Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 518

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

Улсын яллагч Н.Уранбайгаль,

Хохирогч Б.О,

Шүүгдэгч Ж.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Жгийн Ат холбогдох 1703000010075 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1972 оны 03 дугаар  сарын 29-ны өдөр Говь-Алтай аймгийн Тонхил суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, дээд боловсролтой, барилгын заслын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөн эрхэлдэг, ам бүл 4, гурван хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 07 дугаар хороо, ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй У овогт Жгийн А /РД: .../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

            Нэг:Яллах талын нотлох баримтууд.

 

- Хохирогч Б.Огийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Баруун салаа хайрхан тахиж хангай дэлхийдээ архи идээний дээжээ өргөх ёслолыг 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн үед хийж 16 цагийн орчим дуусгаад Ат би машиныг бариад яв гэж хэлээд уруудаж байх үед машин тормосгүй болж уул руу жолоогоо алдаж онхолдсон, би хэсэг хугацаанд ухаан алдсан байсан сэрээд машинаасаа буухад А газарт хэвтэж байсан  намайг хүн дууд гээд явуулсан. Би эргээд ирэхэд ачилтын машин миний машиныг ачиж байсан. Эмнэлэг ирээд Аийг аваад явсан цагдаа нар хэмжилт хийгээд явсан байсан. Миний нэг хавирга хугарч, хүзүү цууралттай байна гэж гэмтлийн эмч нар хэлсэн. ... 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 11 цагийн орчим Аийн гэрт өөрийн эзэмшлийн Hyundai Sonata-6 маркийн ... УБЛ дугаартай автомашинтай очоод Атэй хамт манай эхнэрийг эмнэлэгт эргэсэн, тэгээд буцаж явахдаа уул хайрханд гарч өргөл өргөхөөр Сонгинохайрхан дүүргийн баруун салааны зүүн уулын энгэрт гарч өргөл өргөсөн. Тэнд 2 цаг орчим болсон. Тэгээд өргөлөө өргөж дуусчихаад буцах буцах гээд би бага зэрэг архи уусан байсан болохоор Аийг чи бариад буучих гэсэн, тэгээд А жолоо бариад буух үед миний нүдэнд том чулуу харагдахаар нь урд чинь том чулуу байна гэж хэлсэн, уулын уруу маш хурдан яваад жалга мөргөсөн тэгээд юу болсоныг мэдэхгүй байна би ухаан алдсан байсан. Тэгээд нэг сэргэхэд хүмүүс ирчихсэн байсан. Тэгээд машинаас гараад байж байгаад ус уугаад хүүхдээ дуудаад ирье гээд гэр рүүгээ яваад буцаад осол гарсан газраа ирсэн чинь машиныг ачаад дуусаж байсан. Цагдаа нар ирээд үзлэгээ хийгээд түргэн ирээд Аийг аваад явсан байсан. Зам дээр ямар нэгэн том чулуу байгаагүй, хааяа би хий юм хараад байдаг юм. Миний зөвшөөрлөөр машиныг барьсан. А согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Би өглөө гэртээ ганцаараа тал стакан юм уусан байсан. Тэгээд уулан дээр өргөл өргөж байхдаа өргөлийн архинаас 2, 3 татсан. Би эмчилгээндээ 30,000 орчим мянган төгрөг зарцуулсан. Автомашины эвдрэлийг үнэлүүлээгүй, үнэлүүлэхгүй. Аээс ямар нэгэн хохирол нэхэмжлэхгүй. Гомдол саналгүй. Уулын уруу аймаар хрудтай явж байсан, тэгээд л нэг мэдэхэд урд жалга тулаад гараад ирсэн байсан. Тэгээд очоод мөргөсөн. А зогсоох арга хэмжээ авсан эсэхийг мэдэхгүй байна. Би гар кардаан татсан. Автомат араагаа хойш нь татсан боловч зогсоогүй. А жолоо барих эрхийн үнэмлэхгүй боловч машин бариад 4-5 жил болж байгаа. Би жолоо барих эрхийн үнэмлэхтэй, гэхдээ тухайн үед эрхээ хасуулаад сэргээлгэж амжаагүй байсан. А машин бариад байдаг болохоор нь мөн би архи уусан байсан болохоор машинаа бариад буучих гэсэн юм. Би эмнэлэгт хэвтээгүй, хүзүүний сойлт хэрэглэсэн. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. ...”гэх мэдүүлэг  /хх-ийн 31-32 , 36-37 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

- Шүүгдэгч Ж.Аийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 15 цагийн орчим Огийн эхнэрийг эргэх зорилгоор “Байгаль Увидас” нэртэй эмнэлэг орж сандаал, оймс оруулж өгөөд буцаад явж байгаад 16 цагийн орчим Баруун салаа Хайрхан руу гарая ах нь уул ус хангай шүтдэг юм залибараад буцая гэсэн. Би уулнаас уруудах үед машиныг барьж явсан бусад үед О ах барьж явсан. Уруудаж байх үед О ах архи уучихсан байсан болохоор чи бариад буучих гэж хэлсэн. Тэгээд бариад уул уруудаж явахад том чулуу байна гээд жолоо булаацалдаж эхэлсэн. Тэр үед О ах машин унтраачихсан юм шиг байсан, та юу хийчихвээ энэ урд жалга байгаа ш дээ гэж хэлээд О ахыг харахад царай нь цагаан болчихсон байсан. Тэгээд машин 2 өнхрөөд дөрвөн дугуйн дээрээ буучихсан. О ахын толгой нь миний өвдөг дээр ирчихсэн байсан, О ахаа босоорой гэж хэлэхэд за гэж хэлсэн, тэгээд би жолооч талынхаа цонхоор гарсан. Би бүсээ зүүчихсэн явсан бүсээ тайлаад машинаас гараад ойр хавийн хүмүүсийг авраарай, туслаарай гэж дуудахад 16-17 насны нэг хүүхэд ирээд баруун хойд талын хаалга онгойчихлоо гэж хэлэхэд хойд хаалганаас О ах гарч ирээд машинаа тойроод гүйгээд байсан, намайг чи босоочээ юу болчихвоо ам цангаад байна гээд ус ууя гээд явсан. Хаашаа явсныг нь би мэдэхгүй. Хоёр цагдаа ирээд намайг эмнэлэг явсны дараа үзлэг хийсэн байх. Би шууд гэмтэлийн эмнэлэг орсон, миний нуруу нэг үе хугарсан байна гэж хэлсэн, гэмтлийн эмнэлэгт хоёр хоноод 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдөр 15 цагийн орчим эмнэлгээс гараад гэртээ ирсэн. Би архи уугаагүй цагдаа нар надаар багаж үлээлгэсэн 0.00% согтолтын зэрэгтэй гарлаа гээд гарын үсэг зуруулж авсан. Би жолооны курс төгсөөгүй. О ах би архи уучихсан байна миний дүү барьчих гэхээр нь машин барьсан юм. Би жолоодох эрхгүй машин барьж явсан буруу үйлдлээ мэдэж байгаа хуулийн хариуцлага хүлээхэд татгазах зүйл байхгүй. ... Тэгээд би О ахаа гайгүй юу гээд машинаасаа гаръя гэсэн чинь ямар нэгэн зүйл дуугарахгүй байсан ба хамарнаас нь цус гарч байсан. Тэгээд би жолооч талын хаалга онгойхгүй байхаар нь цонхоор нь буугаад ийш тийшээ харсан чинь нилээн зайтай нэг айл харагдсан, тэгээд хүмүүс байж байхаар нь гараараа даллаж дуудсан тэгээд тэр хүмүүс ирээд О ахыг машинаас гаргасан. Тэгсэн нэг эмэгтэй түргэн болон цагдаа дуудсан байгаа гэж хэлсэн. Тэгээд нилээн байж байтал түргэн ирээд намайг авч явсан ба түргэн ирэхээс өмнө 2 цагдаа ирээд замын цагдаагаас хүмүүс ирж байгаа гэж хэлсэн. Тухайн үед О ах би ус уугаад ирье гэж яваад буцаж ирээгүй. Тэгээд би эмнэлэг дээр очоод О ахын гэр рүү нь ярьж О ахыг эмнэлэг дээр авчирч эмнэлэгт үзүүлсэн. О ахын эзэмшлийн Hyundai Sonata-6 маркийн ... УБЛ дугаартай автомашиныг жолоодож явсан. Зогсоох арга хэмжээ авч тоормос дээр гишгэсэн. …”гэх мэдүүлэг  /хх-ийн 63-66 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

- Гэрч Х.Одтуяагийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хашаагаа бариад байж байтал 18 цагийн орчим манай гэрийн зүүн талын уулын шороон замаар саарал өнгийн автомашин эрчээрээ доошоо уруудаж орж ирээд овоолсон шороог урд талаараа мөргөөд агаар дээр бүтэн эргээд шууд хойшоо хараад дугуйн дээрээ буусан тэгэхээр нь шууд дүүгийнхээ утсаар буюу ... гэсэн дугаараас шууд 103, 102 руу залгаж дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 х/

 

- Гэрч М.Саранцэцэгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны 08 дугаар сарын 06-ны 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо 11 дүгээр хэсгийн зуслангийн задгай гэдэг газар зуслан дээрээ байж байтал нэг битүү юм “пэд” хийх чимээ хүчтэй гарсан, тэгээд гэрээсээ гараад ирэхэд Бумбатын рашаан урсдаг газрын дээд талын жалгатай ууланд нэг саарал өнгийн тээврийн хэрэгсэл хойшоо зүгт харчихсан байдалтай жолооч талын хаалганы цонхоор улаан өнгийн цамцтай нэг эмэгтэй хүн гарч ирээд газар хэвтээд гараараа далласан тэгээд хүмүүс очихгүй болохоор нь яваад очиход нэг эрэгтэй хүн машин дотор суучихсан эмэгтэй хүн нь машинаасаа гарчихсан хэвтэж байсан. Тэгээд би шууд өөрийн ... гэсэн дугаартай утаснаас 102 руу залгаж дуудлага өгсөн, цагдаа 30 орчим минутын дараа ирсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 х/,

 

- Шинжээчийн 10230 тоот дүгнэлт:

1.Б.Огийн биед хүзүүний 6 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 1 дүгээр хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 54 х/

 

  • Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвийн “... Ж.А

нь жолоочийн бүртгэлийн “TPS” санд бүртгэлгүй, жолооч болоогүй байна” гэсэн лавлагаа /хх 80 х/, 

  • Шинжээчийн дүгнэлт

1.Ж.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. “Замын хөдөлгөөннд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: a/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; мөн дүрмийн 9.1.“Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            2.Зорчигч Б.О МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна.Шинжээч, цагдаагийн хошууч В.Балжинням /хх 56, 57 х/, 

  • Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-16 х/,

Хоёр:Хувийн байдлын талаарх баримтууд.

- Ж.Аийн оршин суугаа газрын тодорхойлолт /хх 68 х/

- Ж.Аийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 69 х/,

- Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 77 х/ зэрэг нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан, хэрэгт ач холбогдол бүхий,  хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үзсэн.

 

Шүүгдэгч Ж.Аийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдон тогтоогдсон тул яллах талын нотлох баримтаар тооцож үнэлсэн, түүнд холбогдох хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Ж.А нь 2017 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, “Бумбат уул”-ын замд “Hyundai Sonata-6” маркийн ... УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон уруудаж явахдаа жолоодлого алдсны улмаас жалга руу унаж онхолдон Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасан Замын хөдөлгөөнд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино гэсэн заалтыг зөрчиж, уг автомашинд сууж явсан зорчигч Б.Огийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэй үйлдсэн болох нь:

 

Хохирогч Б.Огийн “...  Ууланд гарч өргөлөө өргөхдөө би бага зэрэг архи уусан байсан болохоор Аийг чи бариад буучих гэсэн, тэгээд А жолоо бариад буух үед миний нүдэнд том чулуу харагдахаар нь урд чинь том чулуу байна гэж хэлсэн, уулын уруу маш хурдан яваад жалга мөргөсөн тэгээд юу болсныг мэдэхгүй байна ...”гэх мэдүүлэг  /хх-ийн 31-32 , 36-37 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Шүүгдэгч Ж.Аийн “...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр ... О ах архи уучихсан байсан болохоор чи бариад буучих гэж хэлсэн. Тэгээд бариад уул уруудаж явахад том чулуу байна гээд жолоо булаацалдаж эхэлсэн. Тэр үед О ах машин унтраачихсан юм шиг байсан, та юу хийчихвээ энэ урд жалга байгаа ш дээ гэж хэлээд О ахыг харахад царай нь цагаан болчихсон байсан. Тэгээд машин 2 өнхрөөд дөрвөн дугуйн дээрээ буучихсан. …” гэх мэдүүлэг  /хх-ийн 63-66 х, шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

Гэрч Х.Одтуяагийн “...2017 оны 08 дугаар сарын 06-ны өдөр хашаагаа бариад байж байтал 18 цагийн орчим манай гэрийн зүүн талын уулын шороон замаар саарал өнгийн автомашин эрчээрээ доошоо уруудаж орж ирээд овоолсон шороог урд талаараа мөргөөд агаар дээр бүтэн эргээд шууд хойшоо хараад дугуйн дээрээ буусан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 46 х/,

 

Гэрч М.Саранцэцэгийн “...2017 оны 08 дугаар сарын 06-ны 18 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо 11 дүгээр хэсгийн зуслангийн задгай гэдэг газар зуслан дээрээ байж байтал нэг битүү юм “пэд” хийх чимээ хүчтэй гарсан, тэгээд гэрээсээ гараад ирэхэд Бумбатын рашаан урсдаг газрын дээд талын жалгатай ууланд нэг саарал өнгийн тээврийн хэрэгсэл хойшоо зүгт харчихсан байдалтай жолооч талын хаалганы цонхоор улаан өнгийн цамцтай нэг эмэгтэй хүн гарч ирээд газар хэвтээд гараараа далласан тэгээд хүмүүс очихгүй болохоор нь яваад очиход нэг эрэгтэй хүн машин дотор суучихсан эмэгтэй хүн нь машинаасаа гарчихсан хэвтэж байсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 48 х/,

 

Шинжээчийн 10230 тоот дүгнэлт:

1.Б.Огийн биед хүзүүний 6 дугаар нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, баруун 1 дүгээр хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэсэн дүгнэлт /хх-ийн 54 х/,

 

Цагдаагийн ерөнхий газрын Бүртгэл, хяналтын төвийн “... Ж.А нь жолоочийн бүртгэлийн “TPS” санд бүртгэлгүй, жолооч болоогүй байна” гэсэн лавлагаа /хх 80 х/, 

 

Шинжээчийн дүгнэлт

1.Ж.А нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5. “Замын хөдөлгөөннд оролцогч нь бусдад аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд саад, бэрхшээл, осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг ... зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            2.Зорчигч Б.О МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл байхгүй байна. Шинжээч, цагдаагийн хошууч В.Балжинням /хх 56, 57 х/, 

Гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх 15-16 х/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдсон.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.3, Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1 дэх хэсгийн 1.4-т “Жолооч”-тээврийн хэрэгслийг жолоодож яваа хүн гэж тодорхойлсон.

 Ж.А нь автомашин жолоодох эрхийн үнэмлэхгүй ч гэсэн тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан тул дээрх “жолооч” гэсэн нэр томьёонд хамаарагдана.

Улсын яллагчийн яллах дүгнэлтэнд бичиж, яллах талын нотлох баримт болгосон Шинжээч В.Балжиннямын, МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 2.1. Механикжсан тээврийн хэрэгслийн жолооч дараах бичиг баримтыг биедээ авч явна: a/ тухайн тээврийн хэрэгслийн ангилалд тохирох Монгол Улсын үндэсний буюу олон улсын жолоодох эрхийн үнэмлэх; мөн дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг Ж.А тус тус зөрчсөн гэх дүгнэлтийг шүүх яллах талын нотлох баримтаар тооцож үнэлээгүй болно.

 

Учир нь шүүгдэгч Ж.А нь автомашин жолоодох эрхийн үнэмлэхгүй, жолоочийн бүртгэлийн санд ороогүй болох нь ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийн лавлагаагаар тогтоогдсон.

 

Улсын яллагч “Биедээ жолоодох эрхийн үнэмлэхгүй явсан”, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” гэх ойлголтуудыг адил мэтээр ойлгож хуулийг буруу тайлбарлан хэрэглэж яллаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, мөн “хурдыг дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлсэн” гэж ялласан боловч хэргийн газрын үзлэгээр тоормосны ул мөр илрээгүй, уг авто машины хурдыг тогтоох ажиллагаа хийгээгүй тул дээрх замын хөдөлгөөний дүрмийн заалтуудаар шүүгдэгчийг яллаж байгаа нь хэргийн газрын үзлэгээр тогтоосон нөхцөл, хэргийн бодит байдалтай нийцэхгүй, хэрэгт ач холбогдолгүй болно.

 

“Биедээ жолоодох эрхийн үнэмлэхгүй яваа” нь Зөрчлийн хуулиар шийдвэрлэгдэх, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн бол уг гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж болгон хуульчилсан.

 

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн” болохыг ЦЕГ-ын Бүртгэл, хяналтын төвийн лавлагаагаар нотлох ёстой бөгөөд уг нотлох баримт хэрэгт авагдсан.

 

Ж.Аийн үйлдэл нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.5-д заасныг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн үйлдсэн гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан тул хэргийн зүйлчлэл тохирсон.

 

Хохирлын талаар.

Хохирогч Б.Огийн зүгээс эмчилгээ хийлгэсэн талаар баримт гаргаж ирүүлээгүй, автомашины хохирлын үнэлгээ хийлгээгүй, хохирогч нь “эрүүл мэндийн талаар болон автомашины хохирлын талаар надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 81 х, шүүх хуралдааны тэмдэглэл/ гэсэн тул Ж.Аийг бусдад төлөх төлбөргүй, иргэний журмаар хэлэлцэх хохиролгүй гэж шүүх үзсэн.

 

            Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлын талаар.

            Уг гэмт хэрэг гарахад хохирогч Б.Огийн “зам дээр чулуу байна гэж хий зүйл харж жолоо булаацалдсан” зүй бус үйлдэл нөлөөлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Ж.Аийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

            Ял шийтгэлийн талаар. 

            Шүүгдэгч Ж.А нь гэм буруугаа ойлгож гэмшиж байгаа, бусдад  төлөх хохирол, төлбөргүй, уг гэмт хэрэг гарахад хохирогчийн зүй бус ажиллагаа нөлөөлсөн, үйлдсэн гэмт хэрэг нь нийгмийн хор аюулаар их биш, болгоомжгүй гэмт хэрэгт хамаарч байгаа, хувийн байдлын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа зэргийг харгалзан түүнд тээврийн хэрэгсэл жодоодох эрхийг 01 жилээр хасах нэмэгдэл ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн 7 дугаар бүлэгт заасан албадлагын арга хэмжээ хэрэглэхээр шийдвэрлэсэн.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т заасан гэмт хэрэг нь эрх хасах нэмэгдэл ял хэрэглэхээр заасан тул мөн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “... Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх хасах ялыг заавал оногдуулна” гэж заасны дагуу Ж.Ат тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилээр хасах нэмэгдэл ял оноосон.

            Бусад асуудлын талаар.

            Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсгүүд, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.У овогт Жгийн Аийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг тээврийн хэрэгсэл жодоодох эрхгүй хүн үйлдсэн гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжтэй үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.­2-т зааснаар Ж.Ат тээврийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэж, авто тээврийн чиглэлийн аливаа үйл ажиллагаа явуулахыг 01 жилийн хугацаагаар хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг Ж.Ат мэдэгдсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар Ж.Ат тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

5.Ж.Аийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн болон битүүмжлэгдсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Ж.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар ялтан түүний өмгөөлөгч, хохирогч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Б.ДАШДОНДОВ