| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Раднасэнгийн Сарантуяа |
| Хэргийн индекс | 155/2024/00930/И |
| Дугаар | 155/ШШ2024/00977 |
| Огноо | 2024-10-09 |
| Маргааны төрөл | Барьцаалан зээлдүүлэх байгууллагын зээл, |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 155/ШШ2024/00977
| 2024 оны 10 сарын 09 өдөр | Дугаар 155/ШШ2024/00977 | Х аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
155/2024/00930/И
Х аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: У хот С дүүрэг М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй,
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: М.С ,
Хариуцагч: Х аймгийн М сумын * дугаар багийн* дугаар гудамжны * тоотод оршин суух, Ц.Б т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,640,614 (нэг сая зургаан зуун дөчин мянга зургаан зуун арван дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 8 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2024 оны 8 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Ц.Б нь М ББСБ-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч, 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 1400000828131 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессеж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Ц.Б нь уг гэрээний үндсэн дээр нийт 8 удаагийн хүсэлтээр 1,000,000 төгрөгийг зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй.
Ц.Б нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй. Ц.Б ын зээлийн гэрээний үүрэг 2024 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар:
| Зээл авсан огноо | Үндсэн зээл | Зээлийн хүүний хувь | Зээлийн хүү | Нэмэгдүүлсэн хүү | Нийт |
| 2022/12/19 | 150,000 | 3,4% | 83,634 | 15,675 | 249,309 |
| 2022/12/22 | 330,000 | 3,2% | 174,888 | 32,637 | 537,525 |
| 2022/12/25 | 50,000 | 3,4% | 27,555 | 5,170 | 82,725 |
| 2022/12/26 | 70,000 | 3,4% | 39,000 | 7,035 | 116,035 |
| 2023/01/06 | 130,000 | 3,4% | 70,905 | 13,282 | 214,187 |
| 2023/01/07 | 80,000 | 3,4% | 43,432 | 7,769 | 131,201 |
| 2023/01/17 | 140,000 | 3,4% | 74,568 | 13,857 | 228,425 |
| 2023/01/17 | 50,000 | 3,4% | 26,290 | 4,917 | 81,207 |
| - | 1,000,000 | - | 540,272 | 100,342 | 1,640,614 |
М ББСБ нь зээлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөлтэй бөгөөд Монгол Улсын Иргэний хууль, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон, шаардах эрхтэй байх тул Ц.Б аас зээлийн гэрээний үүрэгт 1,640,614 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна. гэжээ.
Хариуцагч Ц.Б 2024 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр: Би Цэдэнбалжир овогтой Батбаяр нь М ББСБ-аас мессежээр зээлийн үйлчилгээг зээлийн гэрээ байгуулж, зээл авсан нь үнэн болно. Төлөх хугацаа хэтрүүлсэн тул 2024 оны 10 дугаар сард багтаан төлж дуусгах тухай хариу тайлбар гаргаж хүсэлтийг бичив.
Уг нэхэмжлэлийн нийт дүн нь 1,640,614 төгрөгийг 10 дугаар сард багтаан төлж барагдуулах болно. гэх хариу тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч Ц.Б т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 1,640,614 (нэг сая зургаан зуун дөчин мянга зургаан зуун арван дөрөв) төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч буй тайлбараа шүүхэд бичгээр ирүүлсэн ба хариуцагчийн энэхүү тайлбар нь бусдын эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д: Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн тохиолдолд улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоох ба түүнийг энэ хуульд заасан журмын дагуу гаргуулна. гэж заасан тул нэхэмжлэлийн шаардлагад тохирох улсын тэмдэгтийн хураамж 41,200 төгрөгийн 50 хувь болох 20,600 төгрөгийг хариуцагч Ц.Б аас, 50 хувь болох 20,600 төгрөгийг улсын орлогоос буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйл, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.Б т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,640,614 (нэг сая зургаан зуун дөчин мянга зургаан зуун арван дөрөв) төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Ц.Б аас 20,600 (хорин мянга зургаан зуу) төгрөгийг, улсын орлогоос 20,600 (хорин мянга зургаан зуу) төгрөгийг буцаан тус тус гаргуулж, нэхэмжлэгч М ББСБ хязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тайлбарласугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Р.САРАНТУЯА