| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Барнямын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00869/И |
| Дугаар | 155/ШШ2024/00928 |
| Огноо | 2024-09-26 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 26 өдөр
Дугаар 155/ШШ2024/00928
| 2024 оны 09 сарын 26 өдөр | Дугаар 155/ШШ2024/00928 | Хөвсгөл аймаг |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Д.Х хүсэлттэй,
Гуравдагч этгээд: Б.Д,
Гуравдагч этгээд: М.М нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцуулах тухай, 155/2024/00869/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Д.Х,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Х нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: Миний бие Д.Х нь 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр охин Ү төрүүлсэн юм. Тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй, оюутан байсан тул охин Ү-г өөрийн төрсөн эцэг, эх болох Б.Д, М.М нарт үрчлүүлсэн. Гэтэл миний бие А овогтой Т-тэй 2020 оноос хойш хамт амьдарч 2022 онд гэрлэлтээ батлуулсан тул охин Үүрийнцолмонгоо өөрөө авах хүсэлтэй байгаа тул үрчлэлтийг хүчингүйд тооцуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Д.Х шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аав маань саяхан осолд орсон болохоор биеэр очиж чадахгүй байгаа. Оюутан байхдаа охиноо төрүүлээд тухайн үедээ аав ээждээ үрчлүүлсэн бөгөөд одоо аав ээж минь хөгшин настай болсон, мөн бид одоо охиноо өөрсдөө авч дүүтэй нь хамт өсгөх нь хүүхдийн минь ирээдүйд хүмүүжил анхаарал халамж тавихад чухал юм байна гэсэн үүднээс охиноо үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож өгнө гэсэн нэхэмжлэлийг гаргасан ...гэв.
Гуравдагч Б.Д, М.М нар шүүхэд ирүүлсэн тайлбартаа: Охин Д.Х-ийн хүсэлттэй, үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай иргэний хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа эцэг Д, эх М бид нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Бидний охин Д.Х нь охин Ү-г 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрүүлсэн бөгөөд тухайн үед тусдаа гараагүй, оюутан байсан учраас бид зээ охин Ү-г үрчилж авсан юм. Одоо бид хоёр нас өндөр болсны дээр Дашренчин миний биеийн эрүүл мэндийн байдал тааруу, эмнэлэгийн хяналтанд байдаг, мөн охин Ү маань аав, ээж, дүүгийн хамт 2024 оноос хойш амьдрах болсон тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгчээс Д.Х-ийн иргэний үнэмлэхийн хуулбар, А.Т, Д.Х нарын гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Х.Ү-ийн төрсний бүртгэлийн лавлагаа, Х.Ү-ийн үрчилсний бүртгэлийн лавлагаа, Д.Ү-ийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Д.Х-ийн оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг,
Гуравдагч этгээд Б.Д, М.М нараас хариу тайлбарыг тус тус шүүхэд гаргаж өгсөн.
Шүүх Хөвсгөл аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс гуравдагч этгээд М.М-ын ямар нөхцлөөр тэтгэвэр тогтоолгосон талаарх лавлагаа бүрдүүлсэн. Мөн Д.Ү-ийн анги удирдсан багшаас гэрчийн мэдүүлэг авсан.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй.
2. Нэхэмжлэгч Д.Х нь 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Д.Ү-г эцэг Б.Д, эх М.М нарт 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.
Д.Х нь төрсөн охин Д.Ү-г эцэг Б.Д, эх М.М нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулснаар охин Д.Ү-г өөрийн асрамжинд авах, охин Д.Ү төрсөн эх Д.Х-ээр овоглогдох зэрэг эрх зүйн тодорхой үр дагаврыг бий болгож байна.
3. Нэхэмжлэгч Д.Х нь 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр төрсөн охин Д.Ү-г төрүүлсэн бөгөөд тухайн үед гэрлэлтээ батлуулаагүй, оюутан байсан гэсэн үндэслэлээр 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр өөрийн төрсөн эцэг Б.Д, эх М.М нарт үрчлүүлсэн болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гуравдагч этгээд нарын шүүхэд ирүүлсэн тайлбар,
2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр охин Х.Ү төрсөн болох нь 170342755635 иргэний бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн талаар төрсний бүртгэлийн лавлагаа,
2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр охин Х.Ү-г эцэг Б.Д, эх М.М нар үрчилж авсан болох нь 03 бүртгэлийн дугаарт бүртгэгдсэн талаар үрчилсний бүртгэлийн лавлагаа,
Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын тамгын газраас олгосон Эцгийн: РД:...., Овог: Б, Эцэг (эх)-ийн нэр: Б, Нэр: Д, Эхийн РД:....., Овог: Б, Эцэг (эх)-ийн нэр: М, Нэр:М, Охины Овог: Б, Эцэг (эх)-ийн нэр: Д, Нэр: Ү, эмэгтэй, ... Х аймгийн М суманд төрснийг 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэж гэрчилгээ олгов гэх бичилт бүхий №22 дугаарт бүртгүүлсэн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар,
Хууль сануулж, хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан гэрч Ц.О-ийн 2024 оны 8 дугаар сарын 27-ны өдөр өгсөн: Ү нь миний дааж авсан ангийн сурагч миний шавь бөгөөд Б.Д нь түүний өвөө, М.М нь түүний эмээ, Д.Х нь Ү-ийн төрүүлсэн ээж юм. Ү нь эмээ, өвөөгийн асрамжид байдаг бөгөөд тэдний гэр Нутгийн аваргууд сургуультай ойрхон байдаг ба ихэнхдээ өвөө нь сургуульд хүүхдээ зөөдөг боловч хааяа хааяа даралт ихэссэн гээд өөр хүнээр буюу нагац эгч нь зөөсөн удаа байдаг байсан. Өвөөгийн нь биеийн байдал жаахан тааруу байгаа талаар ээжээс нь сонсож байсан. Миний ажигласнаар Д.Х, Д.Ү хоёр нь төрүүлсэн ээж, охины харилцаатай, хоорондын харилцаа сайн байдаг. Миний бодоход хүүхэд өөрийн төрүүлсэн аав, ээж дээрээ байх нь хүүхдэд илүү дээр байх гэж бодож байна. Аав, ээж нь хүүхэддээ тавих анхаарал халамж сайтай. ... гэх мэдүүлэг (хх-ийн 7 дугаар тал) зэргээр нотлогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т Шаардлагатай гэж үзвэл бусад үндэслэлээр шүүх үрчлэлтийг хүчингүйд тооцож болно гэж заасан бөгөөд хэдийгээр үрчлэлтийг тооцох хуульд тодорхойлон заасан үндэслэл байхгүй ч охин Д.Ү нь одоо төрсөн эхийн хамт амьдарч байгаа, үрчлэн авагч Б.Д, М.М нар нь өндөр настай болсон, охин өөрийн төрсөн эхтэйгээ байж эхээрээ овоглох хүсэлтэй зэрэг үндэслэлээр нэхэмжлэгч Д.Х-ийн охин Д.Ү-г эцэг Б.Д, эх М.М нарт үрчлүүлсэн үрчлэлтийг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлийг хангаж, охин Д.Ү-г төрсөн эх Д.Х-ийн асрамжинд үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-д зааснаар Д.Ү-г үрчлэгч эцэг Б.Д, эх М.М нарт үрчлэгдсэн 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр бүртгэгдсэн үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1-д зааснаар охин Д.Ү-г төрүүлсэн эх Д.Х -ийн асрамжид үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 (далан мянга хоёр зуу) төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА