрөл олгох, хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлдэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа байгууллага юм. Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг яам болон Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт гарын хамгаалалтын захиргаа хийсэн болно.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн "Газар ашиглах эрхийг хүчингүй болгох тухай" ***дугаар тушаал нь хууль зүйн үндэслэлтэй тушаал байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү..." гэжээ.
3.4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...В.Ат Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2007 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А*** дүгээр тушаалаар 5 жилийн хугацаагаар ашиглах эрх олгосон. Мөн ондоо газар ашиглах тухай гэрээг байгуулсан байдаг. Үүнээс хойш газар ашиглах эрхийг нэг удаа сунгасан. Нэхэмжлэгч бүтэн 7 жилийн хугацаанд тухайн газар зориулалтын дагуу ашиглаагүй байсан. Энэ нөхцөл байдал нь хэрэгт авагдах Хамгаалалтын захиргаанаас тухайн газар дээр бодит нөхцөл байдлыг тогтоохоор авсан гэрэл зургаар нотлогдож байгаа юм. Газрын төлбөр төлөөгүй талаар сая нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарласан. Газрын төлбөрийг Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5-д газрын төлбөрийг улиралд ноогдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлнө гэж заасан.
Нэхэмжлэгч нь гэрээ болон хуульд заасны дагуу төлбөрөө зохих хугацаанд төлөөгүй учраас Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д заасан үндэслэл бий болсон гэж үзэж байгаа.
Нэхэмжлэгчийн газар нь ойн сан бүхий газартай давхцалтай гэдэг нь гэрэл зургаар нотлогдож байгаа. Иймд маргаан бүхий тушаал нь үндэслэлтэй гэж үзэж байна.
...Хавтаст хэрэгт авагдсан 2022 оны 08 дугаар сарын 04-ны өдөр Хамгаалалтын захиргааны авсан фото зураг байгаа. Нэхэмжлэгч талаас зуны улиралд гэр кемп ажиллуулдаг гэж тайлбарладаг боловч Хамгаалалтын захиргаа зуны улиралд тус зургийг авсан байдаг. Иймд газраа 2 жил дараалан зориулалтын дагуу ашиглаагүй болох нь үүгээр нотлогдож байгаа юм... гэв.
3.5. Гуравдагч этгээд "М" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ...Тус газрыг аялал жуулчлал болон амралтын зориулалтай ашиглаж байсан бөгөөд гуравдагч этгээд "М" ХХК-ийн хувьд нэлээдгүй хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн.
Мөн энэхүү газрыг ашиглаж байх хугацаандаа холбогдох хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулж байгаагүй бөгөөд хууль журмын дагуу ашиглаж жил бүр газар ашиглах гэрээгээ дүгнүүлсний үндсэн дээр газар ашиглах гэрчилгээний хугацааг сунгуулсаар ирсэн.
Улмаар цаг үеийн нөхцөл байдлаас болоод нэхэмжлэгч нь газрын толбор тасалдуулсан гэж гуравдагч этгээд мэдэгдсэн.
Хэдий зөрчил гаргасантай холбогдуулан газрын төлбөрийг төлж, тухайн газар дээрээ аялал жуулчлалын зориулалттай барилгын ажлыг бид эхлүүлсэн. Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас ***дүгээр мэдэгдлийг ирүүлсэн уг мэдэгдэлд Газрын тухай хууль болон Байгаль орчин аялал жуулчлалын сайдын ***дугаар тушаалын дагуу газар ашиглах эрх хүчингүй болгосон. Гэтэл бид ***дугаар мэдэгдэлд дурдсан зөрчлийг арилгасан байхад газар ашиглах эрхийг цуцалсан нь бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах тусгай зарчим алдагдсан гэж үзэж байна.
Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн "Газар ашиглах эрхийг цуцалж, хүчингүй болгох тухай" ***дугаар тушаалыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1-д заасны дагуу хүчингүй болгож өгнө үү..." гэжээ.
3.6. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ц.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...М ХХК нь иргэн В.Атай 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр аялал жуулчлалын зориулалттай газар ашиглах эрхийн гэрчилгээ буюу аялал жуулчлалын зориулалттай газрыг үндэслэж хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан байдаг. Уг хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа М ХХК нь тухайн газар дээр аялал жуулчлалын цогцолборыг барьж, байгуулах зориулалттайгаар мөнгөн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Уг цогцолбороо барихаар бэлтгэл ажлуудыг хийж, үйл ажиллагаагаа эхлүүлэхээр төлөвлөж байсан. Гэтэл 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын *** дугаар тушаалаар иргэн В.Аийн газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон байна. Тухайн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулах явцад иргэн В.А нь Тусгай хамгаалалттай бүс нутгийн удирдлагын газартай 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл газар ашиглах гэрээг байгуулсан байдаг ба мөн 2021 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар газрын ямар нэгэн газрын төлбөр төлөгдөөгүй гэх асуудал байгаагүй. Нэхэмжлэгчийн газар ашиглах эрхийн гэрчилгээ хүчингүй болсонтой холбоотойгоор М ХХК-ийн төлөвлөж байсан үйл ажиллагаа зогссон. Дээрх нөхцөл байдлаас үүдэн М ХХК-ийн хууль ёсны эрх ашиг сонирхол хөндөгдөж байна. Сайдын тушаалын үндэслэлүүд нь иргэн В.Аийн газар эзэмших эрхийг зөрчиж гарсан учраас давхар М ХХК-ийн эрх ашиг сонирхлыг хөндөж байна... гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Дөрөв: Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд:
4.1.Шүүх нэхэмжлэгч, хариуцагч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
4.2.Газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тухайд:
4.2.1.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5-д эрхийн гэрчилгээ эзэмшигч газрын төлбөрөө хугацаанд нь бүрэн төлөөгүй тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гэжээ.
4.2.2.Газрын тухай хуулийн 7 дугаар зүйл, 45 дугаар зүйлийн 45.1-д Газар ашиглагч нь энэ хуулийн 35.1.1, 35.1.2, 35.1.5, 35.3.1-35.3.5-д заасан болон бусад хууль тогтоомжид заасан эрх эдэлж, үүрэг хүлээнэ, 35 дугаар зүйлийн 35.3.1-д газар эзэмших гэрээнд заасан нөхцөл, болзлыг биелүүлэх, 35.3.3-т газрын төлбөрийг тогтоосон хугацаанд төлөх, Газрын төлбөрийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Газрын төлбөрийг газар эзэмших, ашиглах эрхийг улсын бүртгэлд бүртгэгдсэн буюу Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9.11-д заасан дундын мэдээллийн санд улсын бүртгэлийн дугаарыг оруулсан өдрөөс эхлэн тооцно, 2 дахь хэсэгт Газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан газрын жилийн төлбөрийг ногдуулж тухайн оны 02 дугаар сарын 10-ны дотор татварын албанд хүргүүлнэ, 3 дахь хэсэгт Эрхийн улсын бүртгэлд газар эзэмших, ашиглах эрх шинээр бүртгэгдсэн бол газрын төлбөрийн асуудал эрхэлсэн байгууллага /албан тушаалтан/ тухайн жилд ногдох газрын төлбөрийн хэмжээг хувь тэнцүүлэн ногдуулж 10 хоногийн дотор татварын албанд хүргүүлнэ, 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт 5.Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх бөгөөд дараа улирлуудын төлбөрийг урьдчилан төлж болно гэж тус тус зохицуулсан, мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд тусгай хамгаалалттай газар нутагт газар ашиглаж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь Газрын тухай хуулийн 45 дугаар зүйлд заасан эрх эдэлж, үүрэг хүлээхийг тодорхой заажээ.
4.2.3.Мөн Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 2 дахь хэсгийн 2-т заасны дагуу сүүлийн байдлаар 2020 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр иргэн В.А нь Горхи-Тэрэлжийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны дарга, Налайх дүүргийн Засаг даргатай *** дугаар бүхий газар ашиглах гэрээг 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийг хүртэл байгуулж, уг гэрээнд төлбөрийн хэмжээ, төлбөр төлөх аргыг тодорхой тусгасан, дээрх хуульд зааснаар нэхэмжлэгч нь газрын төлбөрийг төлөх үүрэгтэй байжээ.
4.2.4.Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар тушаалаар нэхэмжлэгч В.Аийн газар ашиглах эрхийг сунгахдаа Газрын төлбөрийн тухай хуулийн дагуу ногдуулсан төлбөрийг хугацаанд нь төсөвт төлөх, ...зориулалтын дагуу ашиглахыг анхааруулсаар атал тэрээр *** дугаар гэрээний хоёр дахь хэсгийн в-д Газрын төлбөрийг тэнцүү хэмжээгээр улирал бүрийн эхний сарын 25-ны дотор, /хугацаандаа төлсөн байх/, Газрын төлбөрийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт Газрын төлбөр төлөгч жилийн төлбөрийг тэнцүү хэмжээгээр хуваан улиралд ногдох төлбөрийг дараа сарын 20-ны өдрийн дотор төлөх... газар эзэмшигчийн үүргээ биелүүлээгүй байна.
4.2.5.Өөрөөр хэлбэл уг гэрээг байгуулсан цагаас эхлэн газар ашиглагчийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй буюу Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.3-д газрын төлбөрийг хуульд заасан хугацаанд төлөх-гүй болох нь хэрэгт авагдсан газрын төлбөрийн тооцоо нийлсэн акт[7][7], Нийслэлийн Налайх дүүргийн газар зохион байгуулалтын албаны 2023 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн *** албан бичиг[8][8], шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...2022 оны 1, 2 дугаар улирлын төлбөрийг төлөөгүй гэдэг нь холбогдох баримтаар нотлогдож байгаа юм. Манай зүгээс юу гэж маргаж байна вэ гэх юм бол газрын төлбөрийг 1, 2 дугаар улиралд төлөөгүй гэдэг нь газар ашиглах эрхийг цуцлах хэмжээний зөрчил биш гэж үзэж байгаа... гэх мэдүүлэг зэргээр тогтоогдлоо.
4.3 Газраа 2 жил дараалан ашиглаагүй тухайд:
4.3.1.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-д газар ашиглах гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг ойлгохоор заасан бөгөөд мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга дараах тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгоно гээд 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэж тус тус заажээ.
4.3.2.Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд эрх бүхий этгээд хуулийн энэ үндэслэлээр газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаангүй нөхцөл байдлыг нягтлан шалгаж тогтоосон байх шаардлагатай.
4.3.3.Хариуцагчаас энэ талаар холбогдох ажиллагааг 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хийсэн болох талаар нотлох баримтыг хэрэгт хавсаргаж ирүүлсэн болно[9][9].
4.3.4.Гэтэл нэхэмжлэгч маргаан бүхий акт гарах хүртэл газрыг зориулалтын дагуу огт ашигласан, ашиглагдаг болох тухай баримтыг шүүхэд ирүүлээгүй.
4.3.5.Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ, 32.2-т Захиргааны хэргийн шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг байгууллага, албан тушаалтан, хүнээс гаргаж өгөхийг шаардах эрхтэй болохын хувьд маргаан бүхий газар дээр аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг эсэх талаар нотлох баримтыг удаа дараа шаардсан[10][10] боловч ач холбогдол бүхий баримтыг гаргаж өгөөгүй.
4.3.6.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс зам засварын ажил хийсэн, гуравдагч этгээдийн төлөөлөгч, өмгөөлөгчөөс газар дээр барилгажилт хийгдсэн хэмээн тайлбарлах боловч энэ талаар баримтыг ирүүлээгүй.
4.3.7.Зөвхөн М ХХК-аас аялал жуулчлалын цогцолбор 2018 онд боловсруулагдсан загвар зураг нотлох баримтаар хэрэгт хавсаргаж өгсөн ба энэхүү зурагт дурдсан үйл ажиллагаа шүүхээс маргаан бүхий газар дээр хийсэн үзлэгээр тогтоогдоогүй болно.
4.3.8.Нэхэмжлэгч анхан шатны шүүхэд хүндэтгэн үзэх шалтгаантай байсан талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, гаргаж өгөх боломжгүй бол эх сурвалжийг нь зааж өгөх, эсхүл гаргуулах талаар хүсэлт гаргах, мөн захиргааны байгууллагын хариу өгөхгүй эс үйлдэхүйтэй маргах эрх нь нээлттэй байсан.
4.3.9.Түүнчлэн хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь бусдаас хамаарахгүй эрх бүхий этгээдийн олгосон хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээнд заасан хэмжээгээр газраа ашиглах боломжтой байсан.
4.3.10.Шүүх зөвхөн нэхэмжлэгчийн зундаа хэдэн гэр барьдаг гэх, гуравдагч этгээдийн их хэмжээний хөрөнгө оруулалт оруулсан гэх аман тайлбараар нэхэмжлэгч өөрийн эзэмшил ашиглалтад байгаа газраа Улсын тусгай хамгаалалттай нутаг дэвсгэрт газар ашиглах гэрчилгээ, гэрээнд заасан аялал жуулчлал-ын зориулалтаар ашиглаж байсан гэж үзэх боломжгүй юм.
4.3.11.Иймд дээрх үндэслэлээр 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн *** дугаар тушаалд дурдсан 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс газраа зориулалтын дагуу 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр В.Аийг газар ашиглах эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагч Байгаль орчин аялал жуулчлалын сайдын шийдвэрийг Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасантай нийцсэн байна гэж үзлээ.
4.4. Ойн сан бүхий газартай давхцалтай талаар:
4.4.1.Хавтас хэрэгт авагдсан Байгаль орчин аялал жуулчлалын яамны 2023 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн дугаар албан бичиг болон газрын байршлын зургаар нэхэмжлэгч В.Ат олгосон газар нь Ойн сантай ... м.кв хэсэгчлэн давхцалтай болох баримтыг шүүхэд ирүүлсэн[11][11].
4.4.2.Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Хуульд өөрөөр заагаагүй бол дараах газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана, 6.2.4-т ойн сан бүхий газар гэжээ.
4.4.3.Шүүхээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...энэ талаар өмнө нь манайд мэдэгдсэн бол ойн сан бүхий гар давхцалтай хэсгийг хүчингүй болгуулах эсвэл газрыг шилжүүлэх байдлаар асуудлыг шийдэх бүрэн боломжтой байсан... гэх тайлбарыг хүлээн авч, В.Ат олгосон газрын ойн сан бүхий газартай хэсэгчилсэн давхцал нь түүнд олгосон газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгох үндэслэл биш гэж дүгнэлээ.
4.5. Бусад
4.5.1.Түүнчлэн Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.2-т Сонсох ажиллагааны талаарх мэдэгдлийг эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд дараах байдлаар хүргүүлнэ: 27.2.1-д хорь буюу түүнээс доош тооны этгээдийг сонсохоор бол мэдэгдлийг этгээд тус бүрд шууд хүргүүлэх; 27.2.2-д хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх-ээр зохицуулжээ.
4.5.2.Дээрх хуульд нийцүүлэн хариуцагчаас маргаан бүхий актыг гаргах гэж буй талаар 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн баасан гарагийн дугаар Өдрийн сонин-д мэдээлсэн[12][12], 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн ***дугаар мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Ю.Ат мэдэгдсэн[13][13] тухай баримтыг шүүхэд ирүүлсэн.
4.5.3.Гэвч нэхэмжлэгч болон гуравдагч этгээдээс энэ тухай эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд мэдэгдээгүй гэж маргах боловч гагцхүү энэ үндэслэлээр маргаан бүхий актыг хүчингүй болгох боломжгүй гэж шүүх үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.3, 40 дүгээр зүйлийн 40.1.5, 40.1.6-д заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2022 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн газар ашиглах эрхийг цуцалж хүчингүй болгуулах тухай ***дугаар тушаалын В.Ат холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч В.Ааас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.БАТБААТАР