| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Өсөхбаяр |
| Хэргийн индекс | 201725020393 |
| Дугаар | 2017/ДШМ/904 |
| Огноо | 2017-12-14 |
| Зүйл хэсэг | 17.8.1., 23.1.1, |
| Улсын яллагч | Ц.Амгаланбаатар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 12 сарын 14 өдөр
Дугаар 2017/ДШМ/904
Л.Т-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Бат-Эрдэнэ даргалж, шүүгч Н.Батсайхан, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Ц.Амгаланбаатар,
Шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Л.Батжав,
Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ү.Түмэнжаргал даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 354 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Л.Батжав нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Т-д холбогдох эрүүгийн 201725020393 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
....................... овогт Л.Т, ................................ өдөр ............................ төрсөн, .... настай, эрэгтэй, дээд боловсролтой, био анагаах судлаач мэргэжилтэй, ................. .......................... ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт ................................ тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:............................../,
Л.Т нь 2017 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Салм” пабд үйлчлүүлж байхдаа “Самсунг” загварын 51 инчийн телевизорыг хагалж, утасгүй микрофоныг эвдэж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, “Н.Х” ХХК-д 1.709.994 төгрөгийн хохирол учруулсан,
2017 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байранд байхдаа цагдаагийн албан хаагч, хууль сахиулагч Ц.Быг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн цээж рүү нь цохиж эсэргүүцсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Л.Тийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Л.Т-ийг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Л.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Л.Тэд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.1 дүгээр зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг Си Ди-г хэрэгт хавсарган үлдээж, “Самсунг” загварын 51 инчийн хагарсан зурагт 1 ширхэг, утасгүй микрофон 1 ширхэг, нүдний шил 1 ширхэг тус бүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, Л.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Л.Т 3.150.000 /гурван сая нэг зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхийг тогтоож, 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Л.Т нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Л.Т давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгээр зүйлчлэн надад эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Гэвч шүүх шинэ хуулийн 17.8 дугаар зүйлээр зүйлчлэн шийдвэрлэсэн. 17.8 дахь зүйлд бусдын эд хөрөнгийг хууль бусаар эвдэх гэмт хэргийг заасан бөгөөд хуулийн дагуу эвдэх, хууль бусаар эвдэх гэдэг нь ойлгомжгүй, хууль тогтоогч гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг нь тодорхой тайлбарлаагүй юм. Харин хуучин Эрүүгийн хуульд бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, эвдвэл гэмт хэрэгт тооцохоор, болгоомжгүй эвдсэн, устгасан тохиолдолд гэмт хэрэг биш байхаар хуульчилсан. Миний караокед гаргасан үйлдлийн хувьд хуучин хуульд зааснаар гэмт хэрэгт тооцогдохгүй. Хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. Тиймээс миний үйлдлийг өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуульд гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжээр нь тодорхойлно гэж ойлгож байна. Хохирогч Энхболд нь нийт 4 удаа тайлбар, мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн эхний тайлбартаа “...утасгүй микрофон хаалга руу шидэж, эл си ди зурагтыг гараараа цохиж хагалсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудаж хүлээлгэж өгсөн” гэж мэдүүлсэн бол 2 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлэгтээ “...тэр залууг ширээнээс буулгаад хаалган дээр иртэл өлгөөтэй байсан эл си ди зурагтыг гараараа цохиж хагалсан. Тэгээд би цагдаа дуудсан” гэж зурагтын талаар мэдүүлээд, микрофоны талаарх мөрдөн байцаагчийн асуултад “...Микрофон яагаад эвдэрснийг мэдэхгүй” гэж мэдүүлсэн. Цаашилбал 3 дугаар сарын 28-ны мэдүүлэгтээ “...гараараа цохиж хагалсан. Гэхдээ Идэрбаяр зөөгчийг ороход хагарсан гэж байгаа бол би ороод анзаараагүй байх. Зурагт унтраалттай байхыг бодоход өмнө нь цохисон байж магадгүй юм” гээд “микрофоныг хэн эвдэлсэн бэ” гэсэн мөрдөн байцаагчийн асуултад “...микрофоныг сайн санахгүй байна. ...газар хэвтэж байсан” гэж микрофон, зурагтыг санаатай эвдсэн эсэх асуудлын хувьд дээрх мэдүүлгийг өгсөн байдаг. Өрөөнд хэн анх орсон асуудлын хувьд, зөөгч Идэрбаярыг дуудсаны дараа өрөөнд орсон гэж удаа дараа мэдүүлсэн байдаг. Сүүлийн мэдүүлэгтээ “...нэмж ярих зүйлгүй” гэжээ. Харин гэрч, зөөгч Идэрбаяр нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн мэдүүлэгтээ зурагтыг санаатай эвдсэн эсэх асуудлын хувьд “...өрөөнд ороход караокены зурагт голоороо хагарсан байсан” гэж зурагтыг санаатай буюу болгоомжгүй хагалсан эсэх асуудлын хувьд хараагүй тухайгаа, микрофоныг тань руу шидсэн үү гэсэн мөрдөн байцаагчийн асуултад “...над руу дайрсан зүйл байхгүй. Микрофоныг хэн эвдсэнийг мэдэхгүй” гэж мэдүүлсэн. Мөн түүнчлэн “Энхболд менежерийг орж ирэхэд ширээн дээр сууж байсан залуу зурагтыг гараараа цохиж хагалсан гэсэн. Таныг өрөөнд ороход зурагт ямар байдалтай байсан бэ” гэсэн мөрдөн байцаагчийн асуултад “...дэлгэцийн гол хэсэг хонхойгоод хагарсан байсан. Түүнийг менежер анзаараагүй байх” гэж мэдүүлжээ. Харин өрөөнд хэн анх орсон тухайд, “...зурагтын гол хагарсан байхаар нь би гараад Энхболд менежерт хэлсэн. Энхболд менежер уулзахаар өрөөнд орсон” гэж мэдүүлжээ. Зурагт хагалах үед өрөөнд хэн байсан тухайд, Дөлгөөн, Л.Т 2-оос өөр хүн байгаагүй талаар хавтаст хэрэгт асуугдсан бүх гэрчүүд мэдүүлдэг. Л.Т зурагтыг санаатай бус болгоомжгүй хагалсан гэж өөрөө мэдүүлсэн бол Дөлгөөн нь “...би дуулж байхад Л.Т бүжиглэж байсан. Нэг мэдэхэд зурагт хагарсан ба би гайхаад хажуудаа татаж суулгаад гарыг нь харахад ил харагдах шарх, сорви байгаагүй. ...Гартаа байсан микрофоноор зурагтыг хагалсан гэж бодож байна” гэж зурагтыг санаатай хагалсан эсэхэд хараагүй тухай мэдүүлжээ. Энхболд нь зурагтыг гараараа цохиж хагалахыг харсан, микрофоныг зөөгч рүү шидэж эвдэлсэн гэж эхний тайлбар, эхний мэдүүлэгтээ мэдүүлсэн байх бөгөөд гэрч Идэрбаярыг зурагтыг өмнө нь хагалсан байсан тухай мэдүүлэг өгсний дараа мэдүүлэг өгөхдөө “...өмнө нь хагарсан байсан байх, микрофоныг мэдэхгүй” гэж мэдүүлгээсээ буцсан. Иймд анх өрөөнд ороход зурагт хагарсан байсныг зөөгч Идэрбаяр нотолдог, түүнийг нь Энхболд нь өөрөө мэдүүлгээсээ буцаж, хүлээн зөвшөөрдөг, зөөгчийг орж ирэхээс өмнө зурагт хагарсан байсныг өрөөнд Л.Ттэй хамт байсан Дөлгөөн нотолдог. Иймээс бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээгээгүй, болгоомжгүй эвдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байгаа тул бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү. Анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсгээр зүйлчлэн надад эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Гэвч шүүх шинэ хуулийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн шийдвэрлэсэн. Хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад "Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. Шинэ хуулиас хуучин хуульд оногдуулах ял нь бага тул хуучин хуулиар зүйлчлэх ёстой гэж үзэж байна. Тодруулбал, Хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт Төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэх буюу шаардлагыг нь биелүүлээгүй бол гэмт хэрэгт тооцохоор заасан. Хавтаст хэрэгтэй танилцахад эрүүлжүүлэх байранд тусгаарлагдсан надад бие засах биологийн хэрэгцээ гарсан. Энэ нь согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотойгоор удаан тэвчих боломжгүй байсан. Цагдаагийн албан хаагч Ц.Б нь миний шаардлагыг нь хүлээн авахгүй байсан тул бухимдаж, улмаар хаалга онгойлгох үед гарахаар зүтгэсэн гэдэг. Хохирогч Ц.Б нь надад ямар ч шаардлага тавиагүй бөгөөд түүний мэдүүлгийг уншихад түүний надад тавьсан ямар шаардлага, хуулиар хүлээсэн үүргийг нь биелүүлээгүй, эсэргүүцсэн тухай асуулт огт байхгүй байна. Гагцхүү цохисон, зууралдсан үйлдлийн талаар л тодруулжээ. Эрүүлжүүлэх байрны камерын бичлэгийг буулгасан тэмдэглэлийг үзэхэд мөн л цагдаагийн тавьсан шаардлага, хуулиар хүлээсэн үүргийн тухай бус цохисон, зууралдсан дүрсний тухай бичжээ. Анхан шатны шүүх хурал дээр бичлэгийг хуралд оролцогчид бүгд үзсэн бөгөөд ямар шаардлага тавьсан нь байхгүй байна. Тиймээс хохирогчийн хуулиар хүлээсэн ямар үүрэг гүйцэтгэснийг нь эсэргүүцсэн нь тодорхой бус тул зайлшгүй асуух шаардлагатай байсан гэж үзэж байна. Энэ асуултын хариултаас миний үйлдэл нь цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн гэмт хэрэг мөн эсэх нь тогтоогдоно гэж үзэж байна. Саатуулагдсан, тусгаарлагдсан хүний биологийн хэрэгцээг хангахгүй байх нь төрийн албан хаагчийн үүрэг биш гэж үзэж байна. Манай өмгөөлөгч цагдаа хууль ёсны ямар шаардлага тавьсныг нь тодруулах хүсэлтийг мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхийн шатанд удаа дараа тавьсан боловч хүлээн аваагүй. Иймд энэхүү үйлдлийг шалгуулахын тулд хэргийг мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Л.Тийн өмгөөлөгч Л.Батжав давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсгээр зүйлчлэн Л.Тэд эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Гэвч шүүх шинэ хуулийн 17.8 дугаар зүйлээр зүйлчлэн шийдвэрлэсэн. 17.8 дахь зүйлд бусдын эд хөрөнгийг хууль бусаар эвдэх гэмт хэргийг заасан бөгөөд хуулийн дагуу эвдэх, хууль бусаар эвдэх гэдэг нь ойлгомжгүй, хууль тогтоогч гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг нь тодорхой тайлбарлаагүй юм. Харин хуучин Эрүүгийн хуульд бусдын эд хөрөнгийг санаатай устгаж, эвдвэл гэмт хэрэгт тооцохоор, болгоомжгүй эвдсэн, устгасан тохиолдолд гэмт хэрэг биш байхаар хуульчилсан. Л.Тийн гаргасан үйлдлийн хувьд хуучин хуульд зааснаар гэмт хэрэгт тооцогдохгүй. Хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. Тиймээс Л.Тийн үйлдлийг өмнө үйлчилж байсан Эрүүгийн хуульд гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжээр нь тодорхойлно гэж ойлгож байна. Хохирогч Энхболд нь нийт 4 удаа тайлбар, мэдүүлэг өгсөн байдаг бөгөөд 2017 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн эхний тайлбартаа “...утасгүй микрофон хаалга руу шидэж, эл си ди зурагтыг гараараа цохиж хагалсан. Тэгээд цагдаагийн байгууллагад дуудаж хүлээлгэж өгсөн” гэж мэдүүлсэн бол 2 дугаар сарын 20-ны өдрийн мэдүүлэгтээ “...тэр залууг ширээнээс буулгаад хаалган дээр иртэл өлгөөтэй байсан эл си ди зурагтыг гараараа цохиж хагалсан. Тэгээд би цагдаа дуудсан” гэж зурагтын талаар мэдүүлээд, микрофоны талаарх мөрдөн байцаагчийн асуултад “...Микрофон яагаад эвдэрснийг мэдэхгүй" гэж мэдүүлсэн. Цаашилбал 3 сарын 28-ны мэдүүлэгтээ “...гараараа цохиж хагалсан. Гэхдээ Идэрбаяр зөөгчийг ороход хагарсан гэж байгаа бол би ороод анзаараагүй байх. Зурагт унтраалттай байхыг бодоход өмнө нь цохисон байж магадгүй юм” гээд “микрофоныг хэн эвдэлсэн бэ” гэсэн мөрдөн байцаагчийн асуултад “...микрофоныг сайн санахгүй байна. ...газар хэвтэж байсан” гэж микрофон, зурагтыг санаатай эвдсэн эсэх асуудлын хувьд дээрх мэдүүлгийг өгсөн байдаг. Өрөөнд хэн анх орсон асуудлын хувьд зөөгч Идэрбаярыг дуудсаны дараа өрөөнд орсон гэж удаа дараа мэдүүлсэн байдаг. Сүүлийн мэдүүлэгтээ “...нэмж ярих зүйлгүй” гэжээ. Харин гэрч, зөөгч Идэрбаяр нь 2017 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн мэдүүлэгтээ зурагтыг санаатай эвдсэн эсэх асуудлын хувьд “...өрөөнд ороход караокены зурагт голоороо хагарсан байсан” гэж зурагтыг санаатай буюу болгоомжгүй хагалсан эсэх асуудлын хувьд хараагүй тухайгаа, микрофоныг тань руу шидсэн үү гэсэн мөрдөн байцаагчийн асуултад “...над руу дайрсан зүйл байхгүй. Микрофоныг хэн эвдсэнийг мэдэхгүй” гэж мэдүүлсэн. Мөн түүнчлэн “Энхболд менежерийг орж ирэхэд ширээн дээр сууж байсан залуу зурагтыг гараараа цохиж хагалсан гэсэн. Таныг өрөөнд ороход зурагт ямар байдалтай байсан бэ” гэсэн мөрдөн байцаагчийн асуултад “...дэлгэцийн гол хэсэг хонхойгоод хагарсан байсан. Түүнийг менежер анзаараагүй байх” гэж мэдүүлжээ. Харин өрөөнд хэн анх орсон тухайд “...зурагтын гол хагарсан байхаар нь би гараад Энхболд менежерт хэлсэн. Энхболд менежер уулзахаар өрөөнд орсон” гэж мэдүүлжээ. Зурагт хагалах үед өрөөнд хэн байсан тухайд Дөлгөөн, Л.Т 2-оос өөр хүн байгаагүй талаар хавтаст хэрэгт асуугдсан бүх гэрчүүд мэдүүлдэг. Л.Т зурагтыг санаатай бус болгоомжгүй хагалсан гэж өөрөө мэдүүлсэн бол Дөлгөөн нь “...би дуулж байхад Л.Т бүжиглэж байсан. Нэг мэдэхэд зурагт хагарсан ба би гайхаад хажуудаа татаж суулгаад гарыг нь харахад ил харагдах шарх, сорви байгаагүй. ...Гартаа байсан микрофоноор зурагтыг хагалсан гэж бодож байна” гэж зурагтыг санаатай хагалсан эсэхэд хараагүй тухай мэдүүлжээ. Энхболд нь зурагтыг гараараа цохиж хагалахыг харсан, микрофоныг зөөгч рүү шидэж эвдэлсэн гэж эхний тайлбар, эхний мэдүүлэгт мэдүүлсэн байх бөгөөд гэрч Идэрбаярыг зурагтыг өмнө нь хагалсан байсан тухай мэдүүлэг өгсний дараа мэдүүлэг өгөхдөө “...өмнө нь хагарсан байсан байх, микрофоныг мэдэхгүй” гэж мэдүүлгээсээ буцсан. Иймд анх өрөөнд ороход зурагт хагарсан байсныг зөөгч Идэрбаяр нотолдог, түүнийг нь Энхболд нь өөрөө мэдүүлгээсээ буцаж, хүлээн зөвшөөрдөг, зөөгчийг орж ирэхээс өмнө зурагт хагарсан байсныг өрөөнд Л.Ттэй хамт байсан Дөлгөөн нотолдог. Иймээс Л.Т нь бусдын эд хөрөнгийг санаатай гэмтээгээгүй, болгоомжгүй эвдсэн гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж үзэж байгаа тул бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзэж байна. Анх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсгээр зүйлчлэн Л.Тэд эрүүгийн хэрэг үүсгэсэн билээ. Гэвч шүүх шинэ хуулийн 23.1 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчлэн шийдвэрлэсэн. Хүчин төгөлдөр мөрдөж буй Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх заалтад “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан. Шинэ хуулиас хуучин хуульд оногдуулах ял нь бага тул хуучин хуулиар зүйлчлэх ёстой гэж үзэж байна. Тодруулбал, Хуучин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт төрийн албан хаагчийн хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь эсэргүүцэх буюу шаардлагыг нь биелүүлээгүй бол гэмт хэрэгт тооцохоор заасан. Хавтаст хэрэгтэй танилцахад эрүүлжүүлэх байранд тусгаарлагдсан. Л.Тэд бие засах биологийн хэрэгцээ гарсан. Энэ нь согтууруулах ундаа хэрэглэсэнтэй холбоотойгоор удаан тэвчих боломжгүй байсан. Цагдаагийн албан хаагч Л.Тийн энэ шаардлагыг нь хүлээн авахгүй байсан тул бухимдаж, улмаар хаалга онгойлгох үед гарахаар зүтгэсэн гэдэг. Хохирогч Ц.Бын мэдүүлгийг уншихад түүний Л.Тэд тавьсан ямар шаардлага, хуулиар хүлээсэн үүргийг нь биелүүлээгүй, эсэргүүцсэн тухай асуулт огт байхгүй байна. Гагцхүү цохисон, зууралдсан үйлдлийн талаар л тодруулжээ. Эрүүлжүүлэх байрны камерын бичлэгийг буулгасан тэмдэглэлийг үзэхэд мөн л цагдаагийн тавьсан шаардлага, хуулиар хүлээсэн үүргийн тухай бус цохисон, зууралдсан дүрсний тухай бичжээ. Анхан шатны шүүх хурал дээр бичлэгийг хуралд оролцогчид бүгд үзсэн бөгөөд ямар шаардлага тавьсан нь байхгүй байна. Тиймээс хохирогчийн хуулиар хүлээсэн ямар үүрэг гүйцэтгэснийг нь эсэргүүцсэн нь тодорхой бус тул зайлшгүй асуух шаардлагатай байсан гэж үзэж байна. Энэ асуултын хариултаас Л.Тийн үйлдэл нь цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн гэмт хэрэг мөн эсэх нь тогтоогдоно гэж үзэж байна. Саатуулагдсан, тусгаарлагдсан хүний биологийн хэрэгцээг хангахгүй байх нь төрийн албан хаагчийн үүрэг биш үзэж байна. Миний бие өмгөөлөгчийн хувьд цагдаа хууль ёсны ямар шаардлага тавьсныг нь тодруулах хүсэлтийг мөрдөн байцаалт, прокурорын хяналт, шүүхийн шатанд удаа дараа тавьсан боловч хүлээн аваагүй. Нэгэнт мөрдөгч, прокурор, шүүгч асуух шаардлагагүй гэж үзсэн бол бичлэг, мөрдөгчийн асуултад тавьсан шаардлагын талаар байхгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан хэрэгсэхгүй болгох ёстой гэж үзэж байна. Иймд шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, хэрэглэх ёсгүй хууль хэрэглэсэн гэж үзэж байгаа тул мөн хуулийн 39.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтуудыг баримтлан анхан шатны шүүхийн 354 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтыг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Прокурор Ц.Амгаланбаатар шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Л.Т нь 2017 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө хамтран ажилладаг Энхтуул, Дөлгөөн нарын хамт “Салм” пабын 2 тоот өрөөнд үйлчлүүлэхээр орсон. Үйлчлүүлж байх явцад нь Энхтуулын нөхөр ирээд архи уусан. Хэсэг хугацааны дараа Энхтуул болон түүний нөхөр нарыг ариун цэврийн өрөө орохоор гарсан хойгуур Л.Т, Дөлгөөн нар маргалдсанаас “Салм” пабын 2 тоот өрөөнд байсан караокены телевизор, утасгүй микрофоныг эвдсэн гэх асуудал гарсан. Энэ талаар хавтаст хэрэгт, хохирогч Энхболд, гэрч Идэрбаяр, хамт явж байсан Энхтуул, Бүтэнбаяр нар мэдүүлсэн. Хохирогч Энхболдыг анх удаа байцаахад “Салм” пабын 2 тоот өрөөнд үйлчлүүлж байсан үйлчлүүлэгч архи ууж согтуурсан үедээ өлгөөтэй байсан зурагтыг хагалсан” гэж мэдүүлдэг. Мөн удаах мэдүүлэгтээ “2 тоот өрөөний зурагт унтраастай байсан. Согтуу агсарч байсан залуу зурагтыг цохиж хагалсан. Өмнөх мэдүүлэгтээ нэмж хэлэх зүйлгүй” гэсэн. Тухайн үед пабд зөөгчөөр ажиллаж байсан Идэрбаяр “би уг өрөөнд ороход ширээн дээр нэг ах гарчихсан, дээгүүрх цамцаа тайлсан байсан. Хажууд нь сандал дээр нэг зангиатай ах суучихсан байсан. Тэр ширээн дээр байсан ах сууж байсан хүн рүү агсраад чанга орилоод, караокены зурагтыг гол хэсгээр нь хагалсан” гэж нөхцөл байдлын талаар мэдүүлдэг. Хамт явж байсан Энхтуул, Бүтэнбаяр нар “Ариун цэврийн өрөө ороод ирэхэд өрөөны зурагт, стакан хагарчихсан байдалтай, Төмөрөө тухайн үед нилээн агсарсан байдалтай, Дөлгөөн ах руу агсраад байсан” гэж мэдүүлдэг. Мөн “Төмөрөөгийн цамц нь газарт, футболк нь урагдчихсан байсан” гэж мэдүүлдэг. Энэ нөхцөл байдлын талаар тухайн үед пабд ажиллаж байсан хүмүүс цагдаагийн байгууллагад дуудлага өгч мэдэгдсэн. Дуудлагын дагуу тухайн үед Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн үүрэг гүйцэтгэж байсан жижүүрийн офицер Ганцоож гэх хүн ирж ажилласан. Энэ хүн хавтаст хэрэгт гэрчээр байцаалт өгөхдөө “2 тоот өрөөнд нэг сахалтай залуу нэг залуу руугаа дайраад хэл амаар доромжлоод агсараад байсан. Өрөөнд байсан зурагтыг хагалчихсан гэж зөөгч нар хэлж байсан. Л.Т нь “би уурандаа зурагтыг цохиод хагалсан” гэж мэдүүлдэг. Энэ зөрчлийн дагуу Л.Тийг Сүхбаатарын дүүргийн 1 дүгээр хэлтсийн түр саатуулах байранд саатуулсан. Л.Т нь саатуулах байранд хамт байсан С.Гыг хэвтэж байхад нь зодож, хашгираад байсан тул уг үйлдлийг нь таслан зогсохоор түр саатуулах байранд үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан ажилтан Ц.Б очоод тусад нь өрөөнд оруулах гээд хаалгыг онгойлгоход Л.Т нь Ц.Бын элэг рүү цохиод, боож, дээрээс нь дарж унасан” гэж мэдүүлдэг. Энэ талаар тухайн үед хохирогчоор байцаагдсан, Л.Ттэй нэг өрөөнд байсан С.Г мэдүүлдэг. Ц.Бын элэг рүү нь цохиод боож, дээрээс нь дарж унах үед нь үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ажилтан Билгүүн, Батнасан нар салгаж гарыг нь ард нь гавласан. Энэ бүх дүр зураг нь хавтаст хэрэгт авагдсан сиди-нд хуулбарлаж, сиди-нд үзлэг хийж, эд мөрийн баримтаар хавсаргасан. Өмгөөлөгч болон шүүгдэгчийн зүгээс яриад байгаа зүйл нь нотлогддоггүй. 2002 оны Эрүүгийн хуульд бусдын эд хөрөнгийг санаатай устгах, гэмтээх гэж байсан. Энэ зүйл, хэсэг нь 5 жил хүртэл хугацаагаар хорих ялтай байсан учраас шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эд хөрөнгө устгах гэмт хэрэг гэсэн зүйлээр хөнгөрүүлж, ашигтай байдлыг журамлаж, энэ зүйл, хэсгээр ял оногдуулсан. Энэ зүйл, хэсэгт бусдын эд хөрөнгийг устгасан буюу гэмтээсний улмаас гэсэн байгаа. Энэ гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг Л.Тийн үйлдэл бүрэн хангасан. Мөн нөгөө талаар хууль сахиулагчийг эсэргүүцэх гэсэн байгаа. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хууль сахиулагчийг албан үүрэгтэй нь холбоотой хүч хэрэглэсэн, заналхийлсэн, эсэргүүцсэн бол гэсэн үйлдэл нь тухайн үед хамт саатуулагдаж байсан С.Гыг цохиж зодох үйлдлийг нь болиулахаар нь очиход нь үгийн зөрүүгүй шууд элэг рүү цохиж, боож унагаасан. Энэ нь хууль сахиулагчийг түр саатуулах байрны албаны үүргээ гүйцэтгэж байхад цагдаагийн албан хаагчийг эсэргүүцсэн гэсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байсан. Тэрнээс биш цагдаагийн албан хаагчид өөрийн биологийн хэрэгцээ болох бие засъя гэсэн зүй ёсны дагуу саналаа тавиад бие зассан бол энэ асуудал гарахгүй байсан. Бие засуулахгүй гэсэн зүйл байдаггүй. Хэрвээ Л.Т өөрөө үүнийгээ нотлох гээд байсан юм бол шүүх хуралдаанд цагдаагийн албан хаагч болон С.Гаас асууж тодруулж нөхөн гүйцэтгэх боломжтой. Шүүгдэгч өөрийнхөө эрх зүйн байдлыг хамгаалж мэдүүлэг өгөх эрх нь нээлттэй байгаа. Тийм учраас хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар бусдын эд хөрөнгийг сүйтгэсэн, хууль сахиулагчийн эсэргүүцсэн үйлдэл нь хангалттай тогтоогдож байгаа учраас давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ХЯНАВАЛ:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Л.Батжав нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Л.Тэд холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудалд хязгаарлагдахгүйгээр, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Л.Т нь 2017 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Салм” пабд үйлчлүүлж байхдаа “Самсунг” загварын 51 инчийн телевизорыг хагалж, утасгүй микрофоныг эвдэж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар гэмтээж, “Н.Х” ХХК-д 1.709.994 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг,
2017 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байранд байхдаа цагдаагийн албан хаагч, хууль сахиулагч Ц.Быг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн цээж рүү нь цохиж эсэргүүцсэн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхболдын “...2017 оны 2 дугаар сарын 9-ний өдөр манай “Салм” пабын 1 тоот өрөөнд 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүмүүс орж ирж үйлчлүүлсэн. Тэгээд уг хүмүүс өрөөнд орж суусан ба 24 цагаас хойш манай зөөгч Идэрбаяр ирээд өрөөнд байгаа хүмүүс агсам тавиад байна гэж хэлээд хүрээд ирсэн. Би 2 тоот өрөө рүү ортол 2 эрэтэй хүн байсан. 1 залуу нь ширээн дээр гараад суучихсан, дээгүүрээ хувцасгүй байсан. Бас нэг залуу нь сандал дээр суучихсан байсан. Нөгөө нь ширээн дээр гараад суусан байсан залуу зангиатай залуу руу агсраад орилоод байхаар нь би өрөө рүү ороод “та болиоч, та ширээн дээрээс буугаад тооцоогоо хийгээч” гээд хэлтэл тэр залуу над руу “гарч бай” гээд орилоод байхаар нь “та наашаа бай, тайван бай” гээд ширээнээс буулгаад өрөөний хаалган дээр иртэл нөгөө залуу орилж байгаад эргэж хараад өрөөнд байсан зурагтыг гараараа хага цохичихсон. Тэгээд л би шууд цагдаа дуудсан. Мөн ширээ тойроод архины шилэн аяганууд хагарчихсан байсан. ...Микрофон яаж эвдэрсэнийг би мэдэхгүй. ...” /Хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,
Мөн түүний өгсөн “...намайг өрөөнд ороход зурагт унтраалттай байсан. Нөгөө залуу над руу орилоод гар гээд байсан. Тэгээд босч ирээд зурагтыг цохичихсон. ...” /Хавтаст хэргийн 19 дүгээр хуудас/,
Хохирогч Ц.Бын “...2017 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн саатуулах байрны цагдаагаар үүрэг гүйцэтгэж ажиллаж байхад 1 цаг 10 минутийн орчим хөдөлгөөнт эргүүлийн алба хаагчид Л.Т гэх иргэнийг саатуулахаар авч ирсэн. Би хөдөлгөөнт эргүүлийн алба хаагч нараас хүлээн авч 2 дугаар камерт хийтэл Л.Т нь уг камерт саатуулагдан унтаж байсан хүнийг дээрээс нь дэвсээд байхаар нь би Л.Тийг уг камераас гаргах гээд камерийн хаалгыг онгойлготол миний элэг рүү шууд цохисон. Би Л.Ттэй зууралдаад 3 дугаар камер луу оруултал мөн миний нүдний шилийг мушигаад хагалчихсан. ...Агсам тавиад орилоод хаалга нүдээд, хамт хэвтэж байсан хүнийг дэвсээд, хэл амаар доромжлоод, “ажилгүй болгоно” гэх зэргээр хэлээд “Улсын Их Хурлын гишүүнд хэлнэ” гээд орилоод байхаар нь камер онгойлгоод хажууд талын камерт тусад нь хийх гэтэл намайг цохиод, миний нүдний шилийг мушигаад хаячихсан. ...” /Хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,
Хохирогч С.Гын “...2017 оны 2 дугаар сарын 8-наас 9-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн саатуулах байранд саатуулагдсан. Яг хэдэн цаг гэдгийг сайн санахгүй байна. Саатуулах байрны камерт хэвтэж байхад бас нэг залуу камерт орж ирсэн. Тэгээд тэр залуу намайг хэвтэж байхад өшиглөөд цохиод, хашгираад байсан. Тэгээд би “болиоч, адилхан эрүүлжүүлэгдчихээд хүн цохиод байх юм” гэж хэлтэл миний үгийг тоолгүй улам л өшиглөөд, хөл гараа бие дээр тавиад байсан. Тэгээд хараалын үг хэлээд камерийн өрөөний хаалга нүдээд байсан. Би зөндөө хэлсэн ч намайг тоохгүй хөлөөрөө жийгээд байсан. Тэгтэл цагдаа ирээд тэр залууг “болиоч ээ” гээд хэлтэл ямар ч байсан шаардлагыг нь биелүүлэхгүй байхаар нь цагдаа камерийн өрөөний хаалгыг онгойлготол тэр залуу шууд цагдаатай зууралдаад авсан. Удалгүй цагдаа ирсэн ба нөгөө цагдаагийн хувцас тоос шороо болчихсон, харааны шилийг нь эвдчихсэн байсан. Тэгээд тэр залуу хараал хэлээд цагдаа нарыг элдэвээр доромжлоод байсан. Тэгтэл удалгүй цагдаа нөгөө залууг шээчихлээ гээд яриад байсан. ...Тэр залууг цагдаа “наад хүнээ зүгээр байлгаач” гэж хэлсэн ч тоохгүй элдвээр хэлээд л байсан. Тэгээд аргаа ядаад цагдаа нь ирээд камерийн хаалгыг онгойлготол тэр залуу шууд цагдаатай зууралдаад барьцалдаад авсан. ...” /Хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/,
Гэрч И.Э-ын “...2017 оны 2 дугаар сарын 8-ны орой ...Төмрөө, Дөлгөөн хоёрыг чанга чанга дуугаар юм яриад байхаар нь би нөхөртэйгээ хамт ариун цэврийн өрөө орох гээд бид хоёр заалны ариун цэврийн өрөө рүү явсан. Тэгээд бид хоёр 5-10 минут болчихоод буцаад хүрээд ирсэн чинь 2 номерийн өрөөний хананд байсан зурагтны дэлгэц нь хагарчихсан, ая нь явахгүй зогссон байсан. Бид хоёрын араас зөөгч, зохион байгуулагч нар нь орж ирсэн. ...Дөлгөөн ах тэр үед намайг гарахад сууж байсан сандал дээрээ сууж л байсан. Харин Төмөрөөгийн цагаан цамц нь газар хэвтэж байсан. Фудволк нь урагдчихсан байсан. ...Яг орж ирэхэд дэлгэц нь хагараад, микрофоны урд тал нь хонхойчихсон байсан. ...” /Хавтаст хэргийн 23 дугаар хуудас/,
Гэрч М.Б-ын “...Төмөрөө, Дөлгөөн ах хоёр хоорондоо юм яриад тэгэнгүүтээ Төмөрөөгийн дуу нь чангараад байсан. Манай эхнэр “хоёулаа гаръя” гэхээр нь бид хоёр гарч ариун цэврийн өрөө орж, 5-10 минутын дараа иртэл өрөөний зурагтны дэлгэц хагарчихсан, 2 стакан хагарчихсан байсан. Төмөрөө тухайн үед нилээн ассан байдалтай, Дөлгөөн ах руу агсраад л байх шиг байсан. Тэгтэл гаднаас зөөгч хальт цухуйчихаад буцаад явсан. ...Тухайн үед “бас микрофон эвдэрсэн байна” гэж зөөгч нь хэлэхээр нь би мэдсэн. ...Бид хоёр гарчихаад буцаад ороод ирэхэд Төмөрөө дээгүүрх хувцасаа бүгдийг нь тайлчихсан, цээж нүцгэн сууж байсан. Дөлгөөн ахын хувьд Төмөрөөд гар хүрээгүй, цохиж зодсон зүйл байхгүй. Зурагтыг Төмөрөө хагалсан гэж байсан. ... Дөлгөөн ах л “Төмөрөө ингэчихлээ” гэж хэлж байсан. ...” /Хавтаст хэргийн 25 дугаар хуудас/,
Гэрч Э.И-ын “...2 номерийн өрөөнөөс эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гараад угаалгын өрөө орж байгаа харагдсан. Удалгүй нөгөө 2 номерийн өрөөнөөс хүн орилох, юм хагарах чимээ гарсан. Би уг өрөөнд ортол нэг ах ширээн дээр гараад суучихсан, дээгүүрх цамцаа тайлчихсан байсан. Хажууд нь сандал дээр нэг зангиатай ах суучихсан байсан. Ширээн дээр гараад суучихсан байсан нь нөгөө сандал дээр сууж байсан хүн рүүгээ агсараад чанга орилоод байсан. Караокены зурагт гол хэсгээрээ хагарсан байдалтай байхаар нь би гараад менежер Энхболдод хэлсэн. ...Дэлгэц нь унтарчихсан, дэлгэцний гол хэсэг хонхойгоод хагарчихсан байсан. Энхболд менежерийг орж ирэхэд зурагт хагарсан байсныг менежер анзаараагүй байх гэж бодож байна. Угаасаа ширээн дээр гарсан байсан хүн менежер лүү орилоод дайраад байсан. Тэгэхдээ зурагтыг бас цохисон байх. микрофоныг хэн, яаж эвдсэн талаар мэдэхгүй байна. Микрофон урд царигдаг хэсэг нь хонхойчихсон ажиллахгүй болсон байсан. ...” /Хавтаст хэргийн 26 дугаар хуудас/,
Гэрч Н.Г-ийн “...Уг шөнө би цагдаагийн ахлагч Түвшинтөгсийн хамтаар Тамир 115 пролтой автомашинтай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэж байхад Тамир 10-аас Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, Салм караокед согтуу хүн агсам тавиад гэх дуудлага ирсний дагуу Салм пабад очиход өрөөнд 2 эрэгтэй, 1 эмэгтэй хүн байсан. 1 сахалтай залуу нөгөө нэг залуу руугаа дайраад агсраад, хэл амаар доромжлоод байсан. Өрөөнд байсан зурагтыг хагалчихсан гэж караокены зөөгч нар хэлж байсан. Уг зурагт хагалсан гэх сахалтай залууг аваад явсан ба өөрийгөө Л.Т гэж хэлж байсан. Мөн “би уурандаа зурагт цохиод хагалсан” гэж хэлж байсан. Ингээд цагдаагийн саатуулах байранд аваачиж хүлээлгэн өгсөн. ...” /Хавтаст хэргийн 27-28 дугаар хуудас/,
Гэрч А.Б-ий “...Олон нийтийн ажилтан Анхбаярын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгээд буух гээд хэлтэс дээр ирээд саатуулах байранд дэд ахлагч Батнасангийн хамтаар ортол саатуулах байрны цагдаа дэд ахлагч Ц.Б камерын хаалга онгойлгочихсон нүцгэн залуутай зууралдаад камерийн өрөөнд ороод уначихсан. Нөгөө залуу хүзүүгээр нь Ц.Быг боочихсон байсан. Тэгээд Батнасан бид хоёр очоод Ц.Быг нөгөө залуугаас салгаад гавлаад холдуулсан. ...” /Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч С.Б-ийн “... дэд ахлагч Билгүүний хамтаар ороход саатуулах байрны цагдаа дэд ахлагч Ц.Быг юу юугүй камерийн өрөөнөөс нэг залуу өөдөөс нь цохиод барьж аваад ноцолдоод камерийн өрөөнд орсон ба Ц.Быг нөгөө залуу боочихсон дээр нь гарчихсан газар хэвтсэн байдалтай байхаар нь би түрүүлж очоод нөгөө залуугийн гарыг Ц.Бын хүзүүнээс аваад доош харуулан хэвтүүлэхэд ахлагч Нямсүрэн ирж нөгөө залууг гавласан. ...” /Хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүд,
Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /Хавтаст хэргийн 8-10 дугаар хуудас/,
СиДи-нд үзлэг хийсэн тэмдэглэл /Хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,
Эд зүйлийн үнэлгээ /Хавтаст хэргийн 13 дугаар хуудас/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хянан хэлэлцсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Л.Батжав нарын “Салм” пабд үйлчлүүлж байхдаа “Самсунг” загварын 51 инчийн телевизорыг санаатай хагалж, микрофоныг эвдээгүй, болгоомжгүй байдлаар хагалсан талаар давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.
Л.Т нь архи хэтрүүлэн ууж, согтуурсан үедээ ширээн дээр гарч суух, хашгирах зэргээр зохисгүй үйлдэл хийж, бусдад агсам тавьж, дуу чимээ гаргасны улмаас тус баарны зөөгч Э.Идэрбаяр өрөө рүү ороход зурагтын дэлгэцийг хагалсан байсан тул тэрээр баарны менежер А.Энхболдод хэлсэн бөгөөд түүнийг орж ирэхэд Л.Т зохисгүй үйлдлээ үргэлжлүүлэх явцдаа дахин зурагтын дэлгэцийг цохьсон болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Энхболдын “... “та наашаа бай, тайван бай” гээд ширээнээс буулгаад өрөөний хаалган дээр иртэл нөгөө залуу орилж байгаад эргэж хараад өрөөнд байсан зурагтыг гараараа хага цохьчихсон. ...” /Хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/, гэрч Э.Идэрбаярын “... Караокены зурагт гол хэсгээрээ хагарсан байдалтай байхаар нь би гараад менежер Энхболдод хэлсэн. ...Дэлгэц нь унтарчихсан, дэлгэцний гол хэсэг хонхойгоод хагарчихсан байсан. Энхболд менежерийг орж ирэхэд зурагт хагарсан байсныг менежер анзаараагүй байх гэж бодож байна. Угаасаа ширээн дээр гарсан байсан хүн менежер лүү орилоод дайраад байсан. Тэгэхдээ зурагтыг бас цохьсон байх. ...” /Хавтаст хэргийн 26 дугаар хуудас/ гэсэн мэдүүлгүүдээр нотлогдсон байна.
Мөн шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Л.Батжав нарын “... Л.Тийн үйлдэл нь цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцсэн гэмт хэрэг мөн эсэх, ... саатуулагдсан, тусгаарлагдсан хүний биологийн хэрэгцээг хангахгүй байх нь төрийн албан хаагчийн үүрэг биш үзэж байна. ... Л.Тэд тавьсан ямар шаардлага, хуулиар хүлээсэн үүргийг нь биелүүлээгүй, эсэргүүцсэн тухай асуулт огт байхгүй байна. ...” гэсэн давж заалдах гомдол гаргасныг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна гэж үзлээ.
Хохирогч Ц.Бын “...Л.Т нь уг камерт саатуулагдан унтаж байсан хүнийг дээрээс нь дэвсээд байхаар нь би Л.Тийг уг камераас гаргах гээд камерийн хаалгыг онгойлготол миний элэг рүү шууд цохисон. Би Л.Ттэй зууралдаад 3 дугаар камер луу оруултал мөн миний нүдний шилийг мушигаад хагалчихсан. ...Агсам тавиад орилоод хаалга нүдээд, хамт хэвтэж байсан хүнийг дэвсээд, хэл амаар доромжлоод, “ажилгүй болгоно” гэх зэргээр хэлээд “Улсын Их Хурлын гишүүнд хэлнэ” гээд орилоод байхаар нь камер онгойлгоод хажууд талын камерт тусад нь хийх гэтэл намайг цохиод, миний нүдний шилийг мушигаад хаячихсан. ...” /Хавтаст хэргийн 22 дугаар хуудас/,
Хохирогч С.Гын “...Саатуулах байрны камерт хэвтэж байхад бас нэг залуу камерт орж ирсэн. Тэгээд тэр залуу намайг хэвтэж байхад өшиглөөд цохиод, хашгираад байсан. Тэгээд би “болиоч, адилхан эрүүлжүүлэгдчихээд хүн цохиод байх юм” гэж хэлтэл миний үгийг тоолгүй улам л өшиглөөд, хөл гараа бие дээр тавиад байсан. Тэгээд хараалын үг хэлээд камерийн өрөөний хаалга нүдээд байсан. Би зөндөө хэлсэн ч намайг тоохгүй хөлөөрөө жийгээд байсан. Тэгтэл цагдаа ирээд тэр залууг “болиоч ээ” гээд хэлтэл ямар ч байсан шаардлагыг нь биелүүлэхгүй байхаар нь цагдаа камерийн өрөөний хаалгыг онгойлготол тэр залуу шууд цагдаатай зууралдаад авсан. Удалгүй цагдаа ирсэн ба нөгөө цагдаагийн хувцас тоос шороо болчихсон, харааны шилийг нь эвдчихсэн байсан. Тэгээд тэр залуу хараал хэлээд цагдаа нарыг элдэвээр доромжлоод байсан. Тэгтэл удалгүй цагдаа нөгөө залууг шээчихлээ гээд яриад байсан. ...” /Хавтаст хэргийн 69 дүгээр хуудас/,
Гэрч А.Б-ий “...Олон нийтийн ажилтан Анхбаярын хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгээд буух гээд хэлтэс дээр ирээд саатуулах байранд дэд ахлагч Батнасангийн хамтаар ортол саатуулах байрны цагдаа дэд ахлагч Ц.Б камерийн хаалга онгойлгочихсон нүцгэн залуутай зууралдаад камерийн өрөөнд ороод уначихсан. Нөгөө залуу хүзүүгээр нь Ц.Быг боочихсон байсан. Тэгээд Батнасан бид хоёр очоод Ц.Быг нөгөө залуугаас салгаад гавлаад холдуулсан. ...” /Хавтаст хэргийн 29-30 дугаар хуудас/,
Гэрч С.Б-ийн “... дэд ахлагч Билгүүний хамтаар ороход саатуулах байрны цагдаа дэд ахлагч Ц.Быг юу юугүй камерийн өрөөнөөс нэг залуу өөдөөс нь цохиод барьж аваад ноцолдоод камерийн өрөөнд орсон ба Ц.Быг нөгөө залуу боочихсон дээр нь гарчихсан газар хэвтсэн байдалтай байхаар нь би түрүүлж очоод нөгөө залуугийн гарыг Ц.Бын хүзүүнээс аваад доош харуулан хэвтүүлэхэд ахлагч Нямсүрэн ирж нөгөө залууг гавласан. ...” /Хавтаст хэргийн 31-32 дугаар хуудас/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд Л.Т нь Саатуулах байрны камерт С.Гыг зодсон байх бөгөөд түүний хууль бус үйлдлийг таслан зогсоох гэсэн саатуулах байрны цагдаа, дэд ахлагч Ц.Бтой барьцалдан авч, цээж рүү нь цохих, хүзүүг нь хувцасаар нь боох үйлдэл хийснийг дэд ахлагч А.Билгүүн, С.Батнасан нар таслан зогсоосон болох нь нотлогджээ.
Л.Тийн Саатуулах байрны камерт С.Гыг зодсон, түүний хууль бус үйлдлийг таслан зогсоох гэсэн саатуулах байрны цагдаа дэд ахлагч Ц.Бтой барьцалдан авч, хүзүүг нь хувцасаар нь боох үйлдэл хийснийг цагдаагийн албан хаагчийн шаардлагыг эсэргүүцээгүй, саатуулагдсан, тусгаарлагдсан хүний биологийн хэрэгцээгээ хангах нөхцлийг хясан боогдуулж, аргагүй байдалд оруулсан гэж үзэхээргүй байна.
Давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримтын талаар дээрх байдлаар дүгнэлт хийхдээ, анхан шатны шүүхээр шинжлэн судалсан нотлох баримтууд болон хэлэлцсэн асуудалд үндэслэж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор авч үзсэн болно.
Л.Тэд холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн, шүүх гэм буруугийн талаар дүгнэлт хийхэд чухал ач холбогдолтой байж болох бүхий л нөхцөл байдлыг бүрэн шалгасан, хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.
2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй адилхан, мөн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинж нь шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй адилхан тус тус тодорхойлогдсон байх бөгөөд харин шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн дээрх зүйлүүдэд хөнгөн ялын төрөл нэмэгдсэн, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн нөхцөл байдал байна.
Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй болсон, оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заасан зохицуулалтын хүрээнд шүүгдэгчид ашигтайгаар буюу шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэтэй болжээ.
Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Л.Тийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээнд тохирсон, хуульд заасан торгуулийн ял оногдуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй.
Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 354 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Л.Батжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 354 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Т, түүний өмгөөлөгч Л.Батжав нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Н.БАТСАЙХАН
Т.ӨСӨХБАЯР