Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 129/ШШ2024/00446

 

 

 

 

 

2024 оны 10 сарын 03 өдөр

Дугаар 129/ШШ2024/00446

Архангай аймаг

 

 

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж

  хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Байгалмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: С овогт Б.Ц

Хариуцагч: Б овгийн Б.Б

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид

Нэхэмжлэгч Б.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э

Хариуцагч Б.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хажидсүрэн

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нөхөр Б.Б-тай 2011 онд танилцаж дотносон бидний дундаас 2014 онд охин Б, 2020 онд хүү Б.Б, 2024 онд хүү Б нар төрсөн. Бид албан ёсоор гэр бүлээ батлуулаагүй. Б нь архи ууж, агсан тавьж гэр орноос зайл, би дошин дээрээ байна гэж хөөж тууж элдвээр хэлж байнга гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг. Энэ байдлыг тэсч байхад хэцүү байдаг учир 2024 оны 4 сарын 20-ны өдрөөс эхлэн тусдаа амьдарч байна. Тусдаа амьдрах хугацаанд хүүхдүүдээ эргэж тойрч, бидэнд тусалж дэмжсэн зүйл байхгүй. Цаашид хамт амьдрах ямар ч боломжгүй тул миний бие 3 хүүхдээ өөрийн асрамждаа авч эцгээс нь хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна. Иймд охин Б.Б, хүү Б.Б, хүү Б.Б нарыг Б.Ц миний асрамжид үлдээж, эцэг Б.Б-аас хуульд заасны дагуу тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Б.Ц шүүхэд гаргасан хүсэлтдээ: Би шүүхэд хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргасан. Мөн Б-аас эвлэрч хамт амьдрах талаар ам мөчгийг нь авч, шүүхэд гаргах тайлбарыг нь сонсох хүсэлттэй байна. Би саналыг нь хүлээж аваад нэг удаа уучлаад хамт амьдраад үзье гэсэн саналтай байна гэв.

Хариуцагч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би худлаа хэлэхгүй. Үнэнч шударга байна. Үр хүүхдээ өнчрүүлэхгүй. Өмнө нь гаргаж байсан алдаагаа дахин гаргахгүй. Үүнийг амлаж байна. Би хүүхдийн тэтгэлгээс зайлсхийгээгүй. Би өмнө нь гаргасан алдаагаа ухаарч ойлгож эхнэрээсээ уучлалт гуйж байна. Цаашид хамтран амьдрах саналтай байна гэв.

 

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт болон зохигчийн эвлэрлийг хянан хэлэлцээд

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Ц нь хариуцагч Б.Бд холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нэхэмжлэгч нь ... нэхэмжлэлээс татгалзах эрхтэй гэж заасан.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.Ц нь хүүхдийн асрамж тогтоолгох, хүүхдийн тэтгэлэг гаргуулах нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсан бөгөөд нэхэмжлэгчийн татгалзал нь хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн ашиг сонирхлыг хөндөөгүй учир нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон 

                                            

                                                             ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Б.Бд холбогдуулан гаргасан хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлээсээ татгалзсан нэхэмжлэгч Б.Цын татгалзлыг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

            3. Зохигч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч энэ захирамжид давж заалдах болон хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                       Д.БАЙГАЛМАА